ТАНИЛЦ: Ирэх оны төсөвтэй холбоотой есөн шийдвэр
55 минутын өмнө

Засгийн газрын өнөөдрийн /2026.08.31/ ээлжит бус хуралдаанаар Ерөнхий сайд Н.Учрал 2027 оны төсөвтэй холбоотой 9 шийдвэр гаргаснаа танилцууллаа.
Ерөнхий сайд Н.Учрал үнийн өсөлтийн ачааг төр өөрөө үүрнэ хэмээгээд дараах есөн шийдвэрийг танилцууллаа.
- Нэгдүгээр шийдвэр: Оюу Толгойн ногдол ашгийг анх удаа Монголдоо авчрах болно. Монголчууд ногдол ашгаа хүртэх тухай 20 жил үргэлжилсэн яриаг энэ удаа дуусгана. Оюу Толгойн ногдол ашгийн мөнгө аль нэг яамны хаалганы цаана, хэн нэгэн албан тушаалтны гарын үсгийн ард алга болохгүй ээ. Харин иргэн бүрийн хуримтлалын дансанд очно. Дулааны шинэ станц барих, арьс шир боловсруулах болон малын эм, вакцины үйлдвэр байгуулах, хоёр боомтыг бүрэн шинэчлэх зэрэгт шийдвэрлэхээр төлөвлөж байна.
Оюу Толгойн ногдол ашгаар хаана, юу хийхийг E-Mongolia-аар явуулах нээлттэй санал асуулгаар иргэд та бүхэн эцэслэн шийднэ.
Энэ бол таны мөнгө. Таны мөнгө учраас та өөрөө сонгоно.
- Хоёрдугаар шийдвэр:
Эрдэнэс Тавантолгойн 1072 ширхэг хувьцаа бол үнэгүй цаас биш ээ. Та хувьцаагаа үр хүүхдэдээ өвлүүлж болно, бэлэглэж болно, арилжиж болно. Таны үнэт цаас таны жинхэнэ өмч болно. Эрдэнэс Тавантолгой компанийг нээлттэй компани болгоно. Энэ жишгээр бусад төрийн өмчит компаниудын хувьцааг хөрөнгийн биржид гаргаж, нээлттэй болгоно.
Цаасан дээрх өмчийг жинхэнэ ёсоор үнэт өмч болгоно.
Шинэ технологи, бүтээн байгуулалт шаардлагатай 10 төрийн өмчит компанийн хувьцааг дэлхийн жишгээр, дэлхийн хөрөнгө оруулагчдад санал болгож, 500 сая ам.долларын гадаадын хөрөнгө оруулалтыг эх орондоо татна. Эрдэнэс Тавантолгой зэрэг төрийн өмчит компаниудаас төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхэд хуримтлагдах 3.5 их наяд төгрөгийг иргэдийнхээ ажил хөдөлмөр эрхлэлт, хувийн хэвшлээ өсөн тэлэхэд дэмжлэг болгон зарцуулна. Төрийн өмчит компаниудаас ногдол ашиг татан төвлөрүүлэх нь жижиг, дунд бизнесийн татварын ачааллыг хөнгөлөх боломжийг олгоно. Жижиг, дунд бизнес эрхлэгчдийн татварын ачаа, дарамт хөнгөрөхийн хэрээр тэд ажлын байраа хадгалж, үйл ажиллагаагаа өргөжүүлж, өсөн томорч, шинэ бизнес эхлүүлэх боломжтой болно.
- Гуравдугаар шийдвэр:
Та цалингийнхаа 792 мянган төгрөг хүртэлх хэмжээнд ХХОАТ огт төлөхгүй. Ингэснээр хөдөлмөрлөж байгаа хүмүүсийн дансанд 840 тэрбум төгрөг үлдэнэ. Жилд 2 тэрбум 500 сая төгрөг хүртэлх борлуулалттай компани ердөө 1 хувийн ААНОАТ төлнө.
Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчийн босгыг 50 саяас 400 сая төгрөг болгон нэмэгдүүлнэ.
Ингэснээр 23 мянган компани, ААН сар бүр НӨАТ-ын тайлан гаргах шаардлагагүй болно. Одоогийн 25 хувийн татварыг 15 хувийн татварын шинэ шатлалтай болгож, 600 гаруй компанийн татварын ачааллыг бууруулна.
- Дөрөвдүгээр шийдвэр:
Ирэх онд тэтгэвэр дунджаар 1,335,400 төгрөг болно. 2027 оны нэгдүгээр сарын 1-нээс 141 мянган ахмад настны тэтгэврийн зөрүүг арилгана. Илүү олон жил шимтгэл төлсөн нь илүү тэтгэвэр авдаг болно. 2026 оны арваннэгдүгээр сарын 1-нээс ахмад настнуудад шинээр 100-300 мянган төгрөгийн баталгаат буюу суурь тэтгэвэр олгоно. Ажил хөдөлмөр эрхэлж байгаа оюутан, залуус НДШ төлөхгүй ээ. Багш нарын цалинг энэ онд 50 хувиар нэмсэн. Эмч нарын цалинг 30 хувиар нэмсэн. Тэгвэл эмч нарын цалинг арваннэгдүгээр сарын 1-нээс дахин 20 хувиар нэмэгдүүлж, адил тэгш хандана. Соёл, спорт, хөдөө аж ахуй, цаг уур, байгаль хамгаалагч зэрэг төрийн үйлчилгээний албан хаагчдын цалинг нэгэн жигд 50 хувиар нэмнэ. 2027 оны эхний улиралд багтаан төрийн бүх албан хаагчдын цалинг инфляцтай уялдуулж нэмнэ.
- Тавдугаар шийдвэр:
16 мянган өрх орон сууцтай болно. 14 мянган айл ипотекийн 6 хувийн зээлээр, 2 мянган айл түрээслээд өмчлөх нөхцөлөөр шинэ орон сууцанд орно. Төрийн барьж байгаа 4 мянган орон сууцны урьдчилгаа төлбөрийг 30 хувь биш, 15 хувь болгож, босгыг хоёр дахин намсгана.
- Зургадугаар шийдвэр:
Дулааны III цахилгаан станцын дэргэд 300 МВт-ын хүчин чадалтай Дулааны VI цахилгаан станцыг барьж байгуулна. Олон жил гацсан Дулааны III цахилгаан станц болон 10 аймгийн дулааны станцыг бүрэн ашиглалтад оруулна. Эрчим хүчний үнийн өсөлтийг өрхийн үүдээр оруулахгүй.
- Долдугаар шийдвэр:
Зургаан бүс тус бүрд Кембрижийн хөтөлбөртэй 2 сургууль, 1 төрөлжсөн ахлах сургууль байгуулна. Нэг нь 300 ортой, нийт 15 дотуур байрыг шинээр барина. Ирэх онд 100 мянган сурагч Google-ийн компьютер авах болно. Мөн 100 сургууль Google лаборатори сургууль болно. 100 сургуулийг уурын зуухгүй, эрчим хүчний хэмнэлттэй, ногоон сургууль болгоно.
Наймдугаар шийдвэр
Яг одоо улс оронд гадаадын зээл, тусламж болон улс, орон нутгийн төсвөөр 39 эмнэлэг баригдаж байна. Тэгвэл ирэх онд ахин 34 эмнэлгийг барьж байгуулна. Хөнгөлөлттэй эмийн жагсаалтад өдөр тутмын амин чухал эмүүдийг оруулна. Ахмадууд даралт, зүрх судас, чихрийн шижин зэрэг өвчний эмээ нэг ч төгрөг төлөхгүйгээр авна.
- Есдүгээр шийдвэр:
Өнөөдөр таван аймагт нарны станц баригдаж байна. Тэгвэл ирэх онд ахин 10 нарны станцыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барьж байгуулна. Цахилгаан автомашины түргэн цэнэглэх 500 ногоон өртөөг байгуулна. Зам дагуу 150 километр тутамд нэг ногоон өртөө босгоно. Нарны хавтан, нарны хураагуур, сэргээгдэх эрчим хүчний тоног төхөөрөмжүүдийг гаалийн болон онцгой албан татвараас чөлөөлнө.






