Хүн төрөлхтөний түүхийг дайны түүх гээд хэлчихэд нэг их хазайгаад байхгүй байхаа. Учир нь хүн үүсэж хөгжсөн цагаасаа л эхлэн үржил шимтэй нутаг, ан гөрөөс арвинтай ой тайга, загас элбэгтэй гол, нуурын төлөө өөр хоорондоо тэмцэлдсээр ирсэн. Тэмцэл хурцдахын хирээр байлдах арга, зэр зэвсэг нь улам л нарийн болж байв. Дайн гэдэг ойлголт хүнтөрөлхтний мөхөн мөхтөл дагах ойлголт мэт...


Өнгөрсөн түүхийг аваад үзвэл нэг гүрэн нь нөгөөгөө эрхшээлдээ оруулж л байдаг, нэг нь туурга тусгаар болж л байдаг. Нэг гүрэн мөхөж, нөгөө нь сэхэж л байдаг. Яг л амьтны ертөнц шиг. Хүн үүссэн цагаас хойш дэлхий дээр ердөө л 292 жил дайн дажингүй өнгөрөөснийг судлаачид тооцон гаргасан байдаг. Сүүлийн 5500 жилийн дотор 15000 удаа дайны гал дүрэлзэж, 3,5 тэрбум хүн алагджээ. Энэ их дайн дажин нь олон ч гарамгай жанжныг төрүүлсэн юм. Хэн хэнийг шилдэг жанжнаар тодруулж болох вэ? 


Македоны хаан Александр, Карфагений Ганнибал, Юлий Цезарь, Шведийн ван 12-р Карл, Пруссийн Ван 2-р Фридрих, Александр Суворов, Францын Наполеон Бонапарт... эдгээр 7 жанжны нэр дайны тэнгэрт 7 бурхан од болон гялалзсан юм. 


Аливаа дайны түүхэнд цэргийн жанжны үүрэг асар их. Энэ тухай Наполеон хэлэхдээ: “Цезарь байгаагүй бол Ромчууд Галлчуудыг эрхшээлдээ оруулж чадахгүй, Карфагенчууд биш харин Ганнибал л Ромчуудын зүрхэнд шар ус хуруулж байсан. Александр байгаагүй бол Македончууд Энэтхэг хүрэхгүй байсан” гэж бичсэн байдаг. Гэхдээ цэргийн жанжин нь сайн байгаад арми муу бол ямар ч нэмэргүй. Тиймээс шилдэг жанжин+шилдэг арми=ялалт гэсэн гаргалгаа гарч ирж байна. 


Тэгвэл эдгээр 7 жанжныг Чингисхаантай харьцуулан үзье. Гэхдээ үүний өмнө дэлхийн шилдэг 7 жанжны намтрыг сөхөж үзвэл: 

1.Македоны хаан Александр
Македоны хаан Александрыг хамгийн анхны байлдан дагуулагч хэмээн үздэг. Түүнийг Монголчууд Сульхарнай жанжин, Араб Түрэгүүд Искандер жанжин хэмээн нэрлэдэг. Цэл залуудаа өөрийн авьяас билэгээрээ асар уудам газар нутгийг эрхшээлдээ оруулсан түүнийг хүндэлхээс өөр яах ч билээ. Газрын зураг дээр тэмдэглэгддэггүй шахуу жижиг нутагтай Македон улсыг тэр л мандуулж чадсан юм. Хүүхэд байхдаа ямар ч цэргийн зориглож унадаггүй Буцефал буюу бухын хүзүүтийг сургаж байхыг харсан аав нь Александрт “Македон улс чамд жижигдэнэ. Өөрийн улсаа байгуул” гэдэг байжээ. Хожим нь тэрээр Демокрит хэмээх Грекийн философичоос олон гариг оршдог талаар мэдэж аваад “Гэтэл би дэлхийг ч эзэлчихэж чадахгүй байна” гэж санаа алдаж байжээ. Александрын гавьяа нь өөрийн удирдсан 35000 хүнтэй армиа нэг ч удаа ялагдалгүйгээр амжилтанд хөтөлсөнд оршино. 7 жил үргэлжилсэн дайны үр дүнд Александр ганц ч ялагдаагүй бөгөөд Бага Ази, Сири, Египет, Перс, Афганистан, Хойд Энэтхэг зэрэг асар уудам нутгийг эрхшээлдээ оруулжээ.

Суут жанжин маань 33 настайдаа Вавилонд өвчнөөр таалал төгсжээ. Александртай хамт тулалдаж явсан найзууд нь түүнийг амьсгал хурааж байхад хураасан улсыг нь булаалдаж, хажуу өрөөнд нь хэрэлдэж байжээ. Александрыг нас барснаас хойш 3 хоноход түүнийг оршуулчих хүн олдоогүй бөгөөд цогцос нь халуунд хөөсөн байна. Тэр даруй их гүрнийг Птолемей, Селевк, Антигон хэмээх 3 жанжин нь хуваан авчээ. 
 
 
 

2.Ганнибал
Ганнибал бол Александраас дутуугүй авьяаслаг жанжин байсан боловч байлдан дагуулагч байсангүй. Хүүхэд насандаа Карфагений заналт дайсан Ромтой тэмцэхээ андгайлж насан туршдаа тэр тангарагаасаа ухраагүй байна. Тэр цагаас хойш тангарагтаа үнэнч хүний “Ганнибалын тангараг өргөсөн хүн” гэж нэрлэх болжээ. Түүний суу билэг нь тэрээр 17 жилийн турш ар талаасаа хангалт муутай байсан ч Ромын нутаг дэвсгэрийг түйвээсэн юм. Альпийн нурууг даваад Ром руу довтлох үед нь Ромчууд гайхаж байсан гэдэг. Хэд хэдэн ялагдал амссан боловч цэрэг дайны потенциалаа алдаагүй Ромчууд Ганнибалтай тулахын оронд түүний төрсөн нутагт цэрэг буулгах саналыг гаргажээ. Карфаген хотоо хамгаалахаар Ганнибал хөдөлсөн ч Зама хотын дэргэд ялагджээ. Гэвч тэрээр өргөсөн тангарагтаа үнэнч үлдсэн юм. Цэрэг зэвсэггүй болсон тэрээр сэтгэлийн хат байсан цагт тэмцэж болноо гэдгийг харуулжээ. Харин түүний амьдралын төгсгөл их эмгэнэлтэй. Түүний Армений хааны ордонд хорогдож байхад нь Ромчууд бүсэлжээ. Тэрээр хор ууж нас барсан бөгөөд Ромчуудын гарт амьдаараа баригдахыг хүссэнгүй. 

 

 

3.Юлий Цезар
Ромын Эзэнт гүрнийг үндэслэгч Гай Юлий Цезарийн амьдрал нь тэмцлээр дүүрэн ажээ. Тэрээр 33 насандаа Испанид алба хааж байхдаа Александрын хөшөөг хараад “Энэ хүн миний насан дээр дэлхийг эзэлчихсэн байсан, харин надад юу ч алга” хэмээн санаа алдаж байв. Гэвч алдар нэр Цезарийг хүлээж байсан юм. Галлийн жижинхэн мужийн амбан захирагч болсон тэрээр тус улсыг бүхэлд нь байлдан эзэлж авьяаслаг жанжин болохоо харуулсан юм. Галлийн дайн түүнд алдар нэр, эд хөрөнгө, хамгийн чухал нь Цезарийн төлөө гал ус руу ч ороход бэлэн шилдэг армийг бий болгожээ. Тэрээр Европ, Ази, Африкт 4 жил дайтаж, бүх дайснаа даржээ. Гэвч түүнд хаан болох хувь дутав. Тэрээр сенатын хуралд оролцож байгаад сенатуудад 26 удаа хутгалуулан алуулжээ.

 

 

 

 

 

 

 

4. Шведийн эзэн хаан 12-р Карл  
Шведийн 12-р Карл залуугаасаа л өөрийн авьяасыг тод харуулах болжээ. Тэрээр Дани, Польш, Пруссуудыг дараалан өвдөг сөгдүүлж, Наврын дэргэд Оросуудыг хиар цохижээ. Зарим хүмүүс түүний өвөө Густаф Адольфоос илүүгүй гэж үздэг. Гэвч Густаф биш Карл л дэлхийн шилдэг жанждын тоонд орж чадсан юм. Умардын дайн хэмээн алдаршсан 21 жил үргэлжилсэн дайнд Карл ван анхандаа хэд хэдэн ялалт байгуулсан ч дайснууд нь хүн хүч, нөөцийн асар их давуутай байсан учраас 1709 онд Полтавын дэргэд болсон тулалдаанд ялагджээ. Тэрээр Норвегийн цайзыг бүсэлж байгаад тэнэсэн суманд оногдож нас барсан байна. 

 

 

 

 

 

 

 

 

5.Пруссын ван Фридрих
тэрээр өөрийн улсаа тэр чигээр нь цэргийн хуаран болгожээ. Улсын төсвийн 2/3 нь цэргийн хэрэгцээнд зарцуулагдаж байв. Залуудаа ном уншлаа хэмээн эцэгтээ загнуулж шоронд хүртэл орж байсан тэрээр боловсролтой нэгэн байсан ч гэсэн дайн хийхгүй бол байж чаддаггүй хүн байсан бололтой. Төр барьж байсан 46 жилийн хугацаанд тэрээр газар нутгаа 2 дахин тэлсэн ч ялалтаас гадна ялагдлын гашууныг ч амсаж явжээ. Тэрээр “Мөнхийн энх тайван нь ганцхан оршуулгын газарт л байдаг” гэж хэлсэнээрээ ихээхэн алдартай. 

 

 

 

 


6. Александр Суворов 
Оросын түүхэн дэхь шилдэг жанждын нэгд зүй ёсоор тооцогдоно. Тэрээр 16 насандаа цэрэгт татагдсан ба армийн хамгийн хүнд хүчир ажлыг хийдэг байжээ. Хамгийн хүнд даалгаварыг өгөхийг дарга нараасаа гуйдаг байжээ. Үүний тэрээр хэлэхдээ “Хүн захирмаар байвал эхлээд захирагдаж сур” гэдэг байв. Орос-Туркийн дайнд түүний авьяас тодорч Туртукай гэдэг газарт Туркуудыг хиар цохижээ. 1794 онд Польшийн бослогыг Суворов очиж дарсан байна. Тэрээр ихээхэн хэмжээний шагнал авсан ч гэсэн Фельдмаршал цол хүртсэндээ юунаас ч илүүтэйгээр баярласан гэдэг. 1799 онд Суворов Хувьсгалт Францын эсрэг сүүлчийн дайндаа морджээ. Оросын холбоотон болох Австричууд Суворовын давшилтын хурдыг гүйцэхгүй морьд сульдаж унаж байсан гэдэг. Энэ дайнд амжилттай оролцсон тэрээр Генералиссимус цолоор шагнуулжээ. 

 

 

 

7.Наполеон Бонапарт
Түүний амьдрал нэн сонирхолтой. Корсик арлын язгууртны гэрт төрсөн тэрээр багадаа Францын Бриенн хотын цэргийн сургуульд элсжээ. 1789 оны Францын хувьсгалаар авьяастай, авхаалжтай хэнд ч өөрийгөө илэрхийлэх боломж олгожээ. 1793 онд хувьсгалын эсэргүүнүүдэд эзлэгдсэн стратегийн чухал хот болох Тулоныг авахад гол үүрэг гүйцэтгэсэн түүнийг Францын засгийн газраас Бригадын Генерал цол олгожээ. Наполеон 24 настайдаа генерал цол хүртсэн ч гэсэн түүн шиг залуу генералууд маш олон байв. 27 настайдаа Италид байлдах Францын армийг толгойлон удирдаж, Австри, Сардинийн вант улсуудын цэргийг бутцохив. Түүний удирдсан айрми нь шоронгийн хориглууд, нийгмийн шааруудаас бүрдсэн ч гэсэн тэрээр ялалтад хүрч чадсан юм. 1804 онд тэрээр төрийн эргэлт хийж хаан болсон байна. Наполеоны дайнууд гэгддэг дайн 1800, 1814-1815 онд тасралтгүй үргэлжилжээ. 1809 он гэхэд Францууд Баруун болон Төв Европыг тэр чигээр нь эрхэндээ оруулсан ба Ромын эзэнт гүрнээс нааш үзэгдээгүй том улсыг Европт байгуулжээ. Францын армийг тэрээр Европт шилдэг нь болгож чаджээ. 

Гэвч олон жилийн дайн Францын цэргийн чадавхийг мохоож, нөгөө талаас эзлэгдсэн орнуудын цэргүүд Француудаас олон зүйлийг дам суралцжээ. 1799 онд түүний Египет рүү хийсэн дайн хүссэн үр дүнг нь авчраагүй байна. 1812 оны Орос руу хийсэн аян дайнд тэрээр ялагдсан бөгөөд 1814 онд Германы Лейпцигийн дэргэд Наполеоны цэрэг Европын эвслийн цэрэгт ялагджээ. Тэрээр хаан ширээнээсээ огцорч Эльба арал руу цөлөгдөв. Хэдэн сарын дараа Наполеон арлаас оргож Францын нутаг дэвсгэр дээр бууснаар хэрэг дахин мандав. Тэрээр өөрийн 250000 орчим цэрэгтэй армиа удирдан Европын эвслийн 1 сая орчим цэрэгтэй тулгаран улмаар Бельгийн Ватерлоо тосгоны дэргэд ялагдсан байна. Тэрээр Ариун Еленагийн арал хэмээх Атлантын далайд байдаг арал руу цөлөгдөж 1821 онд нас баржээ. Наполеон цэргийн жанжны хувьд 60 орчим том жижиг тулалдаануудыг биечлэн удирдсан нь хосгүй амжилтад тооцогддог. Энэ үзүүлэлтээрээ Наполеон нь Александр, Ганнибал, Карл, Фридрих нарын хийсэн тулалдаануудыг нийлүүлсэнээс илүү олон тулалдаан хийсэн байна. 


Гэвч шилдэг 7 жанжны нэг нь дайсандаа амьдаараа олзлогдож цөлөгдөөд /Наполеон/, нэг нь дайснууддаа бүслэгдэн амиа хорлож /Ганнибал/, нэг нь хуйвалдагчдын гарт цаг бусаар үрэгдэж /Юлий Цезарь/, нэг нь тэнэсэн суманд оногдож үхжээ /Карл/. Тэдний 3 нь л жам ёсоороо таалал төгсжээ. 

Тэдний хэд нь өөрийн улсг байгуулав? 3 нь угаасаа ван байсан /Александр, Карл, Фридрих/. Нэг нь хүчээр төрийн эргэлт хийж хаан болсон /Наполеон/ бол үлдсэн 3 нь хаан болох хувь дутжээ. Александрыг нүд анингуут хураасан улс нь задарсан, Наполеоныг амьд байхад Франц их гүрний статусаа алдсан байна. 

Тэд долуулаа хийгүй жанжид байсангүй. Цезарь, Фридрих, Карл, Суворов нар дайснаасаа хүнд цохилт амсаж байсан бол Ганнибал, Наполеон нар шийдвэрлэх тулалдаанууддаа ялагдаж байв. Ганцхан Александр л ганц ч удаа ялагдаж үзээгүй байна. Харин Чингисхааны арми өөрийн цаг үедээ буюу 13-р зуунд хамгийн шилдэг нь байв. 

Наполеон 1150000 км2 орчим нутгийг эзэлсэн бол Гитлер 2190000 км2, Александр Македон 3480000 км2 нутгийг эзэлжээ. Тэгвэл Чингисхаан энэ 3-ыг нийлүүлснээс ч их буюу 7770000км2 нутгийг эзлэн авчээ. 

Тэгэхлээр шилдэг 7 жанжин маань нийтдээ 6900000 км2 нутаг эзэлсэн гэсэн тооцоо гарч байна. Эндээс Карл, Ганнибал нарын алдсан нутгийг хасвал өшөө бага тоо гарна. Харин 7770000 км2 бол ганцхан Чингисхааны эзэлсэн нутаг юм. Түүн дээр Хубилай, Батхаан, Хүлэгү нарын эзэлсэн гарзыг нэмбэл өшөө их тоо гарна. Чингисхааны байгуулсан улс 1368 он хүртэл их гүрний зиндаад оршиж, 1691 онд тусгаар тогтнолоо алджээ. 1206 оноос хойш 485 жил өнгөрчээ. Тэрээр байгуулсан улсынхаа хөгжил цэцэглэлтийг харсаар, дайснаа дарсаар таалал төгссөн байна.


Ч. Чойсамба “Батхааны байлдан дагуулал” номноос. Б.Батмөнхийн сийрүүлэн бичсэнийг оруулав.