“Дуулиант -7”
2014/10/24
Өнгөрч буй долоо хоногийн "Дуулиант 7" үйл явдлыг онцлон хүргэж байна. Энэхүү дуулиант долоогийн жагсаалтанд улс төр, эдийн засаг, нийгэм, спорт, соёл урлагт өрнөсөн үйл явдал болоод онцлох нийтлэлийг тоймлон хүргье.
1. -Оюу толгойгоо Н.Энхбаяр алдсан юм бол Ц.Элбэгдорж ...-
Сэтгүүлч Б.Ганчимэгтэй ярилцсан Монгол улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн сүүлчийн ярилцлагад одоогоор олон асуудал үүсгээд байгаа Оюу толгойг хөндөж хэлэхдээ: Монгол улсын Орoст төлөх 250 сая доллар Фрийдландаас зээлдэж авах нэрийдлээр авч Оюу толгойн лицензийг өгснөөс асуудал үүссэн. Оюу толгойн хэрэг явдалд Н.Энхбаяр буруутан гэх аясын зүйлийг ярьжээ.
Үнэхээр Н.Энхбаяр буруутан байсан юм бол 2009 онд бүгдээрээ шударга байцгаая гэсэн уриалгатай гарч ирж ард түмний санал авч Монгол улсын ерөнхийлөгчөөр сонгогдсон Ц.Элбэгдорж яагаад түүний алдааг залруулж Фрийдландаас хууль бус Оюу толгойн лицензийг хурааж авахын оронд 2010 оны 10 дугаар сарын 6-ны өдөр Оюу толгойн луйврын гэрээг байгуулах олон улсын хуйвалдааныг дэмжиж өөгшүүлээд зогсохгүй С.Баярын хэлснээр Оюу толгой бол бид бүгдийн анхны хайр гэж уйлалдах шахуу юм болж найр наадам хийсэн юм бэ? Мөн Н.Энхбаярын нөгөө нэг алдаа нь Эрдэнэтийн Оросын талын хувийг монголчууд авах байсан боломжийг алдсан гэх маягийн үгийг ярьжээ.
Н.Энхбаяр Монголынхоо салхиар амьсгалаад буцах уу? Аль эсвэл... Н.Энхбаяр Монголынхоо салхиар амьсгалаад ... Тэр эх орондоо иржээ. Гэхдээ бүр биш түр ирсэн бололтой. Түүнийг ирэнгүүт удахгүй буцах гэнэ. Солонгосын иргэн болсон гэх зэргээр шуугиан хүчтэй дэгдэв. Ирэхийнх нь өмнөхөн Монгол улсын Ц.Элбэгдорж ярилцлага өгөхдөө, би түүнийг шоронд биш Солонгост эмчлүүлж байгаа гэж бодож байгаа. Тийм болохоор эх орондоо ирвэл зүгээр юм гэж мэдэгдсэний дараа тэрээр эх орныхоо босго алхангуут эх орны минь салхи сайхан байна шүү,, ийм салхи Сөүлд алга гэж хэлэв.
Мөн үүний өмнө Элбэгдоржтой ярилцсан Ганчимэг сэтгүүлч солонгост очиж хөл болж авсан “Монголын зуун эрхэм” нэвтрүүлгээр Сөүл хотод аж төрж буй Н.Энхбаярын амьдрал, хувь заяаны тууж гарах байсныг хаасан гэсэн яриа гарсантай холбогдуулан тэр нэвтрүүлэг гараг л даа, манайд бүх юм чөлөөтэй ш дээ, янз бүрийн яриа хөөрөө гарах тусмаа сайхан ш дээ гэж тэрээр хэлсэн. Монгол эх орны сэрүүн салхи сайхан байна шүү гэж эх орондоо ирж ярилцлага өгөх бүрдээ дуучин Оюунтүлхүүр хэлдэг байсан билээ. Мөн Их аварга Дагвадорж ч ирэх бүртээ Монголын агаар сайхан байна шүү гэж уулга алддаг байсныг бид ажигласан. Монголын сэрүүн сайхан салхи юутай эрхэм болохыг, юутай сайхан, юутай үнэтэй болохыг эх орноосоо хол байсан хүмүүс л мэдрэх ажгуу.
Н.Энхбаяр монголдоо ирээд монголынхоо салхиар цээж тэнүүн удаан амьсгалж чадав уу? Учир нь түүнийг бүгчим халуун өрөөнд олон уулзалт, олон хурал цуглаан, бугширсан олон асуудал, асуултууд угтсан бололтой. Энэ үеэр Н.Алтанхуягийн засгийн газрыг өөрчлөх, Н.Алтанхуягийг огцруулах гэх мэтийн олон асуудлууд гарсан учраас эрх баригч намуудын нэг МАХН-ын том даргын хувьд том яриа хөөрөө, тохиролцоо, ээдрээ гарсан нь тодорхой. Нэн ялангуяа халуун бүгчим өрөө нь түүний намын гишүүд, идэвхтэн дэмжигчдийн хурал цуглаан, гомдол санал, цөхрөлөө тайлах хурлууд байлаа. Урваач шарваачид, ордоны хуйвалдаан хов жив гэх мэтийн тайлагдахгүй асуулт, асуудлууд олноор гарсан бололтой. 2016-17 он болон түүний дараах асуудлаар томчуул хөшигний ард тохиролцоо хийсэн гэсэн эзэнгүй яриа Улаанбаатарын гудмаар намрын салхитай цуг тэнүүчиля^ явна. Энэ нь үнэн эсэхийг хэн мэдлээ. Ийм онцлог намрын өдрүүдэд ирсэн Н.Энхбаяр нүүдлийн шувуутай цуг буцаж одох юм болов уу?
Эх сурвалж: “Хөх толбо” сонин
2.-“Монголросцветмет” тосон Заамарыг шороон Заамар болгосон баримт
Манай улсад уул уурхайн салбарын үйл ажиллагаа идэвхижих болсоноос үүдэн байгаль орчин сүйдэж эвдрэх байдал газар авч байна. Уул уурхайн компаниуд хариуцлагатай байж, нөхөн сэргээлтийг стандартын дагуу хийхгүй байгаагаас байгаль орчин сүйдэж, малчин ардын аж ахуй дордож байгаа талаарх мэдээллийг бид Төв аймгийн Заамар сумаас бэлтгэлээ.
Төв аймгийн Заамар сумын нутаг дахь Зэрэгцээ хэмээх алтны уурхай Монголросцветмет компанийн охин компани 2005-2011 оны хооронд алт олборлолтын үйл ажиллагаа явуулжээ. Гэвч тус компани алтыг нь аваад авдрыг нь хаяхтай адил олборлолт явуулж, эвдлэн сүйтгэсэн газар нутгаа нөхөн сэргээхгүйгээр хаяад явсан байна. Тус компани нөхөн сэргээлт хийсэн гэх мэдээллийг өгдөг ч бодит байдал дээрээ буюу Төв аймгийн Заамар сумын Хайлааст багийн нутаг дэвсгэр эвдэрч сүйтгэгдсэн нь энэ юм.
Нутгийн иргэд Монголросцветмет компанийн хариуцлагагүй үйл ажиллагааны үр нөлөөнөөс болж амьдрах орчин нь доройтож, мал сүрэг нь хоргодож байгаад бухимдалтай байна.
Төв аймгийн Заамар сумын Хайлааст III багийн иргэдийн ярианд анхаарлаа хандуулна уу
Алт дагасан ашиг сонирхолоос үүдэн Төв аймгийн Заамар сумын нутаг эвдэрч сүйдсэн байхад Монголросцветмет компанийн зүгээс тус газарт нөхөн сэргээлт хийсэн гэж мэдээлдэг байна. Алт хөтөлбөр хэрэгжих болсноос хойш Төв аймгийн 10 мянган га талбай хөндөгдөж эвдэрсэн байгаа юм. Эвдэрч сүйдсэн газрын ердөө 30 хувьд нь нөхөн сэргээлт хийгдсэн. Тиймээс Төв аймгийн Заамар сумын иргэд газар нутгийг нь сэндийчлээд орхиод явсан Монголросцветмет компаниас хариуцлага нэхэж газар нутгаа нөхөн сэргээхийг шаардаж байна. Гэвч аймгийн удирдлагууд энэ асуудал дээр хөдөлдөггүй болохыг нутгийн иргэд хэллээ. Үүгээр ч зогсохгүй Төв аймгийн Мэргэжлийн Хяналтын газар, Байгаль орчны алба энэ эвдэрч сүйдсэн газрыг нөхөн сэргээлт хийснээр хүлээж авсан байдаг байна. Ашигт малтмалын газраас гаргасан судалгаагаар энэ оны наймдугаар сарын байдлаар манай улсад ашигт малтмалын 2782 лиценз байна. Үүний 1351 нь ашиглалтын, 1431 хайгуулын лиценз юм. Энэ нь манай улсын нийт газар нутгийн 7.6 хувьд нь ашигт малтмалын лиценз олгоод байгаа юм. Энэ онд улсын хэмжээнд нийт 976 га талбай ашигт малтмалын олборлолтод өртөнө. Үүний 685 га талбайд нь нөхөн сэргээлт хийнэ хийх юм байна. Өнгөрсөн онд нөхөн сэргээлтэд 2.6 тэрбум гаруй төгрөг зарцуулсан бол энэ жил 5.9 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөөд буй юм. Хэрвээ Монголросцветмет компанийн охин компани шиг ингэж нөхөн сэргээлтийг халтуурдаж хийдэг болсон бол нөхөн сэргээлт гэж үгийг мартаж, лицензүүдийг бүгдийг цуцлах талаар бодох хэрэгтэй биз. Үүнээс гадна манай улсад уул уурхайн олборлолтод өртөж нөхөн сэргээлгүй хаягдсан 4.7 мянган га талбай бий. Уг талбайг улсын төсвийн хөрөнгөөр нөхөн сэргээх, лиценз эзэмшиж олборлолт хийсэн аж ахуйн нэгж, эзнийг нь тогтоож арга хэмжээ авна гэж Уул уурхайн яам мэдэгдэж байгаа юм. Үнэн хэрэгтээ түмний татварын мөнгөөр цалинжиж байгаа төрийн албан хаагчид ажлаа хийгээгүйн улмаас иргэд эрүүл мэнд, эд хөрөнгө сэтгэл санаагаараа хохирч байгаа юм. Төрийн өмчийн оролцоотой уул уурхайн компаниуд байгаль орчинг эвдэж сүйтгэчихээд нийгмийн хариуцлагаа үүрэхгүй байгаа энэхүү байдалд БОНХЯ, УУЯ, Ашигт малтмалын газраас анхаарал хандуулах цаг болсныг анхааруулж байна.
3.-Настай хүнийг хүүхдийн хамт далангаас автобусаар шахан унагаажээ-
Энэ бичлэг дээр нэгэн настай хүн зээ хүүгээ сургуулиас нь аваад явж байхдаа /хэт нарийн замаар орж ирсэн/ автобусанд шахуулан мөргүүлээд 3 метрийн өндөр далан дээрээс унаж байгааг харуулжээ.
Тухайн хэргийн бичлэгийг ойролцоох гудамжны камераар ийн эл болгожээ. Энэ хэрэг энэ сарын 22-ны 18:05 минут орчимд нийслэлийн Баянгол дүүргийн нутаг дэвсгэр буюу хорооллын Парадокс төвийн урд талын нарийн зам дээр болсон осол. Тухайн автобусны жолооч настай хүнийг хүүхэдтэй нь мөргөчихөөд бууж ирж биеийн байдлын харахгүй хээв нэг давхиад явчихаж байгаа дүр зургийг дээрх бичлэгээс та харсан байх.
Хохирогчдыг иргэдийн ойролцоо явж байсан иргэдийн шаардлагаар эмнэлэг рүү авч явсан жолооч ар гэрийнхэнд нь "танай хоёр зүгээр хурдан ирж мэдүүлгээ өгчихөөд явмаар байна. Та нар хүн аваад яв" хэмээсэн байна. Хэргийн буруутан жолооч хэрэг бүртгэл дээр тайлбар өгөхдөө би бараг зогсож байсан тэр хоёр өөрсдөө унасан гэж тайлбар өгчээ. Эл хэргийг БГД-ийн хоёрдугаар хэлтэст шалгаж байгаа аж.
4.-Орлого нь ахидаггүй Оюутолгой-
“Ройтерс” агентлаг “Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт хойшлогдсоноос үүдэн энэ жил олборлохоор төлөвлөсөн зэс, алтны хэмжээ нь эрс багасах төлөвтэй. Оюутолгойн 66 хувийг эзэмшдэг “Turquoise Hill Resources” компанийн мэдээллээр энэ жил 700 мянган унци алт олборлохоор төлөвлөснөөс 550 мянган унцийг л олборлох юм байна.
Мөн 160 мянган тонн зэсийн бэлдмэл үйлдвэрлэхээр төлөвлөснөөс ердөө 135 мянган тонныг гаргаж авах аж” хэмээн мэдээлжээ. Ийнхүү Оюутолгойн орлого ахихгүй байгаа. Ойрын үед ч гэсэн нэмэгдэхгүй талаар “Ройтерс” дэлхий дахинд мэдээлжээ.
Харин тус компани өнгөрсөн долоо хоногт энэ оны гуравдугаар улиралд хэчнээн тонн хүдэр олборлож, хэр их баяжмал борлуулснаа тайлагнав. Оюутолгойн энэ оны гуравдугаар улиралд хийсэн ажил, олсон орлогыг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад ахисан үзүүлэлт алга. Харин ч борлуулсан хүдрийн хэмжээ нь буурсан байх юм. Оюутолгой орлогоо ийнхүү тайлагнах зуур олон улсад тус компанийн олборлолт буурч байгаа тухай мэдээлэл тарлаа. Мөн Оюутолгойн орлогын баланс байнга хасах үзүүлэлттэй гарч байгаа талаар УИХ-ын С.Ганбаатар хэлсэн. Тэрээр “Татварын газрын холбогдох хүмүүс Монгол Улс Оюутолгойгоос 70 жил татвар авахгүй тийм нөхцөл байдлыг бий болгочихлоо. Энэ ордоос хүртэх гол ашиг бол татвар, ногдол ашиг хоёр юм. Татвараа авч чадахгүй нь тодорхой боллоо. Ногдол ашиг хэзээ ирэх нь мөн л тодорхойгүй. Оюутолгойн 2013 оны жилийн санхүүгийн тайлангаас ганцхан жишээ хэлье. Борлуулалтын орлого 220 тэрбум төгрөг болж байгаа юм. Харин борлуулалтын өртөг буюу зардал нь 167 тэрбум. Энэ нь зарим улстөрчийн бизнесийг тэжээж байгаа мөнгө. Жишээбэл, цемент зөөхдөө үндсэн үнээс нь 80 дахин өндөр үнээр зөөдөг юм билээ. Тэгтэл нийт ашиг нь хасах 284 тэрбум төгрөг гэж байгаа. Үүний ногдол ашиг нь хасах 80 тэрбум. Татвар тэг. Энэ мэт Оюутолгойн орлого, санхүүгийн талаарх хасах баланстай дүн олон байгаа” хэмээсэн юм. “Рио Тинто” Оюутолгой ордоос гуравдугаар улиралд 7.029 тонн хүдэр боловсруулсан бол өнгөрсөн оны мен үед 8.0-52, тонныг боловсруулж байжээ.
Эх сурвалж: Зууны мэдээ, Э.Өнөр
5.-Азийн пара наадмаас Н.Алтанцэцэг алт медаль хүртлээ-
БНСУ-ын Инчён хотод болж буй Азийн пара наадмаас жүдо бөхийн эмэгтэйчүүдийн -78 кг-ын жинд барилдсан Н.Алтанцэцэг түрүүллээ.
Тэрбээр Энэтхэгийн бөхийг ялж, шигшээ барилдаанд Тайландын Нантаракыг ялсан юм. Мөн энэ өдөр эрэгтэйчүүдийн 90 кг-д Л.Эрдэнэбилэг, эмэгтэйчүүдийн 70 кг-д Б.Хашцэцэг нар хүрэл медаль хүртэж, баг тамирчдынхаа медалийн тоог нэмэв.
Монгол Улсын баг тамирчид гурван өдрийн дараах байдлаар жүдо бөх, буудлага, хөнгөнатлетик төрлүүдээс 1 алт,1 мөнгө, 6 хүрэл, нийт 8 медаль хүртээд байна. Түүний хувьд Монголын баг тамирчдын хамгийн анхны алтан медалийг ийнхүү авлаа.
Жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 78 кг-д Н.Алтанцэцэг алт, эрэгтэйчүүдийн 60 кг-д Б.Ууганхүүмөнгө, 66 кг-д А.Мөнхбат, 90 кг-д Л.Эрдэнэбилэг, эмэгтэйчүүдийн 48 кг-д Б.Болортунгалаг, 70 кг-д Б.Хашцэцэг, буудлагын эрэгтэйчүүдийн 50 метрийн сонгомол гар бууны дасгалд спортын мастер З.Ганбаатар, бөөрөнцөг түлхэлтийн эмэгтэйчүүдийн F57 ангилалд Г.Цогтгэрэл нар хүрэл медаль хүртсэн.
Түүнчлэн тэмцээний эхний өдөр буюу аравдугаар сарын 19-нд хүрэл медаль хүртсэн буудагч З.Ганбаатар “Рио-2016” паралимпийн эрхийг Монголын тамирчдаас хамгийн түрүүнд авсан билээ.
6.- МУГЖ Г.Ариунбаатар ОХУ-д болсон олон улсын дуурийн дуулаачдын наадмын тэргүүн байрыг эзлэв-
Улсын Филармонийн дуучин, МУГЖ Г.Ариунбаатар ОХУ-д болсон олон улсын дуурийн дуулаачдын наадмын тэргүүн байрыг эзэлж, эх орныхоо нэрийг дэлхийн тавцанд гаргалаа.
Тэрбээр энэ удаад 1600 гаруй дуучид оролцсон ЗХУ-ын Ардын жүжигчин, дэлхийн нэрт дуучин Муслим Магомаевын нэрэмжит олон улсын дуурийн дуучдын 3-р уралдаанд амжилттай оролцож, Гран-при шагналын эзэн болов.
Ар монголын алдарт дуучин МУГЖ Г.Ариунбаатар өмнө нь Оросын нэрт хөгжмийн зохиолч М.И.Глиникийн нэрэмжит олон улсын дуурийн дуулаачдын уралдаанд түрүүлж алдаршсан.
7.-О.Гүндэгмаа Дэлхийн цомоос анхны мөнгөн медалиа хүртлээ-
Азербайжан улсын Габала хотод болж байгаа буудлагын "Дэлхийн цом"-ын финал өчигдөр болов. Гавьяат тамирчин О.Гүндэгмаа 25 метрийн спорт гар бууны төрөлд мөнгөн медаль хүртлээ.
Дэлхийн шилдэг 11 мэргэн буудагч энэ төрөлд өрсөлдсөн бөгөө тэрбээр 583 оноогоор 3-р байраар финалд шалгаран үлдэж, хагас финалд 21 оноо авснаар аваргын төлөө буудах эрхтэй болсон юм. Алтан медалийн төлөөх буудлагад Германы буудагч, "Дэлхийн цом"-ын аварга Моника Каршч 7:3-аар түрүүлж, Хятадын буудагч, Дэлхийн аварга, Азийн наадмын аварга Зиан Жинзин хүрэл медаль хүртлээ.
Хөдөлмөрийн баатар О.Гүндэгмаа өмнө нь "Дэлхийн цом"-ын финалын тэмцээнээс 1 алт, 3 хүрэл медаль хүртэж байсан бол ийнхүү анх удаа мөнгөн медалийн эзэн болж байгаа юм.
Тоймыг бэлтгэсэн Х.Даваа
өндөр · 2014/10/27
15-35 насныханд зориулсан Өндөр болгох нууц номыг Интерном, Голдэн бүүк, Аз хур, Алтантөгрөг, Мир, Мажестикын бүх салбаруудаас худалдан аваарай. ҮНэ: 22 000₮
Зочин · 2014/10/25