УДБЭТ-ын гоцлол дуучин, МУГЖ Э.Амартүвшин “BBC” телевизээс хоёр жил тутамд зохион байгуулагддаг дуурийн дуучдын алдарт “Cardiff Singer of the World” тэмцээнд оролцож байгаа гэдгийг өмнө нь мэдээлсэн. Тэгвэл тэрбээр энэхүү уралдаанд шилдэг 5 дуучны нэгээр шалгарлаа.  Тус тэмцээнд дэлхийн 55 орны 350 гаруй уран бүтээлчид өрсөлдсөн юм.

Сүүлийн шатны дөрөв дэх хэсгийн тоглолтын дараа шилдэг 5 дуучныг зарласан бөгөөд тэд ирэх баасан гарагт тэргүүн байрын төлөө өрсөлдөнө. 

Анх удаа Монгол Улсаа төлөөлөн нэр хүндтэй тэмцээнд оролцож буй дуучин Э.Амартүвшин дөрөв дэх хэсгийн тоглолтонд хөгжмийн зохиолч Н.Жанцанноровын “Чиний минь нулимс” дууг дуулж Британичуудыг гайхшрууллаа. Түүнд уншигчдынхаа өмнөөс амжилтыг хүсье.