Ихэс ахасын ярих нь хоёр толгойгоо хэдэн жил зөв зүйтэй зарцуулбал Монгол Улс баяжиж улмаар хөгжих тухай ярих юм. Тийм л гэрээ хийсэн гэдгээ тал талаас нь тайлбарласан. Гэрээг үзэглэсэн С.Баяр, С.Баярцогт нар үүнийг удаа дараа хэлж ойлгуулах гэж байгаа. Тэр ч бүү хэл С.Баяр “...энэ гэрээ бол эдийн засгийн гэхээсээ илүүтэй геополитгын шинжтэй...” ч гэж тайлбарласан билээ. Одоо ид улстөрд буцалж байгаа С.Баярцогтыг бол ямар ч эдийн засагч, төрийн түшээд сэтгүүлчид гээд буруутгаж чадаагүй. Халз дуудаад ч бараагүй. Энэ бүгдээс харж байвал үнэхээр сайн болсон гэрээ бололтой. Энгийнээр хэлбэл бид Оюутолгой гэх тогоотой сүүний өрмийг нь идээд сүүнээс нь ууж байгаа юм даг уу даа. Харин гэрээнд үзэглэсэн гадныхан буюу хөрөнгө оруулагчид сүүний шавхаруу ууж, хусмыг нь идэж байгаа юм байна. Үнэхээр тийм бол гэрээ муу боллоо гэж нэгнээ зүхээд яахав дээ. Гэхдээ бодит байдал дээр бол бид өрөм идэж бялуураад, сүү ууж гэдсээ цайлгаад байгаа зүйл алга.  

 

     Гэтэл УИХ-ын цөөнгүй гишүүд Оюутолгойн хөрөнгө оруулалт туйлын муу болсон. Гадныхан буюу хөрөнгө оруулагчид өрөм идэж, сүү угаад байна. Харин монголчууд бид сүүний шавхаруу ч үгүй хусам л идэх болчихсон гэх. Үнэнийг хэлэхэд эндээс өрөм ч идээгүй, сүү ууж хусам ч идээгүй болохоор аль нь зөвийг ялгаж таахад бэрх юм. Тухайлбал, С.Ганбаатар, Г.Уянга нарын гишүүд үүнийг баталж байгаа.

 

      Уг нь гэрээ батлагдаснаас хойш нэр бүхий хорь гаруй гишүүн Оюутолгойн гэрээг эсэргүүцсэн өргөх бичиг барьж, гарын үсэг цуглуулж байсан даа. Санаж байгаагаар өнөөдрийн УИХ-ын дарга З.Энхболд “Гэрээ туйлын муу болсон. Бид хусам идэх нь” хэмээн өргөх бичигт гарын үсгээ зурчихсан тууж явсан. Гэтэл өнөөдөр “Бид өрөм идэж байгаа” гээд сууж л байна. Чухам аль нь үнэн болохыг таахын арга алга. 2011 онд Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээний 57 дугаар тогтоолыг 20 гишүүн эсэргүүцэж, гарын үсэг зурж Засгийн газар УИХ-д хүргүүлж байв. Үүнээс өнөөдөр УИХ, Засгийн газарт нэлээд хэд нь ажиллаж байна.

 

      Тухайлбал, УИХ-ын дарга З.Энхболд, БСШУ-ны сайд Л.Гантөмөр, Хүн амын хөгжил нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ, Уул уурхайн сайд асан Д.Ганхуяг, Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаяр, Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Г.Баярсайхан, Ц.Даваасүрэн нар өдгөө УИХ, Засгийн газарт ажиллаж буй. Эдгээр нэр бүхий 20 гишүүн тухайн үед бид л ёстой хусам идэж доошоо орж байна хэмээн нэгэн жилийн турш цээжээ дэлдсэн.

 

      Гэтэл 2012 оны сонгуулийн дараа Засгийн газар байгуулагдаж, улмаар түшиглэж харьцах Оюутолгойн гэрээний асуудал ахин хөндөгдөхөд засагт багтсан нөхөд Оюутолгойн гэрээ шиг сайн гэрээ байхгүй л болсон. Энэ нь эрх ашиг уу, эсвэл эргүү солиотой хүмүүсийн яриа юу. Нэг жил хүрэхгүй хугацааны өмнө хэлэх муу үгээ олж ядаж байсан нөхөд гэнэт л магтах сайн үгээ олохоо болчихоор хэн ч гайхаж таарна. 2011 онд Оюутолгойн гэрээг эсэргүүцэж байсан нөхдийн тухайн үеийн ярианаас хүргье.

 

Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаяр

 

-Хойноос ирээд хот манайх, хотонд ороод хонь минийх гэгчээр хөрөнгө оруулагчид ёстой өөрсдөө даварч байна. Яагаад Оюутолгойн орд Монгол Улсын өмч байтал хөрөнгө оруулагч тал 66 хувийг эзэмшээд, монголчууд өөрсдөө баялгийнхаа эзэн нь атал 34 хувийг эзэмших ёстой юм бэ.
Хөрөнгө оруулагчид Монгол Улсын хуулийг мөрдөх ёстой. Гэтэл хуулийг мөрдөхгүй, зөрчиж байна. Есдүгээр сарын 27-нд “Рио Тинто нь “Айвенхоу майнз” компаниас Оюутолгойн хувьцааны 0.5 хувийг шилжүүлж авсан байгаа. 73 сая доллараар. Монголын талд мэдэгдэхгүй, зөвшөөрөл авахгүйгээр шүү. Энэ мөнгөнөөс нэг доллар ч Монголын талд шилжиж орж ирэхгүй. Уг нь энэ орд Монголын баялаг биз дээ.

 

УИХ-ын дарга З.Энхболд


-УИХ 57 дугаар тогтоол батлахдаа “Анхны хөрөнгө оруулалтаа нөхсөний дараа Монголын талын эзэмшлийг 50 хувьд хүргэ гэж заасан. Гэтэл Засгийн газар гэрээ байгуулахдаа 30 жилийн дараа хувь эзэмшлийг ярина гэж оруулсан. Тиймээс бид
УИХ-ын тогтоолыг биелүүлж гэрээгээ сайжруул гэсэн шаардлага л тавьж байгаа. Үүнд юу нь болохгүй байгаа юм бэ. 2012 оны сонгуулийн дараа энэ улсад өөр засаг тогтоно. Хөрөнгө оруулалтаа нөхсөний дараа гэдэг үгийг 30 жил гэж мөнгөний хүчээр ойлгоод явж байна. Монголчууд ингэмээргүй байгаа юм

 

Уул уурхайн сайд асан Д.Ганхуяг
 

- Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг бид хүчингүй болгох гээгүй, УИХ-аас баталсан хууль, тогтоол мөрдөгдөх ёстой гэж үзсэний үндсэн дээр 57 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх гэж үзээд Ерөнхий сайд С.Батболдод шаардлага хүргүүлсэн. Ард түмний төлөөлөл болсон УИХ-ын нэр бүхий гишүүд Засгийн газарт хандаж шаардлага хүргүүлсний төлөө “Рио Тинто”-гийн Монголыг хариуцсан удирдлага ийм мэдэгдэл хийсэнд харамсаж байна. Үүнд бид зохих ёсны хариулт авах ёстой гэж үзэн “Рио Тинто”-д хаяглан нээлттэй захидал гаргаж байна. -Эрх барих амархан, хянах, хариуцлага тооцох маш хэцүү.Энэ бүхэн стандарт бус гэдэг үгний цаана юу ч хийж болдог юм байна гэдгийг харуулж байна. Оюутолгой бол үнэхээр Монголд ашиггүй гэрээ болсон. Өөрийнхөө уурхайн 34 хувиа өөрсдөө хүүтэй мөнгөөр худалдаж авна гэдэг хэтэрхий ойлгомжгүй асуудал

 

УИХ-ын гишүүн, Хүн амын хөгжил нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ

 

-Оюутолгойн гэрээг өөрчлөхгүй бол Засгийн газрыг огцруулах асуудал тавина. Оюутолгойн орд 1800 тонн алт, 49 сая тонн хүдрийн нөөцтэй гэж тогтоогдоод байгаа. УИХ-ын 57 дугаар тогтоолд “Анхны хөрөнгө оруулалтаа нөхсөнөөс хойш
Монголын эзэмших хувийг 50 хувьд хүргэнэ” гэсэн заалт бий. Гэтэл Засгийн газар Оюутолгойд ашигтай бүх нөхцөлийг гэрээнд тусгасан атлаа Монголын ард түмэнд ашигтай зүйл оруулаагүй. Усны нөөцийг тэр чигээр нь хөрөнгө оруулагчдад өгч, Гэнэтийн ашгийн 68 хувийн татвараас чөлөөлснийг эсэргүүцэж байна.
 

УИХ-ын гишүүн Г.Баярсайхан


-Оюутолгойн төлөө нойр хоолгүй зүтгэж байгаа УИХ-ын гишүүд бий. Тэд уг төслийн төлөө нүдээ ухаад өгөхөд ч бэлэн байдаг. Гэхдээ мөнгө төгрөг авсан эсэхийг нь мэдэхгүй юм. Хардах үндэслэл бий л болов уу. Оюутолгойг цээжээрээ хамгаалж байгаа улстөрчдийн хувьд асуудал бий л байх.
 

 

 

Н.Дөл