Ерөнхий сайд Ч.Сайханбилэг засаг бүрдүүлэхдээ хамтран ажиллах  хүсэлтийг МАН-д тавьсан. МАН энэ асуудлыг намынхаа II Бага хурлаар   хэлэлцэн засаг байгуулахад хамтран ажиллах болсон. Үүнтэй холбогдуулан тусгаар тогтнолын ордон хөл хөдөлгөөн ихтэй байна. 

Нам цөөнх болсон өнгөрсөн 2 жилийн хугацаанд АН-ын байгуулсан, Н.Алтанхуягын тэргүүлсэн Шинэчлэлийн засгийн газрын бодлого үйл ажиллагааг  УИХ дотроос МАН-ын дарга, УИХ-ын гишүүн М.Энхболд, МАН-ын бүлгийн дарга УИХ-ын гишүүн С.Бямбацогт, УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар,  Д.Хаянхярваа, Ц.Нямдорж, Ж.Энхбаяр тэргүүтэй цөөн хэдэн гишүүд,   парламентын гаднаас  буюу гудамжнаас МАН-ын генсек Ж.Мөнхбат, МАН-ын Шинэчлэлийн хороохон болох Т.Аюурсайхан, Н.Удаанжаргал, Б.Ганхуяг нар зориг, тэвчээр, зүтгэл гарган эрс шүүмжилж, түүнийг огцорохыг шаардаж байсан. Мөн МАН-ын гишүүн иргэн Б.Энхбаяр, Т.Сайнжаргал нарын хүмүүс л Ерөнхий сайд Н.Алтанхуягын Засгийн буруутай бодлого шийдвэрийг үндэслэл баримттайгаар нотолж байсан.

МАН-ын дарга М.Энхболд, МАН-ын залуу  генсек Ж.Мөнхбат  нар нэг талаар азтай, учир нь гэвэл  тэр өөрсдийгөө тэмцэгч залуучуудаар хүрээлүүлсэн. Тэд анх удаагаа Төрийн ордонд  хамгийн ойрхон гэр бариулж  тэмцлээ  үргэлжлүүлж чадсан намын лидерүүд юм. Зугтсан нь бус зүтгэсэн нь хойморт сууна гэж гэж хэлдэг МАН-ын лидерүүдийн үгийг нам нэгт нөхөд нь эс тоон  “зугтаж” байхад харин түүнд хань болсон нь Шинэчлэлийн хорооныхон. Тэд хамтдаа зүтгэж зорьсондоо хүрсэн. Одоо намын дарга, генсек нар  зүтгэгсдээ яаж дэмжих вэ гэдгийг  бүгд харж байна. Тэд  нөхдөө “хулхидах”-ыг хүсэхгүй, учир нь ирээдүйтэй улс төрчид “хулхи” нэртэй болвол цаашид тэдэнд  итгэх хүн олдохгүй нь лавтай. Тиймээс “зугтагсаддаа бус зүтгэгсэддээ” МАН-ын М.Энхболд, генсек Ж.Мөнхбат  нар итгэлээ үзүүлж хариуцлагатай ачаа үүрүүлэх нь дамжиггүй.

2012 оны УИХ-ын сонгуулиар МАН  цөөнх болсон үеэс олон хүмүүс  намаа “хөсөр” орхин амь амиа бодоцгоон тал бүр тийшээ зугатацгаасан. Эндээс харахад МАН  “цагаан захтан”-ы нам гэдэг анзаарагдаад байх шиг. Учир нь нам ялагдахад сураг алдарсан “цагаан захтай” этгээдүүд албан тушаалын “үнэрээр” эргэж ирэх нь үүнийг гэрчилж байна.

Урьд хожид огт үзэгдээгүй, бараа сураг нь алдарсан “эрхэм”- үүд гэнэтхэн МАН-даа “хайр зарлаад” намынхаа байраар хонон өнжин эргэлдэх болсны шалтгаан юу вэ?

Одоо МАН шинээр байгуулагдах Засагт орохоор болсон. Энэ шийдвэр олон хүнийг ингэж гэнэтхэн МАН-даа хайр зарлахад хүргэх бололтой. Монголчууд “Тэнхлүүн явахад тэмээгээр тусласнаас тэвдэж явахад  тэвнээр тусал...” гэж хэлдэг. МАН цөөнх болон “ядарч” байхад өдгөө  сайдын суудал горилон намын даргын үүдийг сахиж байгаа олон “дарганцар”-ууд хаана байсан юм бол.

Нам цөөнх болоход  сураг алдарсан тэдгээр хүмүүс хэн вэ? Ойрын өдрүүдэд хэн хэн намын даргын өрөөний үүдээр эргэлдэнэ вэ?

Тэдний тэргүүн эгнээнд Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд асан Т.Бадамжунай орно. МАН цагтаа түүнийг ХААХҮ-ийн сайд болгож байсан.  Нам ялагдахад  сураг алдарсан тэр гэнэтхэн  намдаа эргэж ирэх болсны шалтгаан нь албан тушаал горилох. Т.Бадамжунай мэтийн увайгүй хүмүүс одоо МАН-д хэрэггүй.  Түүний араас чадвал сайдын сандал суудал горилох, чадахгүй бол төрийн удирдах ажил  ажил албанд орох сонирхолтой хүмүүсийн цөөнгүй байна. Тухайлбал,  Оюу толгойн гэрээг будлиантуулсан Эрдэс баялаг эрчим хүчний сайд асан Д.Зоригт,  “Хэлгүй Корелла” хочит УИХ-ын гишүүн асан  Д.Очирбат, Нийслэлийн ИТХ-ын дарга байхдаа авлигын хэрэгт орооцолдож эцэст нь  хамтран зүтгэж байсан Нийслэлийн Засаг дарга Ц.Батбаяраа “аавынд” оруулаад өөрөө уснаас хуурай гарсан Т.Билэгт нарыг дурьдаж болно. Нэгэн цагт тэдэнд МАН итгэл үзүүлсэн,  ажил хариуцуулж байсан, харин одоо бол тэдэнд “үгүй” гэж хэлэхэд хангалттай.   

Тэдний араас МАН-ын угсаа залгамжлагч “ханхүү” нар эцгийнхээ дэмжлэгтэйгээр  сайдын суудал руу тэмүүлж байгаа “залуу өв залгамжлагчдыг” нэрлэж болно. Энд Элчин сайд асан Л.Хангайн хүү Алтай, ГОК-ийн захирал Ч.Ганзоригын хүү Тэмүүлэн  нар хамаарна. Тэдний хувьд эдийн засгийн чиглэлийн мэргэжилтэй ч мэргэжил, мэдлэгээсээ  илүүтэйгээр  “Сайн эцгийнхээ”    нэрийг  “худалдан байж” юм юм руу зүтгэдэг улс.

МАН-ын Шинэчлэлийн хорооныхон олон хоног  Засгийн газрыг огцоруулахаар суулт зарлаж байхад нэг  удаа ч эргэж очоогүй энэ олон “дарганцар”-ууд ямар нүүрээрээ сайд, дарга болохоор тэмүүлнэ вэ?  Хатуухан хэлэхэд эдгээр тэмцэгчдийнхээ буянаар өнөөдөр МАН  засагт орж ажиллах  болсон гэдгийг  энэ “хурган дарганцарууд”  анзаарах сөхөө байна уу.

МАН-ын дарга М.Энхболд таныг энэ бүхнийг эрүүл саруул ухаанаар анзаарч байгаа гэдэгт  найднам. “Зугтагсадыг зусардах уу, зүтгэгсдийг дэмжих үү”  гэдэг сонголт МАН-ын өмнө нээлттэй хэвээр үлдлээ.  

Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн тэргүүлсэн  энэ  удаагийн засагт  хариуцлагатай ажиллахын  тулд  МАН-аас өмнө нь сайд дарга байж эрх ямба эдлэж байсан хүмүүсийг биш, харин эрч хүчтэй шинэ залуу боловсон хүчнээр багаа бүрдүүлэхийг зорьж байгаа гэдэгт итгэж байна.

“Үүрэхийг нь би үүрье, аахилахыг нь чи аахил”  гэдэг шиг намынхаа төлөө зүрх сэтгэл гарган ажилласан залуусыг МАН-ын удирдлагын зүгээс үл дэмжихэд хүрвэл цаашид МАН-ын төлөө хэн итгэл зүтгэл гарган ажиллах вэ?

 

Ц.Мөнх