-Та Монгол Улс дахь улс төрийн хэлмэгдүүлэлт, цагаатгалын бодлого, түүний учир шалтгаан, хор уршиг, сургамжийн талаарх судалгааны ажил хийж, олон түмний хүртээл болгосоор ирсэн эрдэмтэн хүн.

Саяхан 1950-60-аад оны “Сэхээтний төөрөгдөл”, “Намын эсрэг хэрэг” гэсэн дуулиант хэлмэгдүүлэлтийн талаар эрдэм шинжилгээний хурал зохион байгууллаа. Энэ талаар тодруулна уу?

-Монголын улс төрийн хэлмэгдэгсдийн холбоо, Архив, Түүхийн хүрээлэнгийн эрдэмтэдтэйгээ хамтраад “Намын эсрэг бүлэглэсэн хэрэг” гэгч улс төрийн хилс хэрэг, түүний сургамж гэсэн эрдэм шинжилгээний бага хурлыг хийлээ. Одоогоос яг 50 жилийн өмнө, 1965 оны нэгдүгээр сарын идэр есийн жавар тачигнасан үеэр Монголын олон сайхан сэхээтнийг “Намын эсрэг бүлэг” гэх улс төрийн зохиомол хэргээр шоронд хорьж мөрдөн байцааж, гэр бүлээр нь нутаг заан цөлж хэлмэгдүүлсэн тухай, түүний  сургамжийн тухай эрдэм шинжилгээний  сонирхолтой хурал боллоо.

-Нутаг заан, цөлөгдөж байсан хүмүүсийн тухай хурал дээр яригдаж байсан?

-Хот суурин руу эргэж явах эргүйгээр хүнд хатуу нормтой ажил хийлгэж, хатуу харгалзаанд байлгаж, нэг насаар нь нийгмээс шоовдорлох бодлогыг нутаг заан цөлөх гэж байгаа юм. МАХН-ын Төв Хорооны гишүүн, САА-г Удирдах газрын дарга Ц.Лоохууз, Өмнөговь аймгийн намын хорооны дарга Б.Нямбуу, Статистикийн Төв газрын дарга Б.Сурмаажав, МАХН-ын Төв хорооны ажилтан А.Дашнамжил, Хэнтий, Дорнод аймгийн намын хорооны I нарийн бичгийн дарга асан Н.Гунгаажав зэрэг Монголын олон сэхээтнийг баривчлан НАХЯ-ны шоронд мөрдөн байцааж байгаад цөлсөн байдаг.

-Тэгээд цөллөгийн нөхцөлд яг ямар байдалтай байлгаж байсан юм бэ. Энэ талаар хүмүүст ойлголт үнэндээ алга. Тодорхой мэдээлэл өгнө үү?

-Дашнамжилыг л гэхэд долоон сартай жирэмсэн эхнэр, ой гарантай нялх хүүхэдтэй нь нэг цаг хүлээлгэвэл 25 төгрөгийн торгуультай ачааны машиныг байрны нь гадаа зогсоож,  шаардаж байгаад хүчээр нүүлгэн авч явжээ. Хятад жолоочтой, “До” яамны харгалзагчтайгаар, дүн өвлийн хүйтнээр шүү дээ. Нүүдлийн зам зуур айлаар оруулахгүй, суурин газарт хонуулахгүйгээр шууд Өмнөговь аймгийн Гурвантэс сумын давс олзворлох газарт хүргэжээ. Тэр нь туйлын хүнд ажил байж. Давсаа нуураас ухаж гаргаад хагас км газар үүрч өдөрт 440 кг давс олзворлон зөөх хатуу нормтой байж. Хүнд ажилд нухлагдсан Дашнамжил ажлаа хөнгөвчлөх, хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлэх зорилгоор дугуйт тэрэг хийж, төмөр замын релс дээгүүр мотоциклын мотор ашиглан вагончигоор зөөх арга бодож олжээ. Тэгээд амьдралд турших гэснийг нь Намын Хянан шалгах хорооноос хүн ирж болиулсан гэж байгаа. Энэ нь зориуд боолын хөдөлмөрт залхааж байгаад үхүүлэх гэсэн арга. Тиймээс Дашнамжилыг зориуд хүнд нөхцөлд бүтэн дөрвөн жил хатаажээ. Түүгээр зогсохгүй өвчтэй, хэвтэрт байсан эцэгтэйгээ уулзах гэсэн арваад удаагийн өргөдөл, хүсэлтийг нь Ю.Цэдэнбал, түүний тойрон хүрээлэгчид зөвшөөрөлгүй тас хориглон уулзуулаагүй гэдэг.  Түүний хүү Д.Цогтбаатар байна. Түүнийг л гэхэд Гэгээрлийн яамны орлогч сайд хүн  сургуулиас нь хөөжээ. Иймээс 1-р ангид сурч чадаагүй. Нялх хүүхдийнх нь сурч, боловсрох эрхийг нь ч бүдүүлгээр зөрчжээ. Энэ нь зориуд зохион байгуулсан өш хонзонгийн сэдэлттэй залхаан цээрлүүлэлт байжээ.

-Саяхан болтол тийм айхтар хэлмэгдүүлж байсан гэж үү. Хүмүүс хэлмэгдүүлэлт гэдгийг 1937 оноор л төсөөлдөг шүү дээ?

-Дээр дурдсан бас нэг сэхээтэн Гунгаажавыг л гэхэд эцэг Намжилын Лувсан нь хэлмэгдэн Орост цөлөгдөж амь үрэгдсэн. Өөрөө Ю.Цэдэнбалын борцлох бодлогод өртөн Хөвсгөлийн Цагааннуурын мөсөн дээр цөлөгдөөд бас л амь насаа алджээ. Түүнийг чихрийн шижин өвчтэй байсынг мэдсээр атлаа зориуд мөнх цэвдэгтэй, эмчгүй газар хорлонтойгоор цөлсөн гэж хүү Г.Болдбаатар нь өгүүлжээ. Ачааны машин дээр гэр бүлээр нь суулгаж, бартаат замаар гурав хоногийн турш явж байж цөллөгийн газартаа хүрцгээжээ. Очингуут л Гунгаажавт 17 кг-ын том лоом бариулж, дөрөв хүртэл метрийн мөс нүдэж, тор тавьж байж загас барьдаг, хатуу тогтоосон өдрийн нормтой ажилд нухалжээ. Ингээд 28 хоног дээрээ хөдөлмөрийн хүнд нөхцлөөс болж бие нь муудаж. Хөвгөл аймгийн эмнэлгийн бараа харангуут “Аймгийн төвд байлгаж болохгүй гэсэн. Эрүүл хүн байна” гээд буцаагаад хөөсөн гэж байгаа. Энэ тухай С.Баатар “Эх орончид ба Ю.Цэдэнбал” бүтээлдээ тов тодорхой бичсэн. МАХН-ын Хянан шалгах хорооны ажилтан Цэнджаргал гэгчийг “дээрээс” явуулж, Гунгаажавтай уулзуулаад, “Буруугаа хүлээсэн бичиг, гарын үсэг хийж өг!. Тэгвэл Улаанбаатарт оруулж эмчлүүлнэ” гэсэн болзол тавьжээ. Үүнийг Гунгаажав зөвшөөрсөнгүй. Надад хийсэн хэрэг, хүлээх буруу байхгүй гэж. Дарангуйлагчдын өмнө хүчин мөхөстсөн хөөрхий залуугийн эхнэр нь ч бас “амь насаа бодооч. Тэр бичгийг нь бичээд өгчих” гэж аргагүйн эрхэнд нөхрөө ятгасан боловч хүний амь насыг барьцаалсан улс төрийн тавлалын өмнө бууж өгсөнгүй. Эрүүл мэнд нь дордсон хатан зоригт эрийг носилькон дээр дамжлаад авралын найдвар болсон эмнэлэгт хүргэх онгоцонд оруулжээ. Гэтэл дээрээс өгсөн үүрэг гэдгээр Гунгаажавыг онгоцноос буцаан буулгаж, эмнэлэгийн тусламж үзүүлэлгүй 1967 онд амь насыг нь хөнөөжээ.

-Та 1950-60-аад оны эхэн үеийн Монголын улс төрийн амьдрал ямар байсан  талаар тодруулна уу!

-1952 онд Х.Чойбалсан, 1953 онд И.В.Сталин нас барснаар БНМАУ-д нэг хүний дарангуйллын дэглэм харьцангуй суларчээ. 1956 онд ЗХУКН-ын ХХ Их Хурал хуралдаж, ЗХУКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Н.С.Хрущев 1956 оны 2-р сарын 25-ны оройноос 26-ны өглөө хүртэл хаалттай хуралдаан дээр “Нэг хүнийг тахин шүтэх явдал болон түүний үр дагаварын тухай” гэдэг олныг шуугиулсан илтгэлээ тависан юм.

Н.С.Хрущев илтгэлдээ И.Сталиныг тахин шүтэж байсан, түүний хор уршгийг олон талаар илчлэн ихээхэн шүүмжлэлтэй хандаж, нэг хүнийг тахин шүтэхийн хор уршгийг буруушаагаад  Зөвлөлт нийгмийг Сталинизмаас цэвэрлэх асуудлыг зоригтой гаргаж тависан юм. Тэрбээр Зөвлөлтийн ард түмэн айдас хүйдэс дунд амьдарч байна. Тэднийг аврах хэрэгтэй. Сэтгэлээс нь айдас хүйдсийг авч хаях шаардлагатай байна гэж байв. Н.С.Хрущевын дулаарал гэж түүхчид бид үүнийг нэрлэдэг л дээ. Түүний нөлөөгөөр хойд хөрш төдийгүй Монгол зэрэг социализмын чиг баримжаатай орнуудад улс төрийн уур амьсгал харьцангуй зөөлрөн хамтын удирдлагын зарчим сэргэх бололцоо нээгдсэн юм.

-Тэр түүхэн чухал, томоохон хуралд Монголын удирдлагуудаас хэн хэн оролцсон бэ?

- ХХ Их Хуралд 55 орны коммунист ба ажилчны намын төлөөлөл оролцжээ. Манай улсаас БНМАУ-ын СнЗ-ийн Ерөнхий сайд Ю.Цэдэнбал, МАХН-ын Төв Хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга  Д.Дамба, МАХН-ын Төв Хорооны УТТ-ны гишүүн НТХ-ны нарийн бичгийн дарга Д.Төмөр-Очир гурав оролдов. Харин Н.С.Хрущев монголын төлөөлөгчдийн тэргүүн гэсэн утгаар төлөөлөгчдөөс зөвхөн Д.Дамбыг тусад нь хүлээн авч уулзжээ.

Тэд эх орондоо эргэж ирээд 1956 оны 4 дүгээр сард МАХН-ын Төв Хорооны IV бүгд хурлыг хуралдуулж, нэг хүнийг тахин шүтсэний улмаас хуулийг зөрчиж байсан явдлыг нарийвчлан шалгах асуудлыг Д.Дамба илтгэлдээ тавьжээ.  Монголд нэг хүнийг тахин шүтэхийг газар авахуулж, улс төрийн хилс хэргээр олон хүнийг хэлмэгдүүлсэн асуудлыг хянан илчилж, улс төрийн хариуцлага тооцох нь зүйтэй гэсэн байр суурь баримтлах болсон байна. Гэтэл Ю.Цэдэнбал дарга энэ асуудалд нилээд цааргалангуй хандсан байдаг юм. Тиймээс ч Д.Дамба даргатай иймэрхүү маш тодорхой асуудлаар зөрчилдөн маргалддаг болж, улмаар хэлмэгдүүлжээ.

-Нэрт эрдэмтэн Б.Ринчен ЗХУКН-ын ХХ их хурлын үзэл санаанд зоригжиж Н.С.Хрушевт захидал бичсэн гэдэг. Энэ тухай тодруулаач?

-Б.Ринчин гуай Москва хотноо “Метрополь” зочид буудалд буудалласан үедээ 1956 оны 12 дугаар сарын 14-нд Н.С.Хрущевт захидал бичиж, “мянган жилийн уламжлалтай, мянган жил үйлчилсэн хэлэндээ сайтар зохицон таарсан” монгол бичгийг орхиулж орос үсгийг албан шаалтаар хэрэглүүлж байгааг шүүмжилж, энэ талаар Цэдэнбалд удаа дараа бичиж, уулзах тоолондоо шахам хэлж байсан боловч Цэдэнбал нэг их харууссан дүртэй өөдөөс ширтээд дуугүйхэн инээмсэглэж суудаг байлаа. Цэдэнбал юм хэлж зүрхлэхгүй, чадахгүй гэдгийг би ч мэдсээн. Энэ алдааг засч залруулах цаг болсныг бодвол зохилтой гэдгийг саналаа хэлэх зүрхгүй манай удирдагчдад зөвлөн хэлж өгөхгүй юу гэж Танаас хүсье” гэсэн байгаа юм.

-Ю.Цэдэнбал дарга монголд гавьяа байгуулсан, гай ч тарьсан гэдэг. Тэр “Намын эсрэг бүлгийн хэрэг” гэдэг улс төрийн хэлмэгдүүлэлтийг хэрхэн зохион байгуулав?

Тэр хэлмэгдүүлэлт олон баримттай түүхэн үнэн шүү дээ. Тухайлбал, 1959 онд  хуралдсан МАХН-ын Төв Хорооны III бүгд хурал дээр Ю.Цэдэнбал үнэн ч шударга, хичээнгүй Д.Дамба нарыг намын удирдах бүрэлдэхүүнээс зайлуулсан. Түүний өмнөхөн Ю.Цэдэнбал болон түүний удирдсан МАХН-ын Төв Хороо 1956 оны XII сард манай “Намын бодлогод харш үзэл санаа, үг өгүүллэг гарч байгаа тухай” 413-р тогтоол гэгчийг гаргаж, улс эх орны хөгжлийн талаар гаргасан монголын сэхээтнүүдийн үзэл бодол, санал шүүмжлэлийг  “сэхээтний төөрөгдөл” гэж нэрлээд тэднийг залхаах, бусдад сургамж сүрдүүлэг болгох зорилгоор нухчин дарсаннь өнөө үед нууц биш болжээ.  Улмаар улс орон, ард түмнээ гэсэн үзэл бодолтой, үндэсний дэвшилтэт сэхээтэн академич Д.Төмөр-Очир, доктор Л.Цэнд, Ц.Лоохууз, Б.Нямбуу, Б.Сурмаажав зэрэг шинэчлэгч, эх оронч үзэлтнүүдийг хэд хэдэн удаа намын Бүгд хурал хийж, намын удирдлагаас шахан зайлуулж, нэг насаар нь хэлмэгдүүлсэн нь түүхийн үнэн бөгөөд манай оронд дахин давтагдах ёсгүй сургамж мөн.

1956-1964 оны Сэхээтний төөрөгдөл, Намын эсрэг бүлэг гэх хэрэгт хэлмэгдсэн сэхээтнүүдийн тэмцэл бол салангид тусдаа байсан үзэгдэл, үйл явц огт биш юм. Харин Ю.Цэдэнбал тэргүүтэй авторитари дэглэмийг сэргээхийг эрмэлзэгчдийн эсрэг ардчилал, шудрага ёсыг тогтоох, шинэчлэл хийхийн төлөө тасралтгүй үргэлжилсэн эх оронч сэхээтнүүдийн хөдөлгөөн байсан юм. Энэ бол түүхэн үнэн шүү. Түүгээр ч зогсохгүй Ц.Дамдинсүрэн, Б.Ринчин зэрэг нэрт эрдэмтдийг хавчин боорлож, 1970-80-аад онд Р.Чойном, О.Цэдэндорж зэрэг ард түмэндээ домог болсон эх орончдыг хэлмэгдүүлсэн нь даанч эрүүл бус байлаа.

-Нөгөө алдарт “Намын эсрэг бүлэг” гэх эсэргүүг илрүүлж, бут цохисон гэж сурталддаг хурал биз дээ. Тэр чинь ерөөсөө улс орныхоо төлөө ажил хэрэгчээр хандаж, удирдлагаа шүүмжлэгчдийг бут цохиж, өөрийн захиргааны тогтолцоогоо хамгаалахын тулд зориудаар хийсэн хэлмэгдүүлэлт байх аа?

-Яг тийм.  Оросын судлаач Леонид Шинкаревийн бичснээр бол Ю.Цэдэнбал бүгд хурлын орой нь маш их гутарсан байдалтай гэртээ ирээд эхнэр А.И.Филатовад ч юм яриагүй гэж байгаа. Үүнээс үзвэл хурлын үед Ю.Цэдэнбал сэтгэлээр ихээхэн унасан бололтой.

Хурлын тухай Үнэн сонины  1964 оны №359 дугаарын тэргүүн нүүрт “МАХН-ын ТХ-ны Бүгд хурлын сонсгол мэдээ” гэх гарчигт мэдээлсэн байдаг. Түүнд СнЗ-ын дарга Ю.Цэдэнбал, орлогч дарга Т.Рагчаа хоёрын илтгэлийг тус тус хэлэлцсэн тухай мэдээлээд “Бүгд хурал Ц.Лоохууз, Б.Нямбуу, Б.Сурмаажав нараас намын эсрэг бүлэглэсэн үйл ажиллагаа явуулсан тухай асуудлыг хэлэлцээд тэднийг МАХН-ын ТХ-ны бүрэлдэхүүнээс гаргаж, намын эгнээнээс хөөв” хэмээн тэргүүн нүүрийнхээ дээд талд мэдээлсэн байна.

Гэтэл тэднийг зүгээр хөөгөөд зогсоогүй, нэг насаар нь эсэргүү гэж мөрдөж мөшгиж, ажил амьдралаар нь тоглосныг хэлмэгдэгсдийн дурсамжууд, архивын шарласан баримтууд өгүүлж байгаа юм.

-Xэлмэгдэгсдээс үлдсэн одоо амьд сэрүүн байгаа хүмүүс юу гэж дурсдаг вэ?

-90-ээд насны цөөхөн хүн амьд үлджээ. Цогтой тэмцэгч Цогт-Очирын Лоохууз гуай амьд сэрүүн. Дээрх хурал дээр  хөгшин Бүрэнжаргал гуай болон хүүхдүүд, хамтран зүтгэгчидтэйгээ ирж оролцоод, үг хэлсэн. Сая 91 настайдаа гавьяат эдийн засагч цолоор шагнуулсныг ард түмэн харлаа.Бид түүнд хүндэтгэл үзүүлсэн. Монгол банкны Ерөнхий Хорооны Зээлийн эдийн засгийн хэлтсийн даргаар ажиллаж байгаад мөн тус хэрэгт хэлмэгдсэн Ваанчигийн Дашбалжир гуай 86 настай амьд сэрүүн байгаа. Дашбалжир гуай 2014 оны 12-р сарын 25-ны өдөр болсон эрдэм шинжилгээний бага хуралд үг хэлсэн. Хал үзэж, халуун чулуу долоосон энэ буурал тэр үеийн хэлмэгдүүлэлтийн арга, технологийн талаар дараах үгийг хэлсэн. Тэрээр  “Намайг До яамныхан бариад 1965 оны 01-р сарын 07-нд 45 хоногоос 8 сар хүртэлх хугацаагаар ДЯЯ-ны ар талд мөрдөнд, голцуу шөнө байцаадаг байсан. Зориуд унтуулдаггүй, нойргүй байлгадаг. Агваан, Цанлиг гээд ДЯЯ-ны байцаагчид ээлжлээд л байцаагаад байдаг байлаа. 1965 оны 1 сарын 13-нд УДШ-ээс ардын төлөөлөгч авах эрхгүй, давж заалдах эргүйгээр ялласан. Таслагдаад 2,6 жил чулуу ухах, зөөх, ачих буулгах грушик бүх ажлыг хийж байсан. Ажлын хоног өгдөггүй.Өглөө 6 цагаас шөнийн 12 цаг хүртэл ажилладаг байлаа. Баасанжав, Самбуу, Ламжав 4-6 жилийн ялтай, хугацааны тал нь яс цоож, гянданд хоригдож байв. 15 минутаар хуягийн харгалзаатай салхинд гардаг” байснаа эрдэм шинжилгээний хурал дээр анх удаа хэлсэн. Мөн хэлмэгдэгч Жамбалдорж гэдэг эмэгтэй усан дотор л хүнд нөхцөлд ажиллаж, малын гэдэс арилгаж байсан болон тэр үеийн Монгол улсад мэдээлэгч их олон байсан. ДЯ-ны төлөөлөгчийн туслах, агентууд албан газар, байгууллага бүрт байсан. Бүр доторх хэлтэс бүрт байв. 3 хүн хоорондоо ярьдаггүй. Заавал нэг нь очоод мэдээлчихдэг байсан гэдгийг гэрчилсэн юм. Түүнээс гадна Дашбалжир гуай тухайн үеийн монголын сэхээтнүүд манай орон ганцхан ЗХУ-ын улс төр, эдийн засгийн дарамтанд байна. Ганц биш бусад оронтой худалдаа, эдийн засгийн харилцаатай байя гэж сэхээтнүүд ярилцдаг байсныг онцлон хэлж байна лээ.

-1964-65 онд хичнээн хүн хэлмэгдсэн юм бэ?

-Тухайн үед хэлмэгдсэн хүмүүсийн тооны хувьд тодорхой тогтоогүй байгаа нь учиртай. Учир нь Тагнуулын Ерөнхий Газрын тусгай архивын энэ асуудалтай холбоотой баримтуудыг нууц гээд үзүүлдэггүйтэй холбоотой.Холбогдох баримтыг нарийн үзэх шаардлагатай байгаа юм. Тэгэж байж нарийн тоо гарна. Ер нь 250 орчим гэр бүл ямар нэг хэмжээгээр хэлмэгдсэн гэдэг. Нэг гэр бүл дунджаар 4-5 амтай гэж тооцвол 1200 гаруй хүн хамрагджээ дээ.

-Яагаад Ю.Цэдэнбал цагаатгалын асуудалд хойрго хандсан юм бол?

-Яг үнэндээ тэр цагаатгалын асуудалд таагүй хандаж байв. Ингэх хувийн шалтгаан ч түүнд байсан юм. Учир нь Ю.Цэдэнбал МХЗЭ-ийн Төв хорооны нарийн бичгийн дарга Ё.Магсараас эхлээд гэм зэмгүй олон сэхээтнийг хэлмэгдүүлж, шоронд үхүүлж, олон хүнийг баривчлуулсан хэлмэгдүүлэгч байв. 1940-50-иад онд “Порт Артурын хэрэг”, “Харилцаа” гэх мэт цөөнгүй хилс хэрэг гаргаж зуугаар тоологдох гэм зэмгүй хүнийг баривчлан хэлмэгдүүлж, шууд буудан хороож байсан. Социалист өмч шамшигдуулсан гэж малчдыг ялладаг байснаас монголчуудын дунд түүхэндээ анх удаа “ялтай мал” гэсэн ойлголт гарч, малчид олон жил үргэлжилсэн хатуу цагийг зовж зүдэж туулсныг өвгөд ярьдаг.

 

С.САРУУЛ