“ТаванТолгой”-н шинэ эзнээр Монголын үндэсний компаниудыг төлөөлөн “Эм-Си-Эс”  тодроод байгаа. Үүнийг зарим улстөрчдийн зүгээс хүчтэй эсэргүүцэж байгаа ч Засгийн газар  “Тавантолгойн” гэрээнд гарын үсэг зурах гэж байна.
Тус ордын төлөөх“дайнд” гадаад, дотоодын олон компани өрсөлдсөн ч Засгийн газраас хөрөнгө оруулагчдын дотор үндэсний компани байх ёстой, хувь эзэмшил нь 51 хувиас буухгүй байх ёстой гэсэн шалгуур тавьсан нь “Энержи ресурс”-д энэхүү том боломжийг олгож, улстөрчдийг эргэлзэхэд хүргээд байгаа.
Гэрээний төсөлд заасан 30 жилийн хугацаанд нийтдээ 10 тэрбум долларын ашиг орж ирнэ гэсэн тооцоог хэвлэлүүдээр мэдээлжээ. Гэтэл үүнээс Монголын ард түмэнд хэдэн хувь нь ногдол ашиг болж хувь үлдэх нь тодорхойгүй байна. Төр засгаас Тавантолгойгоо гаднынханд тавиад туучихгүй, хэдэн жилийн өмнө Монголынхоо иргэн бүрт эзэмшүүлсэн 1072 хувьцааны хувь заяа ч тодорхойгүй байгаа үед зайлшгүй анхаарал татах ёстой асуудал энэ болоод байна.
 

Үүнээс үүдээд тендерт үндэсний энэ том эрх ашгийг төлөөлөн оролцож буй “Эм Си Эс”-ийн охин компани болох ММС нь  Монголын ард түмэнд, дотоодын туслан гүйцэтгэгч, ханган нийлүүлэгч  компаниудад хэр өгөөжтэй ажиллаж чадах  вэ гэдэг нь анхаарал татаж буй.
Эзэн болж буй Эм Си Эс компанийн Монгол дахь үйл ажиллагааг сонирхож үзлээ. Харамсалтай нь Монголчууддаа өгөөжтэй байсан түүх ховор аж. Дөнгөтийн Цоодол гуайн “Харамчийнхий дууль” гэж алдартай зохиол бий. Энэ зохиолын бодит амьдрал “Эм Си Эс”-ийн түүхээс харагддаг гэж хэлэх нэгэн ч бий. Ах дүүсийх нь байгуулсан компаниуд нь бие биенээ татаж томруулж,  том том төслүүдийн гүйцэтгэлийг хийдэг. Сонгон шалгаруулалт нэртэй тендерт зөвхөн өөрсдийнх нь компаниуд оролцож ялдаг тул  ах дүүсийнх нь байгуулсан эдгээр охин компаниуд нь тоогоо алдсан талаар “Эм Си Эс”-д хамааралгүй үндэсний компаниудын дунд шүүмжлэл байдаг. Ямар сайндаа М Си Эс самрын  мөнгөө ч цөмдөг гэж яриа гарах билээ.
Эх орныхоо газар шоронд буй баялагт эзэн сууж байгаа “М Си Эс”-ийхэн бусаддаа ч гэсэн боломж олгож, шалны алчуур, бээлий, ажлын хувцас, гээд тоо томшгүй олон боломжуудаасаа олгоосой. Тэгвэл үндэсний үйлдвэрлэгчид, жижиг дунд үйлдвэрлэлийхэн хичнээн их баярлах болоо. Харамсалтай нь “М Си Эс”-д явагддаг бүх ажил дотооддоо өрнөдөг. Харин гадныханд бол найр тавин ажлаа өгдгийг тэдний хамтрагч гадны компаниудаас харж болно.  БНСУ-ын Samsung  гэх зэрэг нэр нөлөө бүхий компаниуд өнөөдөр “Эм Си Эс”-ийн том төслүүд дээр тухайлбал Шангрилагийн гол гүйцэтгэгчээр ажилдгийг Монголчууд бүгд мэднэ. Энэ бол том төсөл. Тэр утгаараа энэ төслийн өрөм нь гаднынханд харин хусам, шимэлдэг нь бидэнд үлдэж байгаа нь нууц биш.
Тавантолгой бол  монголчууд бидний бүгдийнх нь ирээдүйтэй холбоотой,  тиймээс бид таван толгойнхоо ашгаас хүртэж, ажлаас нь хуваалцах нь зүй ёсны л асуудал.
Монголын баялагийг эзэмших, зарах эрхийг авч байгаагийн хувьд жижиг дунд бизнесийхэнд Засгийн газар болон М Си Эс компани өртэй болж байна. Энэ өрийг самрын мөнгөнөөсөө хуваалцаж гэмээнэ үндэстнийхээ өмнө нийгмийн хариуцлагаа хүлээж байгаагийн нэг илрэл болох болов уу.
Үйлдвэрлэгчдийг  дэмждэг худалдаа аж үйлдвэрийн танхим, ”Монгол 999” –ийнхэн үгээ хэлэх цаг нь болж ээ.