“Гал үндэстэн” холбооны удирдах зөвлөлийн гишүүн С.Дашцэрэнг өчигдөр сулласан гэсэн мэдээлэл байна. Улсын Дээд шүүхээс түүнд хоёр жилийн ял өгч Дархан-Уул аймгийн хориход ялыг нь эдлүүлж байсан ч хоёр сарын өмнөөс түүний ходоодны өвчин хүндэрч Улаанбаатарт хүргэгдэн ШШГЕГ-ын Тогтоол гүйцэтгэх газрын харьяа хорихын нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан юм. Одоо түүнийг ар гэрийнхэн нь нэгэн сувилалд хэвтүүлсэн байгаа гэж эх сурвалж мэдээлэв. 

Харин иргэний хөдөлгөөний өөр нэг эх сурвалж “С.Дашцэрэн ахыг эмч нар үзээд ходоодны хорт хавдартай гэж оношилсон. Энэ өвчин ялаас чөлөөлөх өвчний жагсаалтад байдаг. Гэхдээ түүнийг хугацаанаас нь өмнө тэнсэн суллах шаардлагыг хангасан гэж хорих ангийн аргазүйн зөвлөл, прокурор, шүүгч үзсэн байх” гэсэн юм. 
Удалгүй мөн Ж.Ганболдын хоригдох хугацаа дуусан суллагдаж, эх оронч тэмцэлдээ эргэн ирэх юм. "Гал үндэстэн"-ий эх орончид бүгд суллагдан эх орныхоо төлөө тэмцлээ үргэлжлүүлнэ гэж ард түмэн хүлээж байна.