Монгол улсын Эрүүгийн хууль бүгдэд тэгш үйлчилдэггүй жишээг бид олноор харсан.  Тэгвэл өнөөдөр найз бүсгүйгээ зодож хөнөөсөн этгээд, хүүхдүүдээ хазаж тамласан эцэг ижилхэн  3 жилийн ял авч байна. Тэдний учруулсан гэм хохирол олон нийтэд ил байхад ийнхүү гурван жилийн ял авч байгаад  эгдүүцэх иргэн цөөнгүй байна.  

Төрсөн хоёр үрээ хазаж тамалсан хэрэг өнгөрсөн 3-р сард гарсан билээ. Хэргийг Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1-р шүүх хянаж  иргэн Д-д 3.6 жилийн хорих ял оноосон. Д-д Эрүүгийн хуулийн 100.1 буюу байнгын тарчлаан зовоосон, 181.2.1 танхайн зүйл ангиар нийт 6 жилийн ялыг прокурорын байгууллагаас төлөвлөөд байсан юм. Харин шүүх хурлаас  4.5 жилийн ял оноосон юм.  Ингэхдээ өмнө нь гэмт хэрэгт холбогдож байгаагүй гэдэг үндэслэлээр нэг жилийг нь хасжээ. Мөн хүүхдүүдийн ээжид хохирол гэж 1.5 сая төгрөг олгохоор болсон байна.  Манай улсад сэтгэл санааны хохирлыг  барагдуулах ямар нэгэн тогтолцоо байхгүй болохоор  хүүхдүүдийн ээжийн 13 жилийн шаналал, гурван хүүхдийн төрөхөөсөө өдий хүртэл амссан гэр бүлийн хүчирхийллийг  шүүхийн байгууллага 1.5 сая төгрөгөөр үнэлжээ. Тэгтэл өнөөдөр бяцхан хүүхдүүд бусдаас айдаг, шөнө унтаж байхдаа цочиж сэрдэг, амьдралдаа арилшгүй толботой болж үлдэж байна.

Г.Алтанхүү  гэгч нөхөр хамтран амьдрагч  Б.Ц-ийг өнгөрсөн хугацаанд зоддог байсан бөгөөд үүний улмаас бүсгүй нас барсан байх магадлал тун өндөр.  Өөрөө хэлбэл талийгаачид хагалгаа хийсэн Шүүх эмнэлгийн эмч,  задлан хийсэн Шүүх шинжилгээний хүрээлэнгийн эмч нарын яриа зөрүүтэй байдаг. Үүнийг энгийнээр тайлбарлавал, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч н.Энхбаяр, н.Ганбат, н.Чулуунцэцэг нар охиныг үхэлд хүргэсэн шалтгааныг цөсний цоргоны үрэвслээс үүдэлтэй, цөсний хүүдий цоороогүй  гэжээ. Харин бодит байдал  дээр цөсний хүүдий цоорч, цөс ногоорсон байсан аж.  Өнгөрөгч арван нэгдүгээр сарын  14-нд Гэмтлийн эмнэлэгт талийгаач охинд хоёр дахь хагалгааг хийж цөсний хүүдийг авсан  байна. Үхэлд хүргэсэн бас нэг шалтгаан нь элэгний  үрэвсэл, үхжил гэж дүгнэжээ. Гэтэл хагалгаа хийх үед элэг задарсан  байсан учраас оёдол тавьсан байгаа юм. Үүнийг шинжээч дүгнэлтдээ огт  оруулаагүй байна. Нэг ёсондоо талийгаач  олон удаа өшиглүүлж, зодуулснаас элэг нь задарч оёдол тавьсан байна. Талийгаачийн үхлийн шалтгаан “Гадны нөлөөгүй” гэсэн. Харин хагалгаа хийсэн ГССҮТ-ийн эмч н.Цэнд-Очир талийгаачийг гадны нөлөөтэй, зодуулсан байдалтай ирснийг баталж байгаа юм. Охины нуруу, толгой маш их гэмтэлтэй, зарим шарх сорви тодорхой хугацааны өмнө үүсээд бүрэн эдгэж амжаагүй  ул мөр үлдсэнийг дүгнэлтэд дутуу бичсэн төдийгүй гэмтлийн зэргийг “Хүндэвтэр” гэсэн байна. Түүнчлэн дотуур цус алдалтын шалтгаан нь элэг задарснаас болсон байх магадлалтай аж. Учир нь их хэмжээний цус алдсанаас эхний хагалгааг зогсоохоос аргагүйд хүрч, цус тогтоох эмчилгээ хийсний дараа  дахин хагалгаа хийсэн нь үүнийг нотолно гэж ар гэрийнхэн нь үзэж байна. Хагалгаа хийсэн эмч н.Цэнд-Очир “Хэвлийн хөндийн битүү гэмтэл” гэж оношлоод, үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдоогүй гэж дүгнэсэн байдаг. Энэхүү зөрүүтэй мэдээллийг өнгөрсөн хугацаанд хэн ч тайлбарлаагүй.  Тайлбарлахгүй байгаа шалтгаан нь  үхсэн хүн үг хэлэх биш гэдэгт агаар нэг биз. Өчигдөр анхан шатны шүүхээс Г.Алтанхүүг найз бүсгүйгээ хөнөөгөөгүй, харин зоддог байсан болохоор гурван жилийн ял өгсөн байгаа юм.  

Тэгэхээр хүн “алсан”, төрсөн үрээ хазсан хоёр бараг ижилхэн ял авч байна.  Өөрөөр хэлбэл ялтан Д болон А нарын  саатуулагдсан хугацааг ял эдэлсэнд тооцно.  Тэдний хувьд  хүнд болон хүндэвтэр гэмт хэрэгт шийтгүүлж 3-3.6 жилийн ял авсан болохоор магадлангаар буюу ялынхаа талыг эдэлчихэд л гараад ирэх боломжтой болж байгаа юм. Өөрөөр хэлбэл Монгол улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулиар хүнд гэмт хэргээр ял эдэлж байгаа хүн ялынхаа 2/3-ыг эдэлсэн бол, хүндэвтэр гэмт хэргээр ял эдэлж байгаа хүн ялынхаа талыг эдэлсэн бол наранд гарах боломжтой болдог. Тэдний хувьд наранд гарах хугацаа жил хүрэхтэй үгүйтэй байгаа юм.

Дээр дурдсан хоёр хэрэг нь гэр бүлийн хүчирхийллийн нэг хэлбэр бөгөөд харгис аргаар үйлдэгдэж байна.  Үүнийг  хувь хүний ухамсар, боловсролоос гадна эрх зүйн орчноор  зохицуулахгүй шаардлагатай байна.

Хэрэв эдгээр иргэд наранд гарч ирвэл юу болох вэ? Ялтан Д эхнэр хүүхдүүдээ дарамтлахгүй гэх баталгаа хаана ч байхгүй.  Харин  ялтан А  дахин хэчнээн бүсгүйд гар хүрэх бол?  Тэдний хувьд шоронд саатуулагдах хугацаа нь гэмээ ухаарах хангалттай хугацаа мөн үү? Гэдгийг бодох л асуудал.  Ухаарсан ч, эс ухаарсан ч тэдэнд чип, спираль байрлуулж, хохирогчид ойртуулахгүй байх зэргээр  бусдыг хамгаалах арга хэрэглэх шаардлагатай байна.  Нөгөө талаас  сэтгэл санааны хохирлыг манай улсад үнэлэх үнэлгээ байхгүй нь гэмт хэрэгтнүүдэд  гишгэх газар олгож байгааг  эргэж харах цаг болжээ.   

Өөрөөр хэлбэл  хуулийн байгууллага нь нөлөөтэй ажиллаж,  Эрүүгийн хууль нь хэтэрхий цоорхойтой болохоор ял завшиж,  нийгэмд учруулах хор уршгийг нэмэгдүүлсээр байгаа нь  иргэдийн аюулгүй байдалд заналхийлсээр байна. Тиймээс Гэр бүлийн хүчирхийллийн тухай хуулийг боловсруулах шаардлага байгааг онцолж байна.  

А.Баярмаа