“Говийн хаан”-ы нэг өдөр
2013/06/05
Миний төрсөн нутаг Монгол орны баруун өмнөд хэсэгт орших Говийн их дархан цаазат газар. Чухам яаж яваад би энд төрчихсөнөө мэддэггүй юм. Намайг хүмүүс говийн эзэн гэдэг л дээ. Харин би өөрийгөө яагаад ийм сул дорой болчихсоноо ойлгодоггүй. Холоос би жоохон хүүхэд шиг харагддаг юм гэсэн. Хэнэггүй зарим нь золбин нохойтой андуурах нь ч бий. Гэхдээ л намайг харна гэдэг ховор боломж. Надтай ижилхэн амьтан дэлхий дээр 22 ширхэг байгаа учраас л тэр. Намайг хараагүй хүмүүс зөндөө бий биз. Ойн хүрэн баавгайтай андуурав аа. Би хулсны баавгай шиг хөөрхөн, ойн хүрэн баавгай шиг хүчтэй биш. Бас хүмүүсийн хайрладаг өхөөрдөм хөөрхөн төрх, нийтэч зан ч надад заяагаагүй. Би туранхай, намхан бас царай муутай. Би дэлхийн хамгийн хатуу ширүүн уур амьсгалтай говь нутгаас дайжаагүй үлдсэн цорын ганц Монгол баавгай. Би бол МАЗААЛАЙ.
Хүмүүс та нар гайхах байх. Бид ганц ганцаар амьдардаг. Хэзээ ийм болсноо мэдэхгүй ч надад ганцаар байсан нь дээр санагддаг юм. Бусдад маань ч мөн адил. Бид бие биенээ үзэж чаддаггүй. Хэрэв намайг төрөл нэгтэн маань харах юм бол жинхэнэ дайн эхэлнэ. Хэрэв тэр надаас хүчтэй бол би зугтаасан нь дээр. Учир нь энэ дайн үргэлжилбэл хэн нэгний үхлээр дуусдаг гэдгийг говийн хүмүүс мэдэх байх. Хоол тэжээлийн төлөөх энэ ширүүн тэмцэл биднийг төрөл нэгтнээ хүртэл ингэж үзэн ядах зам руу хөтөлсөн билээ.
Эрт үед бидний өвөг дээдэс ус ундарч, хоол тэжээлээр бялхсан сайхан Баянбүрдэд амьдардаг байлаа. Ээрэм говийн эзэн хаан байсан юм бид. Байгаль, экологийн өөрчлөлт бидний амьдралын орчинд муугаар нөлөөлж, амьдралын төлөөх тэмцэлд бүгд зөн совингооороо татагдан орсон билээ. Энэ тэмцэлд бид туйлдсан. Балга ус олохын төлөөх миний тэмцэлд маргааш гэж үгүй.
Миний нэг өдөр ходоодоо дүүргэх хэсэг бажууна, амныхаа цангааг тайлах баянбүрд олох эрэлээр эхэлж байна. Бажууна бол миний хамгийн дуртай хоол. Дусал ус ч олоход бэрх энэ нутагт бажууны үндэс ховор л доо. Хадны завсар ургадаг энэ ургамлын үндсийг олбол би ямар их баярладаг гээч. Гэвч энэ эрэл хайсан зүйлээ олсны маргаашнаас ахиж эхлэх болно. Би төрсөн цагаасаа л ийм байсан.
Өнгөрсөн зун бидний нэг айлын худганд унаж үхсэн байсан юм. Хөөрхий дөө ээрэм говийн их халуунд ус гэдэг аминаас үнэтэй хойно. Бусад шиг маань азгүй хувь тавилан надад заяагаагүй байгаасай гэж хүссээр би эрэлээ үргэлжлүүлнэ.
Зарим азтай өдөр надад малын хорголжин тэжээл олддог. Гэхдээ л намайг олохоос өмнө өөр нэг төрөл нэгтэн маань олчихоод тэмдэг тавьчихсан байвал аюултай. Бидний энэ дайсагнал олон ч баавгайн аминд хүрч, тоо толгой маань цөөрсөн юм даа. Хүчтэй нь хүчгүйгээ дийлэх энэ дайнд төрөл нэгтнийхээ эсрэг тэмцэлдэнэ гэдэг ямар хэцүү гэж санана.
Намрын эхэн сарын хэдэн өдөр миний хамгийн аз жаргалтай мөч эхэлнэ. Учир нь миний дуртай хармаг, бажгууна ид боловсорч их сайхан амттай болсон байдаг. Харин хаврын уртад хоол тэжээлийн их эрэл үргэлжилж, хэдэн зуун километр алхах хэрэг гарна даа. Энэ аялалын уртад хатаж үхсэн төрөл нэгтнүүд маань ч олон бий.
Өршөөлгүй байгалийн хатуу ширүүн, бие биенээсээ дайжсан амьдралын хэв маяг үргэлжилсээр байвал энэ дэлхий дээр бидний мөр дахиж гарахгүй болох вий гэж айж байна. Бид хэзээ ингэтлээ зожигорсноо, бид хэзээ ингэтлээ ядарснаа, бид хэзээ ингэтлээ цөөрснөө санадаггүй юм. Бас хэзээ олуулаа болохоо ч үл мэднэ. Арга ч үгүй дээ би л гэхэд хамгийн сүүлд хэзээ ус ууснаа мартатлаа их цангасан байхад......
Их говиосоо урваагүй Мазаалайг аварцгаая! Экологийн сүйрэл, хоол тэжээлийн хомсдолд хүмүүс бидний оруулсан “хувь нэмэр” их. Дэлхийн таван тив, дөрвөн далайгаас гагцхүү монголын говьд үнэнч байж, байгалийн хатуу ширүүнийг туулсаар ердөө 22-хон ширхэг үлдсэн Мазаалайн хувь тавилан бидний гарт байна. Өдрөөс өдөрт өөрчлөгдөж буй дэлхий ертөнцийн эргэлтэнд хүн төрөлхтөн бид хэзээ нэгэн цагт хөл алдаа ч билүү. Хятадууд хулсны баавгайгаа хамгаалдаг шиг, Австраличууд коалагаа хайрладаг шиг Монгол Мазаалайгаа аварцгаая!
Б.Бямбасүрэн
Сэтгэгдэл устгуулах хүсэлт илгээх