Одоогоос гурван жилийн өмнө дэлхийн зах зээлд  нефтийн  үнэ нэг баррель нь 108 ам.доллар болж  өссөнөөр Орос ах нар ч  шатахууны үнээ нэмж манайхан ч  үнээ нэмснээр  өнөөдрийн бараа бүтээгдэхүүний жишиг үнэ тогтсон гэж хэлж болно.  Тухайн үед нь  Н.Алтантхуяг  сайд  байхдаа  хөтөлбөр хэрэгжүүлэн байж,  үнийг нь тогтворжуулан   50-60 төгрөгөөр литр тутамд нь  хямдруулж байлаа.  

Одоо тэр үетэй харьцуулахад дэлхийн зах зээл дээр  нэг баррель нефть  өнөөдөр 45.22 ам.доллар байна.

 

Энэ нь та бидний авч байгаа үнээс  даруй 2 дахин хямд үнээр буюу  900 төгрөгөөр  түлшээ авах боломжтой гэсэн үг.  Та бидний түлшээ авдаг  ОХУ-д  мөн л  түлш хямдарсаар байгаа.  

Энэ бүхнээс үзэхэд  бид  хямд түлш хэрэглэх боломж байна. Харин үүнийг  АН-ын зарим нэг хүн хүсэхгүй байгаа бололтой.

 

Тэгвэл  шатахууны үнийг буулгахгүй байгаа шалтгаанаа   ам.долларын ханшаас болоод үнийг 900-1000 төгрөгт барьж чадахгүй байна  гэх тайлбар хэлэх байх.  Гэхдээ  эдийн засагчид битгий хэл энгийн хүн ч хямдрах боломжтой гэдгийг өнөөдөр  Google ашиглаад тооцоолоод, өөрийн үнэлэлт дүгнэлтээ хийхээр байна. Улс төржихгүйгээр бодвол  өнөөдөр бид  нэг литрийг   900-1000 төгрөгөөр авах боломжтой гэх тооцоог гаргах болно.

Нефтийн үнэ дэлхийн зах зээлд буугаад  өчнөөн удаж байхад  эрх баригчид  “Түүхий эдийн үнэ буурлаа гээд манайх шатахууныхаа үнийг буулгах шаардлагагүй. Харин энэ хэвэнд нь тогтвортой байлгах талд л бодлого баримталж ажиллана. Дэлхийн зах зээлд газрын тосны үнэ буурлаа ч Орос улс бүтээгдэхүүнийхээ үнийг өсгөж байгаа биз дээ. Өөрөөр хэлбэл, түүхий эдийн үнэ буурч, өсөх бүрт нь дагаж савлаад байж болдоггүй юм.” гэсэн тайлбар өгч   үнийг нэмэхгүй, хасахгүй гэдгийг мэдэгдсэн.

Харин энэ мэдэгдлээс хойш хэдийнээ 9 сар өнгөрлөө.  Шатахууны үнийг бууруулах цаг болсон юм биш үү гэдэг асуултад Уул уурхайн сайд Ж.Жигжид “Шатахуун нь манай стратегийн бүтээгдэхүүн. Одоогоор Монгол Улс нефть бүтээгдэхүүнийг дотооддоо үйлдвэрлэж эхлээгүй, 100 хувь гаднаас хамааралтай байгаа… Үнийн хувьд дотоодын зах зээлд хэт давлагаа үүсгэхгүй байх бодлогын үүднээс тогтвортой бариад байгаа юм. Зах зээл дэх үнийг хэвээр нь барьж байгаа боловч компаниудаас авах татварын хэмжээг нэмсэн. Үнийн зөрүү нь татварын нэмэгдэл болж улсын төсөв рүү орсноор буцаад иргэдэд зарцуулж байгаа” гэж ярьж байна.

Тэгэхээр  эрх баригчид асар мэргэн санаа гаргаж шатахууны үнийг бууруулахгүй байгаа нь тодорхой боллоо.  

Одоо иргэдээ бодоод  шатахууныхаа үнийг бууруулах цаг болсон юм биш үү?

Шатахууны үнээр хангалттай улс төр хийж, хангалттай ашиг оллоо шүү дээ...

 

А.Баярмаа