Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар хувийн орон сууцны компаниудын төлбөр тооцоонд ашиглаж буй тоолуур- хэмжих хэрэгсэл ашиглалтад шалгалт хийсэн байна. 

Шалгалтаар айл  өрх, аж ахуйн  нэгжийн усны төлбөр тооцоог улсын баталгааны хугацаа дууссан, баталгаагүй усны тоолуур тавьсан,

эрчим хүчний тусгай зөвшөөрөлгүйгээр айл өрх, аж ахуйн нэгжүүдээс цахилгааны төлбөрийг хурааж авдаг, ус, цахилгааны төлбөрөө төлөөгүй хэрэглэгчийн цахилгааныг дур мэдэн тасалж, хязгаарлалт хийдэг, мэргэжлийн байгууллагад хүлээлгэж өгөөгүй, гэрээ шинэчлэгдээгүй байруудын айл өрхийн цахилгааны төлбөрийг аж ахуйн нэгжийн тарифаар тооцдог, цахилгааны тоолуурын заалтыг сар бүр үнэн зөв авдаггүй, байгаагаас илүү бичдэг, компаниудын хэмжилзүйн дотоод хяналт хангалтгүй зэрэг нийтлэг зөрчил илэрсэн байна.

Тус шалгалтанд тусгай зөвшөөрөлтэй 39 аж ахуйн нэгжийг хамруулж, тэдгээр компаниудаас  ус, цахилгааны төлбөр тооцоог гүйцэтгэдэг 114 аж ахуйн нэгж, 56 айл өрхийн 345 ширхэг ус, цахилгааны тоолуурын баталгаажуулалт, ашиглалт, лац тэмдгийн бүрэн бүтэн байдал, тоолуурын заалт авалт, тарифын мөрдөлт зэргийг шалгасан байна.

Тиймээс иргэд, аж ахуйн нэгжийг ус, цахилгааны төлбөр төлөхдөө заалтыг нягталж, шалгаж байхыг анхааруулж байгаа аж.

 

ЧОЙ