Хичээлийн шинэ жил эхлээд сар ч болоогүй байхад гурван ч аймагт сургууль, цэцэрлэгийн хүүхдүүд хоолны хордлого, гэдэсний халдварт өвчинд өртөж эмнэлгийн ор сахихад хүрэв.

Тодруулбал, хамгийн сүүлд буюу энэ сарын 24-нд Дархан-Уул аймгийнVII цэцэрлэгийн 60 гаруй хүүхэд гэдэсний халдварт өвчин тусч цэцэрлэгийн үйл ажиллагааг тодорхойгүй хугацаагаар зогсоосон байна. Үүний өмнө Өмнөговь аймгийн Ханбогд сумын сургууль, цэцэрлэгийн насны69 хүүхэд хоолны хордлого авсан талаар мэдээлж байсан бол хичээлийн шинэ жилийн эхэнд буюу есдүгээр сарын7-нд Баян-Өлгий аймгийн төвийн сургуулийн дотуур байрны 130 хүүхэд мөн л хоолны хордлого авч хөл хорио тогтоож байв. Энэ байдлыг ажиглавал цаашид хэдэн мянган хүүхэд хоолны хордлогоор харанга дэлдэхийг тааварлахын аргагүй байна. Өмнө нь цэцэрлэгийн багш нар хүүхэд зодож занчихаас эмээж хүүхдээ цэцэрлэгт нь хүргэж өгдөг байсан бол одоо “Хоолны хордлого авчих вий” гэсэн айдастай тулгарч байна. Энд хамгийн гол нь сургууль, цэцэрлэгийн гал тогооны ариун цэвэр сайн байхаас гадна хоол хүнс нийлүүлж буй аж ахуйн нэгж байгууллагын хариуцлага өндөр байх ёстой. Өөрөөр хэлбэл, эрүүл хоол хүнс нийлүүлэх эрхэм үүрэгтэй аж ахуйн нэг жүүд байнгын өндөржүүлсэн байдалд ажиллаж, хяналттай байх шаард-лагатай. Иймд хүнс нийлүүлэх аж ахуйн нэгжүүдийг маш сайн сонгон шалгаруулалт явуулсны үр дүнд гэрээ байгуулах учир-тайг салбарын сайд Л.Гантөмөр хоёр жилийн өмнө л ярьж байсан санагдана. Харамсалтай нь сайдын хэлсэн үг“том” толгойтой захирал, эрхлэгч нарын чихний хажуугаар сүнгэнэж, өөрийн талын хүмүүсээ дэмжиж тэтгэх гэсэн“богино” бодлоос болж хүүхдүүд халдварт өвчин тусч, бактер үржүүлэгчид болж хувираад байгаа юм биш үү гэж хардахад хүргэж байна. Тухайлбал, сургууль, цэцэрлэгийн захирлууд таньдаг мэддэг, танил талаа тухайн тендерт шалгаруулж хоол хүнс нийлүүлж байгаагаас ийн халдвар гарах эрсдэл гарч буйг үгүйсгэх аргагүй. Орон нутагт Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангийн зээлээр иргэд талх, нарийн боов, бууз, баншны цехүүдийг гэр, хашаа байшиндаа байгуулсан талаар олонтаа үзэж, сонсч байсан юм. Энд тэдний хийж бүтээх гэсэн хүсэл эрмэлзлэлийг үгүйсгэх гэсэнгүй. Гагцхүү ариун цэвэр, ариутгалын хяналт сайн байх ёстой. Эдгээр цехүүдийн захиалгыг тухайн орон нутгийн сургууль, цэцэрлэгүүд хангаж байгаа нь бодит үнэн. Энэ талаар БШУЯ-ны Хяналт, шинжилгээ, дотоод аудитын газрын дарга Л.Лувсанжамцаас тодруулахад “Манайх орон нутгийн сургууль, цэ цэрлэгийн хоол хүнсэнд орол цоотой ажилладаггүй. Харин нийслэлийн үдийн цай хөтөлбөрийг хариуцаж ажиллаж байгаа” гэсэн юм. Эндээс харахад орон нутгийн сургууль, цэцэрлэгийн хоол хүнсийг тухайн Засаг дарга, сургууль, цэцэрлэгийн удирдлагууд толгой мэдэн шийдвэрлэж байгаа нь илэрхий. Энэ хяналтгүй байдал, дур мэдэн сонгон шалгаруулсны хор уршгийг аав ээжийн хэл мэдэхгүй бяцхан үрс бие сэтгэлээрээ үүрч, эмнэлэг сахиж байна. Тухайлбал, Баян-Өлгий аймагт гарсан хоолны хордлогыг талхнаас үүдэлтэй талаар цухас дурдаад хав дарчихсан. Талхыг хаанаас хэнээс авч байгааг сураглахад орон нутгийн жижиг цехээс нийлүүлдэг байсан нь тодорхой болсон. Харин сүүлд Ханбогд суманд гарсан гэдэсний халдварын тухайд багшаасаа халдвар авсан болж таарав. Энэ бас л сонин үзэгдэл. Цэцэрлэгийн насны хүүхдүүдийг бүрт гэхдээ цагаан хорхой, эрүүл мэндийн шинжилгээнд зайлшгүй хамруулсан байх ёстой хэмээн шахдаг атлаа багш нар нь хамрагддаггүй болж таарав уу. Хүүхдүүдтэй байнгын холбоотой ажиллах багш нар хамгийн түрүүнд шинжилгээ өгч, тоног төхөөрөмж, гал тогоогоо ариутгасан байх ёстой. Гэтэл Мэргэжлийн хяналтын байгууллагууд нь аль долдугаар сард ариутгал хийж, шалгасан гээд гэдийгээд сууж байдаг содон жишигтэй. Гэтэл сургууль цэцэрлэгийн засвар хичээлийн шинэ жил эхлэхэд дуусаагүй л байдаг шүү дээ. Эдгээр хэлсэн үг, хийсэн үйлдэл нь зөрүүтэй гажиг тогтолцооноос болж хүүхэд халдварт өвчин тусдаг, нян бактер үржүүлэгчид болж туршилтын туулай болж байна. Өвчин гарсан тохиолдолд мэргэжлийн байгууллагын эмч, байцаагчид өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна гэж мэдээлэх юм. Угтаа тэд урьдчилан сэргийлж, өвч лөл гаргахгүй байх талаас нь ажиллах үүрэгтэй бус уу. Тухайл-бал, Дархан-Уул аймгийн VII цэцэрлэгт ажиллаж буй аймгийн Эрүүл мэндийн газрын Халдвар, тандалт судалгааны албаны дарга Өлзийжаргал “Шин жилгээний хариу маргааш/өнөөдөр/ гарна гэж баттай хэлж мэдэхгүй. Шинжилгээ үргэлжилж байна. Гарсан шинжилгээний хариуг Улаанбаатар руу явуулж баталгаажуулна. Өнөөдрөөс эхний шин жил гээнүүдийг явуулахад бэлэн болсон. Аймгийн ЭМГ-ын Халдвартын тасагт 36 хүүхэд, өнөөдөр нэг хүүхэд нэмэгдээд 37 хүүхэд хэвтэж эмчлүүлсэн. Түүнээс 20 гаруй хүүхэд гадуур эмчийн хяналтад гарсан байгаа. Гэхдээ маргааш/өнөөдөр/ давтан шинжилгээ өгнө. Нян судлалын шинжилгээ олон үе шаттай. Иймээс эхнээс нь бид сэжиглэсэн шинжилгээний хариугаа нийслэл рүү явуулахаар бэлтгэсэн” гэв. Ийнхүү хүүхэд хоолны хордлого, халдвар авах нь олон талын урхаг шинжтэй. Наандаж7-14 хоног эмнэлэгт хэвтэнэ, түүнээс гадна хүчтэй антебиотек ууж, сахиур хүн шаардана. Ингээд эмнэлгээс гараад шууд цэцэрлэг, сургуульдаа явах боломжгүй нэг хэсэг хөл хорионд байх болж байгаа юм.

 

О.Энхжаргал: Хоол хүнсээ аль компаниас авдаг талаар хэлэх боломжгүй

Дархан-Уул аймгийн VII цэцэрлэгийн халдвар авсан хүүхдүүдийн биеийн байдал ямар байгаа талаар тус цэцэрлэгийн эрхлэгч О.Энхжаргалаас тодрууллаа.

 

-Анх хүүхэд өвчилсөн нь ямар шинж тэмдгээр илэрсэн бэ. Нэг өдрийн дотор 60 хүүхэд өвчилсөн юм уу?

 

-Манай цэцэрлэгийн ажилчин, албан хаагчид өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна. Гурван цаг тутамд хүүхдүүдийнхээ биеийн байдлыг асууж сураглаад, судалгаа гарган ажиллаж байна.

 

-Зургаан хүүхдийн биеийн байдал нэлээд хүнд байгаа гэсэн. Тэд аймгийн нэгдсэн эмнэлэгт хэвтэж байгаа юу?

 

-Зургаан хүүхдийн биеийн байдал хүндэвтэр гэсэн оноштой гарсан. Хүүхдүүдийн ар гэрийнхэн хүүхдэдээ эм тариаг нь өгөхгүй гэрт нь байлгаж байгаад хордлогод оруулчихсан байсан. Энэ хордлого маш хурдан эмчилгээ авч байгаа. Хүүхэд халуурч бөөлжөөд, доошоо суулгах шинж тэмдэг илэрч байгаа. Ингээд тухайн хүүхдүүдэд нүүрсэн эм, цифазилныг шахмалаар өгч байна. Эмчилгээ цаг алдалгүй авч чадсан хүүхэд оройдоо гайгүй болчихоод байгаа.

 

-Танай цэцэрлэг хүүхдүүдийнхээ хоол хүнсийг ямар компаниас авдаг вэ?

 

-Энэ талаар одоо мэдээлэл өгөх боломжгүй байна.

 

-Хүүхдүүд яг хэдний өдөр өвдөж эхэлсэн бэ?

 

-Есдүгээр сарын 24-ний орой долоон хүүхэд өвдсөн. Харин 25-ны өглөө есөн хүүхэд болж нэмэгдсэн учир бид эмнэлэгт хандсан.

 

-Эмнэлэгт хэвтэж байгаа хүүхдүүдийн биеийн байдал ямар байна вэ. Нийт хэдэн хүүхэд эмнэлэгт хэвтсэн бэ?

 

-Манай хүүхдүүдийн биеийн байдал одоогоор хэвийн байна. Шинжилгээний эцсийн дүн гараагүй байна. Аймгийн нэгдсэн эмнэлэг яг одоо энэ асуудлаар хуралдаж байна. Нийт36 хүүхэд эмнэлэгт хэвтсэнээс24 нь эмнэлгээс гарсан. Ерөнхийдөө хүүхдүүдийн биеийн байдал хэвийн болж байна.

 

-Шинжилгээний хариу хэзээ гарах юм бол. ХӨСҮТ-өөс шинжилгээний баг ажиллаж байгаа гэж сонслоо?

 

-Эмнэлэг, аймгийн Мэргэжлийн хяналтын газар, ХӨСҮТ зэрэг холбогдох байгууллагуудаас мэргэжилтнүүд ажиллаж бүх хүүхэд, багш нараас шинжилгээ авсан. Шинжилгээнүүдээ нэгтгэж байна. Онош, шинжилгээний багийнхан даваа гаригаас шинжилгээний хариу гарах төлөвтэй байгааг хэлсэн. Бид одоогоор шинжилгээний хариу яаж гарах бол гээд л хараад сууж байна.

 

-Цэцэрлэгт хорио цээрийн дэглэм тогтоосон гэсэн. Цэцэрлэгийн үйл ажиллагааг хэзээнээс зогсоосон бэ?

 

-Цаашид хэд хоног үргэлжлэхийг мэдэхгүй байна. Одоогоор хүүхдүүдийнхээ биеийн байдалд анхаарал хандуулж байгаа. Энэ сарын 26-наас албан ёсоор үйл ажиллагааг нь хаасан. Ямар нэгэн шийдвэр одоогоор гараагүй байна. Тэгэхээр хэзээнээс хүүхдээ авч эхлэхийг хэлж мэдэхгүй байна гэв.

 

Харин аймгийн Мэргэжлийн хяналтын газрын байцаагч Наранцэцэг тухайн цэцэрлэгийн ундны ус, сүүлийн гурван хоног идэж хэрэглэсэн хүнсний бүтээгдэхүүнээс дээж авч шинжилгээнд явуулсан байна. Энэ талаар тодруулахад “Шинжилгээний хариу одоогоор гараагүй байна. Тухайн цэцэрлэг нь “Номин тав” ХХК-аас хуурай хүнсний бүтээгдэхүүнээ, “Дархан тээвэр” команиас боов, талхаа авдаг байсан юм билээ. Нийт зургаан аж ахуйн нэгжтэй ханган нийлүүлэлтийн гэрээ байгуулж ажиллаж байсан” гэв. Харин тухайн цэцэрлэгт хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө хэдэн сард ариутгал, халдваргүйжүүлэлтийн шалгалт хийсэн талаар асуухад “Энэ жил хийж амжаагүй байсан. Өөрөөр хэлбэл, төлөвлөгөөний дагуу ирэх сард шалгалт орох байсан юм. Өнгөрсөн жил ашиглалтад орсон шинэ цэцэрлэг байсан” гэж мэдээлэв.

 

Б.Цэцэгдэлгэр