Б.Дашпүрэв: Энэ сарын 15-наас эхэлж тэгш, сондгойгоор шатахуун олгохгүй
59 минутын өмнө

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв шатахууны хангамж, нөөцийн өнөөгийн нөхцөл байдал болон авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл өглөө.
Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв: Улаанбаатар хотын 104-144 Шатахуун түгээх станц (ШТС) руу 1200 тонн, орон нутгийн 82 ШТС-д 900 тонн бүтээгдэхүүний түгээлт хийгдсэн. Ердийн хэрэглээний үед гаргадаг нөөцийг түгээлтэд гаргаад явж байгаа хэдий ч үндсэн бүтээгдэхүүний нөөцөд тодорхой хэмжээний доголдол үүссэнтэй холбоотойгоор зарим ШТС-уудад оочер дугаар ихтэй, зарим газарт бүтээгдэхүүн олгохгүй байгаа нөхцөл байдал үүсээд байна.
Шатахууны хангамжийг нэмэгдүүлэх хүрээнд зөвхөн ОХУ гэлтгүй бусад эх үүсвэрүүд дээр холбогдох яам, байгууллагууд идэвхтэй ажиллаж байна.
Тээвэрлэлтийн хувьд ОХУ-аас нааш гарсан 180 вагон цистерн буюу 11 мянган тонн орчим автобензин замд явж байна. Эдгээр вагон цистернүүдийг энэ долоо хоногийн сүүл буюу хагас, бүтэн сайн өдрүүдэд буулгаж, ирэх даваа гарагт дүгнэлт гарна.
Мөн Эрээнцав боомтоор 13 вагон цистерн орж ирсэн нь зүүн бүсийн аймгуудад үүсээд байсан доголдлыг зөөлрүүлэх ач холбогдолтой юм. Өнөөдрийн хувьд 20 вагон цистерн буюу 1200 тонн бүтээгдэхүүнийг үдээс хойш өртөөнүүдэд буулгаж, түгээлтийг үргэлжлүүлэн хийхээр холбогдох аж ахуйн нэгжүүд ажиллаж байна.
Иргэдийн дунд хүлээлт үүсгээд буй тэгш, сондгой дугаараар болон 50 мянган төгрөгийн хязгаарлалттайгаар бензин олгож байгаа зохицуулалт энэ сарын 15-наас эхлэн хэвийн болно.
Бид зөвхөн өнөөдөр үүссэн нөхцөл байдал дээр ажиллаагүй. Гуравдугаар сараас хойш нөөцийг нэмэгдүүлэх, бүх агуулах савыг дүүргэх бодлогын ажлуудыг хийж ирсэн. Ойрх Дорнод болон ОХУ-д үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан бусад эх үүсвэрээс бүтээгдэхүүн татан авах, аль болох хямд үнэтэй бүтээгдэхүүн худалдан авах яриа хэлэлцээрийг тасралтгүй хийсээр ирсэн. БНХАУ-ын хувьд экспортын хоригтой, бүтэн жилээр төлөвлөлтөө хийдэг тул гэнэт бүтээгдэхүүн татан авах нь амаргүй байдаг. Олон улсын хэмжээнд ч Ойрх Дорнодын нөхцөл байдлаас шалтгаалан хэрэгцээгээ хангаж чадахгүй хүндрэлүүд байгааг тэрбээр дурдлаа. Гэсэн хэдий ч Засгийн газар болон холбогдох яамд нягт уялдаа холбоотой ажиллаж байгааг тэмдэглэв.
Монгол Улсын хэмжээнд сард дунджаар 60 орчим мянган тонн АИ-92 автобензин, нийтдээ 170 мянган тонн бүтээгдэхүүн хэрэглэдэг байна. Наймдугаар сард ОХУ-аас 50 мянган тонн энгийн АИ-92, 15 мянган тонн Евро-5 төрлийн бүтээгдэхүүнийг баталгаажуулсан байсан бөгөөд үүн дээр нэмж 25 мянган тонн АИ-92 төрлийн бүтээгдэхүүнийг баталгаажуулснаар хангамж тасрах аюулгүй болж, нөөцөө нэмэгдүүлэх боломж бүрджээ. Энэ амралтын өдрүүдэд нэмэлт вагон цистернүүд орж ирж, түгээлт хийгдсэнээр ирэх даваа, мягмар гарагаас нөхцөл байдал бүрэн хэвийн болох төлөвтэй байна гэв.
Мөн салбарын сайдын ОХУ дахь гэрээ, хэлэлцээрийн хүрээнд дараах наймдугаар сард авах бүтээгдэхүүний хэмжээн дээр нэмж 25 мянган тонн АИ-92 төрлийн бүтээгдэхүүн авахаар тохиролцсон байна.
Онгоцны түлшийг сар бүр тогтмол 5 мянган тонныг авахаар хэлэлцээр хийсэн. Ингэснээр наймдугаар сарын хувьд автобензин цаашид доголдохгүй байх нөхцөл бүрдэж, онгоцны болон дизель түлшний хангамж нэмэгдэж байна.
БНХАУ-аас авах нийлүүлэлт: БНХАУ-аас 3 мянган тонн онгоцны түлш татан авах хэлэлцээр хийгдсэнээс 1 мянган тонн нь Улаанбаатар хотод орж ирсэн. Үлдсэн 2 мянган тонн бүтээгдэхүүн нь өнөөдөр үйлдвэрээсээ ачигдан наашаа гарч байна.
БНСУ-аас авах нийлүүлэлт: БНСУ-аас Евро-5 ангиллын бүтээгдэхүүн авахаар гэрээ хэлцэл хийгджээ.







Зочин · 17 минутын өмнө
BOOW XXI BOOW DOLOON80955877