МАН-ын зургаан сайдыг хөөж явуулчихаад будаан дээрээ зодоонтой байгаа нь ганц Ардчилсан нам биш юмсанж. Таатай бусаар засгаас анх удаагаа хөөгдсөн явдал нь эргээд ирээдүйн будаа болж хувираад хоорондоо толхилцож байгаа сураг МАН-аас ирэв. У.Хүрэлсүхийн тэргүүлдэг Зүүний хүчнийхэн, Сү.Батболд, С.Баяр нартай хүч хавсран хотын фракцаа шахах хор найруулж байгаа гэнэ. АН-ын дотоод хэрүүл тэмцлийг харсаар байх ёстой юм гэж үзсэн үү, барагтай бол дотоод тэмцлээ гадагшлуулдаггүй МАН-ынхан сүүлийн үед хэрүүл, зодооноо нууж хаахаа ч больсон. Сонгууль ойртох тусам тэдний тэмцэл улам ширүүсч магадгүй шинжтэй байна.

Ц.Нямдоржийн хэлснээр Ардчилсан намын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн илгээсэн 20 хуудас бүхий хайрын захидлаас татгалзаж чадаагүй, дараа нь ёстой хоноц маягаар л хөөгдсөн МАН-ын дарга М.Энхболд намын гишүүдийнхээ өмнө буруутай хэмээн Зүүний хүчнийхэн үзэж байгаа аж.

Тиймээс Бага хурлаа хуралдуулан сөрөг хүчин ч биш, өөх ч биш булчирхай ч биш болж хувираад өөрөө аманд гүйгээд орж ирэх байсан сонгуулийн ялалт гэх шар тосыг хэлээрээ түлхсэн хэрэгт намынхаа удирдлагуудад хариуцлага тооцох хэрэгтэй хэмээн Ардын намынхан хөдөлж эхэлжээ.

АН-ыг л фракцийн тэмцэлд идүүлсэн гээд байдгаас жинхэнэ эвгүй фракцлдаг хүмүүс бол МАН-ынхан.

У.Хүрэлсүхийн толгойлдог “Ардын хүч” фракцийнхан намын удирдлагуудаа хэт хүлцэнгүй байгаад шүүмжлэлтэй хандаж, энэ хэвээрээ байвал арван зургааны оны сонгуульд ялах магадлал бага байгаа тул намынхаа даргаар У.Хүрэлсүхийг тавих хэрэгтэй хэмээн зүтгэж эхэлсэн гэх.

Тэгэхээр засгаас хөөгдсөн зургаан сайдын асуудал дан ганц АН, МАХН-д ч бялуу болоогүй МАН-д хүртэл зарим нэгэнд нь амтат бялуу болж очсон байгаа биз. Хойд хөршийн удирдагчийн стил, имижийг үсэгчлэн дууриадаг гэх У. Хүрэлсүхийг тойрон хүрээлэгчид нь намаа жинхэнэ ялалтад хөтлөх хүн гэж үздэг. Бүр ч цаашлаад 2016 оны сонгуульд гарцаагүй ялах тул одоо л У.Хүрэлсүх минь намын даргын тамгаа авч чадвал Ерөнхий сайд чи шүү гэж хөөргөдөх бялдууч нар ч олширсон гэх.

Гэхдээ яг бодит байдал дээр У. Хүрэлсүх даргатай МАН сонгуульд ялах болов уу гэдгийг эрүүлээр бодож үзсэн л байгаа.

Энэ мэтийн хүчин зүйлсээс болоод МАН дотор намын даргын суудалд санаархсан тэмцэл нэгэнтээ эхэлжээ. Сонгуулийн жилийн улс төрийн рингэн дэх зодоон ихээ эрт эхэлсэн байгаа биз.

С.Дулам