5000 төгрөгөөр торгуулсан хүн өршөөлд хамрагдчихлаа гээд явж байх нь хэр зохимжтой вэ?
2015/09/07
Өршөөлийн хуулийн хоригоос бусад заалтыг хэрэгжүүлэхээр болоод байгаа. Гэвч одоогоор өршөөлд хамрагдах гэсэн хүмүүс яах учраа олохгүй, мөн холбогдох газрууд ч заавар чиглэл ирээгүй хэмээн хэрэгжүүлж эхлээгүй байгаа юм.
Тухайлбал, тэнсэн харгалзах ялтай хүмүүс харьяа дүүргийнхээ хороонд очиход ирэх лхагва гарагаас ир хэмээн буцааж байгаа аж.
Харин жолооны эрхийн зөрчилтэй иргэдийн тухайд хэзээнээс хэрэгжих хүлээсэн байдалтай байна.
Энэ бүхэн дээд газруудын уялдаа холбоо муугаас болж байгаа гэдгийг учир мэдэх хүмүүс хэлж байна. Нэг агентлагийн дарга нь Өршөөлийн хууль маргаашнаас эхэлнэ гэж мэдээлж байхад үлдсэн хүмүүс энэ талаар огт мэдээгүй, чиглэл үүргээ ч гаргаж амжаагүй сууж байгаа нь иргэдийн бухимдлыг төрүүлж байгаа юм.
Өршөөлд замын хөдөлгөөны дүрэм зөрчөөд 5 мянган төгрөгөөр торгуулсан хүмүүс, архи уугаад, хүнтэй маргалдаад торгуулсан, баривчлагдсан иргэд хүртэл хамрагдаж байгаа.
Өршөөлийн тухай хуулийн зарим хэсэгт МУ-ын ерөнхийлөгч 2015.08.17-ний өдөр е/19 тоот хоригийг тавьсан. Үүнд албан тушаалын гэмт хэргийн эсрэг, өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийн зарим хэсгийг өршөөхийг эсэргүүцсэн байсан. Гэхдээ хоригт жирийн иргэд ихээр үйлддэг нийтлэг гэмт хэрэг болох ЭХ-ийн 96.1, 96.2, 147.2, 181.3-ийг өршөөлд хамруулан эдлээгүй үлдсэн ялаас нь 2 жилийн ялыг хасах нь зүйтэй болох талаар зөвлөсөн.
Гэтэл хоригийг хэлэлцэж ч амжаагүй байхад засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг буюу ШШГЕГ-ын дэд дарга Г.Туулхүү өршөөлийн хуулийн хориг тавиагүй хэсгийг нь хэрэгжүүлж болох талаар яриад эхэлсэн нь ойлгомжгүй байдлыг үүсгэж байгаа юм.
Адаглаад хэсэгчилсэн байдлаар хэрэгжүүлэх гэж байгаа бол өршөөлийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулинд өөрчлөлт оруулж хэрхэн хэрэгжүүлэх талаар нарийвчлан тусгаж өгөх нь зүйтэй юм.
Гэтэл хэсэгчилсэн байдлаар хэрэгжүүлж эхэлснээс үүсэх таагүй үр дагаврыг тооцоолохгүйгээр ийн мэдээлэл хийж, олон нийтийг төөрөгдүүлсэн нь өнөөдөр багагүй асуудал дагуулаад байгаа юм.
Цаашлаад Өршөөлийн хууль анх гарахдаа л хууль зүйн үйлчлэл нь ойлгомжгүй байсан талаар зарим хуульчид ярьж байна. Тухайлбал, Эрүүгийн хэрэг, Захиргааны зөрчил хоёрыг хооронд хольж хутган хамтад нь өршөөсөн нь МУ-ын насанд хүрсэн бүх хүн гэмт хэрэг үйлдсэн гэмт хэрэгтнүүд байж байгаад өршөөгдөж байгаа юм шиг л жигтэй нөхцлыг бий болгосон юм.
Энэ өршөөлд замын хөдөлгөөны дүрэм зөрчөөд 5 мянган төгрөгөөр торгуулсан хүмүүс, архи уугаад, хүнтэй маргалдаад торгуулсан, баривчлагдсан иргэд хүртэл хамрагдаж байгаа. Өөр хооронд нь огт зааглаж өгөөгүй.
Ийм байдлаас болж бага зэргийн захиргааны зөрчилтэй хүн ял эдэлж байгаад өршөөлд хамрагдаж байгаа аятай явж байгаа нь нийгэмд сөрөг үр дагавартай юм.
Өөрөөр хэлбэл, Захиргааны зөрчлыг өршөөлд хамруулж байгаа нь ял эдэлсэн этгээд мэт ойлгогдож хууль хэрэглээний хоорондын ялгамжтай байдлыг үгүй хийж байна. Мөн үүнтэй холбоотойгоор дагаж мөрдөх журмын тухай хууль гаргаагүйгээс иргэд энэ хуулийг яаж хэрэгжүүлэх гээд байгааг ойлгохгүй бие биенээсээ асууж лавлахад хүргээд байгаа юм.
Д.Дуулим
http://www.24tsag.mn
Зочин · 2015/09/07
ene eron hend zoruulsan huul we shudarga amdaraad hereggui hen hegenii erhiig zorchij bolon daraan chamaig orshoon gesen uguu buh hun hereg hiij bolno 1 udaa orshoogno geed huulaa batalchih tegbel amar ym bna
Зочин · 2015/09/07
taivan amarah arga ehees oor bnu