Гурван гал эмнэлгийн замын урд байрлах "Монос" эмийн сангаас "Фенобарбитал" эмийг хүүхдийн тунгаар худалдан авах ёстой байсан хүмүүст эмийн санч том хүний тунгаар худалдсаны улмаас 16 нярай ЭХЭМҮТ-д хүргэгдсэн.

Эмэнд хордож унтаа байдалтай ирсэн хоёр хүүхэд тус эмнэлгийн сэхээн амьдруулах тасагт, 14 хүүхэд энгийн тасагт эмчлүүлж байгаа.  Тэгвэл эх сурвалжийн мэдээлснээр сэхээнд байсан хоёрын биеийн байдал сайжирч энгийн тасагт шилжсэн бол бусдынх нь бие харьцангуй тогтворжиж байна гэлээ. Хүүхдүүдийн хордлого тайлагдаж эхэлсэн байна.

Харин эцэг эхийн хувьд холбогдох байгууллагуудаас цаашид хүүхдүүдийнхээ эрүүл мэндэд баталгаа гаргахыг шаардаж байгаа юм.

Энэ бүхэнд Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа анхаарал тавьж, ажлын хэсэг гарган хордлогод орсон хүүхдүүдийн биеийн байдалд байнгын хяналт тавин ажиллахыг ЭНЭМҮТ-д даалгажээ.

Тэрбээр Дэлхийн эрүүл мэндийн байгууллагатай холбогдон хүүхдүүдийг хордлогод ороход хүргэсэн “Фенобарбитал” эмийн цаашид үзүүлэх гаж нөлөөний талаар зөвлөлдөхөд “Тухайн эм хүний биед гаж нөлөө үзүүлэхгүй” гэсэн хариултыг өгчээ.

Ажлын хариуцлага алдсан “Монос”-ын жор баригчийн хэрэг цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа бөгөөд эцсийн дүгнэлт гараагүй учир Эрүүл мэндийн яамнаас хариуцлага тооцох асуудалд хүлээцтэй хандаж байгаа гэнэ.

Х.Даваа