Сэтгүүлзүйн салбарын мэргэжлийн холбоод шинэ жилээ хамтарч тэмдэглэх гэж байна. Хараат бус, бие даасан хэвлэл мэдээллийг дэмжин хөгжүүлэх зорилго бүхий Хэвлэлийн Хүрээлэнгээс санаачилсан энэ ажлыг сэтгүүлзүйн салбарын долоон байгууллага дэмжиж хамтрахаар болжээ.

Арван хоёрдугаар сарын 24-нд “Мишээл” төвд болох “Сэтгүүлзүйн салбарын нэгдсэн шинэ жил”-ийн талаар Хэвлэлийн Хүрээлэнгийн Менежментийн албаны дарга Ц.Чимэддондогтой ярилцлаа.

-Сэтгүүлзүйн салбарынхны нэгдсэн шинэ жил зохион байгуулах болсон шалтгаанаас яриагаа эхэлье.
-Энэ бол зүгээр нэг шинэ жилийн баяр тэмдэглэх асуудал биш гэдгийг эхлээд хэлэх нь зүйтэй. Мэргэжлийн холбоод, байгууллагууд нэгдэж, хүчээ нийлүүлж сэтгүүлзүйн зөв хөгжлийн төлөө хамтарч ажиллах алсын харааг эрэлхийлэх цаг нь болсон. Сэтгүүлзүйн салбарын тархай, бутархай бодлого энэ шинэ жилийн үйл ажиллагаанаас эхлээд цаашид нэгдмэл болсноор бид илүү хүчирхэг, зөв хөгжлийн замаар явах сайхан мөрөөдөл байгаа юм. Үүний эхлэл болгож бие даасан шинэ жилийг хийж байна.  

-Өмнөх жилүүдэд сэтгүүлзүйн салбарт л гэхэд арав гаруй ёслол хүндэтгэлийн арга хэмжээ болдог байсан. Хамтран зохион байгуулж буй байгууллагуудынхаа талаар?
-Салбарын нэгдсэн шинэ жилийг одоогоор долоон байгууллага хамтарч хийхээр нэгдэж байна. Хэвлэлийн Хүрээлэн, Монголын Сэтгүүлчдийн Эвлэл, Монголын өдөр тутмын сонины холбоо, Монголын телевизүүдийн холбоо, Монголын сайтуудын холбоо, Монголын сонинуудын холбоо, Монголын радио телевизүүдийн академи. Өмнө нь эдгээр байгууллага дор бүрнээ шинэ жилийн ёслол, хүндэтгэлийн үйл ажиллагааг зохион байгуулдаг байсан. Тухайлбал, манай байгууллага “Мөнгөн угалз”, Монголын телевизүүдийн холбоо “Алтан шонхор”, Радио, телевизийн академи “Болор үзэг”, Монголын сайтуудын холбоо “Web awards” гэх мэт. Ингэхдээ тус тусдаа оны шилдэг бүтээл, хамт олон, ажилтнаа шагнаж, өргөмжилдөг байсан. Манай салбар нэг, бидний тогоо ч нэг. Тиймээс энэ олон үйл ажиллагааг нэгтгэх шаардлагатай гэсэн санаачилгыг эрүүл саруул ухаантай удирдлага, холбоод дэмжиж байгаа нь маш их урам өгч байгаа.   

-Сэтгүүлзүйн зөв хөгжлийн төлөөх алсын харааг нэгдсэн шинэ жилийн баяртай яаж уялдуулж байна вэ?
-Бид эхлээд гурван үндсэн зарчим дээр санал нийлснээр хамтарч ажиллах тохиролцоонд хүрч чадсан. Сэтгүүлзүйн салбарынхан нэгдсэн шинэ жилийн баяраа хийхдээ хэн нэгнээс санхүүжилт, ивээн тэтгэлэг авахгүй. Хоёрдугаарт оны шилдэг гэх мэт шагналаар бие биенээ өргөмжлөхгүй. Сүүлийн зарчим бол улс төр, бизнес гэх мэт бусад салбараас ямар ч зочин гийчин урихгүй.

Хэвлэл мэдээллийн салбарт бие даасан, хараат бус, ардчилсан хамтын ажиллагааг мэргэжлийн холбоод эхлүүлж, дээрх байр суурь дээр нэгдэж чадсан нь бидний хувьд хамгийн том дэвшил юм.

-Нэгдсэн байр суурь, зарчмынхаа талаар дэлгэрэнгүй тайлбарлахгүй юу?
-Нэгдүгээр зарчим буюу ивээн тэтгэлэг, санхүүжилт нь сэтгүүлзүйн салбарын дотор бугшсан асуудал. Хэвлэлийн Хүрээлэнгийн судалгаагаар Монголын хоёр сэтгүүлч тутмын нэг нь өнөөдөр хэн нэгнээс хараат бусаар хүссэн мэдээллээ нийтэлж, нэвтрүүлж чаддаггүй гэсэн хариулт өгч байгаа юм. Сэтгүүлчдийн бүтээлд цагдан хяналт байсаар л байгаа нь эндээс илт байна. Тухайлбал, хамгийн их цагдан хяналт, нөлөөллийг зар сурталчилгаа нийлүүлэгчид үзүүлснээр хэвлэл мэдээллийн бодлогод нөлөөлж улмаар хараат байдалд оруулж байна. Энэ агуулгаар нь хамтарсан холбоодын эхний үйл ажиллагаа нь хэнээс ч хараат бус, ивээн тэтгэлэг авахгүй гэсэн зарчмыг баримталж байна.

Хоёрдугаарт шагнал, өргөмжлөлтэй холбоотой тайлбар хийе л дээ. Шагнал нүдээ олсонгүй гэж ярьдаг даа. Нүдээ олоогүй шагнал шагнуулсан хүнээсээ илүү олон хүнийг гомдоодог, хор шарыг нь буцалгадаг. Үүнээсээ болоод эв нэгдэлгүй байдал үүснэ. Тэр нь зөв хамтын ажиллагааны хүчийг сулруулдаг. Нөгөө талаар шинэ жил ерөнхийдөө өрсөлдөөн болж хувирсан. Тухайлбал нэг салбарын энэ олон холбоод ёслол, хүндэтгэлийн арга хэмжээ, шагнал урамшууллаараа нэгнээсээ давж гарах гэсэн хандлага бий болсон. Хэвлэл мэдээллийн байгууллагуудаар тойроод яваад үзээрэй. Оны шилдэгийн шагнал урамшуулал аваагүй байгууллага бараг байхгүй. Сэтгүүлчид ёс зүйтэй, олон нийтийн эрх ашгийг урьтал болгосон манлайлагч байх ёстой. Нийгэмдээ ашиг тустай мэдээлэл бэлтгэж хүмүүсийг сайн сайхан зүйлд чиглүүлж, тэдний амьдралыг өөрчилснийхөө төлөө шагнал өргөмжлөлөөр өрсөлдөх нь хэр зохистой вэ. Тиймээс салбарын нэгдсэн шинэ жил дээр энэ өрсөлдөөнийг халъя гэсэн санаачилга гаргаж байгаа юм.

Гуравдугаарт ямар нэг зочид төлөөлөгч урихгүй байх зарчим. Юу гэхээр хэвлэл мэдээллийн хэрэгслийн өмчлөл, харьяаллын асуудал манайд редакцийн хараат бус байдал, хэвлэлийн эрх чөлөөнд тушаа болох хэмжээнд байна. Яагаад тэр вэ гэхээр хэвлэл мэдээллийн хэрэгслийг олон нийтэд ашигтай мэдээлэл түгээх онцгой бизнес гэж харахаасаа илүү хүмүүсийг  захирах эрх мэдэлд хүрэхийн тулд тархи угаах нэг ёсны шат гишгүүр, хүчирхэг хэрэгсэл, зэр зэвсэг гэж харсан.

Тиймээс ихэнх хэвлэл мэдээллийн хэрэгсэл улс төрч, нам эвсэл, эдийн засгийн бүлэглэлийн мэдэлд байгаа. Нөгөө нэг асуудал нь сэтгүүлчид нийгэмд нэр нөлөө бүхий эрхмүүдийг эх сурвалжийн хамгийн чухал түвшинд байлгаж харьцаж байна. Ихэнх маань тэдний нууж буй далд асуудлаар бус сонирхлын зөрчилтэй ам мэдээллээр амьдарч байна. Яваандаа эрх мэдэлтнүүдийг хараандаа байлгах бус өөрсдөө тэдний нөлөөнд царай алдах байдалд хүрч байна шүү дээ. Энэ мэт бусад шалтгаанаар гадны нэг ч зочин авчрахгүй байх зарчимтай бид санал нэгдсэн. Тэгээд ч сэтгүүлзүйн салбарынхан эрүүл, зөв бодлогынхоо төлөө тогоон дотроо асуудлаа хамтарч хэлэлцээд, хэрэгжүүлэх тэр цаг нь болсон гэж үзэж байна.

-Үнэхээр сайн ажилласан сэтгүүлчид байгаа шүү дээ. Тэр хүмүүсийг шагнаж урамшуулах нь энэ сэтгүүлзүйг эрүүлжүүлэх нэг хөшүүрэг биш гэж үү?
-Тэр хөшүүрэг нь байна. Хаана байх вэ гэвэл тухайн хэвлэл мэдээллийн өөрийнх нь байгууллагын шинэ жил дээр хадгалагдана. Ер нь шинэ жил бол шагнадаг, өрсөлддөг, бялдуучилдаг тийм баяр биш. Харин хамгийн гял цял, хамгийн баяр баясгалантай, яг л тэр оргилуун дарс шигээ тийм сэтгэгдэл үлдээдэг баяр хөөрийн баяр.

-Ахмад сэтгүүлчдээ ч бас урихгүй гэсэн үг үү?
-Урилга байхгүй ээ. Удирдах зөвлөлийн гишүүн, ахмад сэтгүүлч, гавьяат зүтгэлтнүүдээ урьж залдаг байсан. Энэ удаа хэн байх нь хамаагүй мөнгөө төлөөд үйлчилгээгээ ав гэсэн зарчмаар хандана. Сэтгүүлзүй угаасаа ийм байхгүй юу. Чи хэрвээ редакцийн томилолт авсан бол даргын машинд сууж хамт явах бус такси барьж очоод үйл явдлыг сурвалжлах ёстой гэсэн наад захын ёсзүй байна.

-Энэ салбарын төлөө олон жил ажилласан ахмадууд маань гомдох вий гэсэн болгоомжлол төрж байна.
-Уламжлал зөв байх ёстой. Ялангуяа манай сэтгүүлзүйн салбарт уламжлал зөв, үлгэр жишээ байх хэрэгтэй. Сэтгүүлзүйн салбараас олон жил үр шимийг нь хүртэж боловсорсон хүмүүс тухайн салбарынхаа ирээдүйн хөгжилд хөрөнгө оруулалт хийдэг нийтлэг жишээ гадны практикт байдаг. Тухайлбал, АНУ-ын сэтгүүлч, хуульч Жозеф Пулитцер байна. Конгресс нь шийдэж чадахгүй байсан эрх чөлөөний хөшөөг босгож чадсан сайн менежер. Тэрээр нас барахынхаа өмнө сэтгүүлзүйн сургуульд хөрөнгө оруулалт хийгээд, мөн эрэн сурвалжлах, асуудал хөндсөн бүтээлүүдэд олгох шагналын сан үүсгэх гэрээслэл үлдээсэн. Пулитцерийн шагнал дэлхийн сэтгүүлзүйн салбарт үлгэр жишээ болох олон бүтээлийг төрүүлж түүнээс нь бид хүртэл суралцаад явж байна.

Хошигноод өөрийхөө үзэл бодлыг хэлье л дээ. Тогтмол орлоготой, зарлага харьцангуй бага ахмадууд маань ажлаа хийгээд өдөржин гүйж байгаа залуу сэтгүүлчдээс илүү баян болов уу.

-Уригдахгүй зочдын тоонд хамтлаг дуучид ч бас орсон гэсэн мэдээлэл байсан?
-Холбоодтой зөв хамтарч ажилладаг хамтлаг, дуучид мэндчилгээ дэвшүүлж болох байх. Ер нь бол нэг дуутай, хоёр хувцастай олон шинэ жил хэсч, ам барьдаг дуучдаас татгалзмаар байгаа юм. Манай салбарынхан маш авъяаслаг. Нэг зүйлийг онцлоход сэтгүүлзүйг дан ганц сэтгүүлч, сурвалжлагчдаар төлөөлүүлж болохгүй. Хамтын хөдөлмөр, багийн хүч ордог салбар. Энэ талаас нь авч үзвэл бидэнд мэргэжлийн хамтлаг, дуучид болоод тэнднээс дутахгүй авъяаслаг залуус хангалттай байна.

Тиймээс манай хэвлэл мэдээллийн байгууллагынхан нэгдсэн баяртаа идэвх санаачилгатай оролцож хамтран ажиллахыг уриалж байна.