“Монгол Наадам Цогцолбор” ОНӨТҮГ-ийн санаачилгаар зохион байгуулсан хоёр үе шат бүхий “Эрүүл иргэн- Эко хөгжил” төслийн I-р шат болох зуны дугуйн аялал, амралт зугаалгын хөтөлбөрийн нээлт өнгөрсөн Бямба гарагт Хүй долоон худагт амжилттай зохион байгуулагдлаа.

Тус нээлтэнд Нийслэлийн засаг даргын орлогч Ц.Энхцэнгэл, МДХ-ны хүндэт ерөнхийлөгч Л.Хангай, “МНЦ” ОНӨТҮГ-ийн дарга П.Цогтбаатар нар оролцон үг хэлж мөн залуу хамтлаг дуучид ирж ая дууны мэнд дэвшүүлсэн юм. Энэ өдөр МДХ-ны нэрэмжит Уулын дугуйн улирлын хаалтын тэмцээн, Төслийн нэрэмжит сонирхогчдын уулын дугуйн аварга шалгаруулах тэмцээн насанд хүрэгчдийн ангилалд эрэгтэй, эмэгтэй 2 төрлөөр 3 насанд, МДТХ-ны ээлжит аварга шалгаруулах тэмцээн 5 насны ангилалд тус тус зохиогдож аваргаа шалгаруулсан юм.

Арга хэмжээний үеэр нийт унадаг дугуйн түрээсийн 7 цэг ажиллаж зорин ирсэн хүүхэд, залуусыг дугуйн түрээс, засварын үйлчилгээгээр хангаж байсан юм.

Энэхүү төслийг НЗДТГ, НБСГ, МДХ, МЗХ, Унадаг дугуйтай Улаанбаатар төсөл зэрэг улс, хувийн хэвшлийн нийт 13 байгууллага, клуб, холбоод дэмжин хамтран зохион байгуулсан ба энэ эрчээрээ төслийн хаалтын арга хэмжээг илүү өргөн хүрээнд хамтдаа зохион байгуулна гэдгээ төслийн багийнхан мэдэгдэж байсан юм. Төслийн зуны аялал, амралт зугаалгын хөтөлбөрийн хаалтын арга хэмжээ 09-р сарын 28-ны Бямба гарагт Дэлхийн дугуйн өдөрт зориулан зохиогдож байгаа бөгөөд энэ өдөр Сүхбаатарын талбайгаас Хүй долоон худаг хүртэл бүх нийтийн дугуйн парадын нэгдсэн журмаар өргөн хүрээнд зохион байгуулахаар төлөвлөөд байгаа аж.

“Эрүүл иргэн- Эко хөгжил” төслийн дугуйн аялал, амралт зугаалгын нээлтийн арга хэмжээний үеэр 400 гаруй дугуйчид, 300 гаруй сонирхогч хүүхэд залуус цугларсан бөгөөд сонирхогчдын уулын дугуйн аварга шалгаруулах тэмцээнд гараанаас 70 сонирхогч зэрэг гарсан нь Монголын дугуйн түүхэнд байгаагүй олон тамирчин цугларч, гараанаас гарсан тэмдэглүүштэй арга хэмжээ боллоо хэмээн МДХ-оос мэдэгдсэн байна. Мөн дугуйн мэргэжлийн тамирчид болон дугуй сонирхогч залуус зориулалтын зам талбайд авто машины хөдөлгөөнөөс зайдуу унадаг дугуйгаар аялж амрах боломж олгон эрүүл, эко санаачилга гаргасан Монгол Наадам Цогцолборт талархаж байгаагаа хэлэв.