168 айл газраа байраар сольжээ
2014/10/15
УИХ-аар батлагдсан “Улаанбаатар хотыг 2020 оны хүртэл хөгжүүлэх хөгжлийн хөтөлбөр, 2030 он хүртэл чиг хандлага”-ын баримт бичиг, нийслэлийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсаны дагуу Нийслэлийн ИТХ-ын 2013 оны 7/29, 12/43 дугаар тогтоолоор 24 байршилд 77 блок, 16109 нэгж талбар, 1547,8 га газарт Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжиж байна. Аж ахуйн нэгжүүд төсөл хэрэгжүүлэгчээр ажиллах эрхээ авснаас хойш 1 жил 5 сарын дараа гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн эхний 168 айлын орон сууц Сонгинохайрхан дүүргийн 6-р хороонд ашиглалтад орж, оршин суугчдад байрных нь түлхүүрийг гардуулах үйл ажиллагаа боллоо.
Тус үйл ажиллагаанд Нийслэлийн ИТХ-ын дарга, Гэр хорооллын дахин төлөвлөлтийн Төслийн Удирдах Хорооны дарга Д.Баттулга, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл, нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат болон төсөл хэрэгжүүлэгч компани, иргэд оролцсон юм. Хотын Захиргааны шинэ төвөөс 0,7 километрийн зайд орших Сонгинохайрхан дүүргийн 5, 6, 7-р хороонд “Хера пропертийз” ХХК, “Бэг бүрд” ХХК-тай хамтран дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлж байна. 1-2 давхар үйлчилгээний барилга, хашаатай 13 аж ахуйн нэгжтэй тохиролцож, газраа чөлөөлөн 168 айлын орон сууцны барилгыг барьжээ. Төсөл хэрэгжүүлэгчид төслийн хэрэгжилтэд итгэл үнэмшилгүй байсан иргэд, аж ахуйн нэгжтэй тохиролцож, газраа чөлөөлөх хүртэл багагүй асуудалтай тулгарч байсан гэлээ. Энэ үеэр нийслэлийн ИТХ-ын дарга, Гэр хорооллын дахин төлөвлөлтийн Төслийн Удирдах Хорооны дарга Д.Баттулга “Өнөөдөр бид бүтээн байгуулалтын бодит байдлыг харж байна.
Төлөвлөгөөний дагуу иргэдтэйгээ тохиролцож, богино хугацаанд инженерийн шугам сүлжээг нь бүрэн шийдсэн, худалдаа үйлчилгээний газар, гаражтай тохилог сууц барьж, ашиглалтад оруулсан төсөл хэрэгжүүлэгч болон дэмжсэн нийт иргэддээ талархал илэрхийлье. Мөн энэ байранд орох иргэдэд моргажийн зээл олгож буй Улаанбаатар банкны хамт олонд талархаж байна. Энэ жишгээр нийслэлийн бүтээн байгуулалт та бүхний нүдэн дээр өрнөх болно” гэдгийг тодотгон хэллээ. Харин нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “2012 оны орон нутгийн сонгуулиар Ардчилсан намаас нэр дэвшсэн НИТХ-ын төлөөлөгч нарын хамт иргэдтэй уулзалт хийх үеэр Гэр хорооллыг бүхэлд нь өөрчилж, тохилог орон сууц, амины сууц болгоно гэхэд үл тоож, итгэл үнэмшилгүй хандаж байсан иргэд цөөнгүй.
Энэ бодлогыг зүгээр л улс төрийн шоу гэж ойлгох иргэд олон байсан юм. Харин тухайн үед эргэлзэж байсан иргэдийг би энэ сайхан бүтээн байгуулалтыг хараасай гэж хүсч байна. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийг олон улс 5-15 жилийн хугацаанд хэрэгжүүлсэн байдаг. Харин бид иргэдийнхээ дэмжлэгтэйгээр ийнхүү богино хугацаанд хэрэгжүүлж эхэлсэнд маш их талархаж, сэтгэл хөдөлж байна. Улаанбаатар хотоо Дэлхийн хот болгоход бид хамтдаа нэг алхам урагшиллаа” гээд төсөл хэрэгжүүлэгч аж ахуйн нэгжүүдэд амжилт хүслээ. Газраа чөлөөлж, түр орон сууцанд амьдарч байсан иргэд төсөл хэрэгжүүлэгч аж ахуйн нэгжүүдийн саналын дагуу өөрсдийн амьдрах орон сууцны барилгыг ажилд оролцож, хяналт тавьж байсан байна.
Тиймээс иргэдийн сэтгэл, зүтгэл шингэсэн хамгийн чанартай барилга болсон гэдгийг Төсөл хэрэгжүүлэгчид онцолж байсан юм. Мөн тэд иргэдэд өөрсдөд нь ашигтай байдлаар газрын солилцоо хийсэн байна. Тухайлбал төсөлд хамрагдаж орон сууцтай болсон иргэн И.Цогзолмаа 198 м.кв үйлчилгээний барилгын газраа, 198 м.кв үйлчилгээний талбай+ 58 м.кв 2 өрөө байр+дулаан гаражаар тохиролцож сольсон байна. Төсөлд хамрагдсанаар зөвхөн ажил, үйлчилгээгээ явуулах талбайтай болохоос гадна өөрсдийн амьдрах орон сууцтай болсондоо маш их баярлаж байгаагаа илэрхийлсэн юм. Энэ жишгээр олон иргэдтэй тохиролцжээ.
Дараагийн орон сууцны барилгууд төлөвлөгөөний дагуу энэ оны 4-р улирал болон ирэх онуудад ашиглалтад орно. Уг төсөлд хашаа, гудамж, хороогоороо хамрагдах хүсэлтэй иргэд Хотын захиргаанд хандах нь нэмэгдэж байгаа бөгөөд Нийслэлийн Гэр хорооллын хөгжлийн газар, Гэр хорооллын орон сууцжуулах төслийн газар иргэдийн хүсэлтийг авч байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Зочин · 2014/10/16
minii ha****nd 2 ail baidag ha**** jijig bichig barimt bvren. herev oron suutsand hamragdval vvniig yaaj shiideh ve.minii bodoloor bol 2 bairaar solimoor baina.
Зочин · 2014/10/16
өө, битгий газраа зараа, ард нь их том луйвар явж байгаа шүү.