“Чингис” бондын гайхамшиг нь эдийн засгийн хямралыг зайлуулж чадсан явдал
2013/02/06
Монгол Улсын хөгжлийн торгон жолоон дээр сууж буй Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр эрхэлж буй ажлынхаа талаар сэтгүүлчидтэй нээлттэй ярилцлаа.
-Өнгөрсөн онд Монголын эдийн засагт хамгийн их нөлөө үзүүлэх “Чингис” бондыг хөрөнгийн зах зээлдээ нийлүүлсэн. Энэ бонд хөгжил авч ирнэ, өрөнд оруулна гэсэн яриа их гарч байгаа. Эдийн засгийн хөгжлийн сайдын хувьд та байр сууриа илэрхийлнэ үү?
-Мөнгө өөрөө баялаг бүтээдэггүй, баялгийг хүн бүтээдэг. Хүний бүтээсэн баялгийг мөнгөөр хэмжиж, мөнгөөр илэрхийлдэг. Бидний эн тэргүүний зорилт бол инфляци буюу үнийн өсөлтийн хувь хэмжээг бууруулах, хоёрдугаарт, валютын ханшийн тогтвортой байдлыг хангах, гуравдугаарт, зээлийн хүүг бууруулж нэг оронтой тоонд хүргэж, хугацааг сунгах явдал.
Ингэхийн тулд зах зээл дээрх мөнгөний нийлүүлэлтийг нэмэгдүүлэх шаардлагатай байсан. Тиймээс “Чингис” бондыг гаргах талаар манай яам санаачлан Засгийн газар, УИХ-аар хэлэлцэн батлуулсан юм. УИХ бонд гаргах зөвшөөрлийг өгөхдөө зөвхөн нэмүү өртөг шингэсэн дэд бүтцэд зарцуул, халамжид зарцуулж болохгүй, төсвийн алдагдал нөхөж болохгүй гэсэн гурван үндсэн нөхцөлөөр бонд гаргах зөвшөөрлийг олгосон.
-Дэд бүтцийн хөгжил рүү чиглэсэн төслүүдээ бэлэн болгоогүй үед бонд босгосон нь хий дэмий өндөр хүү төлөх нөхцөл бүрдүүллээ гэж олон хүн шүүмжилж байгаа. Энэ талаар?
-Төсөл бэлэн болгох, бонд босгох гэдэг хоёр өөр асуудал. Өөрөөр хэлбэл, төсөл бэлэн болгоно гэдэг нь монголчууд биднээс шалтгаалах асуудал. Харин бонд босгох нь олон улсын зах зээл ямар байхаас ихээхэн шалтгаалах зүйл. Мөн бондыг хэзээ гаргавал бидэнд ашигтай вэ гэдэг нь бодож үзэх ёстой асуудал. Бид яагаад арваннэгдүгээр сарын сонгосон бэ гэдэг нь санамсаргүй зүйл биш.
Өнгөрсөн жил дэлхий дахинд эдийн засгийн хямрал болж байсан. Энэ хямрал манайхыг тойроогүй, 2012 оны төгсгөлд төсвийн орлого их хэмжээгээр тасарсан, гадаад хөрөнгө оруулалт саарч, валютын ханш огцом өөрчлөгдөх нөхцөл бүрдээд байсан. Яагаад хямрал болоогүй вэ гэхээр “Чингис” бондын 1.5 тэрбум ам.долларыг дэлхийн зах зээл дээр амжилттай арилжсан явдал.
Тодруулбал, манай улсад төсвийн алдагдал их, гадаадын хөрөнгө оруулалт бага байсан ч хөрөнгийн зах зээлд “Чингис” бондын валют орж ирсэн учраас ханшийн огцом өөрчлөлт гараагүй. “Чингис” бондын гайхамшиг нь томоохон төслүүдэд хөрөнгө оруулахаас гадна, эдийн засгийн хямралыг зайлуулж чадсан явдал.
-“Чингис бонд”-ын хүүний асуудлыг хэрхэн шийдэж байгаа вэ?
-Монгол Улсын арилжааны банкуудын жилийн хүү дунджаар 20 хувьтай байгаа. Харин “Чингис” бондын жилийн дундаж хүү 4.7 хувь. Өнөөдөр энэ мөнгөнөөс бүтээн байгуулалтад зарцуулж эхлээгүй байгаа. Гэвч Монгол Улс хүүнд нь мөнгө төлөөгүй гэдгийг албан ёсоор хэлье. Мөнгийг шууд хөрөнгө оруулалтад зарцуулахаас өмнө Монголбанк дотоодын болон гадаадын арилжааны банкуудад байршуулах замаар асуудлыг шийдвэрлэж байгаа.
Төвбанк хөрөнгөтэй болсон учраас бодлогын хүүгээ 0.75 хувиар бууруулсан. Үүнийг дагаад зээлийн хүү буурах болно. Мөн тодорхой нэр төрлийн бараа бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах, инфляцийг бууруулахаар Засгийн газартай хамтарч ажиллаж байгаа. Энэ нөхцөл бололцоо хэзээ бүрдсэн гэхээр бондын хөрөнгө орж ирснээр бүрдсэн юм. Цаашдаа төгрөгийн нийлүүлэлтийг нэмэгдүүлэх бодлого барьж ажиллана. Ингэснээрээ зээлийн хүү, инфляцийг бууруулна.
-Яриагаа одоо бүтээн байгуулалтын ажил руу оруулъя. Тэгэхээр ирэх дөрвөн жилд бүтээн байгуулах ажил гэхээсээ илүүтэйгээр энэ онд хийж бүтээх ямар, ямар төслүүд байна гэдэг нь сонин байх?
-Монгол Улс дэд бүтцээ хөгжүүлэх шаардлага нэн тэргүүнд тавигдаж байгаа. Хамгийн түрүүнд шийдвэрлэх асуудал нь авто замын сүлжээг сайжруулах явдал. Тиймээс бид энэ онд зургаан аймгийг нийслэл хоттой хатуу хучилттай замаар холбох юм. Тодруулбал, Баянхонгор, Дорноговь, Дундговь, Дорнод, Өмнөговь, Хөвсгөл зэрэг аймгуудыг 2013 ондоо багтаж авто замаар холбох болно. Үлдсэн аймгуудыг нь 2014, 2015 онд хатуу хучилттай авто замаар бүрэн холбож дуусгана.
-Зургаан аймгийн замын тендерт зөвхөн дотоодын компанийг оролцуулах уу?
-Зөвхөн дотоодын компаниудыг ажиллуулах бодлого барьж байгаа. Зам тээврийн яамтай бүх замын компаниудаа ажилтай болгох талаар ярилцсан. Өөрөөр хэлбэл, замын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй бүх компаниуд энэ хавраас ажилтай болох нь.
-Энэ жил төмөр замын ажил эхлэх үү?
-Төмөр замын төслүүдийг 2013 онд идэвхжүүлэн өрнүүлэх болно. Таван толгойн ордоос урд хил хүртлэх төмөр замын төсөл ажил хэрэг болоод явна. Энэ зардлыг “Чингис бонд”-оос гаргах болно. Харин Таван толгой-Сайншанд, Сайншанд-Чойбалсан зэрэг чиглэлийн төмөр замын ТЭЗҮ боловсруулах ажил хийгдэнэ.
-Уул уурхайн дэд бүтцийн асуудлууд ч мөн түүхий байгаа. Тухайлбал, “Эрдэнэс Таван толгой” компани дээр хэдэн гэрээс өөр зүйл байхгүй байгаа. Дээрээс нь 300 гаруй сая ам.долларын өртэй болсон гэж байгаа?
-Энэ компанийн санхүүгийн хүндрэл нь хоёр үндсэн шалтгаантай. Нэгдүгээрт БНХАУ-ын төрийн өмчит “Чалко” компанитай хийсэн алдагдалтай гэрээ. Тус компанитай хийсэн гэрээгээр байнгын худалдаагаа хийгээд явсан бол бид байнгын алдагдал хүлээх байсан. Тиймээс манай Засгийн газар гэрээг цаашаа энэ хэвээр нь үргэлжлүүлэх боломжгүй гэдгээ мэдэгдээд байгаа.
-Засгийн газрын бондоос хөрөнгө зарцуулахгүй гэсэн үг үү?
-Тэгж ойлгож болно. Нүүрсний нөөцөөрөө дэлхийд тэргүүлэх энэ ордоо өөрсдийнхөө хүчээр ашиглая. Нүүрс худалдан авах компанитайгаа урт хугацааны гэрээ байгуулъя. Өөрөөр хэлбэл, худалдан авагчтайгаа 15 жилийн хугацаатай жилдээ 300 сая тонн угаасан нүүрс нийлүүлэх гэрээ байгуулсан нөхцөлд нэг тэрбум ам.долларын урьдчилгаа авч болох юм гэсэн үүднээс ажиллаж байна.
“Чалко” компаниас авсан бидний мөнгө урьдчилгаа байгаагүй хүүтэй зээл байсан. Урьдчилгаа гэдэг нь хүүгүй, ирээдүйд нийлүүлэх нүүрсний өртөг гэж ойлгох хэрэгтэй.
-Оюу толгойн гэрээг мөн өөрчлөх талаар яригдаж байгаа?
-Оюу толгойн нэг сайхан мэдээ гэвэл үйлдвэр ашиглалтад орж байгаа явдал. Харин Монгол Улсын өмнөх Засгийн газрын байгуулсан гэрээ мөн л алдагдалтай болсон. Хамгийн наад зах нь хөрөнгө оруулалтынхаа хэмжээг хоёр дахин өсгөнө гэдэг нь Монгол Улсын хүртэх ашгаас хугасалж байгаа хэрэг. Мөн Оюу толгойн хөрөнгө оруулалт бүгд өндөр хүүтэй зээлээр хийгдэж байгаа. Засгийн газрын бондоос өндөр хүүтэй мөнгөөр хөрөнгө оруулалтыг хийж байна.
Анх Оюу толгойн гэрээг байгуулахад “Айвэнхоу майнз” “Танайд орд нь байна. технологи, мөнгө байхгүй байна. Бидэнд мөнгө, технологи нь байна. 66:34-өөр гэрээ хийе гэж байсан. Одоо бидэнд мөнгө олох зам нь байгаа учраас асуудалд арай өөр өнцгөөс хандана. УИХ-ын 57 дугаар тогтоолын дагуу гэрээг өөрчлөх талаар шинэчлэлийн Засгийн газар байгуулагдсан цагаасаа хойш ажиллаж байна.
-Оюу толгой, Таван толгойг эрчим хүчээр хангах асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ?
-Монгол Улс их хэмжээний нүүрс экспортолдог ч гэсэн цахилгаанаа экспортоор авдаг. Энэ байдлыг ойрын хугацаанд өөрчлөх болно. Энэ ондоо багтаж Таван толгой, Шивээ-Овоо, Багануур гэсэн орд дээр 300-600 мВт-ын хүчин чадалтай цахилгаан станц барих ажлыг эхлүүлнэ. Баруун хязгаарт 60 мВт-ын хүчин чадалтай бага оврын цахилгаан станц барьж цахилгаан экспортолдог байдлыг зогсооно. Мөн “ТЭЦ-V”-ыг бүтээн байгуулах ажлын гэрээнд тун удахгүй гарын үсэг зурна.