Ерөнхий сайд Ч.Сайханбилэг саяхан телевизийн нэвтрүүлэгт оролцохдоо гацаанд ороод буй “Оюутолгой”-н далд уурхайн асуудал удахгүй шийдэгдэж магадгүй хэмээн дуулгав.

 

Түүний хэлж буйгаас үзвэл "Оюутолгой"-н зэсийн ордын гацаанд ороод буй 5.4 тэрбум долларын өртөг бүхий өргөтгөлийн ажлыг үргэлжлүүлэхээр “Рио Тинто” групптэй хийж буй хэлэлцээ ирэх долоо хоногт дуусч магадгүй гэнэ.

 

Тодруулбал, “Рио Тинто”-гийн төлөөлөгчид ирэх долоо хоногт манай улсад ирэх бөгөөд “Энэ удаад шийдэгдээгүй бүх асуудлыг эцэслэн шийднэ гэдэгт би найдаж байна” гэж тэрбээр хэлсэн юм.

 

“Рио Тинто” болон Монголын Засгийн газрын хооронд тус зэсийн ордтой холбоотойгоор үүссэн асуудлуудыг шийдвэрлэх хэлэлцээ хоёр жил сунжирч байгаа билээ.

 

Тус ордын 5.4 тэрбум долларын өртөг бүхий өргөтгөлийн ажлыг хэрхэн санхүүжүүлэх нь анхаарал татаж байгаа юм. Ил уурхай нь 2013 онд бүтээгдэхүүнээ гаргаж эхэлсэн билээ.

 

Монголын Засгийн газартай хэлэлцээ хийсээр байна гэж “Рио Тинто”-гийн захирал Сэм Уолш пүрэв гарагт Австралийн Перт хотод компанийнхаа жил тутмын ерөнхий хуралдааны үеэр мэдэгдсэн байна.

Т.Хулан

24tsag.mn