Огцруулахаас өөр “ид шидгүй” бие даагчид
2015/02/08
Намаас нь нэр дэвших квот олгоогүйд уурссан МАН-ын гишүүн асан Ц.Даваасүрэн өнгөрсөн УИХ-ын сонгуулиар Хөвсгөл аймагт бие даан нэр дэвшиж сонгогдсон.
Тэгвэл гурилын үйлдвэрийн эзэн Х.Болорчулуун Дорнодоос, “Үйлдвэрчин” С.Ганбаатар Дарханаас бие даан нэр дэвшиж, УИХ-ын гишүүн болцгоосон. Ийнхүү энэ парламентад “бие даагчид” гэх “сөрөг хүчин” үүссэн гэж хэлж болно. Мэдээж бие даагчид сөрөг хүчний үүргээ гүйцэтгэж, шинэчлэлийн гэх тодотголтой Н.Алтанхуягийн Засгийн газрыг нэлээд шүүмжилсэн.
Тиймдээ ч өнгөрсөн 2013 оны 10 дугаар сард УИХ дахь бие даагчдын зүгээс Оюутолгойн асуудлаар байр сууриа илэрхийлж, Засгийн газрыг огцруулна гэцгээж байв. Эргэн сануулбал тухайн үед УИХ-ын гишүүн С.Ганбаатар “УИХ дахь бие даагч гишүүд болон нийт 24 гишүүнээс бүрдсэн УИХ-ын гишүүд есдүгээр сарын 24-нд Ерөнхий сайдад шаардлага хүргүүлсэн. Шинэ ТУЗ-ийн гишүүд гэрээ хэлэлцээр хийж байгаа бол УИХ, монголчуудад нээлттэй байх ёстой. Хэлэлцээрийн талаар УИХ-д нээлттэй тайлагнах ёстой. Хэрэв Засгийн газар шаардлага биелүүлэхгүй байвал бие даагчдын зүгээс Засгийн газрыг огцруулах хүртэл санал гаргана” гэж байв.
Ийнхүү бие даагчид тухайн үедээ Засгийн газрыг огцруулах асуудлыг ярина хэмээн мэдэгдэж байсан билээ. Тэгвэл тэдний огцруулах дараагийн хүн нь Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал болоотохов. Тодруулбал, өнгөрсөн 2014 оны тавдугаар сард бие даагчид Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргалыг огцруулах саналаа УИХ-ын дарга З.Энхболдод өргөн барьсан байдаг.
Тухайн үед бие даагчид “Ажлаа муу хийсэн Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргалын асуудлыг УИХ-аар авч хэлэлцэх ёстой. Монголбанк мөнгөний бодлогоо буруу явуулсан, мөнгөний бодлого алдагдсанаас эдийн засгийн өнөөгийн хямралт байдалд хүрлээ. Мөнгөний нийлүүлэлтээр үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих ёстой атал барилгын салбарт хөрөнгө оруулалт хийж, хамаг валютаа гадагшлуулсан. Барилга импортын хамаарал ихтэй. Эдийн засгаа тэлэх бодлого нь зөв ч арга нь буруу байв. Импортыг дэмжих салбарт хөрөнгө оруулалт хийх ёстой. Тиймээс УИХ өөрийн томилсон Монголбанкны Ерөнхийлөгчид хариуцлага тооцох ёстой" хэмээн мэдээлж байсан юм.
Ийнхүү бие даагчид хэн нэгнийг огцруулах санал өргөн барихгүй л бол өөр хийх ажил олдохгүй байгаа юм шиг аашилдаг болсон гэхэд болно. Хамгийн сүүлд тэд Засгийн газрын хэрэг эрхлэх дарга С.Баярцогтыг огцруулах саналыг өнгөрсөн долоо хоногт гаргаад амжив. Энэ удаа Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогтыг огцруулах саналд бие даагчдаас гадна УИХ-ын гишүүн Г.Уянга, Л.Цог нар нэгдэж гарын үсгээ зуржээ. Түүнийг огцруулах үндэслэлээ “Засгийн газрын хэрэг эрхлэх дарга С.Баярцогтын гарын үсэгтэй “Эрдэнэс Оюутолгой” ТӨХ-д хуулийн зөвлөгөө авах нэрийдлээр АНУ-ын “Painter law firm” нэртэй, гэр бүлийн хоёр гишүүнтэй компанид 17 тэрбум 500 сая төгрөгийн санхүүжилтыг 2015 оны төсөвт суулгасан бөгөөд урьдчилгаа 455 сая төгрөгийг шилжүүлсэн”-ээр тайлбарласан.
Ямартай ч дээрх хэрэг ноцтой асуудал мөн ч бие даагчдын тухайд огцруулах асуудлаар мэргэшиж, гацаа үүсгэдэг болоод байгаа нь нууц биш. Тиймдээ ч огцруулахаас өөр “ид шидгүй” гэх тодотголыг аваад байгаа юм. Ямартай ч өнгөрсөн 2014 оны 11 дүгээр сард бие даагчид мэдээлэл хийх үеэр УИХ-ын гишүүн Х.Болорчулуун “Өнөөдөр төрийн дээр нам гарчихаад байна. Хэрэв өнөөгийн Засгийн газрыг эмхлэн байгуулахдаа намууд нэгдэж МАНАН байгуулах болвол бие даагчид сөрөг хүчин болж ажиллана. Сөрөг хүчингүй парламент гэж байж болохгүй” хэмээн сөрөг хүчин болохоо мэдэгдээд амжсан.
Тухайн үед бие даагчид Засгийн газраа яаралтай эмхлэн байгуулах нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлж байсан. Тэгвэл өдгөө дахиад л хэн нэгнийг огцруулах тухай албан бичиг шидлэх болов. Тэгвэл үүнийг “шийдлийн” гэх тодотголтой Ч.Сайханбилэгийн Засгийн газарт бие даагчид “бялуу” хүртэж чадаагүйтэй холбоотой гэж тайлбарлах нэгэн ч байгаа юм.
Зочин · 2015/02/09
Ed nariin zov shyy dee Hulgaich luivarchidtai yaj hamt yavah yum be HAmt yavbal hulgaich l bolno shyy dee