Р.Жигжид Уул уурхайн сайд боллоо
2014/12/09
УИХ-ын нэгдсэн чуулганы өнөөдрийн хуралдаанаар Засгийн газрын гишүүдийг томилж байгаа. Үдээс өмнөх хуралдаанаар С.Баярцогт ЗГХЭГ-ын даргаар, Д.Оюунхорол Байгаль, орчин ногоон хөгжил аялал жуучлалын сайд, Л.Пүрэвсүрэн Гадаад хэргийн сайд болсон. Харин үдээс хойшх хуралдаанаар Ж.Эрдэнэбат Сангийн сайд, Д.Дорлигжав Хууль зүйн сайд, Д.Эрдэнбат Аж үйлдвэрийн сайд, Д.Цогтбаатар Барилга хот байгуулалтын сайд, Ц.Цолмон Батлан хамгаалахын сайд , Л.Гантөмөр Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд , Н.Төмөрхүү Зам тээврийн сайд боллоо
Дөнгөж сая Р.Жигжидийг Уул уурхайн сайдад томилох асуудлыг хэлэлцлээ. Хэлэлцэж байгаа асуудалтай холбоотойгоор гишүүд асуулт асуусан. Тухайлбал,
УИХ-ын гишүүн А.Бакей: Асгатын мөнгөний уурхай ашиглалтад орвол баруун бүсийн амьжиргааг сайжруулах болно. Үүнд ээр ямар байр суурьа байна вэ?
Р.Жигжид: Зөвшөөрөл бол Орос Монгол улсад байдаг. Манай талаас ашиглах санал гаргаад байгаа ч хараахан ажил хэрэг болоогүй байгаа. Хамтарсан компани байгуулах ажлын хэсэг байгуулахаар болсон. Цаашид эдийн Засгийн эргэлтэд оруулах асуудалд анхаарна.
УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин: Оюутолгойн гэрээг сайн, муу л гэдэг. Энэ гэрээг та юу гэж бодож байгаа вэ? Цаашид яах бодолтой байна. Ураны талаар хөдөөгийн иргэд түгшүүртэй байдаг. Ураныг ашиглах нь зөв үү? Хайгуул хийх нь зөв үү?
Р.Жигжид: Оюутолгой бол Монголчууд болон хөрөнгө оруулагчдын анхааралд байгаа төсөл. Шийдлээ хүлээсэн асуудлууд байгаа. Шийдвэр гарахад ойртсон. Хууль болон гэрээнд заасан үүргийнхээ дагуу ажиллах ёстой гэж боддог. Уул уурхайн яам харилцан ашигтай байхаар боломжтой хувилбараар ажиллана. Ураны асуудлын хувьд УУЯ бус цөмийн энергийн газар хариуцаж ажиллаж байсан. Уран яамд харъяалагдах тохиолдолд анхаарал хандуулж, судалгаа гаргаж, холбогдох байгууллагад танилцуулж шийдвэрлэх болно.
УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин: Оюутолгойн гэрээнд өөрчлөлт оруулах санал байна уу? Нөгөө тал чинь зовлонтой санал тавиад байгаа юм билээ ш дээ.
Р.Жигжид: энэ асуудлыг Засгийн газар дээр ярьж шийдвэр гаргах байх гэж бодож байгаа.
УИХ-ын гишүүн Г.Уянга: Монголчууд итгэл хүлээлгэж байгаа сайдаар томилогдож байна. Оюутолгой, Тавантолгойн асуудлыг шийднэ гэж байгаа үед томилогдож байна. Таны байр суурийг сонсмоор байна.
Р.Жигжид: Уул уурайн салбар өөрөө эрсдэлтэй. Томоохон орд олчихоод эрсдэл нь бага хүлээгээд явж байгаа тохиолдол цөөн. Бид уул уурхай эрсдэлтэй гэдгийг ойлгох хэрэгтэй. Гадаадууд манайхыг сонирхдог.Тэднийг дагаад хөрөнгө оруулалт нэмэгдэж, эдийн засаг сайжирна гэж боддог. Миний хувьд манай лусын даацыг тооцоолох ёстой гэж боддог. Одоо нэгэнт үйл ажиллагаа явуулж байгаа үйлдвэрүүдийнхээ үр ашгийг нэмэгдүүлэх хэрэгтэй.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Мега төслийн Монгол улсын сайд хариуцна. Тэгэхээр үүнтэй Уул уурхайн сайд хэрхэн холбогдож ажиллах вэ? Нүүрсний үнийг хэд байна гэж бодож байна вэ? Урт нэртэй хуулийн талаархи таны бодол?
Р.Жигжид: Урт нэртэй хууль бол сайн хууль. Үүнийг хэрэгжүүлэхтэй холбоотой гарсан хуулийг тааруу болсон гээд дахин хуулийн төсөл боловсоруулаад УИХ-д өргөн барьсан. Нүүрсний үнийг чөлөөлөх нь зүйтэй гэж үздэг. 21.6 сая тонн нүүр экспортлох төлөвтэй байгаа. УУЯ-ны хувьд бодлогын талаар цөөнгүй ажил хийсэн. Газрын тосны голлох хуулийг шинэчилсэн.
УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар: Дэлхийн зах зээл дээр түүхий нефьтийн үнэ 40 хувиар буурсан. Өнөөдөр нэг баррель нь 68 ам.доллар болоод байна. Монголд яагаад унахгүй байгаа юм бэ?
Р.Жигжид: Уул уурхайн яам Монголбанктай хамтран шатахууны үнийг тогтвортой байлгаж, бензин хэрэглэгчдийн мөнгийг нэг их наядаар хэмнэсэн байгаа. Дэлхийн зах зээлийн давлагаанд өртөхгүй байхыг хичээж байгаа.
УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар: цаашид тогтвортой байлгана гэж байгаа юм уу? Тэгэхээр Монголд бензины үнийг 40 хувиар биш юмаа гэхэд 20 хувиар бууруулах ёстой биз дээ. Яг хэдэн хувь бууруулах юм бэ?
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг: Сүүлийн 2 жилд үнэ тогтворжуулах хөтөлбөрийн хүрээнд үнэ тогтомол барьсан. Одоо бодлогын чанартай үйлдлүүдээ ярилцаж, хэрэгжүүлэх болно. Бид өнгөрсөн хугацаан алдагдалаа нөхөх талаар ярилцана.
Р.Жигжид: Шатахууны үнийн зөвлөл гэж байдаг. Зөвлөл дээр энэ асуудлыг ярьж шийднэ.
УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл: Монгол улсын усны нөөцийн 90 орчим хувь байдаг Хөвсгөлд фосфоритын орд байдаг. Фосфоритын ордыг олборлох уу? Эдийн засаг яаж ч хямарч байсан битгий олборлоорой. Монголчуудыг хэдэн үеэр ундаалах ус тэнд байгаа болохоор харамлаж байна.
Р.Жигжид: Ус бол чухал гэдгий УУЯ ойлгож байдаг. Олборлох эсэхийг хамтаар шийдвэрлэх болно.
УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл: Та яагаад ашиглахгүй гээд шууд хэлж чадахгүй байгаа юм бэ?
Р.Жигжид: Уучлаарай. Надад одоо ашиглана ашиглахгүй гэж хэлэх мэдээлэл байхгүй байна.
Гишүүд асуулт асуусны дараа УИХ-ын гишүүд үг хэлсэн. Тухайлбал,
УИХ-ын гишүүн Г.Уянга: Уул уурхайн сайд асуултуудад хангалттай хариулахгүй байна. Надад дэмжих итгэл өгч чадахгүй байна. Оюутолгойн 34 хувийн зарвал их олон айдас төрж байна. Усны нөөцөө үнэгүй ашиглуулсан гэрээ Оюутолгой дээр хийгдсэн. Тухайн үеийн Байгаль орчны сайдтай маргалдаж байсан. Малын бэлчээргүй, усгүй болоод байна. Өнөөдөр уул уурхайгаас бол 4000 гол тасарсан, 1000 гаруй нуур ширгэсэн. Урт нэртэй хууль хэрэгжүүлээд 600 гол сэргэж байна. Оюутолгойг буруу тийш нь битгий явуулаарай гэж захия.
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: Одооны ажил мэргэжлийн бус улс төрийн ажил их ирнэ. Дан дээлтэй болохоор дархлаа их сул байна гэсэн үг. Оюутолгойн хувь бол Монголд үнэ цэнэтэй. Өөрөө тооцоог нь хийж үзээрэй. Энэ засгийн газар хэр урт настай юм, би гйахаад л байгаа юм. Үүн дээр болгоомжтой хандаж, өөрийнхөө ирээдүйг бодоорой гэж захия. Гадаадын компаниуд төрийн албан хаагчдыг лоббидоод сурчихсан улс шүү. Үүнээс холуур байгаарай. Хөвсгөлд санаархахаар орд их бий. Би энэ төрд байгаа цагт тэрийгээд хэвтчихнэ. Олон жил хамтарна. Миний нутаг рүү гар дүрсэн үзэгний хошуу битгий зураарай.
УИХ-ын гишүүн Б.Болор: Нэр дэвшигчийг дэмжинээ. Өнөөдөр Архангай аймгийнхаа хүсэл, хэлж дамжуулж байгаа бүхнийг хэлж, төлөөлж ажиллах үүрэгтэй. Манай Архангай аймагт уул уурхай, ураны асуудал байхгүй шүү. Хариуцлагатайгаар хэлье. Н.Батбаяр гишүүн бид 2 ураны хайгуулын эсрэг ажиллах болно. Хэрвээ энэ ажлыг хийхгүй бол бүрэн эрхийнхээ дагуу таныг огцруулах асуудлыг ярих болно.
УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар: Өнөөдөр дэлхийн зах зээл дээр нэг баррель нефтийн үнэ 40 хувиар буурч, цаашид 60 хүртэл хувиар буурахаар байна. Тэгтэл Р.Жигжид үнэ бурууулах асуудлыг нефть импортлогчидтой ярилцана гэдэг. Үнэ нь өсөхөөр иргэдийн халааснаас өгдөг, буурахаар үнийг бууруулахгүй гэдэг. Ийм хариуцлагагүй баймааргүй байна. Хөрөнгө оруулагчдын итгэлийг алдаад туучихсан. Өнөөдөр бодлогын алдаагаа засаад, алдсан итгэлийг олох хэрэгтэй байна. Итгэл сэргээж авах дээр онцгой анхаарч ажиллах хэрэгтэй. Зурагдсан гэрээг хүчин төгөлдөр болгож, ажил хэрэг болгох ёстой.
УИХ-ын гишүүн Энх-Амгалан : Дэмжиж байгаа. Шаардлагаатай үед хэлэх үгээ хэлээрэй. Уул уурхайан салбар бол хөгжлийн гол гарц. Монгол улсад уул уурхай хөгжөөгүй байгаа. Хөгжих эсэх нь та биднээс шалтгаална шүү.
УИХ-ын гишүүн С.Бямбацогт: Дэмжье гэсэн дэмжихэд бас хэцүү л болж байна. Уул уурхайн хөгжил ямар байх нь харагдаж байна. Өнөөдөр нефтийн бүтээгдэхүүний тайлбараас харагдаж байна. 50 орчим хувиар нефьтийн үнэ буурчихаад байхад түлшний үнийг бууруулах эсэхэд эргэлзээтэй л гэнэ. Ам.долларын ханш хэвээрээ байхад, нефьтийн үнэ буурчихсан байхад шатахууны үнэ буурах ёстой. Үүнийг ирэх оны нэгдүгээр улиралд ажил хэрэг болгох ёстой.
УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр: Цуг ажиллаж байсан. 2-3хаан зүйл сануулаад хэлчихье. Янз бүрийн ордуудыг ашиглахад орон нутгийн зөвшөөрлийг аваагүй газруудад үгүй гэж хэлж сураарай. Эрүүл бус энэ тогтолцоог бага багаар арилгарай. Уул уурхайн салбарт ил тод байдлыг хангаж ажиллаарай. Үгүй бол улс төрждөг салбар шүү. Өмнөх сайдынхаа бодлогыг битгий үргэлжлүүлээрэй.
Үүний дараа Р.Жигжидийг Уул уурхайн сайдад томилох эсэхэд санал хураасан. Улмаар олонхийн саналаар буюу 86.4 хувийн саналаар Р.Жигжидийг Уул уурхайн сайдад томилсон.
Ингээд Р.Жигжидийн товч намтарыг хүргэе.
1958 онд төрсөн. Улаанбаатар хотын 24-р дунд сургууль, МУИС-ийн Физик математикийн анги, Японд Шиншюгийн дээд сургуулийг Ээрмэлийн технологийн инженерээр төгссөн. Мөн тус улсад дипломатын сургалтанд нэг жил сууж байсан. Говь компанид үйлдвэрийн дарга, Төлөвлөгөө эдийн засгийн улсын хороонд мэргэжилтэн, Гадаад харилцааны яамны Азийн газар зөвлөх, Монгол Улсаас япон улсад суугаа элчин сайдаар тус тус ажиллаж байгаад 2012 оноос Уул уурхайн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан.