Сүүлийн үед зам тээврийн осол өсөх хандлагатай байгаа юм. Үүнийг зарим хүмүүс авто машин олширч байгаатай холбож тайлбарлаж байна.

Тэгвэл зам тээврийн ослын шалтгаан хийгээд хэрэг үйлдсэн жолооч нарын талаар, хүлээлгэх хариуцлагын асуудлаар Монголын Хуульчдын Холбооны гишүүн хуульч, өмгөөлөгч Д.Мөнхтуяатай ярилцлаа.

дарханы_замын_осол.1

- Зам тээврийн ослоор хүний амь нас, эд хөрөнгийг хохироосон хэрэг дээр өмгөөлөл үзүүлж байсан уу. Энэ талаар яриагаа эхэлье?
-Аливаа хүн өөрийн эрхээ хамгаалуулах, гэм буруугүй гэдгээ хуулийн үндэслэлтэйгээр нотлуулах, хүлээлгэх хариуцлагыг хөнгөрүүлэх үүднээс хууль зүйн туслалцааг мэргэжлийн хуульчаас авах эрхтэй. Энэхүү эрхийг хангах үүднээс Монгол Улсын Үндсэн хууль, ЭБШХ болон бусад олон хууль тогтоомжоор өмгөөлөгч авах эрхтэй болохыг хуульчилсан байдаг. Тухайн этгээд өмгөөлөгчөө өөрөө сонгож авдаг хуулийн зохицуулалттай. Миний хувьд Замын хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэгт холбогдсон этгээдийн хууль ёсны эрх ашгийг хамгаалахаар өмгөөллийн туслалцааг үзүүлж байсан. Харин замын хөдөлгөөний журам зөрчсөн захиргааны зөрчил гаргасан этгээд нь хууль зүйн туслалцаа авах эрхтэй болохыг хуульчилсан байдаг боловч практикт энэ эрхээ хэрэгжүүлэх нь цөөн байдаг. Захиргааны зөрчлийн улмаас бусдад учруулсан хор уршиг гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоос бага байдаг, хүлээх хариуцлагын хэмжээ хөнгөн байдагтай холбоотой хууль зүйн туслалцаа авах эрхээ хэрэгжүүлэхээр ханддаггүй. 

-Зам тээврийн осол гарахад буруутай талын этгээд нас барсан тохиолдолд хуулиндаа ямар хариуцлага хүлээдэг вэ? 
-Энэ тохиолдолд Эрүүгийн хуулинд гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай этгээд зөвхөн өөрөө хариуцлага хүлээнэ гэж заасан байдаг.

-Осол гаргасан иргэний хувьд өөрөөсөө шалтгаалаагүй байгалийн эсвэл машины эд ангиас болсон тохиолдолд яаж  шийдвэрлэдэг вэ?
-Эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуулинд заасан үндэслэл журмын дагуу явагдах ёстой. Иргэний хувьд өөрөөс нь шалтгаалаагүй байгалийн эсвэл машины эд ангиас болсон нөхцөл байдлыг эрх бүхий байгууллагууд шалган тогтоосон тохиолдолд тухайн нөхцөл байдлыг харгалзан үзэж шийдвэрлэнэ. Тухайлбал жолооч машинаа жолоодоод явж байтал гэнэт уулнаас үерийн ус бууж ирэх, уулын чулуу нурах зэрэг жолооч зогсоох боломжгүй нөхцөл байдалд бусдын бие махбоди, эд хөрөнгөд хохирол учруулсан тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүй. 

- Гарцаар гарч байсан иргэнийг мөргөж хөнөөх, эсвэл гэмтээчихээд зугтах тохиолдол  цөөнгүй гардаг. Энэ төрлийн хэрэг  өмгөөллийн туслалцаа хэр авч байдаг вэ? 
-Зам тээврийн осол гаргасан жолооч хохирсон этгээдэд яаралтай тусламж үзүүлээгүй, эмнэлэг болон цагдаа дуудаагүй, түүнчлэн хүн гэмтээгүй ч осол гарсан газрыг санаатай орхиж зугатаасан гэмт хэрэгт холбогдсон хүмүүс өмгөөллийн туслалцаа их авдаг. Энэ үүргээ биелүүлээгүйн улмаас гэмт хэрэгтэн болж ял шийтгэл авдаг харамсалтай тохиолдлууд байдаг. Хэрвээ осол гарсан газрыг орхиж зугатаагаагүй цагдаа дуудаад шалгах ажиллагааг хийлгэсэн бол хорих ял биш захиргааны шийтгэл хүлээгээд өнгөрөх байсан жишээтэй.  Иргэд айж сандарснаас болж осол болсон газрыг орхиж зугатаагаад энэ төрлийн гэмт хэргийг үйлддэг гэдгээ ойлгодоггүй. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг нь болгоомжгүй үйлдэгддэг учир айж сандрах хэрэггүй, хохирсон хүнд яаралтай тусламж үзүүлж, эмнэлэг болон цагдаа дуудаж байх хэрэгтэйг иргэддээ зөвлөмөөр байна. Энэ нь өөрсдөд нь л хэрэгтэй юм. 

-Зам тээврийн ослоос болж хүний амь нас хохироосон хэрэг дээр хуулийн хариуцлага харилцан адилгүй байдаг. Тухайлбал, Өнгөрсөн оны зургаадугаар сард Сүхбаатар аймгаас Улаанбаатарын чиглэлд явж байсан “Дайчинсүх” ХХК-ийн жолоочид есөн жилийн ял оноосон. Ер нь том осол гарсан тохиолдол хуулиар ямар хариуцлага хүлээдэг вэ? 
-Шүүхээс гэм буруутай нь тогтоогдсон этгээдэд ял оногдуулахдаа эрүүгийн хуулинд зааснаар тухайн этгээдийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг, хохирлын хэмжээ, хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзнэ. “Дайчинсүх” ХХК-ийн жолоочид есөн жилийн ял оноосон хэргийн талаар би мэдэхгүй, нэгэнт шийдвэрлэгдсэн хэрэгт ийм тийм байсан таамаг дэвшүүлэх нь утгагүй болно. Ер нь иргэдэд ойлгомжтойгоор хэлэхэд замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн гэмт хэрэг үйлдсэн этгээдэд оногдуулах ял нь хүний биед учруулсан гэмтэл нь “хүндэвтэр” зэргийнх байхын бол хорих ялгүй, “хүнд” байхын бол гурван жил хүртэл хорих ялтай, хүний амь нас хохирсон бол гурваас дээш таван жил хүртэл хугацаагаар хорих ялтай хоёр буюу түүнээс дээш хүний амь нас хохирсон бол таваас дээш арван жил хүртэл хорих ялтай байхаар эрүүгийн хуулинд хуульчилсан байдаг. Мөн бусдын эд хөрөнгөд учруулсан хохирлын хэмжээнээс хамаараад мөн хорих ялууд өөр, өөр байна. Энэ төрлийн гэмт хэрэг болгоомжгүйгээр үйлдэгддэг тул хорихоос өөр төрлийн торгох, баривчлах зэрэг сонгох ялууд ч байна. Ер нь ялыг хэрхэн сонгож, тохируулж хэрэглэх асуудал хууль тогтоомжоо баримтлан шүүхийн шийдвэрлэх асуудал тул энэ талаар иргэдэд мэдээлэл өгөх нь тэднийг төөрөгдөлд оруулж болзошгүй гэдгийг хэлэх нь зүйтэй. Мэдээлэл авч байгаа иргэд ч анхааралтай хандаж өөрсдөдөө тохиолдсон тохиолдолтойгоо шууд холбож ойлгож болохгүй гэдгийг анхаарна бизээ.

-Ер нь жолооч нар зам тээврийн осол гарчихаад тухайн осол өртсөн хүнтэйгээ тохиролцоонд хүрээд явдаг. Өмгөөлөгч хүний хувьд энэ хэр зохимжтой байдаг вэ? 
-Тухайн зам тээврийн осол нь захиргааны зөрчилд хамаарч байвал зөрчил гаргагч нь жолоочийн хариуцлагын даатгалд заавал даатгагдсан байдаг тул даатгалаас учруулсан хохирлоо төлөөд тохиролцоод явдаг. Энэ нь зөрчил гаргагч болон холбогдох этгээдийн цагийг хэмнэсэн, шалгаж буй этгээдийн хувьд ажлын ачааллыг бууруулах ач холбогдолтойг хэлмээр байна. Гэмт хэргийн хувьд гэм буруутай этгээд нь хохирогчтой харилцан тохиролцож, хохирол төлбөрөө барагдуулж, эвлэрэх нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, гэмт хэргийн ангилалаараа хөнгөн зэргийн ангилалд хамаарах хэргийн хувьд эрүүгийн хариуцлагаас чөлөөлөгдөх, хорих ялыг биечлэн эдлэхгүй “тэнсэх” зэрэг ач холбогдолтой юм. Шүүх ч хохирол төлбөрийг төлсөн, эвлэрсэн зэргийг харгалзан ял оногдуулна.
 

Д.Ундрах