МАХН  Бүх ард түмний их хуралдайгаа өнөөдөр АСА циркт хийлээ. Өмнө нь  намынхаа нэрийг сэргээн бэхжүүлэхээр энэхүү дугуй зааланд  өдөржин, шөнөжин хуралдаж байсан гишүүд, дэмжигчид тал талаас хуран цуглажээ. Нийслэлийн есөн дүүрэг, 21 аймгийн төлөөлөл МАХН-ын анхны Ерөнхий нарийн бичгийн дарга, Монголын түүхэнд анх удаа эмэгтэй хүн нэр дэвшсэн шинэ түүхийн эзэнд баяр хүргэхээр ирсэн байв.

 

 

        Их хуралдайг  УИХ-ын дэд дарга, МАХН-ын нарийн бичгийн дарга Л.Цог  үг хэлсэн юм. Тэрээр “МАХН бол шударга ёсны нам, Шударга ёсыг тогтоохоор хичээнгүйлэн зүтгэсэн. Гэвч шударга ёсыг тогтоох амаргүй байдгийг, тийм байгааг та бүхэн харж байна. Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд  манай нам Монголын түүхэнд анх удаа эмэгтэй хүнийг  нэр  дэвшүүлсэн нь ч нэр дэвшүүлэлт шударга байсныг, манай нам шинэчлэгдсэн гэдгийг харуулж байгаа юм. Монголын түүхэнд хаан төрийг хазайхад хатан ухаан түшиж ирсэн  уламжлалтай. Бид уламжлалаа харсан ч, улс орны өнөөгийн нөхцөлд эмэгтэй хүний ухаанаар шийдэх олон асуудал орхигдож ирснийг бодолцсон ч, мөн дэлхийтэйгээ хөл нийлүүлж эмэгтэй хүн Ерөнхийлөгч, Ерөнхий сайдаар ажиллаж буй шинэлэг жишгээс суралцах ёстой” гэж онцлоод МАХН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн Нацагийн Удвалд  амжилт хүслээ.

 

       

        Ерөнхийлөгчийн сонгуулийн анхны эмэгтэй  нэр дэвшигч Нацагийн Удвал  энэ үеэр өөрт нь итгэл хүлээлгэж, мөн өөрийг нь санал болгосон намын дарга Н.Энхбаяр, мөн намын нийт гишүүд, дэмжигчиддээ талархал дэвшүүлэв. Тэрээр   Монгол Улсын Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хүрээнд  улс орныхоо тусгаар тогтнол, аюулгүй байдлын асуудал,  үндэсний эв нэгдэл, шударга ёс, ялангуяа монгол хүний аюулгүй байдлын асуудал тусгагдаж байгааг онцлоод  “Энэ таван асуудлыг   “Таван бодлого-таван зорилт”  мөрийн хөтөлбөртөө тусгасан. Монгол орныхоо тусгаар тогтнолыг яаж хамгаалах вэ, газар шороогоо хэрхэн бүрэн бүтэн байлгах вэ, яаж нийгэмд бий болсон энэ их бутрал задралыг эвлүүлж нэг үндэстэн болж эв нэгдэлтэй байх вэ гээд олон асуудалд анхаарал хандуулсан. Хамгийн гол нь монгол хүнээ төрийн бодлогын төвд нь оруулна, монгол хүнийхээ аюулгүй байдлыг анхаарна. Монгол хүн бол төрийн дээд эрдэнэ байх болно. Би та бүхнийхээ итгэлийг зүтгэлээр хариулна” гэв. Бүх ард түмний хуралдайгаас захиа даалгавар авч гал бадраах ёслол үйлдэж журмын нөхдийнхөө халуун итгэл өвөртөлсөн нэр дэвшигч Н.Удвалаас цөөн асуултад хариулт авав.

 

  • Таныг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихдээ таван зорилго боловсруулж орсон гэсэн. Та дөнгөж сая гал бадраах ёслол үйлдэж, билэгдлийн таван сумаа хүлээн авлаа. Сэтгэгдэл ямар байна вэ?
  • Монгол Улсын Ерөнхийлөгч бол Монгол Улсын эв нэгдлийн билэгдэл. Монгол түмнийхээ сэтгэлийг нэгэн үзүүрт нэгтгэн зангидаж, монголынхоо үндэсний эв нэгдлийг бөхөлж, аргамжаарай гэж энэхүү гал бадраах ёслолыг үйлдэж билэгдлийн таван сумыг Их хуралдайн төлөөлөгчид гардууллаа. Билэгдлийн таван сумыг  Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байгаа миний бие ойлгохдоо үндэсний аюулгүй байдлаа манаарай, үндэсний эв нэгдлээ баталгаажуулаарай, үүнийг хамгаалж яваарай гэсэн ард түмний минь захиас гэж бодож байна.
  • Монгол Улсын Ерөнхийлөгчид дэвшинэ гэдэг их хариуцлага. Та энэ хариуцлагыг хүлээж чадна гэж бодож байна вэ?
  • Нэр дэвшинэ гэдэг нь хамгийн том хариуцлага. Энэ нь ямар нэгэн шагнал урамшуулал биш, ямар нэгэн өглөг биш, асар том хариуцлага бөгөөд Монгол эх орны хувь заяаг даатгасан хэрэг гэж бодож байна гэлээ.

 

 

        МАХН-ын их хурилдай монгол зан заншил, түүх уламжлал руугаа хандсанаараа олон хүний сэтгэлд омогшил төрүүлж байлаа. Тухайлбал, их хурилдайн төлөөлөгчид Ерөнхийлөгчийн сонгуулийн анхны эмэгтэй нэр дэвшигч Нацагийн Удвалд хүндэтгэл үзүүлэхдээ эмэгтэй хүн айл гэрийн , улс орны галын бурхан байдаг гэдэг утгаар  гал тахих ёслол хийлээ. Мөн түүний дэвшүүлсэн  “Таван бодлого-таван зорилт”  мөрийн хөтөлбөрт нийт монголчуудыг нэгдэхийг уриалж монголчуудын эв нэгдлийн билэгдэл таван сум /мөс/ -ыг  Н.Удвалд гардуулсан юм.

 

 

        Нэр дэвшигчид хүндэтгэл үзүүлэх их хурилдайд олон зочид, төлөөлөгч, гишүүд, дэмжигчид хүрэлцэн ирсэн байлаа. Тэдний дотор МАХН-ын дарга, Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч  Н.Энхбаярын  аав Намбар гуай ирсэн  юм. Мөн  Хөдөлмөрийн баатар, төрийн шагналт, аж үйлдвэрийн гавьяат ажилтан нэхмэлчин С.Гүнжинлхам, Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Ц.Гантөмөр нарын ахмад үеийнхэн, оюутнууд, залуучууд, эмэгтэйчүүд МАХН-аас нэр дэвшигчийг дэмжиж бас баяр хүргэж үг хэллээ.    Нөгөөтэйгүүр, Бүх ард түмний их хурилдай анх зохиогдсон өдрөөсөө эхлэн ард түмний үг хэлэх,  үзэл бодлоо илэрхийлэх индэр байсаар  ирсэн. Тиймээс эх орны өнцөг булан бүрээс ирсэн зочид төлөөлөгч, гишүүд, дэмжигчид өөрийн аймаг, сум, баг хороонд байгаа даруй өөрчлөх ёстой, шинэчлэх шаардлагатай асуудлуудыг нэр дэвшигчид дуулгасан юм. Таван суманд эв нэгдлээ багцалж, үргэлж цэвэр ариун, өөдөө дээшээ мандан бадрахын билэгдэл галын ёслолоор омогшлоо бадраасан Бүх ард түмний их хурилдай ийнхүү өвөрмөц, содон өнгө төрхөөр өрнөлөө.