ДЭЭРЭМ ИХТЭЙ, ХӨДӨЛГӨӨН БАГАТАЙ ЗАМААР ЯВЖ БАЙЖЭЭ

Монгол эмэгтэй хил гараад бусдын гарт амиа алдсанаас хойш хоёр улсын хил гаалийнхны хяналт чангарсан гэдгийг ч нутгийн иргэд ярилаа. “Барагтай бол хилээр нэвтэрч чадахгүй шүү. Байнга наймаа хийдэг хүмүүс хүртэл хил гарахад хэцүү болчихоод байгаа юм” гэдэг сануулгыг өгөх иргэд ч байв. Увсынхны ярьснаар энэ зун аялагч Амай (Ж.Золбаяр)-г Хандгайтын хилээр гаргаагүй гэнэ. Иргэд Орост гарсан хүн амины хэргээс болж  хэргээс үүдэж хил, гаалийнхан хяналтаа чангаруулж Тува явах амаргүй болсон талаар ярьсан ч аймгийн телевизээр Боршоо-Хандгайт боомт руу автобус зорчиж байгаа зар өдөр бүр гарах аж. Бас Хакас, Тува руу явж наймаа хийдэг хүмүүстэй уулзахад бичиг баримтын зөрчилгүй бол хил гарахад асуудалгүй гэдгийг ярилаа. Ингээд бид Боршоо-Хандгайтын боомт руу ОХУ-ын хилээр гарахаар очлоо.

Талийгаач гэрээсээ гарсан өдрөө буюу долдугаар сарын 7-ны өдөр ганцаараа хил гарсан талаар гаалийнхан ярьсан. Явахдаа долдугаар сарын 9-ний өдөр буцаж ирнэ гэж хил нэвтрэх мэдэгдэх хуудастаа бичсэн байна. Тэрбээр олон удаагийн визтэй байжээ. Улаангомоос гарахдаа Бүгд найрамдах Тува улсын нийслэл Кызылд очиж хүнд дайвар  өгөх тухайгаа ярьжээ. Тэр нь 25 кг-ын ууттай замаск байсан гэнэ. Төлөвлөснөөрөө эхлээд Кызыл орж дайсан зүйлийг нь өгчихөөд Абакан явах байж. Кызыл хот хилээс 460 гаруй км зайтай. Төв замаараа хөдөлгөөн ихтэйгээс гадна, олон тосгон дайрдаг учраас аюул багатайг наймаачид ярьсан. Гэтэл талийгаач хил гараад Кызыл рүү биш шууд Абакан руу явсан байна. Абакан нь ОХУ-ын Хакасын нийслэл. Монголчууд Кызыл гэхээсээ илүү Абакан, Красноярскаар дамжиж наймаа хийдэг аж. Талийгаач ч Улаангом Абакан хооронд наймаа хийдэг байж. Абакан Москвагаас дорно зүгт 4220 км-ийн зайд, Красноярскаас 410 км-ийн зайд байдаг.

Талийгаач Абакан руу явахдаа төв замаар яваагүй. Дээхнэ үед шатахуун ачсан машин, хулгайгаар тээвэр хийгчид явдаг байсан дөт замаар явсан нь тодорхой болжээ. Тэр зам нь дээрэм ихтэй, танхайчууд машинтай хүмүүсийг отдог, буудалцаан гардаг талаар тувачууд ярьсан. Монголчууд Абакан руу наймаанд явахдаа тэр замаар явдаг. Буудуулсан, дээрэмдүүлсэн тохиолдол цөөнгүй гарч байжээ. Үнэхээр ч төв замаасаа эвдэрч, муудсан бүдэг зам салсан нь харагдаж байлаа. Газар мэддэггүй хүн эвгүйцмээр л санагдаж байв. Талийгаач Абакан руу явахдаа ихэвчлэн тэр замаар явдаг. Өөрөө орос хэлтэй. Дээр нь олон жил наймаа хийсэн учраас зам сайн мэддэг. Тэр хавийнхаа газар нутгийг андахгүй байсан гэдгийг ойр хавийнхан нь ярьсан. 

Шинжээч, мөрдөн байцаагчдын дүгнэж байгаагаар талийгаач Абаканд очоогүй, тийшээ явж байх замдаа хөнөөгдсөн бололтой. Учир нь Ак-Довурак хотоос Абакан хот руу явдаг төв замаас зүүн хойд талд 300 метрийн зайд хонхор газарт шатсан машин байгааг цагдаа нар долдугаар сарын 21-нд олжээ. Уг машины арлын дугаар талийгаачийнхтай таарсан, дотор нь нэг хүн шатсан ул мөр байгаа учраас Тувад сураггүй болсон монгол эмэгтэй гэж үзэхээс өөр аргагүй байгаа аж. Жолооны ард сууж байсан хүн бүхэлдээ шатсаныг мөрдөн байцаагчид тогтоожээ. Ак-Довурак нь Бүгд Найрамдах Тува улсын Баруун Хемчиг хошуунд байрладаг хот. Тува улсдаа хүн ам олноор суурьшсан хоёр дахь суурин гэдэг юм билээ. Кызыл хотоос баруун зүгт 309 км-ийн зайд байдаг. Талийгаач Ак-Добурак хотоос өнгөрч яваад Абакан руу ороход 20 км зам дутуу байхад зам салжээ. Ингэж үзэх үндэслэл нь машин шатсан газраас төв зам руу ороход Абакан руу чиглэсэн 20 км-ийн замын заалт байсан аж. Хэргийн газарт очиход талийгаач уулын өвөр дэх өвөлжөө рүү чиглэсэн бүдэг шороон замаар машинаа жолоодоод уг газарт хүрсэн бололтой. Явж очоод зогссоноос өөрөөр хөдлөөгүй бололтой, ул мөр үлдэж. Хэргийн газрын ойролцоо нүүрсний хог хаягдал байжээ. Нүүрс ачсан машин зогсч нүүрсээ буулгаж, сэлгүүлж ачдаг бололтой газар юм. Ойр хавьд суурин болоод айл байхгүй. Хонхор газар учраас юу болж байгаа нь ч харагдахгүй. Харин тэр хонхороос төв замаар явж байгаа машинуудын чимээ сонсогдоно. Тэгсэн атлаа юу ч харагдахгүй. Зам дагуу ой, мод ихтэй ч яг хэрэг гарсан тэр хавь модгүй нүцгэн толгод юм. Таамаглахад айл амьтангүй, төв замаар явж байгаа хүмүүст харагдахгүй хонхор газар байгааг мэдсэн хүн талийгаачийг тэнд аваачсан бололтой гэмээр аж.

 

ГЭРЧ ЮУ ХЭЛЭВ

Ак-Довурак хотоос Абакан руу явах зам дагуу хяналтын камертай ч бичлэг хийдэггүй байжээ. Мөн пост хооронд цагдаа байгаагүй аж. Мөрдөн байцаагчид хоёр гэрчээс мэдүүлэг авч байгаа юм байна. Нэг нь Хандгайт тосгоноос талийгаачийн машинд дайгдаж Ак-Довурак хотод буусан тухайгаа ярьжээ. Тэр тува эмэгтэй бөгөөд талийгаачийг огт таньдаггүй, гар өргөөд машинд нь суусан гэжээ. Ямар учраас Ак-Довуракаас Хандгайтад явж байсан талаараа “Монгол руу хилээр гарах гэж байсан ч амжаагүй учраас буцсан” гэж тайлбарласан байна. Харин нөгөө гэрч нь замын цайны газрын тогооч эмэгтэй. Талийгаач Ак-Довуракаас холгүй цайны газарт орж үйлчлүүлжээ. Уг цайны газрын тогооч “Тэр эмэгтэй хоол идээгүй. Цай уугаад ойр зуурын зууш идээд гарсан. Оросоор сайн ярьж байсан. Гэхдээ машин нь монгол дугаартай байсан учраас монгол хүн гэж мэдсэн” гэж мэдүүлжээ. Үүнээс өөрөөр талийгаачийг харсан хүн байхгүй байгаа бололтой.

 

МОНГОЛЧУУДЫГ СЭЖИГЛЭН БАЙЦААЖЭЭ

Машинд шатсан хүн монгол эмэгтэй мөн гэсэн урьдчилсан дүгнэлт гарсан ч ОХУ-ын хуулийн байгууллага албан ёсоор тогтоогоогүй байгаа аж. Гэхдээ машин нь мөн, өөрөө жолоодож явсан учраас гарцаагүй гэдгийг ар гэрийнхэнд нь дуулгажээ. Харин мөрдөн байцаалтын ажилд яг талийгаач тэр эмэгтэй мөн гэдгийг хөдөлшгүй баримтаар тогтоох шаардлагатай учраас генийн шинжилгээ авахаас аргагүй болжээ. Тиймээс Увс аймгаас талийгаачийн ээж, дүү хоёрыг Кызылд дуудаж генийн шинжилгээ хийжээ. Тэр дээжээ зөвхөн Москвад шинжлэх боломжтой гэсэн аж. Тувагийн Мөрдөн байцаах газраас дээжийг өнгөрсөн сарын сүүлээр Москва руу явуулсан талаар эх сурвалж хэлсэн.

Талийгаач яг хэдний өдөр эсвэл шөнө амиа алдсаныг ч тогтоох боломж одоогоор байхгүй гэдгийг мөрдөн байцаагчид хэлжээ. Мөрдөн байцаагчид эхний ээлжинд энэ хэрэгт Ак-Довурак, Абакан, Кызылд байсан монголчуудыг сэжиглэн байцаажээ. Гэвч сэжигтэй хүн олдоогүй аж. Хэрвээ талийгаач Абаканд очсон байвал тэндээс сэжиг илрэх ёстой. Гэвч Абаканд хүрсэн гэх баталгаа байхгүй учраас мухардаад байгааг мөрдөн байцаагч нь тайлбарлажээ.

Талийгаач өмнө нь Ак-Довуракаас Абакан орох замд машинаа шатааж байжээ

Сурвалжлага хийгээд явж байхад хачирхалтай гэмээр мэдээлэл олдсон юм. Одоогоос хоёр жилийн өмнө талийгаач Абакан явж байхад машин нь шатаж байжээ. Амиа алдсан газрынх нь ойролцоо буюу Ак-Довуракаас Абакан орох замд машин нь шатаж өөрөө азаар амьд үлдэж байсан аж. Тухайн үед тэр хэрэгт хэн нэгнийг шалгаагүй өнгөрсөн аж. Өөрөөр хэлбэл, золгүй байдлаар машин нь шатсан гэж үзжээ.

Харин энэ удаад машиныг гадны нөлөөтэйгээр шатаасан гэдэг дүгнэлтийг шинжээчид гаргажээ. Машинд ямар нэгэн эвдрэл байгаагүй байж. Золгүй байдал тохиолдсон гэж үзвэл машиндаа унтаж байхад нь гал гарсан байж магадгүй гэдгийг хуулийнхан хэлсэн байна. Гэхдээ замаас 300 метр холдож, хонхор газарт зогссон учраас хүчээр тэнд аваачиж амийг нь хөнөөсөн гэдэг нь илүү магадлалтай гэж мөрдөн байцаагчид дүгнээд байгаа аж.

 

15 САЯ ТӨГРӨГТЭЙ ГЭРЭЭСЭЭ ГАРЧЭЭ

Талийгаач гэрээсээ гарахдаа 15 сая төгрөгтэй тэнцэх рубльтай явжээ. Үүгээрээ хүнсний бүтээгдэхүүн авчрах зорилготой байсан гэнэ. Тэр мөнгөнөөс болж амийг нь хөнөөсөн гэдэгт ойр хавийнхан нь итгэхгүй байгаа аж. Өмнө нь түүнээс ч их мөнгөтэй явдаг байсан ч халдлагад өртөж байгаагүй гэнэ.

Талийгаач орос түншүүдээсээ багагүй авлагатай байсан бололтой юм. Дөрвөн жилийн өмнө Абаканд орос түнштэйгээ шүүхдэлцэж байжээ. Тодруулбал, түншээсээ 400 мянган рублийн авлагатай байсан бөгөөд олон жил өгөөгүй учраас шүүхэд хандсан байна. Хакасын шүүх талийгаачийн талд шийдвэрээ гаргасан аж. Гэвч түнш нь өнөөг хүртэл шүүхийн шийдвэр биелүүлээгүй байгаа юм байна. 400 мянган рубль нь 20 орчим сая төгрөг. Хуулийнхан тэр түншийг нь байцаасан эсэх нь тодорхойгүй байгаа аж.

Б.ЦЭЦЭГДЭЛГЭР