Хуулийн хугацаа дуусгавар болохын даваан дээр Ерөнхий сайд Ч.Сайханбилэг зургаан сайдынхаа нэрийг УИХ-аар оруулж ирлээ. Өөрөөр хэлбэл, мөрөөдлийн гэж тодотгосон Засгийн газар эмхлэн байгуулагдаж, элэг бүтэн болох нэг даваагаа давлаа. Ингээд УИХ-ын ээлжит бус чуулганаар зургаан сайдад нэр дэвшигчдийг гишүүд дэмжээд явчихвал асуудал нэг их байхгүй. Гэхдээ цаана нь ахиад нэг даваа байгааг Ерөнхий Ч.Сайханбилэг өчигдөр сануулав. Тэрбээр мөн УИХ-ын даргад хандаж нууцхан үг дайгаад авав. “Намын дүрэм ёсоор АН-ын дарга, Ерөнхий сайдын албыг нэг хүн хаших ёстой. Гэтэл тийм байж чадахгүй байгаа учраас намын даргын ёсоор З.Энхболдыг сайд нарыг сонгох асуудалд анхаарал хандуулна гэж найдаж байна” гэж хэлсэн Ч.Сайханбилэгийн энэ үг асуултаас асуулт үүсгэв.


Магадгүй Ч.Сайханбилэг намынхаа дарга З.Энхболд ихэд гомдсон бололтой. Учир нь Ерөнхий сайд зургаан сайдын томилгоог намрын чуулган болтол хойшлуулж, нам, эвслийнхээ ойлголцлыг нэг тийш болтол түр хугацаанд “чөлөө” авсан. Гэтэл УИХ-ын дарга, АН-ын дарга З.Энхболд хуулийн хугацаа ярьж, Ерөнхий сайдыг бажгадуулсан. Тиймээс арга буюу зургаан сайдынхаа нэрийг яаравчлуулан УИХ-д өргөн барьсан нь З.Энхболд Ерөнхий сайдын эрх мэдлийг үгүйсгэж, намын даргын шийдвэрээр бүхнийг захирч буйг сануулсан. Тиймээс Ч.Сайханбилэг эрх мэдлийг нь мэддэг болсон З.Энхболдод шархлаж дээрх үгийг чулуудсан байхыг үгүйсгэхгүй. Ямар ч байсан З.Энхболдын даалгавраар Ерөнхий сайд АН-ынхнаа гурван сайдад нэр дэвшигчийг оруулж ирлээ. Сангийн сайдаар Б.Болор, Зам тээврийн сайдаар М.Зоригт, Хөдөлмөрийн сайдаар Г.Баярсайханыг нэрлэж, Шадар сайдаар Ц.Оюунбаатар, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдаар УИХ-ын гишүүн Н.Батцэрэг, Барилга хот байгуулалтын сайдаар З.Баянсэлэнгэ нарын нэрийг дэвшүүлсэнийг хамтад нь өргөн мэдүүллээ. Харин "эрх мэдэлгүй болсон" Ч.Сайханбилэгийн нүүдэл нь намын дарга болох их тэмцлийг эхлүүлэх үү.
 

А.БИЛГҮҮН

Эх сурвалж: http://www.newscom.mn/