Захирагч Э.Бат-Үүл Францын кино найруулагч, зохиолч Жан Жак Анно, МУСТА, жүжигчин Р.Анхням нарыг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар кино урлагийн талаар санал солилцож, нийслэлийн 375 жилийн ойн медаль гардуулав.



Хотын Захирагч Э.Бат-Үүл “Улаанбаатар хотод тавтай морилж байна уу. Тантай уулзаж байгаа маань нэр төрийн хэрэг болж байна. Би таны олон киног үзэж байсан. Гэхдээ энэ удаад “Чонон сүлд” киног үзэж чадаагүй нь харамсалтай байна. Таны бүтээсэн кинонууд сэтгэлзүйд маш хүчтэй нөлөө үзүүлдэг сайхан бүтээлүүд байдаг” гэлээ.

Мөн тэрээр Улаанбаатар хот үүсэн байгуулагдсан түүхээс танилцуулж, өнгөрсөн жил Улаанбаатар хотын 375 жилийн ой тохиосныг онцлоод Монгол Улсын нийслэлийг үүсгэн байгуулагч Өндөр гэгээн Занабазарын бие даасан музейтэй болох гэж байгаа талаар танилцуулав.
 

Францын найруулагч, зохиолч Жан Жак Анно “Монгол улсад хүрэлцэн ирсэндээ баяртай байна. Улаанбаатар хотод ирэх бүрт сайхан санагддаг. Энэ удаад бүр л сайхан болсон байна. “Чонон сүлд” киног дэлхийн олон оронд үзүүлж байхад танай орны байгалийн сайхныг биширсэн олон хүн Монгол руу очно гэж надад хэлж байсан. Цаашид Монголын кино урлагийг хөгжүүлэхэд өөрийн хувь нэмрээ оруулахын төлөө ажиллана” хэмээлээ.
 

Тэрбээр сорбоны их сургуулийн уран зохиолын ангийг дүүргэсэн бөгөөд ажлын гараагаа видео рекламаар эхэлж, 100 орчим реклам бүтээсний дараа 1976 онд “Black and White in Colour ” нэртэй анхны киногоороо Оскарын наадмаас шилдэг гадаад хэл дээрх киноны төрөлд түрүүлж байсан билээ.