442 иргэнийг олон нийтийн цагдаагийн ажилтнаар бэлтгэжээ
2014/10/13
Цагдаагийн ерөнхий газрын даргын 2014 оны 424 дүгээр тушаалаар олон нийтийн цагдаагийн ажилтныг сонгон шалгаруулах, сургаж дадлагажуулах ажиллагааг удирдах, зохион байгуулах, хяналт тавих үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан. Олон нийтийн цагдаагийн ажилтнаар ажиллах хүсэлт гаргасан нийслэлийн хэмжээнд 190, 21 аймгийн 442 иргэнийг олон нийтийн цагдаагийн ажилтнаар бэлтгэх 21 хоногийн сургалтанд хамруулан, шалгалтыг авч Сертификат олгожээ.
Нийт 120 цагийн хичээл үзэхээс 40 цагийн танхимын, 80 цагийн үйлдвэрлэлийн дадлагад хамруулсан байна. НИТХ-аас нийслэлийн хэмжээнд ажиллах олон нийтийн цагдаагийн ажилтны урамшуулал, хөдөлмөр аюулгүй байдлын хувцас, сургалтын зардлыг шийдвэрлэж өгчээ.
Сургалтанд хамрагдан төгссөн 171 олон нийтийн цагдаагийн ажилтныг хөдөлмөр хамгааллын хувцсаар хангаж, хөдөлмөрийн гэрээ байгуулан ажил үүргийг нь гүйцэтгүүлэн ажиллаж байна. Энэ онд Баян-Өлгий /3/, Баянхонгор /28/, Говь-Алтай /21/, Дорноговь /22/, Сэлэнгэ /16/, Ховд /11/, Хөвсгөл /2/ аймгууд нийт 103 олон нийтийн цагдаагийн ажилтантай хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллуулж байгаа ба бусад аймгийн Засаг дарга, ИТХ-аас урамшуулал, хөдөлмөр аюулгүй байдлын хувцасны зардлыг шийдвэрлэж өгөөгүй, төсөв хөрөнгө байхгүй байна гэдэг шалтгаанаар түр хүлээгдэж байгаа аж.
Улмаар олон нийтийн цагдаагийн ажилтныг бэлтгэх сургалтын хөтөлбөр, төлөвлөгөө батлуулах, тэдэнтэй байгуулах хөдөлмөрийн гэрээний төслийг боловсруулах, урамшлын хэмжээг тогтоох, Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журмын “Олон нийтийн цагдаагийн ажилтныг мэргэжлийн удирдлагаар хангах, хяналт тавих” код, журмыг боловсруулж батлуулжээ. Мөн олон нийтийн цагдаагийн ажилтны анкет, хувийн хэрэг хөтлөх тухай зааварчлага, үнэмлэхний загвар, ажил дүгнэх үзүүлэлт, эрүүл мэндийн хуудасны үлгэрчилсэн загваруудыг гаргах зэрэг ажлуудыг зохион байгуулсан байна.