“Аварга аргагүй л араамтай харагдаж байна шүү” гэж МАН- ын Бага хурлын гишүүд өөр зуураа шивнэлдэв. Үүнийг зүгээр ч нэг монгол бөхийн аварга гэдэг утгаар бус улстөрд ч бас аварга болохоор Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн утгаар нь хэлсэн хэрэг. “160-тай Ц.Элбэгдорж 190-тэй Б.Бат- Эрдэнэтэй хүч үзэх нь” гэсэн үгс фэйсбүүк ертөнцөд үзэгдэв. “Ам Ерөнхийлөгчөөс аварга Ерөнхийлөгч нь дээр дээ” гэсэн мессеж ч нисч эхэллээ. Ерөнхийдөө Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийг нэр дэвшүүлсэнд олон нийт гайхаж тээнэгэлзсэнгүй. Учир нь түүнийг бүгд таних төдийгүй Төрийн тэргүүн хэмээх “өндөрлөг” албан тушаалд харагдах дүр, халиршгүй ноён нуруугаар нийцнэ гэж нэг хэсэг нь үзэж байх шиг байна. Монголчууд Үндсэн хуулийн үүргээрээ “үндэсний эв нэгдлийг илэрхийлэгч” байх ёстой Төрийн тэргүүнийг илүү тулхтай, түшигтэй, ноён нуруутай хүн байгаасай гэж ялангуяа сүүлийн үеийн судалгаагаар илэрхийлэх болжээ. Эдгээр нь Монголын Төрийн тэргүүнд зайлшгүй тавигдах шалгуурууд бөгөөд энэ бүхнийг эс даах хандлага өнөөгийн Ерөнхийлөгчөөс гарч байгаатай ч холбоотой байх. Дээр хэлсэнчлэн монголчууд одоогийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид “ам, “шоучин” гэхчилэн нэр, цол хайрласан нь бий. Тэгвэл “ам” Ерөнхийлөгчийн оронд аварга Ерөнхийлөгчтэй байх нь зүйтэй гэж үзсэн учир МАН-ын Бага хурлын гишүүдийн олонхи УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнийг дөрвийн дундаас сонгон нэр дэвшүүллээ.

   МАН Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ тодруулахын тулд намын гишүүдийнхээ дунд санал асуулга явуулсан. Тэндээс УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэтэй хамт намын дарга, УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин, УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, Д.Лүндээжанцан нарын нэр тунаж үлдсэн. Улмаар эдгээр эрхмүүд бүгд өрсөлдөх боломжтойгоо МАН-ын Удирдах зөвлөлд илэрхийлсэн учир чухам хэнийг сонгохыг Бага хурлын гишүүд мэдтүгэй гэсэн билээ. Энэ удаа МАН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр нам дотроо дөрвөн нэр дэвшигч өрсөлдсөн нь тооны хувьд түүхэндээ бас л анхных юм. Намын удирдлагын түвшинд ойлголцож, тохиролцоод нэг л нэр дэвшигчийн нэрийг Бага хуралд оруулж ирдэг “уламжлал” энэ удаа давтагдаагүй нь тус нам дахь шинэчлэл бодит зүйл болж буйн баталгаа болов. Бага хурлын гишүүдийн эхний санал хураалтаар нэр дэвшигч Ө.Энхтүвшин, Д.Бат-Эрдэнэ нар санал тэнцэж, Д.Оюунхорол, Д.Лүндээжанцан нар удаалав. Эхний хоёр нэр дэвшигчийн нэрээр дахин санал хураалт явуулахад дахиад л тэнцэж, гурав дахь санал хураалтаар УИХ-ын гишүүн Д.Бат- Эрдэнэ есөн саналын илүүгээр ялсан юм. “Тээр жил хоёр Мөнх унаж, давахгүй нээх удаан барилдаж билээ. Би харин аваргатайгаа хоёр удаа хайнцлаа” хэмээн дараа нь хэлсэн МАН-ын дарга Ө.Энхтүвшингийн үг өрсөлдөөн хэр хүчтэй болсныг илэрхийлсэн билээ. Шударга, ил тод, бас хүчтэй өрсөлдөөнөөс гарч ирсэн нэр дэвшигч их сунгаандаа ч ийм л барилаар “давхиж” таарна. Энэ утгаараа МАН-ын нэр дэвшүүлсэн үйл явц нийгэмд харагдах талаасаа эерэг үнэлгээ дагуулж чадлаа. Тэр дундаа дөрвийн дунд нэг эмэгтэй байсан нь өрсөлдөөнийг жинхэнэ утгаар гоё харагдуулж, тэр хэрээр ардчилсан шинжийг агуулж чадав. Төрийн тэргүүний сонгууль явуулснаас хойшхи ардчиллын түүхэнд анх удаа эмэгтэй хүнийг нэр дэвшүүлэхээр намын гишүүд, дэмжигчид, иргэд УИХ-ын гишүүн Д.Оюунхоролыг нэрлэсэн, тэрбээр өөрөө ч улстөрийн зориг гарган нэрээ дэвшүүлсэн нь яах аргагүй түүхэн үйл явц юм. Ялангуяа улстөрд оролцоогоо нэмэгдүүлэх нэн шаардлагатай байгаа Монголын хүн амын 51 хувийг бүрдүүлдэг эмэгтэйчүүдийн хувьд энэ бол тэмдэглүүштэй тохиол юм.

   МАН Бага хурлын VII хуралдаанаа “Эв нэгдлийн чуулган” гэж нэрлэжээ. Эвийн хүчээр зориглон энэ удаагийн сонгуульд ороход ялалт байгуулна гэсэн итгэл байна. МАН-ын нэр дэвшигч ялах нь өнөөдрийн нөхцөлд нийгмийн захиалга болсон тул Бага хурлын гишүүд ч үүрэг, хариуцлагаа онцгой ухамсарлажээ. Төрийн бүх эрх мэдэл нэг намын гарт төвлөрч, бие биеэс үл ялгагдам байдлаар дарангуйлсан бодлого явуулж байгаа. Тэгвэл үүний эсрэг ямар нэг авран хамгаалалтыг олон нийт хүсэн хүлээж байгаа нь анзаарагдаж байна. Чухам ийм бодит байдал, хандлага нь энэ удаагийн сонгуульд МАН-ыг заавал амжилттай оролцохыг “тулгаж” байна. Тийм ч учраас улстөрийн хариуцлагын үүднээс, нийгмийн өмнө хүлээсэн үүргээрээ МАН нэр дэвшүүлэх үйл ажиллагаандаа хариуцлагатай хандлаа гэж ойлгож болно. Дөрвөн нэр дэвшигч өрсөлдсөн тул Бага хурлын гишүүдийн дэмжлэг мэдээж хуваагдсан. Гол нь хуралдааны төгсгөлд ялсан нэгээ ялуулахын төлөө хүчээ нэгтгэж, зөв хуваарилж, нэгэн сэтгэл, зүтгэлээр ажиллахаа илэрхийлсэн нь “Эв нэгдлийн чуулган”-ы эцсийн том үр дүн байлаа. Нэр дэвшин өрсөлдсөн Ө.Энхтүвшин, Д.Оюунхорол, Д.Лүндээжанцан нар нэр дэвшигч Б.Бат-Эрдэнэтэй мөр зэрэгцэн ялалтын төлөө давшихаа илэрхийлсэн. МАН нэр дэвшигчийнхээ мөрийн хөтөлбөрт үндэсний эв нэгдэл, аюулгүй байдлыг хангах асуудалд онцгой анхаарч тусгах аж. Үндэсний хэмжээнд эв нэгдлийн элч байх нэр дэвшигчээ ялуулахын төлөө эвийн хүчээр зүтгэх нь МАН-ын энэ удаагийн сонгуулийн ажлын үндсэн тактик болох нь. “Ам” Ерөнхийлөгчөөс аварга Ерөнхийлөгчтэй болох зорилго тавьсан МАН-ын Бага хурлын гишүүдийн хүсэл бодол олон нийтийн сонголтын түүчээ болж эхэллээ. УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийн хувьд гурван удаа төрийн түшээгээр сонгогдон ажиллаж байгаа туршлагатай улстөрч. Дээр нь уул уурхайн баялгаа эх орон, хүн ардын тусын тулд ашиглах талаар сүүлийн үед тэмцэж, үг, үзэл бодлоо хүргэж байгаа цөөн шударга түшээдийн нэг. Түүнд ажил амьдралын болон улстөр, нийгмийн зүтгэлтний арвин баялаг туршлага бий. Тэр чаднаа. Аль ч талаараа тэр босоо “аварга” хэвээр байна.
 
Т.БҮДЭЭХҮҮ