Урианхан Б.ГАЛААРИД

Нэг л биш ээ. Буруу эргэлт эрчээ аваад л байна. Хорин таван жилийн дараа эргэж хараад цагаан морин жил бид ийм нийгмийг хүссэн гэж үү хэмээн сэтгэл өвтгөн суух юм гэж санасангүй. Тэр үед үг хэлээрээ, үзэл бодлоороо нэгдэж явсан олон сайхан нөхөд минь өнөөдөр танигдахгүй болтлоо өөрчлөгджээ. Цэл залуу насыг нь, оргилсон халуун сэтгэлийг нь сайн мэдэх болохоор тэгтлээ өөрчлөгдсөнд нь итгэж чадахгүй юм.

1-7Мэдсэн сурснаараа, хэлсэн ярьснаараа, хийсэн бүтээснээрээ олонд танигдаж, түмэнд хүндлэгдэж явсан сайхан сайхан залуус бас л танигдахаа байчих юм. Суурь хүмүүжил, сурсан эрдэм, олсон амжилтыг нь анхнаас нь харж анзаарч, өсөж өндийхөд нь танихгүй мөртөө өмнөөс нь баярлаж явсан хүмүүс нэг мэдэхэд биш болчихсон, итгэхийг хүсэхгүй байтал энэ гээд баримт нь гараад ирэх юм.

Энэ сэдвээр ярьж хөндөж байгаа байдлыг анзаарвал хүмүүс ихэвчлэн тухайн хувь хүнийг буруутгасан харагдана. Хувь хүний буруу мэдээж их. Гэхдээ хүнийг тийм байдалд хүргэхэд нөлөөлдөг их бага олон хүчин зүйлийн нэг нь бялдуучлагчдын балаг юм.  Сайхан үгээр бусдыг хуурч, ашиг хонжоо эрж, ая тал засагч ялбагай нар мөн ч олон хүнийг хүн биш болгохыг энэ муу хоёр цэхрээрээ харлаа даа. Бие дааж амьдрах чадваргүй, амархан аргаар ашиг хонжоо олохыг хүсэгчид хамгийн түрүүнд хүчтэй хувь хүний ойр тойрноор нь эргэлдэж, дотносохыг хичээдэг. Хүчтэй хувь хүмүүс нэг л мэдэхэд аврага загасыг бүчин дагаж байдаг  жижиг загасны сүрэг шиг бөөн бялангачдад хүрээлүүлдэг. Нөгөөдүүл нь түүнийг хөөрөгдөнө, хатгана, шордоно. Хагацашгүй сайн андтай нь хагаралдуулна. Хань ижил, ах дүүсээс нь ч чадвал холдуулна. “Та мундаг байна, агуу байна” гэж ойлгуулсаар агуу ихийн донд автуулна. Худал хов зөөж бусадтай муудалцуулна. Мөн ч ихийг хийх юм даа.

Хамгийн гол нь тэд “аврага загас”-андаа үнэнийг үнэнээр нь хүргэх дургүй. Өөрсдийн эрх ашиг, хүсэл сонирхолд нийцсэн “засвартай үнэн”-ийг л хүргэнэ. Тэгж байж бялангачид өөрсдөдөө ашиг гаргадаг. Харин хөөрхий “аврага загас” амьдралаас улам бүр тасардаг.  Дотор бол албан тасалгаа, гадаа бол унаа тэрэгний цонхоор амьдралыг харж, шүүлтүүртэй “үнэн”-ийг хүлээж аваад байхаар амьдралаас тасрахаас ч яахав дээ.

Бялангачид өөрсдийгөө үнэд оруулахын тулд “аврага загас”-ны хуучин холбоо сүлбээг аль болох таслах, үнэнч шудрага хүмүүсээс холдуулах арга зам эрэлхийлдэг. Хэн нэгний тухай яриа өрнөхөд өөрт ашиггүй л бол тэр хүнийг танихгүй байсан ч муу хэлнэ. Бусдыг муулахын тулд юу гэж ч ярьж мэднэ. Нэг жишээ хэлье. Би цөөхөн хэдэн жил сэтгүүлзүйгээс хөндийрөөд эргэж ирсэн үе л дээ. Зургаа долоон жилийн өмнөх явдал. Эрхтэн дархтан хэсэг хүмүүсийн дунд “Галаарид дахиад бичээд эхэллээ” гэсэн яриа өрнөтөл манай салбарын нөлөө бүхий нэгэн “Цаадах чинь хөгшрөөд хурд байхгүй, бичиж чадахаа ч больчихсон байна лээ” гэжээ. “Өнөөдрийн сонин дээр сайн л бичсэн байна лээ шүү дээ” гэтэл “Худлаа худал. Авгай нь бичиж өгдөг юм” гэсэн нь өдгөө онигоо болон яригддаг.Тэгэхэд би дөнгөж л дөчин насны босгоор давж байсан, одоо ч бичиж цоохорлосоор л явна.Өнөө цагийн шөнийн од шиг олон нийтлэгчдийн түвшинд бол сэтгүүлч, яруу найрагч Ойдовын Содномпилийн хэлдэгчлэн ер хүртлээ бичиж ч магадгүй.  Харин өдрийн од шиг цөөхөн нийтлэлчдийн түвшинд өөрийгөө өргөмжлөх зүрх үнэндээ алга. Үнэн гэдгийг бялангачид ингэж л гуйвуулдаг юм даа.

Хамгийн муу нь бялангачид “аврага загас”-ны чихэнд “нялуун үнэн”-ийг шургуулахаас шулуун үнэнийг ойртуулдаггүй явдал. “Даргад энийг хэлж болохгүй шүү” гэсэн аман хоригтой олон чухал мэдээлэл хөлийн өрөөнөөс хэтрэлгүй өрнөөд өнгөрдөг тухай том даргын туслахаар олон жил болсон нэгэн хуучлахад нь “Та тэгээд хэлчихэд яадаг юм” гэвэл “Тогоон дотор нь орохоор хэцүү ш дээ. Даргаас хамаарахгүй юм олоон” гэчихээд дуугарч өгөөгүй юм даг. Сонин хэвлэлээр гарсан мэдээллийн тойм бэлдэж оруулж өгөхөд  хүртэл бодлого байдаг гэж учир мэдэх нэгэн ярьж байсан. Энэ бичвэр шиг агуулгатай зүйлийг бол бүр ч ойртуулдаггүй биз. Тийм байхад хүн амьдралаас тасралгүй ч яахав.

Зусарч бялангачдад автсан хүн эрүүл мэдрэмжээ алддаг юм шиг санагддаг. Хорин хэдэн жилийн тэртээ шудрага үнэний төлөө нойр хоолоо умартан зүтгэж явсан нэгэн эрхмийг би сайн мэднэ. Эхнэр нь хоолны мах алга гэж утасдахад  “Аавынхаас хоолны мах гуйчих” гэж хэлчихээд ардчилал, шудрага ёсны тухай яриандаа умбаж, чин шудрагаар амьсгалж байсан сан. Гэтэл өнөөдөр адгийн муу түшмэл зан суучихсан, бялангачдаар өөрийгөө тойруулчихсан суух. Тэр үед нэг бялангач цүнхийг нь зөөж, нөгөө бялангач нурууг нь дарж өгнө, тэгээд тэд нь цэл залуу хүмүүс байна гэвэл бөөлжис нь хутгаж, босч ирээд цохиод унагачихаар шудрага, бас цөстэй нэгэн байсансан. Гэтэл өнөөдөр тийм хүрээлэлд таатайхан налайж, ардчиллын төлөө амь хайргүй явсан журмын нөхрөө муу яваа нь чиний хохь гэж баалсан дуулдав. Бялангачдын хичээл зүтгэл нэгэн сайн нөхрийг минь төмрийн зэв мэт идсээр ийм л болгож дээ.

Бялангачдад хоёр лут чанар байдаг. Нэгдэх нь, хэнд ирээдүйтэй вэ, хэнд боломж их байна гэдгийг бусдаас түрүүлж мэдрээд очиж наалдах чадвар. Хоёрдахь нь, “аврага загас” аврага загас байхаа болихыг нь мөн бусдаас түрүүлж мэдрээд амь зулбах чадвар. Зүгээр ч нэг зугатчихгүй, өчигдөрхөн гишгэсэн газрынх нь шороог долоох нь халаг байсан хүнээ эргээд доромжилж эхэлдэг. Яруу найрагч Р.Чойням ийм бялангачдын тухай “Задарч явахад хамгийн их зусардсан хүн зүдэрч явахад хамгийн их доромжилдог” хэмээн онож хэлсэн нь бий.  “Сайн явахын цагт садан төрлөөс илүүд үзэх, саар явахын цагт сарьсан багваахайнаас дорд бодох” гэсэн утга мэргэн үг ч бас байдаг.

Амьдралын бодит үнэнийг олж харах, эрүүл ухаанаар орчноо зөв мэдрэх  чадвартай хүмүүст бялангачид тэр бүр нөлөөлж чаддаггүй. Тэд шудрага үнэнээс айдаг. Албан тушаалын шатаар дээш өгсөгч, амжилт ололтын оргил руу тэмүүлэгч хэн боловч зусар үгийг шудрага үнэнээс ялгаж, бялангач хүмүүсээс ангид байхыг эрмэлзвэл  хожим нь харамсах алдаа гарахгүйсэн билээ. Хүн таних эрдмийг төгс эзэмшиж, үр хойчдоо сургаал үг болгон үлдээсэн өвгөдийн цөлх ухаанаас суралцаж, бялангачдаас хол байсан, холдож чадсан хүмүүс л нийгмийн энэ буруу эргэлтийг зөв болгож чадах бүлгээ.