БНХАУ-д үйлдвэрлэсэн, чанар стандарт нь хүүхдийн биед тэр бүр зохицохгүй сурагчийн дүрэмт хувцасыг оруулж ирэн “Нарантуул” худалдааны төвд худалдаалж  байгаа талаар иргэд мэдээллээ.

Тодруулбал  БНХАУ-ын Эрээн хотоос  Замын-Үүд рүү орж ирсэн гурван автобусыг хилчид шалгахад, сурагчийн 17500 ширхэг дүрэмт хувцас оруулж ирснийг илрүүлсэн байна.  350 хайрцагтай энэ ачааг манай иргэд хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан бөгөөд хачирхалтай нь бүх дүрэмт хувцсанд “Монголд үйлдвэрлэв” гэсэн шошго хадсан байжээ.

 

Энэ их хэмжээний сурагчийн дүрэмт хувцасыг ямар байгууллага, аж ахуйн нэгж оруулж ирснийг тогтоохоор хууль хяналтынхан ажиллаж байгаа аж. Харин прокурорын байгууллагынхан эрүүгийн хэрэг үүсгэх, эсэх дээр эргэлзэж байгаа аж. Учир нь хувцас экспортлохыг хориглоогүй, татвар төлөхөөс зайлсхийгээгүй учраас гэмт хэрэг биш гэж үзэж байгаа гэнэ.

Харин энэ асуудалд Эрүүгийн хуулийн 169 дүгээр зүйлд заасан хэрэглэгчийг хуурч мэхлэн, төөрөгдүүлсэн гэсэн үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгах боломж бийг үндэсний үйлдвэрлэгч компанийн хуулийн зөвлөхүүд хэлж байна.