Шаргал ордонд өрнөж буй улс төрийн тоглолт “Нэгийн эсрэг хоёр” гэсэн харьцаатайгаар үргэлжилж байна. Өөрөөр хэлбэл, талбайн төв хэсэгт Ерөнхий сайд Н.Алтанхуяг цагаан туг барин зогсож байгаа бол Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга З.Энхболд нар түүний эсрэг нэг блок үүсгэв.

Хамгийн сонирхолтой нь энэ тоглолтын автор нь Н.Алтанхуяг өөрөө. Тэрбээр Засгийн газрыг огцруулахын төлөөх ордны хуйвалдааныг намжаахын тулд танхимынхаа бүтцэд шинэчлэл хийхээ мэдэгдсэн. Гэвч сонгуульд ялсан АН-ын даргын хувьд Ерөнхий сайдын сэнтийд заларсан биш, ард түмнээс сонгогдсон Ерөнхий сайд мэт дүр эсгэж тийм мэдэгдэл хийсэн нь хуйвалдааныг улам газар авахууллаа. Тийм ээ, Н.Алтанхуягийн гарт “Галт тэрэг”-ний жолоо байна. Харин энэ“Галт тэрэг”-нээс хөөгдөж буухгүйн тулд фракци хоорондын зөрчилдөөн улам ширүүсэв. Ерөнхий сайд Н.Алтанхуяг албан тушаалдаа хэвээр үлдэхийн тулд улс төрд нэгэнт ассан“Гал”-ыг улам өрдчихлөө. Гүйцэтгэх засаглалын тэргүүн өнгөрсөн пүрэв гарагт Засгийн газрын бүтцэд өөрчлөлт оруулах тогтоолын төслийг УИХ-д өргөн барьсан. Нэг ёсондоо, Сангийн яамыг Эдийн засгийн хөгжлийн яамтай нэгтгэн Сангийн яам, Уул уурхайн яамыг Эрчим хүчний яамтай нэгтгэж Геологи, уул уурхай, эрчим хүчний яам, Барилга, хот байгуулалтын яамыг Зам, тээврийн яамтай нэгтгэн Дэд бүтцийн хөгжлийн яам болгон өөрчлөх санал дэвшүүлсэн юм. Түүгээр ч зогсохгүй Гадаад харилцааны сайд бөгөөд Шадар сайдыг нэг орон тоон дээр тавьж, Тэргүүн шадар сайдын суудлыг танхимдаа нэмэх тухай“хөзөр”-өө ч дэлгэлээ. Энэ бол Монгол төрийн гурван өндөрлөг ярилцаж тохирсон хувилбар. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Гадаад ертөнцтэй харилцах харилцаанд маань нэн шинэ уур амьсгал орж байна. Тиймээс Гадаад харилцааны сайд бөгөөд Шадар сайдын суудалд би өөрийнхөө хүнийг тавина шүү” гэдгээ ч хэлчихсэн байсан гэдэг. Харамсалтай нь Ерөнхий сайд Н.Алтанхуяг зургаан яамыг нэгтгэж гурав болгох гэсэн биш засагтайгаа хамт нуман тулгуурт орох нь тэр. Төрийн тэргүүний зүгээс ч“Давхар дээл”-тэй нөхдийг танхимдаа дахиж битгий оруулаарай” хэмээх анхааруулгыг өгөв. Харин үүнийг эсэргүүцэх эрх Ерөнхий сайдад байхгүй. Учир нь тэрбээр“Намрын чуулган болтол “Давхар дээл”-ний талаар битгий хөндөөч” гэдэг хүсэлтийг Ерөнхийлөгчид тавьсан. Хариуд нь Төрийн тэргүүн толгой дохисон. Тиймээс Ерөнхий сайд Н.Алтанхуяг Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржоос зөрж“Давхар дээл”-тэй нөхдөөр танхимдаа сэлгээ хийхгүй нь тодорхой. УИХ Засгийн газрын бүтцийг уржигдар шинэчлэн баталсан хэдий ч Н.Алтанхуягийн танхим АН болон МАХН, МҮАН-ын “Шударга ёс” эвсэл, ИЗНН-ын төлөөллүүдээс бүрдсэн хэвээр байгаа. Харин АН-аас гүйцэтгэх засаглалд багтсан нь“Алтангадас”, “Шонхор”, МоАХ, МҮДН, “Зүүн хойд Ази”, “Нэг ардчилал” фракцийнхан. Тэгэхээр УИХ-ын шийдвэрийг улс төрийн зураглал болгон буулгавал юу харагдах бол. Энэ сонирхол татахгүй гэж үү. МАН-ынхан өнгөрсөн даваа гарагт болсон Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааны үеэр АН-ын хаалганд нэг“гоол” оруулсан. Өөрөөр хэлбэл, Соёл, спорт, аялал жуулчлалын яамыг татан буулгах тухайд санал хураахад олонхи дэмжсэн билээ. Харамсалтай нь УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан дээр АН-ынхан үүний эсрэг товчлуур дарсан юм. Гэвч “Инчонд болсон Азийн спортын наадамд Монголын тамирчид хувиасаа зардлаа гаргаж оролцсон атал салбар хариуцсан сайд нь энэ арга хэмжээг нөхөртэйгөө улсын зардлаар очиж үзчихээд ирсэн” гэх шүүмжлэл олон нийтийн дунд өрнөхтэй зэрэгцэн Төрийн ордноос “Ц.Оюунгэрэл сайд өөрийн хүсэлтээр албан тушаалаасаа огцрох өргөдлөө өгөх юм шиг байна” гэсэн мэдээлэл ирлээ. Улс төрийн “хөшиг”-ний цаана өрнөсөн дээрх яриа үнэн бол Н.Алтанхуягийн танхимд МоАХ-г төлөөлж буй нэг сайдын суудал хоосрох нь.

 

Гадаад харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааны яам.

Ерөнхий сайд Н.Алтанхуяг тогтоолын төсөлдөө“Гадаад харилцааны сайд бөгөөд Шадар сайд” гэх саналыг дурдсан бол УИХ-ын гишүүд тойрч сууж байгаад ийм“засвар” хийчихлээ. Товчхондоо, тэд Ерөнхий сайдын саналыг дэмжсэнгүй. Тэргүүн шадар сайд гэх шинэ суудал зэхэх гэснийг нь ч болиулав. Харин гадаад харилцаа, эдийн засаг хэмээх хоёр өөр салбарыг ийн нэгтгэжээ. Хэрэв УИХ гүйцэтгэх засаглалын тэргүүний өргөн барьсан тогтоолын төслийг тэр чигт нь баталсан бол дээр дурдсанчлан Гадаад харилцааны сайд бөгөөд Шадар сайдын суудалд Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хүн залрах байлаа. Тэр ч атугай“Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан, Ерөнхийлөгчийн Гадаад харилцааны бодлогын зөвлөх Л.Пүрэвсүрэн, Батлан хамгаалахын дэд сайд А.Баттөр нарын нэг нь энэ албанд томилогдож, Д.Тэрбишдагва Тэргүүн шадар сайд болно” гэх мэдээлэл ч байсан юм. Гэвч эл таамаг өөрчлөгдлөө. Ерөнхийлөгчийн зүгээс гадаад харилцаа хариуцсан сайдын суудлыг Шадар сайдын суудалтай нь хамт авах төлөвлөгөө ийн нурж, Гадаад харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааны сайдаар өөрийн хүнээ тавих боломж л үлдэв бололтой. Тэгвэл “Шударга ёс” эвслийн лидерүүдийн нэг Д.Тэрбишдагвыг яах вэ. Ерөнхий сайд Н.Алтанхуяг Төрийн тэргүүнтэй хэлэлцэж тохиролцсондоо байж Шадар сайд болон Гадаад харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааны сайдын суудлыг хоёуланг нь түүний мэдэлд өгчихвөл тэр хаачих бол?! Шинэчлэн батлагдсан бүтэцтэй хамт Н.Алтанхуягийн өмнө ийм асуултын тэмдэг бослоо. Тэрбээр өнгөрсөн хавар МАХН-тай хамтын ажиллагаа, хариуцлагын тухай санамж бичиг байгуулсан. Энэхүү санамж бичигт “Засгийн газрын бүтцийн өөрчлөлтийн дагуу шинээр хийгдэх томилгоо болон аль нэгэн сайд, улс төрийн бусад албан тушаалтныг ротацийн журмаар, эсвэл бусад шалтгаанаар сольж сэлгэх талаар тухайн намын гаргасан саналд нөгөө тал хүндэтгэлтэй хандаж, хамтарч буй намын хүний нөөцийн талаар гаргасан аливаа шийдвэрт оролцохгүй байх зарчмыг баримтлан тууштай дэмжиж ажиллана” хэмээн дурдсан байдаг. АН-ын дарга, Ерөнхий сайд Н.Алтанхуяг, МАХН-ын дэд дарга, Шадар сайд Д.Тэрбишдагва нарын үзэглэсэн дээрх баримт бичигт өөр нэгэн сонирхолтой заалт бий. “...Сайдыг огцруулах, өөрчлөх саналыг зөвхөн өөрийн нам нь хөндөн тавьж байх ёс зүйн зарчмыг баримтлан ажиллана” гэж. Хоёр намын хооронд тун эмзэг харилцаа үүссэн байгаа биз! Хэдийгээр Ерөнхий сайд Н.Алтанхуягт танхимынхаа сайдаар хэнийг томилохоо Ерөнхийлөгчтэй зөвшилцөж, хэн гэдэг сайдыг огцруулахаа УИХ-аар хэлэлцүүлэх эрх байгаа ч МАХН-тай байгуулсан санамж бичигтээ барьцаалагдвал Д.Тэрбишдагвыг Шадар сайдаас огцруулж, Төрийн тэргүүнтэй тохиролцсондоо хүрч чадахгүй нь. Үүнээс гадна “Засгийн газрыг хамтран бүрдүүлж буй эвсэл задарвал танхим нь тэр чигээрээ огцорно” гэсэн утгатай хуулийн заалт ч Ерөнхий сайдад тээг болно. Учир нь Шадар сайд Д.Тэрбишдагва“Н.Алтанхуяг аа, манай намтай байгуулсан санамж бичгээ санаж байгаа биз. Намайг огцруулбал эвслээ задална шүү” гэж айлгахыг үгүйсгэхгүй. Тэгээд ч “УИХ-ын2016 оны сонгуульд АН-ынхан МАХН-тай хамтран оролцохоор тохиролцчихсон” гэх мэдээлэл сонсогдох болсон. Хоёр намын хооронд байгуулсан нууц гэрээ бас бий.

 

Уул уурхай, эрчим хүчний яам.

З.Энхболд тэргүүтэй “Шонхор” фракцийн гол төлөөлөл болох УИХ-ын гишүүн Д.Ганхуяг Н.Алтанхуягийн танхимд Уул уурхайн сайдаар ажиллаж байгаа. Харамсалтай нь тэрбээр Ерөнхий сайдтайгаа хамт бүлэглэлүүдийн барьцаанд орчихлоо. Яамных нь бүтэц өөрчлөгдөж, нэр нь ч бас солигдох нь. Тэгэхээр мань эр саналаараа огцрох уу, бүтцийн өөрчлөлтийг дагаж бөмбөрөх үү гэдэг нь анхаарал татаж байна. Гэхдээ“Д.Ганхуягийг огцруулахгүй байх” гэж найдах шалтгаан бий. Учир нь эрхэм сайдын хувьд АН дахь нөлөө бүхий фракцийн лидер. УИХ-ын дарга З.Энхболд тэргүүтэй улс төрийн том хамгаалалттай. Нэг ёсондоо, Д.Ганхуягийг сайдын суудлаас унагах төлөвлөгөөг нураах их хүч парламентад байна. Харин Ерөнхий сайд Н.Алтанхуяг УИХ-ын дарга З.Энхболдтой энэ талаар ямар тохиролцоо хийсэн нь нууц хэвээр. Тэгвэл“Шударга ёс” эвслийг МАХН-тай хамтран байгуулсан МҮАН-ын ганц сайдыг яах болж байна вэ. М.Сономпилын удирдаж буй Эрчим хүчний яамыг Уул уурхайн яамтай нэгтгэхээр боллоо. Тиймээс тэрбээр Н.Алтанхуягийн танхимын хаалгыг аяархан хаагаад холдох уу, аль эсвэл“Эвслээ задал. МАХН-ынхан АН-тай нууц гэрээ байгуулж, биднийг хуурсан” гэж бас тонгочих юм болов уу. Мэдэх л нөхөр шүү.

 

Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яам.

“Женко” Х.Баттулгын фракциас энэ Засгийн газарт үлдсэн“Сүүлчийн Могикан” бол Зам, тээврийн сайд А.Гансүх. Гэвч түүний талаар дэлгэрэнгүй дурдах нь илүүц биз. Учир нь тэрбээр сайдын албан тушаалаа өгөх нь нэгэнт тодорхой болсон. Харин мүднякуудын тэргүүн Ц.Баярсайханыг Барилга, хот байгуулалтын сайдын суудлаас чөлөөлөх үү, үгүй юү гэдэг нь сонирхол татаж байна. Хэрэв түүнийг албан тушаалаас нь чөлөөлбөл АН дахь МҮДН фракциас хоёр эрхэм Н.Алтанхуягийн танхимыг орхино гэсэн үг. Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр шинэ бүтцийн дагуу яамтайгаа, сайдын суудалтайгаа хамт тооноос хасагдаж байгаа энэ үед Ц.Баярсайханыг хэрхэх нь яах аргагүй анхаарал татах сэдэв. “Женко” Х.Баттулга засагт орж ажиллах санал тавьжээ” гэх мэдээлэл хэвлэлүүдэд гарсан. Гэвч “Давхар дээл”-ээ хэдийнэ тайлж орхисон эрхэм гишүүн үүнийг үгүйсгэсэн юм. Харин АН-ын зарим гишүүн “УИХ-д МоАХ фракцийн төлөөллүүд бий. Тиймээс Н.Алтанхуяг, Х.Баттулга нарын зөрчилдөөнөөс үл шалтгаалж МоАХ фракци Засгийн газрын шинэ бүтцэд багтах ёстой” гэж байгаа юм. УИХ Засгийн газрын бүтцийг шинэчлэн батлахын өмнөхөн“ Х.Баттулга тэргүүтэй нөхөд Н.Алтанхуягийг шахаанд оруулж, ҮХАА-н сайдын суудлаа өөрсдөө авах гэнэ. Тэд Ш.Түвдэндоржийг сайдаас нь огцруулж, УИХ-ын гишүүн асан Б.Мөнхтуяаг зүтгүүлэх гэж байна” гэх яриа Төрийн ордонд өрнөсөн ч нөхцөл байдал“Женко” Х.Баттулгын талд эргэсэнгүй. Үүнээс гадна АН-ын зарим нөхөд “Эрүүл мэндийн сайдын суудлыг өөрсдөө аваад Хөдөлмөрийн сайдын суудлыг МАХН-ынханд өгье. ҮХААЯ-аас хүнд үйлдвэрлэлийн бодлогын асуудлыг салгаж, Уул уурхайн яаманд хариуцуулъя. Ингээд Уул уурхайн сайдын албанд АН-аас, ҮХАА-н сайдад МАХН-ын төлөөллийг томилъё” гэх мэт тохиролцоо хийсэн ч бас л биеллээ олсонгүй. Харин“Шадар сайдын суудал МАХН-ынх хэвээр байх уу, аль эсвэл Ерөнхийлөгч өөрийн хүнээ томилуулах уу” гэдэг асуулт гарч ирэв. Энэ асуулт, бас шинэ бүтэц Ерөнхий сайдыг шахаанд орууллаа. Одоо тэрбээр Засгийн газрын шинэ бүрэлдэхүүнээ УИХ-д танилцуулах учиртай. Тодруулбал, хэн хэнийг сайдаар томилохоо Ерөнхийлөгчтэй зөвшилцөж, УИХ-аар хэлэлцүүлнэ. Үүнээс гадна УИХ дахь МАН-ын бүлгийнхэн өчигдөр “Төсвийг Засгийн газрын шинэ бүтэцтэй уялдуулах ёстой” гэж мэдэгдлээ. Учир нь шинэ бүтцийн дагуу гүйцэтгэх засаглал13 яамтай байна. Гэтэл Засгийн газраас өнгөрсөн долоо хоногт өргөн мэдүүлсэн2015 оны төсвийн тухай хуулийн төсөлд16 яам, 19 сайдтайгаар төсөөлжээ. Тиймээс ирэх оны төсвийг дахин боловсруулах даалгаврыг УИХ Н.Алтанхуягийн танхимынханд өгөх нь ойлгомжтой боллоо. Харамсалтай нь ирэх оны төсвийг хэлэлцэх хугацаа45 хоног. Үүнийг энэ сарын1-нээс эхэлж тооцвол арав хоног нь Засгийн газрын шинэ бүтцийг хэлэлцсээр дууслаа. Одоо“Дан дээл”-тай сайд нарыг шинээр томилох гэж дахиад л хугацаа алдана. Эрх баригчид өнгөрсөн хаврын явдлаас сургамж аваагүй л байна даа. Яагаав, Х.Тэмүүжинг Хууль зүйн сайдаас огцруулах гэж, бас сайд нарын“Давхар дээл”-ийг тайлах эсэхийг хэлэлцсээр хамаг цагаа бараагүй юу. Энэ эрх баригчид Н.Алтанхуяг даргаасаа нэг болно оо!

 

С.Баттулга