М.Энхболд Х.Чойбалсангийн зээ охинд хүндэтгэл үзүүлэв
2015/02/05
МАН-ын дарга, УИХ-ын дэд дарга М.Энхболд Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Ардын хувьсгал, МАН-ыг үндэслэгч анхны долоогийн нэг, маршал, өрлөг жанжин Хорлоогийн Чойбалсангийн мэндэлсний 120 жилийн ойг тохиолдуулан маршалын зээ охин Ч.Халиуныг хүлээн авч уулзан хүндэтгэл үзүүллээ. МАН-ын дарга М.Энхболд улс төрийн нөхцөл байдал амаргүй байсан үед маршал Х.Чойбалсан нь эх орныхоо тусгаар тогтнолын төлөө амь биеэ хайрлахгүй зүтгэж ирсэн улс төр, нийгмийн зүтгэлтэн, цэргийн жанжин хүн байсныг онцлоод он цаг улирах тусам түүхийн үнэн, маршалын үйл хэрэг улам бүр тодорч байна гэлээ. Тэрээр "Сүүлийн үед зарим нэг хүн түүхэн бодит үнэнийг гуйвуулж байгаад харамсдаг. Түүхийг хэзээ ч мушгин гуйвуулж болохгүй. Монгол Улсын тусгаар тогтнолын түүх бол МАН-тай салшгүй холбоотой. Маршал Х.Чойбалсан бол орчин цагийн ардын арми, батлан хамгаалах салбарыг үндэслэгчдийн нэг байсан. 1921, 1939 онд эх орноо харийн булаан эзлэгчдээс чөлөөлж, 1945 онд эх орноо тусгаар тогтносон бүрэн эрхт улс болохыг хүлээн зөвшөөрүүлсэн манай эх орны түүх нь маршал Х.Чойбалсангийн түүхэн үүрэг, гавьяа замналтай салшгүй холбоотой, хойч үеийн бахархан дуурсах үйлс мөн юм. Маршалын мэндэлсний 120 жилийн ойг тохиолдуулан танд болон таны төрөл төрөгсдөд МАН-ын дарга болон МАН-ын Удирдах зөвлөлийн нэрийн өмнөөс талархал илэрхийлье" гэлээ.
Маршал Х.Чойбалсангийн зээ охин Ч.Халиун МАН-ын удирдлагууд хүлээн авч хүндэтгэл үзүүлсэнд талархлаа илэрхийлээд өвөөгийнхөө үйл хэргийг мөнхжүүлэх, олон нийтэд таниулах чиглэлээр тодорхой ажлуудыг хийхээр төлөвлөж байгаагаа хэлсэн юм. Маршал Х.Чойбалсангийн мэндэлсний 120 жилийн ойд зориулсан арга хэмжээ бүтэн жилийн турш үргэлжлэх бөгөөд МАН-аас өнөөдөр "Монгол Улсын тусгаар тогтнолд маршал Х.Чойбалсангийн гүйцэтгэсэн үүрэг" эрдэм шинжилгээний бага хурал, Монголын үндэсний музейтэй хамтран "Маршал Х.Чойбалсан" үзэсгэлэн зохион байгуулж байгаа юм.
Түүнчлэн ойн үеэр маршалын үйл хэргийг харуулсан баримтат кино, ном товхимол бүтээх юм байна. Уулзалтад МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат, нарийн бичгийн дарга Т.Гантулга, Х.Булгантуяа, "Стратеги" академийн захирал А.Ундраа, МАН-ын бүлгийн зөвлөх Б.Энхбаяр, М.Оюунчимэг нар байлцлаа.