Монгол улсын иргэнээс цахимаар газар өмчлөх хүсэлтийг энэ сарын 1-нээс эхлэн бүртгэж эхэлсэн. Уг бүртгэлд нийт 281.440 иргэн цахимаар бүртгүүлсэн юм. Үүнээс 14.954 иргэнийг цахим систем автомат үйлдлээр тодруулж нэг ёсондоо азтанг нэрлэсэн.

Тэгвэл газар өмчлөх эрхтэй болсон иргэдийн нэрсийг олон нийтэд зарласан юм. Энэхүү нэрсийг шүүж үзвэл, гадаадын иргэн газар эзэмших эрхтэй болжээ. Тодруулбал, Сонгино хайрхан дүүргийн 21-р хорооны Соёондын ам хэмээх газар Гён Шиг овогтой Мин Гён, Рицү Миюү, Мейрам Омар нар газар эзэмших эрхтэй болсон байна.

Мөн Багануур дүүрэг 4-р хороо Тариан булагийн нэгдүгээр хэсэг хэмээх газар Лириори Зүорзүо, Спооренберг Тэа  нар  газар эзэмших эрхтэй болжээ.

Дээрх иргэд Монгол улсын харьяат болсон эсэх нь эргэлзээтэй. Гадаадын иргэн харьяатын газраас тэднийг монгол улсын иргэн болсон эсэх талаар тодруулж байж газраа өгөх асуудлаа шийдэх хэрэгтэйг эрх биш хотын мээр Э.Бат-Үүл мэдэж байгаа биз ээ.

Энэхүү цахимаар газар эзэмших эрхийг анх зарлахдаа монгол улсын иргэнд өмчлүүлнэ гэж цагаан дээр хараар зааж өгсөн. Гэтэл гадаад иргэд яагаад газар эзэмших эрх авахаар хүсэлтээ явуулсаныг таашгүй.

Түүнчлэн энэхүү газар эзэмших эрхээ цахимаар ямар иргэд авав хэмээх хардлагыг иргэдийн дунд төрүүлээд байгаа юм. Дээрх иргэдээс гадна Орос улсын иргэд ч нэлээдгүй байсаныг энд онцлоё. Энэхүү гадаад иргэд газар эзэмших эрхтэй болж байхад монгол иргэд газаргүй үлдлээ гэж бухимдах иргэд ч олон байна.

 

Х.Даваа