Ц.Элбэгдорж: Санаа зөв бол заяа зөв
2015/09/01
Монгол Улсын Ерөнхийлөгч “Санаа зөв бол заяа зөв” сэдвээр хичээл заалаа.
Уг хичээлд Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр, Нийслэлийн Баянгол дүүргийн “Монгени” цогцолбор сургууль, Баянзүрх дүүргийн Химийн гүнзгийрүүлсэн сургалттай 33-р сургууль болон нийслэлийн 45-р сургуулийн сурагчид анги даасан багш нарынхаа хамт оролцлоо.
Хичээлийн шинэ жилийн анхны хонх дуугарсны дараа хөтлөгч сурагчдад хандан хичээл эхэлж байгааг анхааруулан, Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийг студид урилаа.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: -Сайн байцгаана уу, хүүхдүүд ээ.
Сурагчид: -Сайн, та сайн байна уу.
Монгол Улсын Ерөнхийлөгч сурагчидтай мэндчилсний дараа Төрийн дуулал эгшиглэж, Эрдмийн баяр, хичээлийн шинэ жилийн эхний цагийн хичээл эхэллээ.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: Баярлалаа хүүхдүүд ээ, сууцгаая. Ингээд өнөөдөр сургуульдаа орж байгаа нийт хүүхдүүдэд болон багш нартаа, боловсролын байгууллагын ажилтнуудад хичээлийн шинэ жилийн баярын мэнд хүргэж, хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе. Та бүхэнд баяр хүргэе.
/Сурагчид алга ташив/
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: Энэ жилийн хичээлийн сэдвээр “Санаа зөв бол заяа зөв” гэсэн сэдэв сонгосон нь бас учиртай. Ер нь ажиглаад байхад манай нийгэмд сөрөг сэтгэлгээ давамгайлсан байдалтай харагдаад байгаа. Энэ сөрөг сэтгэлгээг яавал эерэг сайн сэтгэлгээ болгож хувиргах вэ гэсэн бодол надад төрдөг. Тэгэхээр нийгмээ сайхан болгохын тулд хүмүүсийнхээ сэтгэлийг сайхан болгох ёстой. Үүний тулд хүн бүр дотроо сайхан зүйлийг мөрөөдөж, сайн зүйл хийхийг хүсч, сайн зүйлд тэмүүлэх юм бол манай нийгэм тэр чигээрээ сайхан болох учиртай.
“Хүн бодсон зүйлээ хардаг” гэж үг байдаг. Аливаа хүн бодсоноо хийдэг. Тийм биз? Тийм учраас хүний бодол санаа хамгийн чухал юм. Энэ нийгмийн бүх зүйлийн цаана хүний бодол, хүсэл эрмэлзлэл, мөрөөдөл байдаг. Тийм учраас аль болох гэгээн зүйл бодож, сайн зүйлийн төлөө тэмүүлж байгаа хүнтэй нийгэм их зүйлийг бүтээдэг.
“Хүнд аз жаргал бэлэглэе гэвэл эхлээд өөрөө аз жаргалтай байх хэрэгтэй” гэж ярьдаг. Өөрөө уйтгар гунигтай, өөрөө муу зүйл бодсон хүн бусдад аз жаргал бэлэглэж чадахгүй. Тэгэхээр сэтгэлгээний энэ өөрчлөлтийг олгодог гол газар бол сургууль юм. Сургууль дээрээ энэ бүхнийг ярилцаж, үүнд анхаарал хандуулдаг байвал нийгэмд эерэг сэтгэлгээ төлөвших юм.
-Хүүхдүүд ээ, өнөөдрийн сэдэв юу билээ?
Сурагчид: Санаа зөв бол заяа зөв.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: Тийм ээ. Би долоо дахь жилдээ хичээлийн шинэ жилийн нээлтийн теле хичээлийг зааж байгаа. Өмнөх хичээлийн сэдвүүдийг та нар санаж байгаа байх.
-Санаа зөв бол заяа зөв гэж юу гэсэн үг вэ?
Нийслэлийн 33-р сургуулийн 8-ийн “Б” ангийн сурагч Очирбат: Санаа зөв бол заяа зөв гэдгийг сайхан бодолтой байхыг хэлнэ гэж би ойлгож байна. Хүний үг үйлс хоёр нэг байх ёстой. Мөн сайн хүнийг үйлдлээс нь шинжиж болно гэж би бодож байна.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: Баярлалаа. Энд гурван сургуулийн сурагчид ирсэн байгаа гэж ойлгосон.
-Та бүхэн жишээ нь сургууль дээрээ ямар нэгэн сайн зүйл хийе гэж ярилцаж байгаад хамтдаа хийсэн хүүхэд байна уу?
Нийслэлийн 45-р дунд сургуулийн 8-ын “Б” ангийн сурагч Төгөлдөр: Бид зуныхаа амралтаар 8-р ангийн математикийн сурах бичгийг түрүүлэн авч, 6-7-р ангийн дүү нартаа олимпиадад бэлтгэх, хичээлийн хоцрогдлыг арилгах давтлага хийсэн.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: -Өөр хэн ямар сайн зүйл санаачилсан бэ?
Монгени сургуулийн 8-ын “Д” ангийн сурагч Мөнх-Алдар: Өнгөрсөн жилийн дөрөвдүгээр улирлын амьдрах ур чадварт суралцах хичээлээр бид компьютер тоглоомын сөрөг нөлөөг сүүлийн үед манай ангид тулгамдаж буй асуудлын нэг гэж дүгнэж үзсэн. Учир нь компьютерийн тоглоом нь хичээлийн үр дүн, идэвхид нөлөөлдөг гэж бид үзсэн л дээ. Бид ангиараа гурван баг болж компьютерийн тоглоомыг ач холбогдол, сөрөг нөлөө, хэрэглээ гэсэн сэдвээр судалсан. Энэ судалгааны дүнгээр манай ангийн нийт хүүхдийн 88 хувь нь компьютерийн тоглоом тоглодог байсан. Энэхүү судалгааны дараа компьютерийн тоглоом тоглодог хүүхдийн тоо 20 хувь хүртэл буурсан.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: Маш өндөр хувиар буурсан байна шүү дээ. Нэг бол гартаа утас барьчихаад, нэг бол тоглоомын газар хэсээд л тоглоод гэрийнхээ даалгаврыг хийдэггүй байсан хүүхдүүд ярилцаад компьютерийн тоглоомын сөрөг үр дагаварыг ухамсарласны дүнд татгалзсан байна.
Техник технологи бол сайн зүйл гэхдээ хэтэрхий их ашиглавал хүнийг буруу зүйлд дагуулдаг. Тэгэхээр сайн зүйл бодоод хийе гэж санавал сайн үр дүнд хүрч байна. Бас нэг ийм үлгэр жишээ болгох нэг хүүгийн мэндчилгээг одоо сонсгоё. Миний заах хичээлд энэ хүүхдийн тухай яривал сайн гэж санал болгосон юм.
Харвардын их сургуулийн төгсөгч У.Билгүүн: Сайн байцгаана уу. Та бүгдэд АНУ-ын Бостон хотоос 9-р сарын 1-ний мэндийг хүргэе. Намайг Уламмандахын Билгүүн гэдэг. Харвардын сургуульд бакалаврын түвшинд суралцсан Монголын анхны оюутан болсноор минь намайг зарим хүн таньж байгаа биз ээ.
Оюутан сурагчид надаас Харвардын сургуульд хэрхэн суралцах тухай асуудаг. Намайг амжилтад хүрэхэд хамгаас нөлөөлсөн зүйлийн нэгийг онцолж хэл гэвэл аливаа ажлыг зөвхөн өөрийн төлөө биш бусдын төлөө гэсэн сэтгэлээр хийвэл илүү амжилтад хүрдэг мэт надад санагддаг.
Миний хувьд Харвардын их сургуульд орсон шалтгаануудын нэг нь, би 10 настай байхдаа гадаадад амьдарч байгаад Монголд ирж байсан. Тэгээд ирсний дараахан “Харри Поттер” номыг хүүхдүүд бараг мэдэхгүй, мэддэг нэг нь киноноос л үзсэн байсан. Тэгээд ямар харамсалтай юм бэ, үүнийг өөрчлөх хэрэгтэй. Монголын хүүхдүүдэд “Харри Поттер” номыг хүргэх юмсан гэж бодсон.
Тухайн үед Монгол болон англи хэлэндээ тааруухан байсан учраас орчуулга хийхэд хүндрэлтэй байсан. Гэсэн ч хичээж оролдож байгаад орчуулсан. Номоо хүүхдүүдэд хүргэх зориголтой байсан учраас ямар нэгэн хэлбэрээр нийтлэх хэрэгтэй болсон. Тэгээд 12, 13 настайдаа вэбсайт хийж сураад, энэхүү сайтдаа орчуулгаа нийтлээд хүмүүст хүргэж байсан.
Түүний дараа 10-р ангид ороод Харвардын их сургуульд элсэх хүсэлтээ илгээчихээд байж байтал намайг ярилцлагад дуудсан. Ярилцлагад ороход “Харри Поттер” ном орчуулсныг л ихэд сонирхоод, ярилцлагын туршид бараг энэ сэдвээр ярилцаж өнгөрүүлсэн. Тэд “Чухам яагаад энэ номыг орчуулсан юм? Юуны төлөө ингэж их хөдөлмөрлөсөн юм? Номоо орчуулаад нийтэлж чадсан уу?” гэх мэт олон асуулт асуусан. Энэхүү номыг орчуулсан нь Харвардад элсэх бас нэгэн хүчин зүйл болсон.
Ингээд 9-р сарын 1-нийг тохиолдуулан оюутан, сурагчиддаа хандаж хэлэхэд хичээлээ хийхдээ зөвхөн өөрийнхөө төлөө хийж байна гэж бүү бодоорой, аав ээж, эмээ өвөө, улс орныхоо хөгжлийн төлөө онц сурж байгаа гэж хичээж хийвэл илүү өндөр амжилтад хүрнэ шүү гэж захиж хэлье. Анхаарал хандуулсанд баярлалаа. Та бүхэнд хичээлийн шинэ жилийн мэнд хүргэе.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: Билгүүндээ баярлалаа.
-Билгүүний ярьсан зүйлээс юу ойлгож мэдэж авснаа хэлэх хүн байна уу?
Нийслэлийн 33-р сургуулийн 8-ын “Б” ангийн сурагч Ананд: Энэ Билгүүн гэж хүүгийн бусдын төлөө гэсэн сэтгэл амжилтад хүрэхэд нөлөөлсөн гэж ойлголоо.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: Хүүхдүүд та бүхэн дэлхийд нэр хүндтэй сайн сургуульд орохыг мөрөөдөж байгаа. Билгүүн энэ номыг орчуулж байхдаа Харвардад суралцана гэж огт бодоогүй байсан гэсэн. Та бүхэн бүгдээрээ “Харри Поттер” гэж кино үзсэн байх. Энэ номыг яагаад монгол хэл дээр орчуулаагүй юм бэ гээд л орчуулж эхэлсэн байна. Билгүүн өөрөө англи хэлийг сайн мэдэхгүй байж хичээгээд орчуулаад хийсэн вебсайтдаа тавиад олон хүүхдүүдэд номоо хүргэсэн байна шүү дээ.
Тэгээд тэр мундаг сургууль, Билгүүнийг зүтгэлтэй хүүхэд байна, манай сургуульд сурах нь зөв юм байна гэж үзээд хүүгээс ярилцлага аваад элсүүлсэн байна. Энэ бүхнээс та нар нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Сургуульд сурч, онцсайн дүн авна гэдэг маш сайн зүйл. Гэхдээ энэ бүхний хажуугаар тухайн хүүхдийг сургуульд авахдаа чухам ямар зан ааштай, суртахуунтай, хүсэл тэмүүлэлтэй юм гэдгийг онцгой харгалзан үздэг. Энэ хүүхдийг сургаад төгсгөвөл ямар хүн гарах вэ, сайн үр дүн гарах уу гэдгийг анхаардаг. Дүнгээс гадна хамгийн гол нь хүн гэдэг талаас нь хардаг байх нь.
Тэгэхээр бүгдээрээ нэг томьёо бодъё. Юуны түрүүнд сайхан сэтгэлтэй байх хэрэгтэй юм байна, тэгээд сайн зорилготой байх хэрэгтэй, энэ зорилгоос үүдээд амжилт гардаг байх нь. Сайн амжилтад хүрэхийн тулд сайхан сэтгэлтэй бай. Сайхан сэтгэлтэй, сайн зорилготой байх нь сайн амжилт, сайн үр дүн авчирдаг. Томьёолвол, Сайхан сэтгэл нэмэх нь сайн ажил тэнцүү сайн үр дүн.
Тэгэхээр аливаа хүн үнэхээр амжилтад хүрье гэвэл сайхан санаатай байх хэрэгтэй. Санаа гэдэг нь хийсвэр зүйл биш сайхан зорилго, сайн сэдэл гэсэн үг, сайн юм хийе гэсэн бодол юм. Түрүүн ярьсан компьютер тоглоом, бага ангийн хүүхдүүдэд давтлага өгсөн гэх мэт сайхан санаа агуулсан жишээнүүдийг та бүхэн хэллээ. Сургууль дээрээ энэ сайхан үйлсээ дэлгэрүүлэх хэрэгтэй.
Би та нараас онолын нэг асуулт асууя.
- Хорвоо ертөнц хэрхэн үүссэнийг мэдэх үү?
Монгени сургуулийн 8-ын “Д” ангийн сурагч Намуунгоо: Хүн үүсэхдээ эхлээд оюун санаагаа хөгжүүлж, дараа нь бие бялдраа хөгжүүлсэн гэж би боддог.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: Тэгэхээр ертөнц юунаас үүссэн бэ? Big Bang гэж англиар хэлдэг. Их тэсрэлтээс ертөнц дэлхий үүссэн. Энэ орчлон ертөнц дээрх бүх зүйл цугласны дараа таталцал эцэстээ хүрээд эргэж дэлбэрсэн гэж эрдэмтэд үздэг. Энэ дэлбэрэлтээс тоос шороо, эрчим хүч, гэрэл цахилгаан бүх зүйл бий болж, орчлонгоор нэг тарсан. Тэгээд энэ тарсан бүх зүйл эргэж таталцлын хуулийн дагуу нэгдэж манай гариг үүссэн. Тэгэхээр би юу гэж хэлэх гээд байна вэ гэхээр орчлон ертөнц бол энергийн урсгал, эрчим хүчний нэгдэл юм.
Та бүхэн физикийн хичээл үздэг биз дээ? Юуны тухай заадаг вэ? Эрчим хүч, таталцал, хүчний тухай заадаг шүү дээ. Химийн хичээлд юу ордог вэ? Төрөл бүрийн элемент, нэгдлийн тухай заадаг шүү дээ. Бүхэл бүтэн ертөнцийн тухай үзэж байгаад хүний биеийг аваад үзье. Хүний биед Д.Менделевийн үелэх системийн бараг бүх элемент байдаг гэж үздэг. Тэр нь таталцлаас бий болсон. Тэгэхээр ертөнцийг судална гэдэг нь эцсийн дүндээ өөрийгөө судлах гэсэн үг юм. Энэ бүх эрчим хүчний илрэл нь хүний санаа сэтгэл, бодол юм байна. Чи юу гэж бодож байна тэр чинь бүртгэгдэнэ. Бодсон л бол бүртгэгдэнэ. Хүн юу гэж бодно, юу гэж санана бүгд үлддэг гэсэн ийм ойлголт байдаг юм.
Энд хэлэх хоёр зүйл байгаа. Би та бүхэнд сайн зүйл ойлгуулах гэж оролдож байна. Зарим хүн дотогшоо боддог. Би ийм зовлонтой, аз жаргалгүй байна, ийм хүндрэл тохиолдлоо гээд бодоод байх тусам энэ бүх муу эрчим хүч, энерги хуримтлагдаж эргээд өвчин болдог. Үүнийг анагаах ухаан нотолчихсон. Та нар ч гэсэн зөвхөн сайн сайхан зүйл бодвол эрүүл саруул байна. Энергийн урсгал чинь жигд байна. Харин аливаа муу бүхнийг бодоод, хүнд муу санаад явбал өвчин тусна.
Тэгэхээр хүний амжилтад хүрэх хамгийн гол нууц бол хүний санаа бодол, хүний тархи байх нь байна шүү дээ. Аливаа сайн сайхныг бодож байгаа тархи ургаж төлжиж байдаг. Муу зүйл боддог тархи үхжиж байдаг.
-Энэ талаар санаагаа хэлэх хүүхэд байна уу?
Нийслэлийн 33-р сургуулийн 8-ын “Б” ангийн сурагч Болортуяа: Муу зүйлийг бодож, дотроо хуримтлуулж байвал өөрт нь эргээд муу зүйл болно. Харин сайн зүйлийг бодвол бүтнэ гэж бодож байна.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: Ер нь аливаа хүн сайн сайхан зүйл бодож байх хэрэгтэй. Муу санаа халдвартай байдаг. Хүн төрөлхтөн яагаад муу санааг болохгүй гэж үздэг юм? Учир нь халдварладаг учраас тэр шүү дээ. Сөрөг сэтгэлгээ хүнийг мохоодог. Энэ аягатай усан дээр жишээ авъя.
Хүн сайнаар бодвол энэ усыг рашаан гэж бодож ууна. Тэгээд тэр ус биед нь рашаан мэт шингэнэ. Харин муугаар бодвол энэ усыг дундуур байна, муу байна гэж бодно. Муу бодол хүнд шунал төрүүлдэг. Харин сайн бодолтой хүн цөлд төөрсөн ч эцсийн балга усаа найздаа өгдөг. Эгч дүү хоёр хөдөө хээр шуурганд туугдаж яваад амь насаа алдах болоод ирэхэд эгч нь дүүдээ хамаг хувцсаа өгөөд дүүгийнхээ амийг аварсан тохиолдол гарсан. Эгч нь өөрийнхөө амь насыг золиослон дүүгийнхээ амийг аварсан гэсэн үг. Саяын миний санаан дээр нэмж хэлэх хүүхэд байна уу?
Сурагч: Хүн бүр муу зүйлийг биш сайн зүйлийг болоосой гэж боддог. Гэвч тэр хүн өөрөө муу зүйл бодвол бүтэхгүй. Яагаад гэвэл тэр хүний бодсон зүйл дараа нь үг болно, үг нь үйлдэл болно. Тэгэхээр сайн зүйл бодвол эргээд өөрт нь биелдэг, харин муу зүйл бодвол өөрт нь муугаар ирдэг.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: Үүнтэй холбоотой жишээг та нар эргэн тойрноосоо олох хэрэгтэй. Чингис хааны одонг энэ жил гардан авсан Х.Намсрай гэж хүн бий. Энэ хүн бол Монголын эрдэмтдээс дэлхийд хамгийн их нэрд гарсан хүн. Саяхан бидний ярилцсан энерги, эрчим хүчний тухай судалгааг хийдэг эрдэмтэн. Энэ хүн судалгааны явцдаа дэлхий ертөнц юунаас үүссэн, атом, молекул зэрэгт дөхөж очсон. Энэхүү эрдэмтний хийсэн нээлтийг дэлхийн шинжлэх ухаанд “Намсрайн дөхөлт” гэж нэрлэсэн. Энэ хүн дэлхийд шуугиан тарьсан нээлт хийж, судалгааны номоо хэвлэсэн. Тэр номыг дэлхийн шилдэг сургуулийн оюутнууд судалдаг.
Х.Намсрай гуай бага байхдаа малчин хүү байсан гэж ярьсан. Тэгээд малаа маллаж байхдаа “Би нээлт хийдэг эрдэмтэн хүн болно доо” гэж боддог байж л дээ. Тэгээд зорилгодоо хүрч сургуульд явж эрдэм сураад тийм мундаг эрдэмтэн болжээ.
Мөн Т.Эдиссон гэж алдарт зохион бүтээгч хүнийг жишээ болгон ярьж болно. Энэ эрдэмтэн зохион бүтээсэн чийдэнгийн гэрлээ барьчихсан байгаа зургийг та нар дэлгэцэн дээрээс харж байна. 18-р зуунд амьдарч байсан эрдэмтэн шүү дээ,1879 оны үйл явдал. Тухайн үед хүмүүс зөвхөн лаа асааж эсвэл гал түлдэг байсан. Эрдэмтэн Т.Эдиссон байнга асдаг гэрлийн чийдэн хийхээр оролдсон. Тэр хэлэхдээ:..... “Би гэрлийн чийдэн хийхийн тулд 10 мянган удаа оролдсон. Ингэхдээ би огтхон ч няцаагүй. Би үүнийг хийх гэж 100 удаа оролдсоны дараа найз нар минь боль гэж сануулсан. Гэтэл би чийдэн хийж болохгүй 100 аргыг би мэдээд авлаа” гэж хэлсэн байдаг. Мөн тэр “Баячууд нь лаагаа барина биз хүн төрөлхтөн миний чийдэнг хэрэглэнэ шүү дээ” гэж хэлсэн байдаг. Тэгэхээр аливаа хүн ийм гэгээн зорилго тавиад урагш явах юм бол хүрэх газраа хүрдэг.
Тэгэхээр зорилго тавиад хийх гээд зүтгэнэ гэдэг үлгэр дууриалал, бахархалыг бий болгодог. Монголын түүхэнд хамгийн нэрд гарсан хүн хэн бэ? Тийм ээ, Чингис хаан. Чингис хаан яагаад ийм их нэрд гарсан юм бэ? Өнөөдрийн сэдэвтэй холбоод тайлбарлах хүүхэд байна уу?
Нийслэлийн 33-р сургуулийн 8-р ангийн сурагч Цэдэнсодном: Тухайн үед Чингис хаан улс орон эв нэгдэлгүй байхад эвлэлдэн нэгтгэж хүчтэй болгох сайхан санаа агуулсан. Тийм учраас ийм алдар хүндэд хүрсэн.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: Чингис хааны аавыг яадаг билээ?
Сурагчид: Татаарууд хорлодог.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: Тийм ээ. Тэгэхээр нөгөө талд нь тийм муу санаатай хүмүүс байсан байна. Тэгээд аав нь хорлогдоод, Тэмүжин ээж, дүү нартайгаа хаягдаад үлддэг шүү дээ.Тийм хүнд хэцүү амьдрал дундаас, хулгана зурам агнаж, өвс мангир түүж хооллож босчээ. Гэхдээ тэр их хүн сайн санаа агуулж, хүчээ нэгтгэх ёстой, хоорондоо байлдаад байж болохгүй гэсэн сайхан зорилго өвөртөлсний ачаар дэлхийн дайдад Монгол гүрэнг байгуулсан. Монголын их гүрэн улс бол дэлхий дээр оршин тогтнож байсан хамгийн томоохон гүрэн улс шүү дээ.
Тэгэхээр Чингис хаан сайн зорилгыг өвөртөлж сайн анд нөхдийг түшин нөхөрлөж чадсан учраас мөн сайн санаагаа сайхан ойлгуулж чадсан учраас их хааныг дэмжиж, олон иргэд ирж нэгдсэн юм байна. Хэрэв Чингис хаан буруу бодолтой байсан бол дэмжихгүй шүү дээ. Эзэн Чингис хааны сургаснаар Монгол Улс хөгжье гэвэл хүмүүс нь зөв бодолтой байх ёстой. Энэ зөв бодлоо дагаж урагшлах юм бол хөгжих юм байна.
-Энэ талаар зүйр үг хэлэх хүүхэд байна уу?
Нийслэлийн 33-р сургуулийн 8-ын “Б” ангийн сурагч Тэлмүүн: Миний бодлоор “Сайн санааны үзүүрт тос” гэвэл энэ санаатай холбогдох байх.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: Сайн байна. Бас “Юу тарина түүнийгээ хураана” гэдэг үг байдаг.Тэгэхээр хүний амьдралд олж байгаа амжилт, сайн муу амьдрах нь тэр хүний өөрийнх нь бодлоос хандлага нь ажил үйлс нь тогтдог юм байна.
Ингээд би хүүхдүүддээ хоёр зүйл захья гэж бодож байна. Сайн бодлоор өөрийгөө цэнэглэж яв. Гар утсыг та бүхэн эрчим хүчээр цэнэглэдэг. Түүн шиг өөрийгөө сайн бодлоор, сайн зорилгоор цэнэглэ. Тэгэх юм бол чиний үйлдэл сайн байх болно. Чи зорилгодоо хүрэх болно. Чи сайн үйлсийг бүтээж чадна.
Муу бодол, муу зүйлээс өөрийгөө цэвэрлэж бай. Хүн хирээ угаахын тулд усанд ордог. Өглөө босоод гараа угааж байна гэдэг нь гар дээр тогтсон муу хирийг цэвэрлэж угааж байна гэсэн үг. Өөрийгөө цэвэрлэж байна гэсэн үг шүү дээ. Түүн шиг чамд муу зан байгаа бол зас. Би найзтайгаа буруу харьцаад байна. Хүн юм асуухаар муухай үг хэлээд байна. Би муухай үг хэлэхээ больё. Ингээд өөрийгөө засаад амьдралдаа хэрэгжүүлээд явах юм бол чи сайн хүн болох чигрүү нэг алхам ойртож байна гэсэн үг. Яг усанд ордогтой адил гэрээ цэвэрлэдэгтэй адилхан. Ийм зүйлийг хүүхдүүдэд сургуулиуд сургадаг байх ёстой гэж бодож байна.
Нийслэлийн 33 дугаар сургуулийн 8б ангийн сурагч Ананд: Миний Танаас асуухыг хүссэн асуулт бол, Гэр бүлийн хайр, найзуудын хайр гээд олон хайр байдаг.Таны бодлоор хайр гэдэг юу вэ?
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: Миний бодлоор хайрын нэг агуу хүч байдаг юм байна. Хүн хайрласан юмандаа хайрласан хүндээ муу юм хийдэггүй юм байна. Жишээ нь хоёр хүүхэд бие биеэ дэмждэг байлаа гэхэд тэр хүүхэддээ муу юм хийхийг хүсдэггүй. Бүр харин сайн юм хийхийг боддог. Тэр хүүхдээ дэмждэг, хамт суралцдаг.
Эх орноо хамгаалж байгаа цэргүүд дайсан довтлоод ирэхэд эх орноо хамгаалдаг. Өнгөрсөн жил бид халх голын ялалтын 70 жилийн ойг тэмдэглэсэн. Энэ жил чөлөөлөх дайны ялалтын 70 жилийн ойг мөн тэмдэглэх гэж байна. Тэнд тулалдсан цэргүүд өмнөөс ирж байгаа дайсныг үзэн ядсандаа биш. Ардаа байгаа эх орноо хайрласандаа л амиа зориулж байсан юм. Дайсны бууны сумны өөдөөс босч байсан юм. Магадгүй бууны суманд өртөж эрсдэж мэднэ гэдгээ мэдэж байсан ч эх орноо хамгаалаад л тулалдаж байсан. Эх орондоо хайртай учраас л хамгаалж байгаа юм. Тэгэхээр хайртай юмныхаа төлөө хүн амиа ч зориулж чаддаг юм байна. Сайн зүйл хийж чаддаг юм байна.
Хоёр оюутны тухай ийм яриа байдаг. Эрэгтэй эмэгтэй хоёр оюутан бие биедээ хайртай. Эрэгтэй нь мөнгө байхгүй. Найз охиноо халамжлах гээд -Чи өлсөж байна уу гэдэг. Тэгэхээр нөгөө охин нь найзыгаа мөнгөгүй байгаа гэдгийг мэдэж байгаа болохоор. Би өлсөөгүй ээ гэж хариулдаг. Чи өлсөж байна уу гэж асууж байгаа найзын хайр бол их хайр юм байна. Тэр охины хариулж байгаа хайр бол бүр илүү хайр байгаа байхгүй юу. Бие биенээ гэх тэр сэтгэлийг л хайр гэдэг. Сайн санаа, сайн сэтгэлийн үр дүн явж явж юу юм бэ. Хайр юм байна шүү дээ. Ээж ааваа хайрлах хэрэгтэй, номоо хайрлах хэрэгтэй, амьдарч байгаа он цагаа хайрлах хэрэгтэй. Өнөөдөр би 13 хүрч байна. Монгол улсад амьдарч байна. Улс орноо хайрлах хэрэгтэй. Байгаа цаг хугацаандаа хайртай байх хэрэгтэй. Тийм биз дээ. Сурч байгаа сургууль хажууд чинь байгаа найз нөхөд бүх зүйлдээ хайртай байх хэрэгтэй. Энэ орчлон дээр хичнээн тэрбум хүн төрсөн юм бэ. Тэгэхэд чи бид хоёр зэрэгцээд л сууж байна шүү дээ. Ерөөсөө энэ цаг мөчийг л чи хайрладаг байх учиртай. Тэгэхээр хайр гэдэг бол сайн сайхан бодлын үр дагавар юм.
-Та нараас бас нэг асуулт асууя. Хүн төрөхдөө ямар төрдөг вэ?
Сурагч: Хүн төрөхдөө хувцасгүй, ээж аавынхаа хайраар өлгийдүүлж төрдөг. Зовлон нүгэлгүй төрдөг.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: Хичээлийнхээ сэдэвтэй холбовол юуг хэлэх гээд байна вэ гэвэл, хүн төрөхдөө зовлон нүгэлгүй төрдөг юм байна. Ээж нь хүүхэд төрүүлээд чи дүүгээ хараад юу гэдэг үү? Ямар хөөрхөн юм бэ гэдэг.
Ер нь хүүхдийг хараад хүн ямар хөөрхөн юм бэ гээд хэлж байгаа нь магадгүй тэр нялх хөөрхөн хүүхэд сайн муу ямар ч хүнээр өөрийгөө хөөрхөн гэж хэлүүлж байгаа юм шиг санагддаг. Тэр хүүхдийг ямар муухай юм бэ гэж хэлэхийн аргагүй хөөрхөн байгаа байхгүй юу. Монголчууд хэл ам хүрнэ гээд, -Ямар муухай амьтан бэ гэдэг. Ямар муухай амьтан бэ гэж хэлж байгаа ч санаа нь бол ямар хөөрхөн хүүхэд вэ л гэж хэлж байгаа. Тэгэхээр хүн төрөхдөө муу бодолгүй төрдөг юм байна. Хүн төрөхдөө сэтгэлийн хиргүй төрдөг юм байна. Хүн төрөхдөө сайн юм хийх амжилт олох хувь заяатай төрдөг юм байна. Тэгэхээр хүн бүхэн сайн юманд хүрч болно. Чи төрөхдөө тэгэж л төрсөн шүү дээ. Тэгэхээр эндээс ямар дүгнэлт хийж болох нь вэ. Орчлон ертөнц гэдэг бол энергийн урсгал юм байна. Хүн дээр хүрээд ирэхлээр энэ нь санаа бодол болдог юм байна. Хоёрт нь хүн цэвэр ариун төрдөг юм байна. Тэгээд өсөж томроод хэлд ороод ах эгч, эргэн тойронд байгаа хүмүүсийг дуурайгаад суралцаад эхэлдэг. Тэгэхээр энэ орчлон ертөнц дээр бүх зүйл төгс төгөлдөр биш болохоор муу зан суртахуун сурч, магадгүй муу зүйл хийж ч мэднэ. Тэгэхээр хүүхдийг багаас нь сайн хүн болгохын тулд бүгдээрээ анхаарах ёстой. Үнэхээр нэг муу санаа муу зуршил суучихсан байсан ч эгчийн дүү битгий тэг, битгий цохь, битгий ингэж бай гээд сургаад байвал нэг өдөр ухаараах л болно. Зөв хүмүүжилтэй л болно.
Энэ орчлон ертөнц буй болохдоо, хүн буй болохдоо ч, сайн энерги сайн эрчим хүч давамгайлж бий болсон байх. Хэрэв дандаа муу зүйл байсан бол энэ орчлон ертөнц тоос л байх байсан байх гэж би боддог. Тэгэхээр хүн бүхэн зөв заяатай төрдөг юм байна. Хүн бүхэн сайн хүн болох ирээдүйтэй төрдөг юм байна аа гэж бодох хэрэгтэй. Бид халдварт өвчнөөс сэргийлж вакцин хийлгэдэг. Яг үүн шиг хүүхдээ эрүүл саруул өсгөе гэвэл сайн хүсэл мөрөөдөлтэй болгох ёстой л юм байна. Ээж аавууд, багш нар үүнийг их анхаараасай. Хүнийг насан туршид нь дагаж явдаг тэр сан сайхан чанарыг хүүхдэд суулгаж өгөөсэй гэж би боддог юм.
Сурагч: Та өөрт тохиолдсон бэрхшээлтэй зүйлийг хэрхэн шийддэг вэ?
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: Хүний амьдралд хүндрэлтэй зүйл мэдээж бишгүй тохиолддог. Бид нар сайхан зүйлийн талаар ярьж байгаа боловч хүн бүхэнд хүндрэлтэй зүйл, хэцүү сорилт тулгардаг. Би бол олон янзаар шийддэг. Би нэг зүйлээс уншиж байсан. Хүн өглөө босоод “За өнөөдөр сайхан өдөр болно доо, өнөөдөр миний ажил сайн байх нь дээ, өнөөдөр сайхан өдөр болно” гэж бодоод л ажилдаа явахад орой нь ирээд бодоход голдуу л ажил нь сайн л болсон байдаг. Тэгэхээр чи ерөөсөө өглөө босоод ямар зорилго тавих чинь тэр өдрийн чиний үйлдлийг, үйл ажиллагааг тодорхойлдог юм байна. Би хичээлдээ очоод ёстой гялалзтал сайн сурна, багш нартайгаа, хүүхдүүдтэйгээ ингэж харьцана гээд сайн юм бодоод очих юм бол чиний ажил үйлс бүтнэ. Чи нэгэнт сайн юм бодож байгаа учраас чамаас сайн үг, үйлдэл гараад байх байхгүй юу. Тийм учраас эргэн тойрон чинь чамайг дэмжинэ. Ингээд л ажил чинь бүтнэ. Үүнтэй адилхан хүн бүхэн өөртөө нэг ийм аргатай л байх хэрэгтэй. Би уурламаар, бухимдмаар тийм үетэй их таардаг. Тэр үед заримдаа “Тэнгэр минь надад тэвчээр хайрлаач” гэж өөртөө хэлдэг. Монгол хүн чинь тэнгэр шүтээнтэй шүү дээ. Бидний өвөг дээдэс тэнгэртээ хандаж залбирдаг байсан. Нэг муу юм хэлчихмээр байсан ч тэгж хэлдэг. Өөр аргууд бас бий. Зарим үгийг хэлээгүй байсан нь дээр байдаг. Зүгээр л чимээгүй л байх хэрэгтэй. Хүмүүс хоорондоо уулзаад чи тэр хоёр хүүхэдтэй уулзав уу, хэрэлдсэн гэнэ үү, маргасан гэнэ үү, муудалцсан гэнэ үү, юу болов гээд жишээ нь асууг. Нэг нь баахан л юм ярьсан, нөгөөдөх нь таг чимээгүй байж байгаад явсан. Тэр хүн чамд ирээд юу гэж хэлэх вэ? Чимээгүй л байгаад байсан, юм ярьсангүй л гэнэ шүү дээ. Тэгэхээр тэр чимээгүй байснаас тайлбар хийж чаддаггүй, чамайг муулж ч чадахгүй. Чи нэг үг хэлэх юм бол аягүй бол тэр үгнээс чинь үүдээд яриа гарна. Чимээгүй байхын тулд хэлээ зуучих арга байгаа шүү дээ. Хэлээ хоёр шүднийхээ завсар зуугаад, дуугарах гээд үз дээ. Дуугарч болохгүй байгаа биз дээ. Муу ч үг хэлж чадахгүй, сайн ч үг хэлж чадахгүй суух нь байна. Өөр нэг арга байдаг. Чамайг хүүхэд уурлуулах гээд бүр болохгүй байхад муу үг хэлэхийн оронд чи зүгээр л инээ. Бүгдээрээ нэг сайхан инээе л дээ. Чамайг уурлуулах гээд, чамаар муу үйлдэл, муу юм хийлгэх гээд байгаа хүн зорилгодоо хүрэхгүй шүү дээ. Чамайг өвтгөх гээд, чамайг зовоох гэж байна. Чи зүгээр л инээлээ, хамгийн сайн аргаар давж гарлаа. Амьдралыг инээж туул гэдэг үг байдаг. Хэчнээн хэцүү зовлонтой байсан ч чи зовлондоо дарагдаад л явах юм бол гэр орон чинь дагаад л тийм байна, үр хүүхэд чинь ч дагаад л хүнд байдалтай байна. Тийм учраас хэчнээн зовлон тохиосон ч чи гэртээ орохдоо юу ч болоогүй юм шиг инээгээд л орох хэрэгтэй. Энэ бүхнийг амьдралынхаа турш бодож яв. Ямар нэгэн хэцүү хүнд зовлонг давж туулах үедээ ч эргээд бодож байгаарай.Тэр чинь чамд сайн замыг чинь зассан байх болно.
Монгени цогцолбор сургуулийн 8д ангийн сурагч Саруул: -Та ажлаасаа гадуур, чөлөөт цаг заваараа ихэвчлэн юу хийдэг вэ?
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: Мэдээж чөлөөт цагаараа хүмүүс олон юмыг хийх хэрэгтэй. Болж өгвөл спортоор хичээллэх хэрэгтэй. Ер нь хүүхэд хичээлээс гадна нэг зүйл хийдэг байх хэрэгтэй. Хүүхдүүдэд би хэлдэг. Унш, ерөөсөө л унш. Чи тэр компьютер тоглож яах юм бэ? Сая тэр Харри Поттерын тухай ярилаа шүү дээ. Харри Поттер гэдэг киног чи үзсэн, гэхдээ номыг нь уншаад үз л дээ. Ном нь бүр гоё байгаа шүү дээ. Тунгалаг Тамир киног үзсэн, номыг нь уншаад үз дээ.
Надад боломж л гарвал би юм уншихыг боддог. Миний хажууд ном ч бай, сонин ч бай зүйл байвал би уншихыг л боддог. 100 хуудастай, 400 хуудастай ном ч байсан ганц хоёр сайн санаа олоод авбал болоо. Тэр номонд байгаа сайн санаанаас эргээд сайн санаа төрдөг. Та нар ч бас юм уншиж байхад тэгдэг биз дээ.
Нийслэлийн 45 дугаар сургуулийн 8б ангийн сурагч Хонгор: Та ер нь Ерөнхийлөгч болно, улсаа сайн сайхан болгоно гээд хүсэж тэмүүлсээр байгаад Ерөнхийлөгч болсон уу?
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: Би Ерөнхийлөгч болно гэж ерөөсөө бодож байгаагүй. Би малчин айлын хүүхэд дээрээ долоон ахтай. Манайх найман эрэгтэй хүүхэдтэй айл. Намайг бага байхад аав ээж маань миний хүү сайн малчин болно. Малд нүдтэй хүүхэд шүү. Малаа сайн хариулдаг, малын араас сайн гүйдэг. Хулгайд алддаггүй. Малаа чоно нохойд өгдөггүй. Элбэгдорж малд явсан үед санаа зовох шаардлагагүй гэдэг байсан. Өмнөө байгаа ажлаа л чин сэтгэлээсээ хийе гэж боддог байсан.
Түрүүчийн ярьж байсан сэдэв рүү эргээд ороход, тэгэхээр сайн сэтгэлийн үр дүн явсаар байгаад сэтгэлийн тэнхээ болж хувирдаг юм байна. Хүмүүс ярьдаг. Энэ хүн сэтгэлийн тэнхээтэй хүн шүү гэж. Энэ хүн мундаг хүн дээ гэж. Энэ хүн бол байгаагаараа байдаг хүн. Би та бүхэнд нэг тамирчны тухай ярья. Сэр-Од гээд манайд нэг тамирчин байдаг. Тэр хүн марафон гэж гүйлтэнд гүйдэг. Хэдэн км гүйдэг билээ. 42 км гүйдэг шүү дээ. Бүр нарийн хэлбэл 42 км 195 м гүйдэг. Энэ тухай ярих хүүхэд байна уу. Энэ сэдэвтэйгээ холбоод яривал юу бодогдож байна. Зорилго тавиад гүйж байгаа. Миний олж харснаар энэ гүйлтийн хамгийн гайхамшигтай нэг зүйл бол барианд орохын төлөө гүйдэг. Заавал нэг хоёрдугаар байр, алтан медаль авах нь чухал биш.
-За тэр гар өргөж байгаа сурагч
Нийслэлийн 33 дугаар сургуулийн 8б ангийн сурагч Очирбат: Сэр-Од гээд марафон гүйлтийн тамирчин улсынхаа нэр хүндийг өсгөх юмсан, улсаа дэлхийн хэмжээнд аваачих юмсан гэж сайн зорилго тавьж хичээж байсан болохоор сайн үр дүн гарсан.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: Сургуулийн сурагч байсан. Гүйдэг хүн болъё гүйгээд амжилт гаргая гэж. Энэ гүйлтийн онцлог нь би юу гэж хэллээ. Заавал барианд орохыг чармайдаг. Дундаас нь гардаггүй. Өөрийгөө ялна гэсэн үг шүү дээ.
Монгени цогцолбор сургуулийн 8д ангийн сурагч Уянгахишиг: Энэ сэдэвтэй холбовол энэ тамирчин зорилгодоо хүрэх юмсан гэж замаасаа буцалгүй бариандаа орохын төлөө л гүйж байгаа. Зорилго тавихдаа заавал түрүүлнэ гэж биш тавьсан зорилгодоо заавал хүрэх юм шүү гэж бодож марафон гүйлт шиг заавал бариандаа очиж орно гэж боддог, замаасаа ерөөсөө буцахгүй тэр бодолдоо үнэнч байж чадсанаараа энэ хүн түрүүлсэн байх гэж бодож байна.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: Яг зөв хэлж байна. Хичнээн хүнд байсан ч зорилгодоо хүрэхийн тулд битгий буц гэсэн үг, тэсвэртэй бай, тэгэхээр бидний дүгнэлт бол сайн санаа, сайн зорилго гэдэг бол хүнд юу бий болгодог вэ гэхээр тэвчээр бий болгодог гэсэн үг. Тэр хүнд байгаа зүйлүүдийг давах тэр боломжийг хүнд олгодог юм байна гэсэн үг байх нь. Тамирчин Сэр-Одын талаар жишээ татан ярихад ийм байна. Тамирчин хүн гэдэг бол ийм мундаг байдаг юм байна.
Сайн хүний шалгуур гэж ямар байдаг вэ? Сайн шавийн шалгуур гэж ямар байх вэ? Нэг ийм үг байдаг. Сайн хүн гэдэг бол харанхуйд ч сайн л хүн байдаг. Хүн хараагүй байхад ч сайн хүн байдаг гэж. Булан тойроод буруу зүйл хийдэггүй хүнийг хэлдэг байх нь. Хэн ч чамайг хараагүй байсан ч чи сайн хүн бай. Өөрийгөө чи сайн хүн үү муу хүн үү гэдгийг яаж мэдэх вэ? Ганцаараа байхдаа хэн ч хараагүй байхдаа чи ямар үйлдэл хийж байгаагаар л өөрийгөө шалгаж болно. Ээж аавыгаа байхгүй байхад нь чинь гэрээ цэвэрлэчихдэг, сайн хүн гэдэг бол хүн хараагүй байхад ёс зүйтэй байдаг юм байна шүү дээ. Тэгээд эндээс би юу гэж хэлэх гэж байна гэхээр ерөөсөө нийгмийн дархлаа гэдэг бол ёс зүйдээ байдаг юм байна. Тэр хүмүүсийн сайн бодол санаанд байдаг байх нь мөн дээр нь сайн үйлдэлд байх нь байна.
Сайн бодол гэдэг маш чухал. Би ер нь сайн бодол бодож чадаж байна уу гэдэг их чухал, уур хүрсэн үедээ сайн зүйл хийж чадаж байна уу гэдгийг бод, би ганцаараа байхдаа юу хийдэг вэ гэдгээ бод. Хүн хараагүй байхад, хийж байдаг хүүхэд бол сайн хүүхэд. Саяын хичээлтэй холбоотой асуух зүйл байна уу? Энэ хичээлээс би ийм зүйл мэдэж авлаа, цаашаа ийм зорилго тавья гэж бодож байгаа хүүхэд байна уу? Одоо энэ хичээл тараад манай анги дээр ийм зүйл хэлэлцэе, ийм зүйл манай ангид дутагдалтай байна гэж бодож байгаа хүүхэд байна уу?
Нийслэлийн 33 дугаар сургуулийн 8в ангийн сурагч Цэдэнсодном: Би өөртөө тохиолдсон сайн зүйлээсээ хуваалцах гэсэн юм. Энэ зуны амралтаараа англи хэлний сургалттай зусланд амарсан юм. Багш маань олон хүүхэдтэй ажиллаж байгаа учир маш их ачаалал авч байгаа юм шиг санагдаад би багшдаа туслахаар шийдээд багшдаа туслангаа өөрөө мэрийж маш олон шинэ үгнүүдийг цээжилж авсан.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: Маш сайн байна олон хүүхэдтэй ажиллаад бас чамд юм сургах гээд хичээж байхад нь туслаад, бусад хүүхдүүдэд туслангаа өөрөө бас сайжирсан байна. Тэгэхээр сайн зүйлээс сайн үр дүн гардаг гэдэг нь харагдаж байгаа биз.
Нийслэлийн 33 дугаар сургуулийн 8б ангийн сурагч Халиун: Өнөөдрийн хичээлийн сэдэв болох ”Санаа зөв бол Заяа зөв” гэдэгтэй холбоод бодоход бодсон сайн зүйлээ үйлдлээр үзүүлэх ёстой болов уу. Хичнээн сайн хүн болъё гээд бодоод ганцхан үйлдэл хийгээд болих юм бол зорилгодоо хүрч чадахгүй болов уу.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: Маш зөв байна. Чи сайн үйлдлээрээ л харуулах хэрэгтэй байдаг юм. Сайн хүний үлгэр жишээ гэдэг бол мянга мянган хүнийг араасаа дагуулдаг юм. Би түрүүн хэлсэн муу зүйл халдвартай байдаг юм. Тэрнээс хол яваарай, тэрнээс өөрийгөө зайлуулж сураарай, гэж хэлсэн. Тэгэхлээр муу сайны тухай номлодог номлол манай ард түмний дунд тэр тусмаа бурханы сургаальд их байдаг. Миний хэлэх гээд байгаа бүх зүйлийг бурханы сургааль багтаасан байдаг. Бие, Хэл, Сэтгэл гурваа ариун байлга гэж хэлсэн байдаг шүү дээ.
-Бие, хэл, сэтгэлээ ариун байлгахын тулд чи яах ёстой вэ?
Нийслэлийн 33 дугаар сургуулийн 8б ангийн сурагч Очирбат: Би хувьдаа бодохдоо биеэ ариун байлгахын тулд муу зүйл хийхгүй сайн зүйл хийж байх ёстой, хэлээ ариун байлгахын тулд үгээ цэгнэж муу зүйл ярих, хэлэхгүй байх хэрэгтэй болов уу, сэтгэлээ ариун байлгахын тулд сайн сайхан зүйл бодож хийх болов уу.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: Түүнийг үйлдэл болгохын тулд яах ёстой вэ?
Нийслэлийн 33 дугаар сургуулийн 8б ангийн сурагч Очирбат: Үйлдэл бүхэн сайн байх ёстой болов уу.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: Сайн байна. Та бүхэн дэлгэцэнд анхаарал хандуулна уу. Бие, Хэл, Сэтгэл гурав гээд доор нь хайрлах, асрах, хийх, үлгэрлэх, ярих, ухааруулах энэ гурвын аль нь биетэй холбоотой вэ? Аль нь сэтгэлтэй холбоотой вэ?
Сурагчид: Хийх үлгэрлэх нь биетэй холбоотой болов уу. Хайрлах, асрах нь сэтгэлтэй холбоотой болов уу.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: Хэлтэй холбоотой нь ярих, ухааруулах, хүнд сайн юм ярьж хэлж өгнө гэдэг бол өөрөө сайн болох замыг засч байгаа юм, энэ хичээл дээр энэ нь зөв байна, энэ нь буруу байна гээд хэлж ярьж сайн болгож байгаа нь хэлээрээ зөв зүйл үйлдэж байна гэсэн үг. Биетэй холбоотой нь хийх, үлгэрлэх, дараагийнх нь миний бодлоор сэтгэл нь хайрлах, асрах болов уу.
Нэг хүнд амьдралтай эмээ байна, өвөө байна гэвэл очоод тусал. Энгийнээс эхэлнэ. Танай ангийн хүүхэд хичээлээ гүйцэхгүй бол очоод тусал би ингэж хийлээ хийх арга нь энэ байна гээд л хэл. Тэр хүүхдэд тусалж, дэмжиж байгаа нь чиний сэтгэл юм. Эцэст нь Бие, Хэл, Сэтгэл гэсэн энэ гурван үг, түүнийг дагаж явах юм бол тэр хүний үг, үйлдэл, үйлс нь гэж ингэж бодож байгаарай.
За одоо ингээд хичээлийн цаг маань өндөрлөх дөхөж байна. Одоо би гэрийн даалгавар өгөх гэж байна. Бидний нэг орхигдуулаад байгаа нэг зүйл бол Монголын ард түмэн гэдэг бол гайхамшигтай ёс заншилтай, гайхамшигтай соёлтой ард түмэн юм. Тэгэхээр өдөр бүхэн үүнээсээ суралцах хэрэгтэй байна. Ээжийн, аавын тань хэлээд байдаг зүйл явж явж Монгол ардын ёс уламжилал байдаг. Тэгэхээр Монгол ардын ёс уламжилал, Монгол хүний нүнжиг, Монгол хүний сайн сайхан зүйлээс суралцах хэрэгтэй. Жудагтай хүн гэж хэлдэг тэр хүмүүсээс суралцах хэрэгтэй. Жудагтай хүн гэдэг бол ёс зүйн дархлаатай хүн гэж би боддог. Нүнжигтэй хүн гэдэг бол хүнд хариу нэхэлгүй тус болчихдог хүнийг хэлдэг болов уу.
Энэ талаар дэлхий дээр маш олон бичсэн бүтээлүүд байна. С.Эрдэнэ гуайн бүтээлүүдээс авахуулаад Баабарын бичсэн “Дори идэр дүүдээ захих нь” гээд ном байдаг. Мөн Монголын шилдэг өгүүллэгүүд гээд байгаа, дээр нь Монгол ардын үлгэрүүд унших хэрэгтэй, дэлхийн сонгодог зохиолуудыг унших хэрэгтэй. Шекспирийн жүжгүүдийг уншаад үзээрэй.
Дээр нь сайн үйлс бүтээх сайн зүйл хийх талаар сургууль дээрээ хэлэлцүүлэг өрнүүлээд найз нөхөдтэйгээ ярилцаарай. Сайн зүйл санаж яваад зорилгодоо хүрч байгаа хүмүүсийн талаар ярих хэрэгтэй. Тийм хүмүүсийг алдаршуулах хэрэгтэй. Манай сургуулийн сайн үйлсийн ном гэж гаргаж болно шүү дээ.
Та бүхэнд хичээл зааж байгаа учир багшийн хувьд хэлэхэд сайн явах санааных. Сайн зүйл санаж яв, хүн бүр аз жаргалыг мөрөөддөг түүнд хүрэх зам бол чи сайн байх уу муу байх уу гэдгээс зөвхөн өөрөөс нь чинь л шалтгаална.
Монгол Улс, миний эх оронд сайн зүйл нь илүү олон байгаасай, сайн санаатай хүмүүс, сайн бодолтой хүмүүс, сайн үйл хийдэг хүмүүс улам олон болоосой гэж ерөөе.
Хүүхдүүддээ баяр хүргэе. Өнөөдрийн хичээл өндөрлөж байна.
Та нартаа Баярлалаа.
zochin · 2015/09/03
hicheel nertei nurshuu noirnii yariagaa bolimoor yum ebed hicheel zaah zohihgui yum bnalee tiim hicheel zaamaar bgaan bol zaah argiin surgaltand suugaachee sonin hov jiv tsavgantsiin yariagaar yarihaa bolimoor yum
Зочин · 2015/09/02
Chi bitgi hudlaa shaaldaa heden jil shaaj ybah ym be!!! Chi Mongol ulsig dampuuruulj bn shdee novshoo!!!!!!!!!
Зочин · 2015/09/02
М.А.Н ЯМАР Ч ГЭМГҮЙ 30000 МОНГОЛ ХҮНИЙ ТОЛГОЙ ЗАЛГИСАН НЬ БАГАДААД 3 САЯ ХҮНИЙГ СҮЙРҮҮЛЭХ ГЭЖ ТАВАН ТОЛГОЙГ ХЯТАДЫН ЛОМБАРДАНД ТАВИАД, ОЮУ ТОЛГОЙГ ГАДНЫ ЛУЙВАРЧИНД ЗАРЖ МӨНГИЙГ АВААД БУРУУГ НЬ БАЯРЦОТРУУ ЧИХЭЖ ГЭМГҮЙ ЦАРАЙЛААД ХААНА Ч БАЙГАА МЭДЭГДЭХГҮЙ ГАДААДРУУ ГАР Ч ЗУГТААСАНЫГ ЮУ ГЭЖ ОЙЛГОХ ВЭ? ТЭГЭЭД ЗОГСОХГҮЙ ӨӨРСДӨӨ АРД ТҮМНИЙГ АМААР НЬ ШОРОО ҮМХҮҮЛЧИХЭЭД АРД ТҮМЭНДЭЭ ХАЙРТАЙ НАМ БОЛЖ АРД ТҮМНИЙ АМЬДРАЛ ХЭЦҮҮ БАЙНА, ӨРӨНД БАРИГДЛАА А.Н-ЫН ЗАСГИЙН ГАЗРЫГ МУУ БАЙНА ГЭЖ ХУДЛАА ГОНГИНОЖ БАЙНА. М.А.Н ТАВАН ТОЛГОЙГ ХУЖААГИЙН ЛОМБАРДАНД ТАВИАГҮЙ БОЛ ИНГЭТЛЭЭ ӨРӨНД ОРЖ ХЭЦҮҮДЭХГҮЙ Л БАЙСАН .А.Н-ЫН ЗАСГИЙН ГАЗАР ГАДААДААС МӨНГӨ БОСГОЖ ЧАДААГҮЙ БОЛ БИДНИЙ АМЬДРАЛ БҮР ХЭЦҮҮДЭХ БАЙСАН. БИД ХАРИН ЭНЭ ЗАСГИЙН ГАЗАРТ БАЯРЛАХ ЁСТОЙ. ТЭГЭХЭЭР ЖИНХЭНЭ ХУЛГАЙЧ НЬ А.Н-ЫНХАН БИШ ЭХ ОРОНДОО ИРЭХ НҮҮРГҮЙ ХУЛГАЙ ХИЙГЭЭД ГАДАГШАА ГАРЧ ЗУГТААСАНААРАА М.А.Н-ЫНХАН БОЛЖ ТААРНА БИЗ ДЭЭ. А.Н Л УЛС ОРНЫГӨӨД НЬ ТАТНА. 88583399 Ш.Ү.Х