“888” төслийн мөрөөр...
2015/04/30
“Шинэчлэлийн Засгийн газар өнгөрсөн оныг “Монголдоо бүтээцгээе” уриатайгаар үйлдвэржилтийг дэмжих жил болгон зарласан.
Энэ хүрээнд 888 төсөл шалгаруулах замаар дотоодын аж ахуйн нэгжээ дэмжих ажил өнгөрсөн жилжингээ хэвлэлийн бай болсон. Энэ ажил үнэхээр хэрэгжсэн бол монголчууд хэрэглэгч биш үйлдвэрлэгч болоход тодорхой хэмжээний ахиц гарах байлаа. Харамсалтай нь энэхүү сүржин нэртэй төсөл дөнгөж эхний санхүүжилтээ зарим аж ахуйн нэгжид олгоод, цаашаа таг гацав. Гацсан шалтгаан нь нэгдүгээрт, санхүүжилтийн асуудал байсан. Хоёрдугаарт, засаг солигдсонтой холбоотой.
Өөрөөр хэлбэл Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн Шийдлийн гэх тодотголтой Засгийн газар байгуулагдаж, үйлдвэржилтэд онцгой анхаарна гэж бүр тусгай яам байгуулав. Мэдээж хамаарлынхаа дагуу 888 төсөл энэ яамны мэдэлд очсон. Нөгөө талд “888” төсөлд шалгарсан аж ахуйн нэгжүүд эхлээд санхүүжилт хэзээ орохыг хүлээж, дараа нь засаг төр замбараагаа олохыг бас хүлээв. Бүр өнгөрсөн оны арваннэгдүгээр сард дээрх төсөлд хамрагдсан аж ахуйн нэгжүүд нийлж хэвлэлийн хурал хийж үзэв. Учир нь төрд найдаж, байгаа хөрөнгөөрөө хүчин чадлаа өргөтсөн чинь санхүүлжилт орж ирэхгүй удсанаас үйл ажиллагаагаа явуулах мөнгөгүй болоод байгаагаа тэд учирлав. Шинэчлэлийн Засгийн газрын үед ийнхүү мөнгөнөөс болж 888 төсөл гацсан бол Шийдлийн Засгийн газрын үед юунаас болж саатав.
Энэ талаар Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат “Сайдын цаг” уулзалтын үеэр өгсөн ярилцлагадаа “888” гэдэг нэр өгөхөөодоо больё. Ягүнэнийг хэлэхэд би аливаа зүйлд нэр өгч, зүтгүүлэхэд тийм ч таатай ханддаггүй. Энэ өдрөөс хойш Монгол Улсын үйлдвэржилтийн бодлогод нийцсэн төслүүд гэж ярьцгаая. Ийм төслүүдийг Аж үйлдвэрийн яам дэмжихэд бэлэн байна. Өнөөдрийн байдлаар Аж үйлдвэрийн яаманд 3000 гаруй төсөл хураалгаастай байгаа. Эдгээрээс үнэхээр шаардлагатай гэсэн төслүүдийг нь шалгаруулж, хэрэгжүүлнэ. Ингэхдээ ирэх сараас сонгон шалгаруулалт зарлана. Үнэхээр Монгол Улсад шаардлагатай, хэрэгцээтэй, импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэх
төслийг хэрэгжүүлэхийн төлөө ажиллана” гэжээ. Тэгэхээр “888” төслөөс эхний ээлжийн санхүүжүүлтэд хамрагдаагүй бусад аж ахуйн нэгжүүд дахин сонгон шалгаруулалтад зүтгэхээс өөр аргагүй болж байна. Төрөөс зарласан төсөл хөтөлбөрт хамрагдана гэдэг тэнгэрийн умдаг атгана гэдэгчлэн тийм холын хийгээд хүнд даваа гэдгийг хувийн хэвшлийнхэн андахгүй. “888” төсөлд хамрагдах гэж наад зах нь санхүүжилтийнхээ 10 хувийг амлан байж багтсан байгууллагууд дахиад нэг шалгаруулалтыг давна гэдэг үнэндээ бэрх. Ядаж байхад хамаг хөрөнгөө үйлдвэрлэлээ өргөжүүлэх технологид “тавьж туусныг” хэлэх үү. Бүр зээл аваад шинэ технологи авсан аж ахуйн нэгжүүд ч байгаа юм билээ. Ийм нөхцөлд 3000 төсөл дундаас шалгарч, санхүүжилт авна гэдэг давахад бэрх даваа.
Иргэд төслөө амжилттай хэрэгжүүлж санхүүжилт авахын тулд байраа хүртэл заржээ
“888” төслийн хүрээнд хоёр тэрбум хүртэлх төгрөгийн зээл хүссэн төслүүдийг Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас санхүүжүүлэхээр болсон байдаг. Гэвч дээрх төсөлд багтан шалгарсан ч өдийг хүртэл зээлээ авч чадаагүй аж ахуйн нэгж олон байна. Тэдний төлөөлөлтэй уулзаж, учир байдлыг сонслоо.
н.Наранбаатар газар тариалан мал аж ахуйн төсөл бичсэн. Тэрээр Солонгост ажиллаж байгаад дөрвөн жилийн өмнө эх орондоо ирсэн аж. Ингээд үйлдвэрлэл эхлүүлэхээр шийдэж, ирсэн цагаасаа хойш жижиг цех байгуулахаас эхлээд цөөнгүй ажил хийсний үр дүнд энэ төслөө бичжээ. Компани байгуулж, өөрийн гэсэн газартай болсноор фермер байгуулах нь түүний зорилго. Тэр манай улсын хөгжилд мал аж ахуйд түшиглэсэн үйлдвэрлэл тохиромжтой гэж үзсэн байна. Тиймдээ ч төслөө амжилттай хэрэгжүүлэхийн тулд цагаан идээний цех байгуулж ч үзжээ. Хэрэв фермертэй болбол сүү цагаан идээгээ хоёр дахь түүхий эд болгон боловсруулж, зах зээлд худалдаанд гаргах боломжтой гэжээ. Наранбаатар төслөө үр дүнтэй болгоход анхаарч цех нь бараг үйл ажиллагаа явуулаагүй ч улсад хоёр жилийн турш тасралтгүй татвар төлсөн байна.
Харин иргэн Бэрцэцэгийн хувьд талх, нарийн боов үйлдвэрлэх төсөл бичжээ. Тэрээр манайд үйлдвэрлэж буй талх, нарийн боовыг хийж буй өртгөөсөө хамаагүй өндөр үнэтэй худалдаж байгааг олж харсан. Энэ ч үүднээс одоо худалдаанд байгаагаас 100-150 төгрөгөөр хямд худалдах боломжтой талх, нарийн боов үйлдвэрлэхээр болжээ.
Талх, нарийн боов үйлдвэрлэх цех байгуулан ажиллуулснаар ажлын байрыг шинээр бий болгоод зогсохгүй, ард иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалахад хувь нэмэр болно гэж үзсэн. Тиймдээ ч төслийнхөө хүрээнд Сонгинохайрхан дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг хэд хэдэн сургуультай гэрээ хийж, сурагчдад өдөр бүр олон нэр төрлийн шинэ талх, нарийн боов амтлуулж, үдийн цай хөтөлбөрт хамтарч ажиллах талаар судалсан байна. Гэвч төсөлд шаардлагатай санхүүжилтийг одоо болтол шийдэж өгөөгүй нь түүнийг хүнд байдалд оруулжээ. Тодруулбал, төсөл бичихээс өмнө банкнаас зээл авч хагас жилийн хугацаанд цех ажиллуулсан байна. Тухайн үед төдийлөн ашиг олоогүй ч төслөө амжилттай хэрэгжүүлж санхүүжилт авахын тулд амьдарч байсан байраа хүртэл зарсан тухайгаа учирлав.
Тэд “888” төсөл олон жил тогтвортой үйл ажиллагаа явуулж, байр сууриа олсон томоохон компани, аж ахуй нэгжийг дэмждэг. Том компаниудын суурин дээр жижиг үйлдвэрийг хөгжүүлэх бодлого барьж байна. Аливаа зүйл жижгээс эхэлж шат ахин дээшилдэг. Гэтэл бодит байдал дээр ямар нэг зүйл хийхээр оролдож хичээж байгаа жижиг үйлдвэр эрхлэгчдээ дэмжих зүйл огт алга” гэв.
Д.РЭНЦЭН: ЗЭЭЛИЙН ХҮСЭЛТ БАНКИН ДЭЭР ОЧСОН ХОЙНОО УНАВАЛ ДЭЭРЭЭС ГАРСАН ШИЙДВЭРҮҮД АВТОМАТААР ЦУЦЛАГДДАГ
Энэ онд ямар шалгуураар төслүүдийг авч хэрэгжүүлж санхүүжүүлж байгаа талаар Аж үйлдвэрийн яамны харьяа Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн дэд захирал Д.РЭНЦЭНГЭЭС тодруулсан юм.
-“888” төслийн санхүүжилт түр хугацаагаар зогссон гэж үнэн үү?
-Энэ төслийн эхний ээлжийн санхүүжилтийг олгож дууссан. Зогссон зүйлгүй үргэлжилж байгаа.
-Хоёр тэрбумаас доош төгрөгийн санхүүжилтийг Жижиг, дунд үйлдвэр-лэлийг хөгжүүлэх сан олгож байгаа. Одоогоор хэчнээн төсөлд санхүүжилт олгоод байгаа вэ?
-Хоёр тэрбумаас дээшхи төгрөгийн санхүүжилтийг Хөгжлийн банк, доошихыг манайхаар дамжуулан иргэдэд олгосон. 2013-2014 онд манайх 945 төсөлд санхүүжилт олгосон. Харин өнгөрсөн жилийн хувьд 150 тэрбум гаруй төгрөгийн зээл олгосон. Засгийн газрын энэ оны хоёрдугаар сарын 15-ны тогтоолд энэжил олгож буй санхүүжилт өмнөх жилийнхээс хоёр хувиар илүү хүүтэй байхаар тогтсон. Үүнтэй холбоотойгоор “888” төслийн ТЭЗҮ өөрчлөгдсөн. Тэгэхээр одоо санхүүжилт олгон хэрэгжүүлж байгаа төсөл, “888” төсөл өөр хүүтэй, ялгаатай буюу өөр хувилбартай болсон гэсэн үг.
-Өнгөрсөн онд бичсэн төсөл нь шалгарсан ч одоо болтол санхүүжилтээ аваагүй үйлдвэрлэгчид цөөнгүй байна. Энэ тухайд?
-“888" төслөөс байгаа мөнгөндөө тааруулж санхүүжилт өгөх ажил өнгөрсөн жил дууссан. Эх үүсвэр дуусахаар бид санхүүжилт олгох боломжгүй болдог. Ер нь манайхаас шаардлага хангаагүй төсөлд тэр дор нь хариуг нь өгдөг. Үлдсэн төслүүдийн хариуг удахгүй нэгдсэн журмаар өгөх болно. Яам бодлогын төвшинд шийдэж мөнгийг гаргаж өгнө. Харин зээлийн эрсдэлийг 100 хувь банк хариуцдаг болохоор тухайн аж ахуй нэгж эсвэл иргэн арилжааны 14 банкнаас сонголтоо хийж гэрээ хийнэ. Зээлийн хүсэлт банкин дээр очсоны дараа унавал эндээс гаргасан шийдвэрүүд автоматаар хүчингүй болох зохицуулалттай. Зарим иргэн төсөл дэмжигдвэл шууд санхүүжилт олгох юм байна гэсэн ташаа ойлголттой байх шиг байна. Харин тухайн банк судалж үзээд тавьсан шаардлагыг нь хангаагүй тохиолдолд төслийг буцаавал энд гаргасан шийдвэр хүчингүй болдог. Ийм учраас зээл авах гэж буй хүмүүс банкны шалгуур үзүүлэлтийг маш сайн хангах хэрэгтэй.
-Энэ онд хэчнээн үйлдвэрлэл эрхлэгчдэд хэдэн төгрөгийн зээл олгох юм бол?
-Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан Аж үйлдвэрийн яамны харьяанд ирсэн. Тэгэхээр аж үйлдвэрийн чиг бодлоготой уялдуулан экспортыг дэмжих, импортыг орлох бүтээгдэхүүн буюу тэргүүлэх чиглэлийн үйлдвэрүүдийг түлхүү дэмжих байх. Одоогоор энэ ажил судалгааны төвшинд явж байна. Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн төслийг хүлээн авч шалган зээл олгох ажил хараахан дуусаагүй гэв.
Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сан Аж үйлдвэрийн яамны харьяанд ирснээсээ хойш анх удаа 21 аймаг, есөн дүүрэгт 2012-2014 онд олгосон нийт зээлийнхээ үр дүн, хэрэгжилтид анхаарч шалгалт хийжээ. Энэ талаархи тайлан мэдээллийг нэгтгэж байгаа. Удахгүй мэдээллийн хэрэгслээр дамжуулж олон нийтэд хүргэх аж.
Төсөл нь шалгарсан ч санхүүжилт аваагүй хүмүүст арилжааны банкуудын тавьсан шаардлагын заримыг сонирхуулья.
1. Гурван жил татвар төлсөн тайлан
2. Өөрийн гэсэн ажлын байртай байх
3. Ашиг орлого алдангигагүй байх
4.Эргэн төлөх чадвараа тооцоолж
гаргасан байх шаардлагыг тавьжээ. Гэтэл татвараа арай гэж төлж, ажилчдынхаа цалинг тавих төдийд үйл ажиллагаа явуулдаг жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд дээрх шалгуур ахаджээ.
Хэдийгээр санхүүжилт аваагүй ч тухайн иргэн болон байгууллага олон сарын хөдөлмөр шингээсэн төслөө буцаан авахыг хүсч байгаагаа хэлж байлаа. Гэтэл нэгэнт төрийн байгууллагад өгсөн учраас архивлагддаг учир буцаан өгөх боломжгүйг албаны хүн хэлэв. Аж үйлдвэрийн сайд энэ сарын 20-нд гаргасан 78-р тушаалдаа шалгаруулалтаар тэнцэж, санхүүжилт аваагүй төслүүдийг тоолж, архивлах ажлыг зохион байгуулах шийдвэр гаргажээ. Угтаа бол төсөлд зөвхөн төрөөс олгож буй санхүүжилт хамаардаггүй. Тухайн иргэн, байгууллага хүсвэл “ЖАЙКА” зэрэг зээл олгох олон улсын томоохон байгууллагад хандаж, санхүүжилт авах талаар дахин хөөцөлдөх боломж бий. Тиймээс нэг талаар оюуны өмч, нөгөө талаар зээл хүсэх бусад байгууллагад хандах боломжоо ашиглахын тулд төслийнхөө эхийг авахыг иргэд хүсэх нь аргагүй юм.
Д.ПҮРЭВСҮРЭН
Б.ОДОНЧИМЭГ
Зочин · 2015/04/30
ene yaaah veeee.-mongol 999- negdel yu bolson beee 20.000 aj ahuigaas 1000.000 togrog avsan ene mongoo olj avhiimsan