Солонгос улсын 10 жилийн сургуулиудад “Кибер цагдаа” гэдэг орон тоо үүсч ажиллах болсон байна. Үүний гол шалтгаан нь 10 жилийн хүүхдүүд интернэтийн хэт задгай орчинд хараа хяналтгүй байгаагаас болж өөрсдөө ч мэдэхгүй кибер гэмт хэргийн шууд болон шууд бус хохирогч болж буйтай холбоотой юм. Хүүхдүүд бүлэглэн нэгнийгээ хорлох, худал зүйлд гүтгэх, улмаар бие засах өрөөнд нь нууц камер байрлуулж түүнийгээ ангийнхаа дотоор групт нууц хаягнаас оруулах зэрэг үйлдлүүд хийгдэх болсон юм. Гэтэл харьцуулалтаар Солонгосоос дутахааргүй өндөр тооны интернэт хэрэглэгчтэй Монгол улс нийт улсын хүрээнд маш цөөхөн тооны кибер цагдаатай !

 

Саяхан олон нийтийн сүлжээгээр сайн үйлсийн аянд идэвхитэй оролцдог, тогооч мэргэжилтэй Оюунболд /МС Болдоо ч гэх/ залууг “Шивтэр үнэртүүлсэн хөдөөнийхөн хотоос зайл” гэдэг постер бариулж хуурамч эвлүүлэг хийн өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр нийтэд цацжээ. Маш олон хүмүүс асуудлыг шууд хүлээн авч түүн руу дайрч давшилан, олон хүн доромжилсон байна. Энэ нь хүний эрхийг шууд зөрчиж буй явдал бөгөөд Монгол улсад үүнийг зохицуулах “Үр дүнтэй” гарц байхгүй байсаар байгаа нь харамсалтай. Оюунболдын хувьд зөвхөн нэг жишээ төдий ба ийнхүү хохирсон хэдэн зуун хүний зарим нь үүнийг уншиж л суугаа биз. Хамгийн харамсалтай зүйл бол хуурай өвсөнд шүдэнз зурсан мэт аливаа ташаа мэдээлэл нэг л түгсэн бол эргэж түүнд залруулга хийгээд үр дүн маш муутай, хэн ч хариуцлага хүлээдэдггүй, түгээсэн хүмүүс аль хэдийн дараагийн сенсаацидаа туйлширчихсан явдагт билээ. Зарим хүн хэсэг нэр төрөөрөө тоглуулаад өнгөрдөг байхад харин зарим хүн “Эд хөрөнгө, бизнес, амьдралаараа” тоглуулах ч энүүхэн зүйл болоод байна.

 

ГАРЦ. Одоогийн байдлаар найдвар төрүүлж буй цорын ганц “Гарц” нь хүмүүс бид өөрсдөө шүүлтүүртэй байж үнэн зөв мэдээллийг нягтлан ялгах чадвартай болох, түүнд уриалах юм. Ядаж л мэдээллийг шууд шээрлэдэггүй байх, ялангуяа хүний нэр төр, мөнгө санхүүтэй холбоотой мэдээллийг түгээхдээ болгоомжтой хандах, эх сурвалж, бичсэн хүн, буух эзнийг нь нягталж үзэх дадал хэрэгтэй болоод байна. Эс тэгвээс сонгууль, улс төрийн тоглоом эрчимжих тусам үүнийг мэргэжлийн түвшинд зохион байгуулалттай үйлддэг хүмүүс олширч хэн ч шийдэж чадахгүй байгаа цахим ертөнцийн “Цоорхойг” чадварлагаар ашиглаж та бидний тархийг угааж байна. Зөвхөн бусдыг гүтгэн доромжилдог “Алба” маягийн хүмүүс намын бодлогоор ажилладаг нь нэгэнт нууц биш болоод байгаа шүү дээ. Тэд хэнийг ч хайрлахгүй, тэр болгонд үнэн сэтгэлээр хандаж уурлаж бухимдаж байдаг энгийн хүмүүс хөөрхийлэлтэй.

 

Миний бие 3 жил цахим ертөнцийг идэвхитэй ашиглах явцдаа гүжирдлэг, доромжлол маш олон зүйлд өртөж байсан бөгөөд нэгэнт олон нийтийн ажил хийж байгаа учир ямар ч зүйл ирж болох юм гэсэн сэтгэлзүйн бат хамгаалалттай болтол удаан хугацаа зарцуулсан билээ. Харин тэр хэмжээний дайралтанд 17 настай охид хөвгүүд өртөх үед сэтгэлээр унан юу ч хийж магадгүйг анзаарсан юм. Хүчингийн хохирогч хэмээн гүтгүүлэн амиа хорлосон өсвөр насны охин ч байдаг билээ. Иймээс дор дороо бодолтой байж үүнд бусдыг уриалцгаая.

 

 

Лантуун дохио ТББ 
Ч.Ганжавхлан