Ургадаггүй ногоо, унтардаггүй түймэр гэж байхгүй. Юун сүртэй юм гэв үү?

Намар шиг сэтгэл татам улиралд алсын томилолтод явах нь сэтгүүлч хүнд олз бөгөөд жаргал билээ. Хадлангаа авч байгаа ханхар эрсийн майханд зочилж, өвс ногоо ханхлуулсан хээрийн цай ууж, ууттай хүнсээ дундаа тавиад хээ шаагүй хүүрнэлдэн суухын хамжааргагүй сайхныг ямар гэж сананаа... За, тэгээд ургац хураалтын талбай бол тэр чигээрээ догдлол. Болсон буудайны үнэр хавь орчныг хулдаад л...ай аргагүй сайхаан.

Харин энэ удаа олон жилийн дараа Дорнодын их тал руу сэтгэл түгшин давхиж явна. Дархан цаазат их Нөмрөгийн бүс галд автжээ. Ой хээрийн түймэрт нэг биш удаа явж байсан ч яг Монгол Төрийн дархалж хамгаалсан онцгой бүсэд ийм их гарз хохирол нүүрлэж, олон хоног хүмүүсийн хүчийг шавхсан их түймрийн голомтод ажиллаж байсангүй.

Өвлийн тэргүүн сарын шинийн дөрөвний хээнцэр саран Мэнэнгийн дүнсгэр их талын дээр тэнгэрт дүүжлээтэй сүүжин ээмэг шиг гялбалзан байх үзэсгэлэнт шөнөөр унаанд дайгдан давхиулж явна. Намайг тэнд юу хүлээж буйг мэдэх юм алга аа...

Улаанбаатараас гамшиг болсон бүсэд очих хүсэлтэй байгаагаа маш олон газар хандаж, гуйж гувшин зурвас бичиж үзэв. Дарга даамлууд үндсэндээ мэдээлэлгүй байх нь сонин. Эсвэл тэдэнд огт хамаагүй юм шиг зэнзийрхэх нь бүр ч эгдүү хүрэм. БОАЖЯ-ны төрийн нарийн бичгийн дарга “Түймэр унтарчихсан” гэх үгээ надад нэг тийм дооглонгүй аясаар, араас нь “Танай яамнаас эксперт гарсан биз дээ” гэх асуултын маань хариуд “Шаардлагагүй, түймэр унтарсан. Манай орон нутгийнхан ажиллаж байгаа” гэх үгээ нэг тийм дээрээс, асар ихэрхсэн өнгөөр хэлсэн юм. Энэ бол аравдугаар сарын 13-ны өглөө болсон яриа. Гэвч манай сонины баг Дорнодод хөл тавихад түймэр асаж л байв. Шөнийн харанхуйд гал хаана асаж байгааг харж ядах юмгүй л дээ. Тэнд шөнө өдөргүй тал талаас цугласан хүмүүс түймрийг нүдэж байхад дарга даамлууд эс мэдэн суух нь энэ цагийн төр барьж буй хэдийн хөрсөн дээрх зовлонгоос хөв хөндий оршдог үнэн төрх нь юм. Гайхаж эмзэглэх ч шаардлагагүй. Тэд иймэрхүү л хэмжээтэй нөхөд, цаашдаа ч ийм л байх ноход.

Бид 30 хэдэн цаг явж байж Нөмрөгийн их сав газрын гурван голын бэлчир дээр хүрсэн. Энэ бол аравдугаар сарын 14-ний өглөө. Дорнод Монголын Нөмрөгийн их дархан цаазат газар гэж ингэхэд яг юу юм. Яагаад, ямар агууламжийг нь тэгтэл онцолж Монголын төр дархлан хамгаалдаг юм бол...Эхлээд энэ асуултад хариулах ёстой биз ээ.

Нөмрөгийн хөндийг Их Хянганы уулархаг мужийн өвөрмөц гайхамшигт бүтэц, мөн бурхнаас бидэнд заяасан онцгой баялаг тогтоц бүхий агууламжийг шингээсэн эталон бүс нутаг болохын хувьд, түүний ой хээрийн бүсээс Төв Азийн хуурай хээрт шилжих шилжилтийн онцлогийг унаган төрхөөр нь хамгаалах, мөн Хянганы экосистем, Манжуурын ан амьтан, ургамлын аймгийг иж бүрдлээр нь хадгалан хамгаалж үлдэх зорилгоор улсын тусгай хамгаалалтад авсан юм. Энэхүү өвөрмөц бүс нутгийг анх 1992 онд улсын тусгай хамгаалалтад авч, улмаар 1995 онд Дархан цаазат газрын ангиллаар баталгаажуулсан байдаг нь ийм учиртай. Тэгэхээр хамгаалах үүрэг маань Монгол төрийн хуулиар оногдсон хариуцлага гэсэн үг. Манайхан юм л бол хэнэггүй, тэнэг гэхээсээ илүү үүрэг хариуцлагын тухай ямар ч бодолгүй, бүр ойлголтгүй хүмүүс гэдэг нь замд тааралдсан захын хүмүүсээс, энд цахим ертөнцөд мангарлаж байгаа сүргээс илхэн харагдах юм.

Ургадаггүй ногоо, унтардаггүй түймэр гэж байхгүй дээ. Юун сүртэй юм. Хойтон сэгсийтэл ургаад л ирнэ. Мөн ч баян хангай шүү дээ гэж ирээд парвайтал инээж тэнэглэнэ. Тэрийгээ нэг их юм үзсэн, баавар хүн гэж ойлгуулахаар хичээхийг яана. Тэгэхээр өнөөдөр анхаарлын төвд байгаа Их Нөмрөгийн ай савыг төрийн бодлогоор дархан цаазат газар болгож хамгаалалтад авсан гол шалтгаан, онцлогуудыг сануулах нь зүйн хэрэг биз ээ.

Өнөөдөр бараг 80 хувь нь шатчихаад байгаа Нөмрөгийн дархан цаазат газар бол Монгол орны өөр хаана ч байхгүй Манжуурын ургамлын элементийг агуулсан цорын ганц унаган нутаг юм байна. Монгол Улсад нэн ховордсон, зөвхөн энэ бүс нутагт голлон тархсан уссурийн хандгай болон цэнгэг усны экосистемийн амин чухал үзүүлэлт болох голын халиу зэрэг амьтдын амьдрах үндсэн орчин нь аж. Яг энэ бүс нутагт 57 зүйлийн хөхтөн амьтан бүртгэгдсэнээс 15 нь бүс нутгийн болон олон улсын хэмжээнд ховордлын статустай гэдгийг иргэд тэр бүр мэддэггүй. Дорнодынхон маань өөрсдөө ч анзаардаггүй. Түймэр бол Дорнодын нэг хэсэг нь болчихсон юм шиг, энэ аймшигт гамшигт дасан зохицчихсон юм шиг аашилцгаах нь үнэндээ утгагүй хэрэг юм.

Энэ дагшин омголон газар чинь шувуудын диваажин юм байна. Уяран хайлмаар гайхамшгийн ертөнц юм байна. Нийт 263 зүйлийн шувуу бүртгэгдсэнээс 181 зүйл нь энд өндөглөн зусдаг гээд бод. Алтан гургуул, тоодог, идлэг шонхор, хар өрөвтас болон зургаан зүйлийн тогоруу зэрэг ховор шувууд энд л байдаг ажээ. Элэг эмтрэн, энэлэн хайлан зогсож байхад “Энэ чинь миний эх орон шүү дээ” гэж эрхгүй өөртөө хүн хэлдэг юм байна. Нөмрөгийн хөндий нь байгалийн ийм эмзэг, өвөрмөц тогтоцтой экосистем учраас хүний үйл ажиллагааны нөлөөллөөс хамгаалж, зөвхөн эрдэм шинжилгээ, судалгааны зорилгоор ашиглахаар "Онгон бүс"-ийн дэглэмтэйгээр хамгаалагддаг. Тэгэхээр тэр орчин бүхэлдээ галд өртөж, хөрс хуй нь гэмтэн шархдаж, амьтад нь амь зулбан бүлтэлзэж байхад “Хавар ургадгаараа ургана, битгий уянгал” гэж дөвчигнөх нь тэнэглэлээс өөр юу ч биш шүү. Монголчууд биднийг ийм болохоор л дуртай нь ирж тоглоод сурчихсан юм.

Түймэр хуйхалсан газраар үнс нурам үсчүүлэн явсаар Их Нөмрөгийн үүд нь болох Гурван голын бэлчир дээр хөл тавьж, хиншүү хярвас дунд талхлагдан байх сэтгэл шимшрэм энэ газар юу хэлэхээ мэдэхгүй зогсож байнам. Галаас нуугдаж үлдсэн ганц нэг модтой хэсгээс буга урамдаж, шувууд нэг нэгээрээ элэн халин нисч, өвс нь халиуран, өнгө сүр нь сүлэлдэн байдаг Гурван голын бэлчирээр хар утаа суунаглан барайж, хүйтэн салхи цурамд оруулсан галыг дээш нь юу юугүй авч шидчих шахам хилэгнэн байхыг үзэх мөн ч харуусалтай...

Нөмрөгийн Гурван голын бэлчир гэгч нь юугаараа тэгж халаглан уйлмаар газар юм бэ гэх элийрсэн асуултад одоо би хариу өгье.

Дорнод аймгийн Халхгол сумын нутаг болох Нөмрөгийн Дархан цаазат газарт оршдог байгалийн үзэсгэлэнтэй, онгон дагшин газруудын нэг нь энэ Гурван голын бэлчир билээ. Энэ бэлчирт Нөмрөг гол, Бүр гол буюу Болийн гол, бас Галдастайн голууд нийлж нэгддэг юм. Ингэж Нөмрөг голыг үүсгэдэг гэж хэлж болно. Нөмрөгийн энэхүү сав газарт далайн түвшнээс дээш 1000 метр орчим өндөрт өргөгдсөн дэнж дээр өр зүрх шиг цохилон байх амин гоо хэсэг бий. Тэр уран зураг шиг хэсгийг Гурван голын бэлчир хэмээн нэрлэдэг юм. Байгалийнхаа хувьд онгон төрхөө хадгалсан шугуй, ойн бүс, амьтан ургамлын баялаг тогтоцтой. Нөмрөгийн Дархан цаазат газрын хамгийн үзэсгэлэнтэй хэсгүүдийн нэг гэгддэг.

Шархдаж, ёолсон хамгийн хүнд үедээ ч сайхан нь дарагдаж ядан байх энэ бэлчирт би зогсож байна. Гоо үзэсгэлэн гэдэг энэ ертөнцийн хамгийн хүчтэй ойлголтуудын нэг гэдгийг бууж өгөн зөвшөөрөхөөс өөр арга алга. Нурман дундаас өндөлзөн байх халхын тансаг хангайг харин би нулимстай нүдээр ширтэж байна. Хүмүүс биднийг хүн төрхөө алдан, харгис хатуугаа дэлгэн, хамгийн муу муухайдаа угаартан байх зуур жинхэнэ гоо үзэсгэлэн энд тэсэхийн хүч, тэврэн унамаар тэнхээгээ харуулан, хайр харууслаар сүлрэн байхыг үзэв, би. Харин зарим маань хээв нэг “2022 онд яг энэ газар мөн л том хэмжээний гал гарсан, 2025 онд бас гарсан. Энэ жил бол тэр чигтэй шатлаа. Тэгэхээр хойтон бүр илүү сайн өвс ургадаг” гээд амныхаа зоргоор чалчих нь дэндүү хөөрхийлөлтэй харагдана.

Хэдэн жил дараалан их түймэрт өртөж байгаа газрын экосистем гэдгийг эрхбиш бодно биз ээ. Бид юугаа алдаж байгаагаа сайтар дэнсэлж, аажмаар устан сүйтгэгдэж байгаа баялгаа, тэр тусмаа төрийн хуулиар цаазлан хамгаалсан бүс нутгуудаа ямар хэмжээний сүйрэлд өртчихөөд байгааг эргэцүүлэх ёстой шүү дээ.

Уур амьсгал, ус голоо бид ярихгүй байна. Зөвхөн хөрсөн дээрхээ л харж халаглацгааж байгаа. Уур амьсгалын систем эргэж буцахгүй сүйрлийн ирмэг дээр байгааг дэлхийн эрдэмтдийн нэгдсэн холбоо-ноос гаргасан BioScience сэтгүүлийн тайлангаас харж болно. Дэлхийн амьдралыг тэтгэгч амин чухал үзүүлэлтүүд дээр аюулын харанга нэгэнт дэгдчихээд байна. Тэрхүү амин чухал үзүүлэлтүүдэд чухам юу ордог гэж үү. Үүнд агаар мандал дахь нүүрсхүчлийн хийн хэмжээ, далайн дулаарал, мөсөн голуудын хайлж буй хурд зэрэг үй олон юм багтана. Одоо дийлэнх нь түүхэн дэх хамгийн аюултай дээд цэгтээ хүрээд байгааг дэлхий дахин анхааруулж байна. Судлаачид уур амьсгалын өөрчлөлт нь зөвхөн цаг агаарын асуудал биш, харин нийгмийн суурь тогтолцоог нураах аюултайг хэлж сануулж байгааг бид бодох ёстой.

Энэ үгээрээ би юу хэлэхийг хүсч байгаа вэ гэхээр экологийн хохирлыг тусад нь үнэлэх ёстой, зөвхөн галд автсан талбайн хэмжээгээр асуудлыг битгий авч үзээсэй гэдгийг тэмдэглэн үлдээхийг хүсч байна. Шатсан талбайгаас гадна ургамлын бүрхэвч, хөрс, зэрлэг ан амьтдын амьдрах орчин, усны горим, экосистемийн нөхөн сэргэх хугацааг шинжлэх ёстой. Энэ өөрөө дэлхий нийтэд баримталдаг жишиг юм. Ер нь бол ийм хэргийг “экоцид” буюу байгаль орчныг сүйтгэх гэмт хэрэг гэж үздэг. Халх–Нөмрөгийн түймрийн хувьд “экоцид” гэж нэрлэхээсээ өмнө бодит хохирол, үйлдлийн шинж, гэм буруу, холбогдох хуулийн шалгуурыг одоо бид нэн даруй тогтоох шаардлагатай.Хэрэв энэ хэргийг байгаль орчны хариуцлагын жишиг болгохыг зорьж байгаа бол зөвхөн “хэний машин шатсан бэ?” гэдгээр зогсож болохгүй шүү дээ.

Галын анхны шалтгаан юу байсан бэ? Автомашины техникийн гэмтэл үү, ашиглалтын алдаа юу, эсвэл өөр эх үүсвэр үү?Аюулгүй ажиллагааны ямар шаардлага үйлчилж байсан бэ? Тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдал, гал унтраах хэрэгсэл, хуурайшилтын үеийн эрсдэлийн үнэлгээ хангалттай байсан уу?

Хэдий хэмжээний экологийн хохирол учирсан бэ? Шатсан талбайн хэмжээнээс гадна амьтан, ургамлын амьдрах орчин, хөрс, экосистемд учирсан хохирлыг үнэлсэн үү?Нөхөн сэргээх ажлыг хэн, ямар хөрөнгөөр, хэдий хугацаанд хийх вэ? Байгаль өөрөө сэргэх боломж, хүний оролцоотой сэргээн засах шаардлага, урт хугацааны хяналтыг мэргэжлийн судалгаагаар тогтоосон уу гэх асуултууд бидний өмнө тавигдах ёстой.

Халх-Нөмрөгийн энэ хэрэг дээр дэлхийн жишгээр авч үзэхэд байгаль орчинд учирсан ноцтой хохирлыг зөвхөн торгууль ногдуулаад өнгөрөх бус, галын шалтгааныг тогтоох, гэм буруутай этгээдэд хуульд нийцсэн хариуцлага хүлээлгэх, экологийн хохирлыг нөхөн төлүүлэх, байгалийг сэргээх асуудлыг цогцоор нь шийдэх ёстой юм. Жишээлбэл, АНУ-д санаатай гал тавьсан тохиолдолд хорих ял болон нөхөн төлбөр ногдуулсан жишээ олон байна. Харин санамсаргүй эхэлсэн ч хайхрамжгүй ажиллагаатай холбоотой томоохон түймрийн хохирлыг компаниудаас гаргуулсан жишээ ч бий. Испанид гэхэд тусгай хамгаалалттай байгалийн бүс хүний буруутай үйл ажиллагаанаас болж гамшигт өртсөн тохиолдлыг ойн түймрийн гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл гэж үздэг байх жишээтэй. Халх–Нөмрөгийн түймрийн хувьд одоогоор хамгийн зөв алхам бол галын шалтгаан, хохирлын үнэлгээ, мөрдөн шалгах ажиллагааны үр дүнг баримтаар тогтоолгох юм. Үүний дараа л ямар хариуцлага хүлээлгэх, нөхөн төлбөрийг хэрхэн тооцох, байгаль сэргээх үүргийг хэнд ногдуулах талаар үндэслэлтэй дүгнэлт хийх боломжтой.

Дорнод аймгийн Халхгол сумын Цогтсүмбэр багийн нутаг дахь Нөмрөгийн дархан цаазат газарт аравдугаар сарын 8-нд гарсан энэ түймэр бол “Мобиком” корпорацийн автомашин шатсантай шууд холбоотой юм. Гурван өдөр унтраахаар ажилласан ч түймрийг цурманд оруулж чадаагүй, нэмэлт хүч татан оролцуулж байж аравдугаар сарын 16-ны үүрээр унтрааж дууслаа шүү дээ. Монголчууд бид гадныхан гэхээр бөхөлзөж гүйдэг, өөрсдийн эрх ашгаа өмнөөс нь босгож ирж чаддаггүй удмын гэмээр зусрын зан араншингаа энэ удаа хойш тавьмаар байна. Дархан цаазат газрын байгалийн нөөц бол нийтийн өмч, нийтийн баялаг юм шүү. Байгальд учруулсан хохирол нь зөвхөн шатсан ургамлын үнэ цэнээр хязгаарлагдахгүй. Энд их хэмжээний талбай шатсан. Хөрсний элэгдэл, эвдрэл ноцтой түвшинд очсон. Амьтан, ургамлын амьдрах нөхцөл ихээхэн өөрчлөгдсөн. Гол нь тусгай хамгаалалттай байгалийн бүс өртсөн төдийгүй байгалийн маань нөөц их хэмжээгээр сүйдчихээд байна. Байгалийн хамгаалалттай бүсийн тусгай статус нь өөрөө зөвхөн газар нутгийг хамгаалах захиргааны нэр биш, гэмт хэргийн хүндрэлийг үнэлэх хууль зүйн нөхцөл мөн юм.

Тиймээс хэдэн эрх мэдэлтний хүрээнд, Төрийн бодлого гэх халхавчин дор энэ хэргийг авч үзэж хэрхэвч болохгүй. Экологийн хохирлыг тусад нь үнэлэх ёстой гэж бид шаардах ёстой. Шатсан талбайгаас гадна ургамлын бүрхэвч, хөрс, зэрлэг амьтдын амьдрах орчин, усны горим, экосистемийн нөхөн сэргэх хугацааг шинжилж тогтоох гээд нөр их ажил бий. Ургамал, бэлчээр шатсан талбай, ургамлын төрөл, экологийн болон эдийн засгийн үнэлгээ үүнд багтана. Дүрвэсэн зэрлэг амьтан,хорогдсон амьтад, үрэгдсэн өндөг, үүр, амьдрах орчны алдагдал, хөрс, ус,хөрсний доройтол гэмтэл, усны чанар, гол горхины экосистемд үзүүлсэн нөлөө гээд асар өргөн хүрээнд авч үзэх асуудал гэдгийг ахин сануулмаар байна. Бид буруутан тодорхой байхад зориуд өөр хоорондоо хэмлэлдэж, өөрсдийгөө хамруулан хэлмэгдүүлэх нөгөө л сурсан технологиороо, тун ч ядмаг суртахуунаар асуудлыг авч үзэж эхэлж байгаа нь үнэндээ ичмээр явдал юм.

Болсон явдал юу вэ.

“Мобиком” компани Дорнод аймгийн Халх гол сумын дархан цаазат бүсэд нэгэн шинэ төсөл хэрэгжүүлжээ. Түүнийгээ хийж дуусаад удирдлагууд нь нээхээр очиж. Тодорхой төсөл хэрэгжүүлчихээд байхад нээлгэхгүй, хаалгахгүй гэх үндэслэл байхгүй. Тодорхой дүрэм журмын дагуу зөвшөөрөл олгож таарна. Цахим ертөнцөөр гулгуулж хувирган нүдэж байгаа шиг зөвшөөрөл өгөх ёсгүй субьект зөвшөөрөл олгочихсон явдал огт биш юм. Хил хамгаалах албаныхан зөвхөн хилийн зурваст нэвтрэх эрхийг хууль журамд заасны дагуу олгодог. Түүнийхээ дагуу олгосон байна. Харин Дархан цаазат газрын асуудлыг өөрсдийнх нь бүс нутаг хариуцсан захиргаа хариуцдаг. Тэд нь цаашаа газрын гүн рүү баримтат киноны ажлаар гал гарахаас нэг хоногийн өмнө буюу аравдугаар сарын 7-ны өдөр явчихсан байсан юм байна.

Яг гал гарлаа гэх анхны дуудлагыг тэвдэж сандарсан багийнхан Хилийн цэргийн дугаар анги руу холбогдож мэдэгдсэн. Энд хүчний байгууллагын анги нэгтгэлүүдийн нэр байршлыг нээлттэй ярих эрх надад байхгүй гэдгийг эрхэм уншигчид анхаарна биз ээ.

Ингээд хамгийн анхны дуудлагыг хүлээж авсан заставын алба хаагчид гал унтраах хэрэгслүүдээ аван очсон ч галын тархац нэгэнт хүчрэгдэхгүйгээр тархсан байжээ. Яг гал алдсан цэг дээр хэн хэн байв. Тэнд таван машин байснаас, нэг нь шатаж байсан бөгөөд 13 хүн байжээ.

Тэд хэн хэн байв...

 

 

Үргэлжлэл бий...

СЭТГҮҮЛЧ Б.ГАНЧИМЭГ