10700142_808986852475962_299967507412724372_o

Монгол оронд өрнөсөн ардчилсан хувьсгал урт удаан хугацаанд хөгжлийн амаргүй давааг туулан урагшлахдаа үргэлж нэг зорилгын төлөө эв эеэ хичээх, нэгдэж нийлэх чиглэлд хөгжлийн замаа нэгтгэж зассан түүхтэй бөгөөд  энэ үйл явц Их Монгол улс байгуулагдаж байсан 1206 оныг билэгдэн жил бүрийн 12 сарын 06-ны өдөр тохиодог. Монголчууд Эрх чөлөөний хэмээн тодотгон тэмдэглэх болсон энэ өдөр “Улс төрд шинэ манлайлагч” зорилтот ТВ төслийн шилдэг оролцогчид “Эрх чөлөөний индэр” арга хэмжээг EBI судалгааны хүрээлэнтэй хамтран зохион байгууллаа. Манлайлагч залуус багаараа  ЕБС, их сургууль, Зэвсэгт хүчний 032 дугаар анги болон Хороолол-Зайсан чиглэлийн автобусанд “Эрх чөлөөний индэр” “зассан” юм.

Энхийн манаа буюу эрх чөлөө 

4

 

“Аюу” багийн залуус Эрх чөлөөний өдрөөр 032 дугаар ангийг сонголоо. Энхийг сахиулагч байлдагч нар дээр эрүүл мэндийн манаанд тангараг өргөн зогсох анагаахын оюутнуудыг дагуулж очсон манлайлагч залуус хүндэт зочноороо “90 саяын” Б.Гансүхийг урьсан байлаа.  Б.Гансүх туулж өнгөрүүлсэн амьдралаасаа эрх чөлөөний үнэ цэнийг хэрхэн мэдэрснээ ярьсан нь залуусын сэтгэлийг ихэд хөдөлгөсөн бол цагаан халаадтай эмч бүсгүйчүүд цэргүүдтэй талархлын үгтэй захидал солилцож, эрх чөлөөний сэдэвтэй шүлэг тэрлэн уралдаж шагналд нь хайртай дотны хүндээ мэндчилгээ дэвшүүлэх боломжийг эдэллээ.  Түүнчлэн зочид цэрэг эрстэй хамтдаа өдрийн хоол идэж 032 дугаар ангитай бүрэн танилцсан юм.  Хөгжилтэй, хөөр баяртай, эрх чөлөөний үнэ цэн болоод эр хүн үүрэг, хариуцлагатай амьдрах утга учрыг ойлгуулсан энэ өдрийн төгсгөлд дайчид “Эрх чөлөө” гэх үгийг жагсаалаараа үзүүлсэн юм.

Эрх чөлөөний олон өнгө

1

 

“Ас ас ” багийнхан  12 сарын 06-ны эрх чөлөөний өдрийг угтан МУИС-ийн оюутнуудтай хамтран “Эрх чөлөөний олон өнгө ”  нэртэй  арга хэмжээ зохион байгууллаа.  Энэ үеэр залуус  хамтран   эрх чөлөөний тухай өөрийн бодлоо илэрхийлэн   багаар болон хамт олноороо эрх чөлөө,  манлайллын тухай  ярилцсан юм.  Оюутнууд эрх чөлөөг үүрэг хариуцлага хэмээн ойлгон хөх тэнгэр, цэвэр агаар, алтан нартай  зүйрлэдэгээ ч ярьж байв. Олон ургалч үзлийг эрх  чөлөөтэйгөөр уралдуулсан залуусын уулзалтад EBI хүрээлэнгийн  бодлого төлөвлөлт  хариуцсан дэд захирал Б.Анхбаяр оролцсон. Тэрбээр “Эрх чөлөө бол хүмүүсийн нийгэмд оршдог амьтай зүйл. Эрх чөлөөний тухай хүн бүрийг оролцуулан  бүтээлчээр хамтран хэлэлцэж  байгаа  нь  эрх чөлөөний  хамгийн тод жишээ” хэмээн онцолсон юм.  Залуус  эрх чөлөөний тухай зөвхөн яриад зогсоогүй  дуулж,  бүжиглэн эрх чөлөөний үнэ цэнийг мэдрүүлэх чөлөөт тоглоом тоглон хүн бүр эрх чөлөөний тухай өөрийн бодлоо илэрхийлэн  өнгийн цаасан дээр бичин самбарт нааж эрх чөлөөг бид ямар  тод томоор, ямар олон өнгөөр илэрхийлж болохыг харууллаа.

Эрх чөлөөний автобусанд суугаарай!

a

“Улс төрд шинэ манлайлагч”  зорилтот тв төслийн Хорьт багийн гишүүд Эрх чөлөөний өдрийг  автобусанд тэмдэглэхээр сонгосон. Учир нь автобус хүмүүст хамгийн ойр, эрх чөлөө шиг эрэлт хэрэгцээтэй  хэрэглээ нь болохоор  иргэдийн үгийг эндээс сонсч, уур амьсгалыг   мэдэрч болно хэмээн үзжээ.  Энэ өдөр “Эрх чөлөөний автобус”  гэх хаягтай автобус  Хороолол- Зайсан чиглэлд иргэдийг үнэгүй тээвэрлэн  эрх чөлөөний тухай  хамтдаа ярилцсан юм.  Манлайлагч залуусын   эхлүүлсэн эрх чөлөөний тухай яриа  аяны дугараа, төрөлх хотын түүх, ардчиллын тухай дурсамж яриагаар үргэлжилсэн юм.

 

Эрх чөлөө буюу бидний ирээдүй

3

 

Чингэлтэй дүүргийн 50 дугаар сургуулийн үүдэнд ахлах ангийн 300 сурагч “Эрх чөлөө” флаш моб хийж “Эрх чөлөөний өдөр”-ийг эхлүүлэв. Энэ бол “Улс төрд шинэ манлайлагч” төслийн  “Шинэ ялалт” багийн залуусын эрх чөлөөний индрээ засахаар товлосон газар юм. Залуус энэ өдөр дүү нартаа эрх чөлөөний тухай ойлголтыг өгөхийн тулд маш их бэлдсэн нь харагдана. Үйл ажиллагаа эрх чөлөөний төлөөх тэмцлийн талаар бэлтгэсэн багц мэдээлэл, манлайлагчдын эрх чөлөөний тухай ойлголтоор өрнөж,  бидний ирээдүй эрх чөлөөг хэрхэн ойлгож дүрсэлж мэдэрч буй сорилоор өндөрлөлөө.  Мөн бидэнд өнөөдрийн энэ амьдралыг бэлэглэж, эрх чөлөөний төлөө халуун амиа үл хайрлан тэмцсэн буурал дээдэстээ хүндэтгэл үзүүлсэн нь хүүхдүүдэд  энэ тэмдэглэлт өдрийн утга учир, үнэ цэнийг илүү ихээр мэдрүүлж  байв.

Эрхэм та бүхэн манлайлагч залуусын “Эрх чөлөө индэр”-т саатан тухлахыг хүсвэл

UBS телевизийн “Улс төрд шинэ манлайлагч” нэвтрүүлгийн шинэ дугаарыг хүлээн авч үзээрэй.