Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, гэргий Л.Болорцэцэгийн хамт ШХАБ-ын дээд түвшний уулзалтад оролцохоор өчигдөр БНХАУ-ын Тяньжин хотноо хүрэлцэн очлоо. 

Түүнийг манай улсаас БНХАУ-д суугаа Элчин сайд Н.Энхболд, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шэнь Миньжюань нар угтан авлаа.Монголын талаас айлчлалын багт УИХ-ын гишүүн Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Шадар сайд Н.Учрал, Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан,  Б.Хэрлэн, А.Бямбажаргал, Э.Одбаяр, УИХ-ын дарга асан М.Энхболд, Ерөнхий сайд асан Сү.Батболд, Хөдөлмөрийн баатар Сансрын нисгэгч Ж.Гүррагчаа нар багтаж байна. 

Өчигдөр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүрэлцэн очингуутаа “Тяньжин Мэйжян” үзэсгэлэнгийн төвд очиж ШХАБ-ын гишүүн болон ажиглагч орнуудын төлөөлөгчдийн тэргүүн гэргий нарыг угтан авах ёслолд оролцов. Бохайн тэнгисийн эргийн эдийн засгийн төв Хятадын хойд бүсийн олон улсын тээврийн гол зангилаа боомт бол Тяньжин юм.