Монгол улсын гурван сая дахь иргэн охин бөгөөд Өмнөговь аймагт мэндэлжээ
2015/01/27
Монгол Улсын 3 сая дахь иргэн, түүний чацуутнуудыг тодорхойлох, тэднийг угтах, алдаршуулах үүрэг бүхий Үндэсний ажлын хэсгийн ээлжит хуралдаан өнөөдөр болов.
Хуралдааныг Ажлын хэсгийн дарга, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан удирдаж тус ажлын хэсгийн гишүүн, УИХ-ын гишүүн, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ, Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба, Ерөнхийлөгчийн зөвлөх Р.Болд, Үндэсний статистикийн хорооны дарга С.Мэндсайхан, МҮОНРТ-ийн ерөнхий захирал Ц.Оюундарь, Хүүхдийн төлөө газрын дарга И.Нарантуяа болон ажлын хэсгийн бусад гишүүд оролцлоо.
Үндэсний статистикийн хорооны дарга С.Мэндсайханы танилцуулснаар Монгол Улсын 3 сая дахь иргэн энэ 2015 оны 1 дүгээр сарын 24-нд мэндэлсэн байна. Гурван сая дахь иргэнийг 1000-ны нарийвчлалтайгаар, 1 дүгээр сарын нийт төрөлт, нас баралтыг нарийн тооцож тодруулжээ.
Монгол Улсын 3 сая дахь иргэнээр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Нэгдсэн эмнэлэгт 1 дүгээр сарын 24-ний өглөө эцэг Энхтүвшингийн Хатанболд, эх Ганбатын Аззаяа нарын гэр бүлд мэндэлсэн охин тодорсон байна.
Ажлын хэсгийн дарга, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан “3 сая дахь иргэнээр охин хүүхэд тодорч, араас нь ихрүүд мэндэлсэн нь Монгол Улсын хүн ам өсөн дэлгэрч, улам олуулаа болохыг бэлгэдлээ” гэлээ.
Өнөөдөр морин цагт буюу 11.40 цагаас Монгол Улсын 3 сая дахь иргэн мэндэлснийг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид айлтгах гэж байна.