“...Аугаа их ухаантнууд төрийг удирдаж байх цагт доодчуул нь тэдний оршин байгааг анзаардаггүй. Аугаа их бус 

ухаантнууд төр барьж байгаа орны иргэд төрөө сүсэлж удирдагчаа магтаж байдаг. Түүнээс доогуур ухаантнуудын эзэгнэж байгаа төрөөс ард олон айдаг. Бүр дорд хүмүүс төр барих юм бол ард түмэн тэднийг жигшин зэвүүцдэг” гэж Лаозын хэлсэн үг байна.

Энэ үг хэдэн зууны туршид дэлхийн улс төрийн философид оршсоор ирсэн. Үнэн гэдэг нь батлагдсан учраас байсаар байгаа ажээ.

Эртний Хятадын гүн ухаантны дээрх хэлснийг өнөөгийн Монголын улстөрчид батлан харуулж байна.

Монголд удирдагчаа огт анзааралгүй явсан түүх байгаа эсэхийг мэдэхгүй юм. Бараг л үгүй болов уу. Харин монголчууд төрөө сүсэлж, удирдагчаа магтан дээдэлж явсан үе бол бий.

Өнөөдөр... Монгол Улс парламентын засаглалтай. 76 гишүүнтэй. Тэд хууль боловсруулах эрхэм их үүрэгтэй. Гэхдээ тэр үүрэг нь хэддүгээрт тавигддагийг бүү мэд. Юутай ч шал өөр зорилго чиглэл тэдний өмнө байдгийг олон нийт хэдийнэ анзаарчээ. Ерөөс төрд алба хашигчдад энэ үг хамаарна.

Монгол Улсын 17 дахь Ерөнхий сайд Д.Бямбасүрэн гуай хааяа нэг дорвитойхон дуугарах. Үнэнийг хэлнэ. Энэ цагт ховордсон түүн шиг зангарагийн үг уг нь “шар тос” авай. Гэвч үүнийг ухаарах сэхээтэй амьтан энэ төрд алга шиг...

Д.Бямбасүрэн гуай саяхан хэвлэлд өгсөн ярилцлагадаа “...Монголын нийгэмд тохиолдож байгаа бүх л бохир, зөрчилдөөн үзэгдлүүдийн эх ундарга нь улс төрийн намууд болоод байна л даа. Улс төрийн нам гэдэг бол нэг талдаа улс орныхоо зам мөрийг үзлээр тээж, олон түмнийхээ хүчээ чиглүүлэх талаас нь хэрэгтэй бүтэц байдаг. Гэтэл өнөөдөр манай улс төрийн намууд нам дамжсан улс төрийн олигархиуд болсон. Тэд төрийн эрх мэдлийг аваад өөрсдөдөө ашиглахын тулд бүхнийг хийж байна. Ардын нам, Ардчилсан нам хоёрын хооронд одоогийн явуулж байгаа бодлогын талаасаа гэхэд хуруу зөрүү байхгүй. Хуйвалдаад л хоорондоо хувааж идэж байна. Сонгууль дөхөхөөр нэг нь цагаан болох гээд нөгөөхөө харлуулж мэтгэлцэх биз. Тэгэхээр улс төрийн нам бол төрийн албыг худалддаг лангуу болсон нь хэнд ч ойлгомжтой. Сайдыгаа нэг тэрбумаар, дэд сайдын суудлыг 480 сая төгрөгөөр авна гэх зэргээр бараг ханш тогтоочихсон байгаа. Тэгэхээр улс төрийн намуудыг өөрчлөхгүйгээр Монголын нийгэм өөрчлөгдөж чадахгүй.

...Харамсалтай нь энэ бүхэн Ардчилсан нам төр барьж байх үед тохиолдож байна. Ардчилсан намын удирдлага дотор АН-ынхныг МАН-ынхны үзэл номлолд шингээе, хоёр намыг нэгтгэе гэсэн хүчтэй бүлэглэл бий. Тэд байсаар ирсэн. Өнөөдөр нам дотроо давамгайлах байр суурин дээр очоод 2012 оны УИХ-ын, 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар ард түмнийхээ өгсөн итгэлийг хойш тавьчихаад дахиж эвслийн Засгийн газар байгуулж Монгол орноо худалдах ажил хийж байна л даа. АН-ынхан өөрсдөө төрийн хариуцлагыг дээшлүүлэхийн эсрэг ажиллаад цаашдаа энэ бодлого нь үргэлжлэх юм бол сонгуульд тэд олонхийн санал авах магадлал байхгүй. Хамгийн олон санал авах найдвар бүр ч байхгүй. Бүлэг байгуулах хэмжээний төвшинд үлдэх үү, үгүй юу гэдэг болох байх. Хамгийн өрөвдөлтэй, эмгэнэлтэй зүйл нь МАН-ынхан тэднээс дээргүй л дээ. Хуучны архаг хуйвалдаан, алдаатай бодлогод бүгд оролцож байсан улсууд одоо гэмгүй царайлан амаа арчаад сууж байна. Сонгуулийн цаг болоход наадуул чинь хөхөө шиг донгодоод гараад ирнэ. Олон түмэн ил тод сонголт хийх юм бол Монголын хувь заяа 2020 он хүртэл бүдгэрнэ. Үүний хариуцлагыг АН-ын одоогийн удирдлага хүлээнэ. АН-ынханд хэлэхэд, дотоод хяналтаа ойлгооч ээ. Эцсийн боломж чинь энэ. Долдугаар сарын эхээр чоно борооноор гэгчээр манайхан хуулиа баталж байхад амралт эхэлдэг шүү дээ. Тэрнээс хойш нэг ч алхам хийх боломж гарахгүй. Долдугаар сарын 9-нийг хүртэл эд нар толгойгоо ажиллуулахдаа жаахан цэгцэрч, ухаарах боломж бий. Тэгээд чадахгүй бол тэдний маанийг уншихад нь бид эмгэнэл илэрхийлээд зогсч байхаас өөр яахав дээ...” хэмээн ярьжээ. Байгааг байгаагаар нь хэлсэн нь энэ.

Шинэчлэлийн Засгийн газрыг түлхэн унагаад МАНАН дахин хамтарч шийдлийн Засгийн газар байгуулсан. Долоон сарын өмнө л дөө. Албан тушаал эрх, мэдлийг баруун солгойгүй солилцон хуваарилж, нэг ёсондоо юуг ч ичилгүй хийх болсон.

Хамгийн ноцтой нь УИХ, Засгийн газраар орж байгаа бүх асуудлаас, ялангуяа мөнгө төгрөгтэй холбоотой бол гишүүн бүр, сайд болгон хувь хүртдэг болоод байгаа юм. Би авахгүй бол чи ч авахгүй гэсэн логиктой.

Манай нэгэн томоохон компанийн төлөөлөл болон суудаг эрхэм гишүүн уул уурхайтай холбоотой шийдвэр УИХ-аар гаргуулахын тулд 40 сая ам.доллар зарлагадсан гэдэг мэдээлэл бий. Нөгөөдүүлийнхээ гарыг хүндрүүлж байж кноп даруулсан хэрэг.

Иймэрхүү жишээ олныг ярьж болно. Одоо Оюутолгой, Тавантолгойн байж байгаа царайг хар.

С.Баярын Засгийн газар үр өгөөжөө ч өгдөггүй “хөлдүү” гэрээ хийчихсэн нь өнөөдөр мэдэгдэж эхлээд байна. Ямар сайндаа л Ерөнхий сайд хаа байгаа Дубайд очиж хэдэн ам.долларын “зээл”-д гарын үсэг зурах вэ дээ. Тавантолгойн төсөл гэж нэг там байна. Бөөн улс төр. Ерөөсөө л улстөрчдийн хувь хүртэх сонирхол цаана нь байсныг мэдэж болохоор болов. Энэ төслийг анх боловсруулж байхад Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нэг үг хэлж байсан юм. Тавантолгойн төслийг УИХ-аар хэлэлцүүлэх шаардлагагүй. Хэрэв  тэгвэл гишүүдийн сонирхол, хаалт орж ирээд цааш явуулахгүй. Нэгэнт аж ахуйн нэгжийн асуудал, Их хурал шийдвэрээ гаргачихсан болохоор Засгийн газар шийдэг” гэж байсан. Тэр мэдэж байжээ. УИХ элдвээр бойкотлосоор байгаад өөр дээрээ авч, улмаар төслийг бүрэн хэмжээнд нь унагаж, нэг ёсондоо гацааж чадлаа. Эцэстээ талуудын байр суурь, зөрүүтэй тоон мэдээнүүдэд олон нийт бүр толгой эргэж гүйцлээ. Энэ төслийн хувь заяа эрхэм гишүүдэд “За” гээд л хэлчих юм бол ногоон гэрлээр явахад бэлэн болоод байгаа ажээ.

Энэ Их хурал яагаад ийм ичгүүр сонжуургүй ашиг сонирхлоо илэрхийлдэг болов оо. Дийлэнх нь бизнесмэнүүд байгаа учраас тэр. Адуучин хүн адуугаа, жолооч хүн машинаа л бодно. Энэ зарчмаар төрийн ажлыг түрүүлээд бизнестэйгээ хольж үздэг гэж байгаа.

Архины тухай хууль хэлэлцэхэд аягүйцэх гишүүн “АПУ”-ын Г.Батхүүгээс эхлээд зөндөө. Г.Батхүү архины хяналтын хуулийг чангатгая гэж хэзээ ч хэлж чадахгүй. Замын чанарыг сайжруулъя, муу зам барьсан компанид хариуцлага тооцъё гэж Б.Гарамгайбаатар бас хэлж зүрхлэхгүй.

Мөн намын бүлгүүдийн завсарлага авдгийн цаана юу байдаг гэж? МАН хөөрхий тэр иргэний тэтгэврийн нас нь доошилж балрах вий, эдийн засгийн өршөөлийн хууль энэ улсад ийм хохиролтой болох нь гэсэндээ хэлэлцэх үед нь хаалт тавьдаг уу?

МАН зүүний, АН барууны үзэл номлолтой гэдэг. Халамжийн бодлогоо МАН эсэргүүцэж, үйлдвэржилтийг АН сөрж цаасан дээрх хоосон уриа болгосныг юу гэх вэ?

АН-ын олон фракц МАН-тай хүртэл хамтраад намын даргынхаа тэргүүлсэн Засгийн газрыг унагасныг юу гэж тайлбарлах вэ?

Энэ мэт олон асуултад ганцхан хариулт хангалттай. Дээр хэлсэнчлэн, би авахгүй бол чи ч авахгүй...

Төрийн өмчийг 2015-2016 онд хувьчлах өөрчлөх үндсэн чиглэлийг батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ЭЗБХ-ны ажлын хэсгийн хуралдаан одоо эхэлж байна. Тогтоолын төсөлд Дулааны цахилгаан станцууд, “Шивээ овоо”, “Багануур”, “Эрдэнэс Тавантолгой”, “Оргил рашаан сувилал”, “Кино урлагийн дээд сургууль” зэрэг олон газрын төрийн өмчлөлд өөрчлөлт оруулахаар ярьж байна. Энэ бүхэн эрхэм гишүүдийн хаагуур өнгөрөх вэ дээ.

Иймэрхүү “ажил”-аа амар хялбар ойлголцоод хийхэд МАНАН хэмээх Засгийн газар чухал үүрэгтэй. Сүүлд байгуулсан МАНАН-ын засаг задрахаар болсон тухай мэдээлэл цацагдаж байна. МАН гарч ИЗНН засагт орж ирнэ гэнэ. Гэвч засагт байсан байгаагүй Тавантолгой мэтээс хаялга хүртэж таарна. 

Орос, Хятадын хоорондох хийн хоолой Монголоор дайрахгүйн шалтгаан ердөө л МАНАН-ын улстөрчдийн хувааж идэх, хувь хүртэх дажинтай холбоотой. Олон жил ярьсан Сайншандын аж үйлдвэрийн парк, төмөр зам цөм үүнээс л болсон. Одоо цаасан дээрх мөрөөдөл төдий л үлджээ. 

Нөгөө талаар МАНАН нийлж байгаад хийсэн үйл өнөөдөр Монголын эдийн засгийн хямралд хүргээд байгаа. Чалкогоос авсан мөнгөнөөс 400 тэрбумыг “Хүний хөгжил сан”-д оруулсан. 2008 оны сонгуулийн амлалтаа биелүүлэхийн тулд МАНАН-ын Засгийн газар байгуулаад тараачихсан гэж байгаа.

Энэ мэтчилэнгээр МАНАН-ын шийдэл, хувь улстөрчдийнх нь сонирхол Монголыг “мөлхүүлж” эхэллээ. Би авахгүй бол чи ч авахгүй гэсэн тэдний сэтгэлгээ Монголын улстөрд тогтоосон эмгэнэлтэй жишиг, харамсмаар хар толбо юм. 

Б.ДАМДИН-ОЧИР