Угсраа автобусанд  8 тэрбум,  хогны уутанд 5.8 тэрбум, Даншиг наадамд  500 сая төгрөг зарцуулсан.  Энэ хөрөнгийг  хүүхдйин цэцэрлэг барих, шинээр баригдсан ч санхүүжилт байхгүйн улмаас сул зогсолт хийж байгаа цэцэрлэгт олгох,  засвар хийгээд  үйл ажиллагааг нь үргэлжлүүлэх боломжтой цэцэрлэгүүдийг  ажлуулсан бол  өнөөдөр  хамгийн багадаа 3000  хүүхэд  гэртээ цоожлогдрохгүй  үлдэнэ.  

 Ядаж л хотын захиргаа нь салбар яамдтайгаа харилцан хамааралтай ажиллаад  хотхон барьж байгаа бол заавал цэцэрлэг барь гэх шаардлага  тавьчихбал  цэцэрлэгийг хүрэлцээ асуудал үүсэхгүй  гэдгийг эцэг эхийн төлөөлөл хэлж байна.  

Энэ жил төрийн өмчийн 233, хувийн 399  нийт 632 цэцэрлэгт 91687 хүүхэд элсэх төлөвтэй байна. Харин манай улсад  цэцэрлэгийн насны  116570 хүүхэд байдаг бөгөөд тэдний  78.6 хувь нь л энэ жил цэцэрлэгт орох боломжтой юм.    Цэцэрлэг хүрэлцээгүй байгаа энэ цаг үед нийслэлийн СХД-ийн 19-р хороо  гэхэд 1000 гаруй цэцэрлэгийн насны хүүхэд байдаг бөгөөд тэдгээрийн тал нь л энэ жил цэцэрлэгт хамрагдаж байна. Үлдсэн нь гэртээ цоожлогдоход хүрээд байна.  Тэдгээрийн 200 гаруй нь  цэцэрлэгт  хамрагдах боломжтой ч  148-р цэцэрлэгийн байранд  төрийн болон хувийн хэвшлийнхэн үйл ажиллагаа явуулж байна.  Харин  цэцэрлэгийн өргөтгөлд 148-р цэцэрлэг үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд ачаалал нь хэтэрсэн болохыг учирладаг.  Зориулалтын бусаар ашиглагдаж байгаа энэ барилгыг  зориулалтаар нь ашиглах  хүсэлтийг  төрийн бүхий л шатны байгууллага,  УИХ-ын гишүүдэд хандаад байгаа ч тусыг эс олсон байна.

Энэ мэтчилэнгээр тоочоод байвал  хүүхдийн цэцэрлэгийг  “дээрэмдэж” байгаа тохиолдол цөөнгүй бий. Тэр бүрийг “ухаалаг”-аар  зохицуулсан тохиолдолд  цэцэрлэгийн хүрэлцээ асуудал байхаа болино.  

Өчигдөр “Монголын сургуулийн өмнөх боловсролын хувийн хэвшлийн байгууллагуудын холбоо” ТББ-ын тэргүүн Т.Мөнх-Алдар нар багш нарын 3000 хүүхдийг хувийн цэцэрлэгт үнэгүй хамруулахаар болсон.  Энэ санаачлагыг  хувийн хэвшлийн цэцэрлэгүүд  түүчээлэн  боломжоороо хүүхдүүдийг үнэгүй аваад байвал  эрсдэлд өртөх хүүхдийн тоо буурч, нийгмийн хариуцлагаа ухамсарлан, бусдад үлгэрлэх болно.  

Мөн  төрөөс хувийн хэвшлийн цэцэрлэгүүдэд  санхүүжилтыг нь  олгоод  хүүхдүүд элсүүлбэл  эцэг эх, төр, хувийн хэвшилдээ ашигтай ажиллагаа болно.  

Уг нь асуудлыг  сүүлийн  хэдэн жилийнх шиг  хүндрүүлэхгүйгээр дор дор нь дээр дурьдсан шиг шийдээд яваад байх боломжтой.  Асуудлыг ингэж хүндрүүлсэн нь төрийн байгууллагууд  харилцаа хамааралгүй байгаатай шууд холбоотой юм.  
 Жилийн жилд асуудал үүсгэдэг цэцэрлэгийн хүрэлцээний  талаар бид  эргэн мэдээлэх болно.

А.Баярмаа