Философич С.Молор-Эрдэнэ

Бусад хүмүүст сайн зүйл хийж чадах урлагийг философийн салбарт алтриузм гэж нэрлэдэг. Өөртөө ямар ч ашиггүйгээр бусад хүмүүст сайн зүйл хийж тус болох гэсэн ойлголт цаанаа өөрийгөө мартах шүү дээ. Сайн гэхээр бүхий л муугийн эсрэг үйл хэрэг. Чадвар гэхээр олон хүн сайн санадаг хэдий ч хийж чадах чадваргүй байдаг. Мэдээж өөрийнхөөрөө хийх гэж эв хавгүй зүтгэх биш нэгэнт хүмүүст сайн зүйл хийж байгаа учраас урлагтай хийж чадах. Урлагтай гэхээр харахад мөн сонсоход зөв мэдрэмж хэрэгтэй. Энэ бүгдийн цаана юу чухал вэ гэхээр хүний сэтгэл чухал.
Өөртөө ашиггүй ч бусад хүмүүст туслах гэсэн энэ ойлголт тухайн хүний хүсэл болон моралаас шалтгаалах ба цаашлаад үлгэр жишээ хүмүүс болон үүрэг хариуцлагатай холбоотой. Энэ бүгд зөв явагдаж хэн хэндээ туслаж чадахаараа дэмжиж чадвал нийгэм хөгжих боломж гарна. Нийгэм гэхээр хот суурин газар яригдана шүү дээ. Мэдээж Монгол хүмүүс ард түмэн, олон нийт, нийгэм, төр, засаг, улстөр гэх ойлголтуудын цаад онолтой 20-р зууны дунд үед л анх танилцсан.
Олон улсын “social engagement”, “volunteering”, “Free Will”, “Caritas” цаашлаад Улаан загалмайн байгууллагууд бүгд л өөртөө ямар ч ашиггүй зүгээр л тус болж хүн чанараа харуулж хүн чанарыг цааш түгээх гэсэн буяны байгууллагууд. Түүнээс биш буяны ажил гэж хэлчихээд мөнгө төгрөг өргөл бариц авах биш.
Нэг нэгнийгээ ашиглаад л хохироогоод л явдаг зарчим 20 гаруй жил үргэлжилсээр. Өнөөдөр эргэн харж энэ бүгдэд үнэлэлт дүгнэлт өгч ерөөсөө энэ Монгол амидрал болохгүй болсоны тухай энд ярилцах гэж буй. Эрх чөлөөний тухай сэдэв явсаар бусад хүн болон “Би” өөрөө гэсэн сэдэв рүү авчирсан явдал их сонирхолтой. Аливаа ном гэдэг бичих явцын дунд олон асуудлуудын хариултыг өөрөө өгдөг нэг сонирхолтой тал бий. Хүний бодол улам цааш гүнзгийрч нууц далд дарагдсан зүйлсийг ил гаргадаг тул эхлээд эвгүй ч сүүлдээ ингэж ил гаргасан зөв болдогоороо цааш бичих урам өгдөг.
Аливаа үг муу эсвэл сайн биш. Харин үгийг хаана хэрхэн хэрэглэх вэ мөн хэн хэрэглэнэ вэ гэдэгтээ л ялгаатай. Өөрийгөө золиослох гэдэг үг өөрөө муу ч биш сайн ч биш гагцхүү хаана сайн бас хаана муу мөн хэдийд сайн хэдийд муу гэдэгтээ л шүү дээ. Нөгөөтэйгүүр ямар хүмүүс илүү их өөрийгөө золиослож бусад хүмүүсийн төлөө хохирох ёстой гэсэн асуулт хүртэл гарч ирдэг. Мэдээж дайн хийхэд журамт цэрэг эх орныхоо төлөө хохирдог. Тэгвэл нийгэм хөгжиж дэвшихэд хохирох ёстой хүмүүс бол ламаас авахуулаад сайд хүртэл бүгд л өөрийгөө бусад хүмүүсийн төлөө зориулах ёстой биш үү. Тийм биш гэвэл тэд юуны төлөө явна вэ? Тэд өөрийгөө хохироох гэдгээр ямар ч ашиг харахгүй гэсэн ойлголт. Мэдээж энд тухайн хүний хүсэл, морал болон хэн гэж хүн үлгэр жишээ болсон бэ гэсэн гурван асуултын алийг хэрэглэх боломжтой вэ гэж асуух хэрэгтэй. Үүний цаана тэднээс асуухгүй шууд тулгах асуудал бол үүрэг хариуцлага шүү дээ. Ламын үүрэг юу билээ бас сайдын хариуцлага юу билээ?
Төрийн тэтгэлэг авч буй оютнууд дотор мөнгөтэй айлын хүүхдүүд орох эсвэл гадаадын тэтгэлэг дотор баян айлын хүүхдийн нэр явах гэдэг бас л энд ярих гэж буй паразит буюу бэртэгчин хүмүүсийн жишээнүүд шүү дээ. Ийм паразит хүмүүсийн хүүхэдүүд гадаадад сурч дотоодод залилан хийж явна гэвэл олон дахин нугалж төлүүлж торгох хэрэгтэй л болов уу. Шунал гэдэг өвчин баян хүмүүс л тусдагдаа. Архагшвал бүр аюултай. Паразит хүмүүсийн ганц хэлдэг үг бол “чадаж байгаа юманд арга байхгүй”. Хэн хэндээ тус дэм болох тийм нийгэм үгүйлэгдэнэ.
Хүүхэд эхлээд бага насандаа бүгдийг л минийх гэж булааж авч өөртөө цуглуулдаг. Хүүхэд 2 оос 3 нас хүрээд ирэхээр “май” гэж өглөгч болж хүн бүрт л таних танихгүй ч май энийг ав гэх жишээтэй. Мэдээж ээж аавууд зөв хүмүүжүүлбэл цаашлаад гэр орны бололцоо сайн бол хүүхэд наснаасаа бусдад өгөх чадвартай өгөөмөр хүн болж хөгжих боломж бий. Олон хүний хүүхэд нас тэр бүр сайхан өнгөрч чадахгүй бөгөөд олигтой ээж аав болон эмээ өвөөгийн нөлөө дутагддаг тул өгөөмөр болж чадахгүй зөвхөн өөрт ашиг харсан бэртэгчин болцгоодог. Нэгэнт ээж аавууд хүүхдэдээ асар их нөлөөлдөг тул сүүлд сургуулийн багш нар хичнээн сайн сурган хүмүүжүүлэх гээд ч гэрийн хүмүүжилд ялагддаг. Бэртэгчин буюу паразит хүн бусад хүмүүсийг ашигладаг ялангуяа нийгэмд нөлөө бүхий хүмүүс бэртэгчин болоод ирэхээр нийгэм цааш нэг их хөгжиж цэцэглэж чадахгүй.
Би өөртөө ашиг харахаас илүү бусад хүмүүст ашигтай байх чухал шүү гэсэн хүүхэд хөгшид тахир дутуу амидралын бэрхшээлтэй хүмүүст тус болох тэр том моралын хүмүүжилтэй хүмүүс цаанаа л нэг өөр харагддаг. Хүмүүс ч тусч сэтгэлтэй бодол сайтай хүмүүст дуртай. Харин үргэлж ашиг хонжоо хайсан хэзээ ч ханаж цадахгүй шунал өвчин туссан хүмүүсийг хараад гайхдаг. Ийм өвчин туссан хүмүүсийн хэлдэг үг гэвэл “ядуу явах өөрийн буруу” гэнэ.
Шунал өвчин туссан хүмүүс эмчлэгдэх боломжтой. Хэрвээ эмчлэхгүй бол нийгэмд маш хортой. Ийм хортой хүмүүсийг даган баясагчид “ядуу ба баян аав” гэж зөвхөн эд мөнгөөр ээж аавуудыг үнэлж хүүхэд эцэг эхчүүдийн хооронд хагарал үүсгэдэг. Тэдний ном зохиол нэртэй өврийн дэвтэрүүдийн гай ихдээ. Энэ гай бол ядуу аав гэж үр хүүхэд хүртэл багаасаа ялгаварлан харах ойлголттой болж баян аав ээж бол мундаг гэсэн бэртэгчин хувиа бодсон хамтын ямар ч үнэлэмжгүй үнэт зүйлгүй нийгэм үүсэх жишээтэй.
Мөнгө дийлж сэтгэл устана гэдэг зэрлэг бүдүүлэг бялдууч хуйвалдсан хорлосон хохироогоод алга болдог тийм л хүмүүсээр дүүрнэ. Сэтгэл хамаагүй мөнгөтэй л хүнтэй гэр бүл болно гэцгээдэг хүмүүст юун нөгөө хайр дурлал манатай. Ийм хүмүүс нийгэмд аюултай. Сэтгэлгүй зөвхөн мөнгө яриж өссөн хүхэд цаашид хамгийн том гэмт хэрэгтэн болцгооно. Тэд мөнгөтэй болохын тулд юу ч хийхээс буцахгүй. Шунал гэдэг нийгмийн хамгийн том аюултай өвчин. Ялангуяа залуу хүн энэ өвчин тусвал мэдлэг боловсролоос бүрэн холддог. Ийм холдсон залуус гадаад оронд сурсан нэртэй зугаалж яваад л ирцгээдэг жишээ олон бий. Ялангуяа улстөрчид болон компаны боос нэртэй хүмүүсийн хүүхдүүдийг хараад байхад гоё сайхан дипломноос цаашгүй. Тэд яриад эхлэхээр л баригддаг.
Яагаад энэ шунал гэдэг өвчин архаг болооод ирэхээр аюултай вэ гэхээр гэнэт мөнгөгүй болоход бүр аюултай. Тэд мөнгөтэй болохын тулд бусад хүмүүсийг тоглоомондоо оруулна. Хамгийн их тархсан жишээ бол мөнгөтэй хүмүүсийн үр хүүхэд мөнгөнөөс болж хар тамхинд орцгоож тэдний балагаар энгийн иргэдийн үр хүүхэд гэр орныхоо мөнгө төгрөг эд хөрөнгийг тэдэнд зөөдөг болох жишээтэй. Шуналтай хүмүүсийн үр хүүхэд гудамжны хулгайч хүүхдүүдээс илүү нийгэмд хамгийн их аюултай.
Заавал шашин гэхгүй, заавал боловсрол гэхгүй, заавал ээж аав гэхгүй, заавал өвөг дээдэс эмээ өвөө гэхгүй, заавал ах эгч дүү гэхгүй зүгээр л бусад хүмүүст тус болох тийм хүмүүс хүн ёсны амидардаг. Тэд даруухан цэвэрхэн илүү ч үгүй дутуу ч үгүй сэтгэл хангалуун алхана.
Бусад хүмүүсийн ирээдүй цаашидын амидралд үүрэг гүйцэтгэж, нэр төртэй энэ хорвоогоос явах ямар их том бурханлаг үйл вэ гэж хэлмээр. Тэртэй тэргүй төрөх үхэхийн хоорондох богинохон хугацаанд хүн чанартай хүн ёсны амидралаар амидарч хүмүүст элэгсэг дотно эв найрамдалтай ямар ч ашиг хонжоо шаардахгүй явах гэдэг том эрдэм шүү дээ.
Олон нэр алдартай нэр хүндтэй нэр төртэй гэдэг шагнал цол зэрэг авсан хүмүүс зөвхөн өөртөө ашигтай харин бусадыг ялангуяа гэр орныхоноосоо авахуулаад хамт ажилладаг хүмүүс цаашлаад багш нэрийн дор сурагч шавь нэртэй боолуудаа бүгдийг зөвхөн өөртөө ашиглан олон нийтийн хамтын амидралыг бусниулж нийгмийг эв нэгдэлгүй хүйтэн хөндий болгох жишээтэй. Ийм хүмүүсийн жишээ зөвхөн улстөрд болон гэр бүл хувийн компаны эзэн боосуудын дотор биш их сургуулиудын дотор маш их бий. Эндээс үлгэр жишээ авсан залуу үе хэнд ч туслахгүй өөрийгөө бодно хувиа хичээнэ гэсэн буруу ойлголттой болцгоож хүмүүсийг халамжлах тэдэнд туслахаас хол явцгаадаг. Ерөөсөө Монголчууд нэг нэгэндээ туслах биш гадаадынхан л Монголчуудад туслаж байна даа.
Бусад хүмүүст сайн болохын тулд эхлээд муу гэдэгээс салах хэрэгтэй. Үүний тулд хэн хэнд яагаад муу билээ гэсэн асуулт тавигдана. Мэдээж хүн төрөхөөсөө хэн нэгэнд муу байна гэж байхгүй тул ойрын хүмүүсээс шалтгаалан муу болох жишээтэй. Ээж аавыгаа дагаад тэдний муу хүнд муу болох жишээтэй. Эмээ өвөөгийн дургүй хүмүүст бас дагаад муу болох жишээтэй. Иймэрхүү олон жишээ бий. Яагаад муу болж буй гэхээр гадны нөлөө бөгөөд эцэстээ түүндээ нэгэнт үнэмшсэн тул хүүхэд насны муу зан цааш үргэлжилж улам гүнзгийрсээр биеэ даагаад бусад хүмүүст муу болцгооно.
Нэгэнт хүүхэд насанд бусдад муу болсон муугийн ёс цаашаа өөрийн буруу ойлголт алдаатай мэдрэмжээр муу болсон муугийн зан бүгд л нийгэмд бусадтай эв найрамдалтай явахад саад болж урагшаа алхах боломжгүй хувиа хичээсэн өөрийнхөө дотор нуугдсан ёстой л санаа муутай хүмүүс болж хувирна. Эндээс л би угаасаа ийм ерөөсөө өөрчлөгдөхгүй гэж өөрөө өөрийгөө ятгана.
Ээж аавууд хүнд муу болцгоодог өвчин түүн дээр худлаа түүхийн ном, худлаа цуу яриа, хоосон магтаал, хөөрсөн хүмүүсийн шагнал зэрэг цол цаашлаад улстөрийн гэж нэрлэдэг намуудын олон жилийн тархи угаалтаас хэн хэндээ муу болцгоож буй хамаатай.
Хүн өөрөө “Би” гэж биеэ дааж чадсан гэвэл бусдад тус болж бусад хүмүүсийг ойлгоно. Өөрийгөө ч ойлгохгүй явах хүмүүс мэдээж зөвхөн өөрөөрөө хязгаарлагдах биш өөрийн бас дотоод асуудалаар хязгаарлагдана. Олон хүн өөрийгөө өөрийнхөө дотор хайна. Өөрийгөө олж мэдэж мөн өөрийгөө бүтээхэд маш их хувийн олон сайн шинж чанар чухал үүрэгтэй. Хамгийн түрүүнд ядарталаа ажиллаж төвөгтэй зүйлсийг хичээж зүтгэж сурч авах маш чухал.
Аливааг сурах гэдэг төвөгтэй. Ерөөсөө юуг ч жинхэнэ сурахад төвөгтэй. Хэн ч гэсэн оюуны өндөр түвшинд эрдэмтэй бас мэдлэгтэй болоход маш их зүдэрнээ. Зүдрэхээс айж зугатаах биш зүдэрч байгаадаа аз жаргалтай байх хэрэгтэй. Гоё зүдрэх гоё шүү дээ. Гоё ядрах бас л гоё. Гоё байх бас л нэг урлаг.
Жинхэнэ мэргэжил сурахад үнэхээр төвөгтэй бас хэцүү. Үнэхээр сурч мэдэхийг хүссэн хүн маш их ядарна. Ухааны тэнхээ зориг хатуужил байхгүй хүн юу ч сурч чадахгүй. Монголчуудыг харахад хялбар сурах гэж эндүүрнэ. Монгол хүн бүгдийг хурдан сурах гэж гэнэдэнэ. Нэгэнт юу ч сураагүй нийгэм мэргэжилийн биш хурдавчилсан хялбарчилсан нийгэм болцгооно. Хурдан бол сайн бас хялбархан ямар ч толгой өвтгөх зүйлгүй бол бүр илүү сайн гэнэ. Ингээд толгой хэзээ ч өвдөж үзээгүй түүхий тархитай хүмүүс энэ амидралдаа юу ч хийж бүтээхгүй зөвхөн бусадын хийсэн Улаанбаатар хотод дураараа дургина. Гудамжны модыг хэн гараараа тарисаныг ч мэдэхгүй алхацгаана.
Хурдавчилсан хялбарчилсан нийгэм нэгэнт цаад учир агуулгыг мэдэж сурч төвөгтэй хэцүү маш хүнд давааг давж чадалгүй шантарцгаана. Тэд нэгэнт шантарсан тул нэг нэгийгээ диплом шагнал цол зэрэгээр хуурцгаах ба энэ хорвоогийн үнэн цаад мөн чанар амидралын учир утга мэдэж авч чадахгүй. Шантрагчид ертөнцийн мөн чанар хүн ёсны чухал мэдрэмж сэтгэлүүдийг эзэмшиж чадахгүй тул яагаад ногоо жимс таридаг, яагаад эмч эсвэл багш болдог, ямар учираас хуульч эсвэл эдийн засагч болж буй, яагаад төрийн сайд болдог тухай мөн яагаад компаний боос болох шаардлагатай тухай ойлголтгүй явах жишээтэй.
Хүн бүр нийгэмд янз бүрийн мэргэжилтэй болох ёстой. Энэ хорвоо дээр хүн гэж нэрлэгдсэн нийгмийн нэг гишүүн бусад хүмүүстэй зайлшгүй хамт мөн бусад хүмүүсийн төлөө мэдлэг мэргэжилтэй болох утга агуулгатай шүү дээ. Гэтэл нэгэнт бусадын төлөө биш гэсэн зорилготой хүмүүст жинхэнэ мэргэжил сурах ямар хүсэл эрмэлзэл байх билээ дээ. Түүний оронд хөнгөхөн хурдавчилсан бизнес, менэжмэнт эсвэл удирдлага гэх мэт хөнгөн хурдан дипломтой л болох чухал. Зарим хүмүүс зөвхөн гадаад оронд л хэрэгтэй өөрийн оронд ямар ч хэрэггүй Англи нэртэй дипломтой ирцгээнэ. Дотооддоо болохоор зөвхөн диплом өгч ромбо зүүлгэнэ гэвэл төлбөр төлөөд хэдэн жилийн дараа хүссэнээ авах жишээтэй. Ямар ч хэцүү төвөгтэй мэдлэг боловсрол өгөх чадваргүй их дээд сургуулиудын профессорууд бас энэ бүгдийн цаана хуйвалдан сууцгааж байгаа шүү дээ. Тэдний дунд гаднаас мэдлэг боловсролтой хүмүүс ажилд орох ямар ч боломжгүй байх жишээтэй. Юу ч бүтээж хийхгүй зөвхөн дарга болдог л дипломтонгууд хэнд хэрэгтэй вэ?
Хэн ч хэний ч төлөө биш зөвхөн л эд зүйл шагнал цол зэрэг диплом ромбо өнгөтэй цаас бичиг баримтны төлөө явах гэдэг том ялагдал. Бүгд мөнгө ярина. Мөнгөгүй л бол амидрал ч утгагүй хажууд байгаа найз нөхөд эхнэр хүүхэд эсвэл эр нөхөр утгагүй. Мөнгөгүй бол ээж аав ч хэрэггүй. Яагаад гэвэл нөгөө цаасны төлөө сургуулийн төлбөрүүдийг төлж чадахгүй. Түүн дээр нэмээд тархи угаагчид аав чин мөнгөгүй бол хамгийн тэнэг аав гэж доромжилно. Баян хүнийг дууриалгах гэж үр хүүхэдээ ядарсан ээж аавууд шахаж шаардана. Төрийн өмч хувьчлалаар, лицензээр, тендэрээр баяжсан хүмүүсийг л дууриаж баян бол гэж залуусыг түлхэж улстөрийн намууд руу хуйлруулна.
“Interdependence” гэсэн олон улсын ойлголт аливаа улс орон нийгэмд хүн бүр нэг нэгнээсээ хамаатай гэсэн илэрхийлэл. Бүх хүн бүгдээс хамааралтай. Үүнийг ойлгоогүй хүмүүс нийгэмийг устгаж өөрийгөө л бод гэж хорвоогоос тусгаарлуулсан. Хүн төрөхөөсөө авахуулаад үхэх хүртэлээ бусад хүмүүсийн тусламж хамгийн их хэрэгтэй. Мэдээж үргэлж тусламж аваад хариу туслахгүй бол жинхэнэ паразит шүү дээ. Олон хүн бусад хүмүүсийн тусалсаныг мартдаг.
Жожиг сэтгэлийн сэвтэй хүмүүс бусад хүмүүсийн тусламжаас татгалзаж өөртэйгээ адил ашиг харж байна гэж хардаж сэрддэг. Зүгээр л ямар ч ашиг харахгүй тусалдаг хүн олон бий. Тиймээс энэ нийгэм устчихгүй шиг явж байгаа. Хүн бүр баяжих гэж төөрөлдсөн бол одоо энэ улс яаж оршин тогтнох вэ дээ.
Интердепэндэнс гэж ойлголт ялангуяа улс орны эдийн засаг хөгжихөд хэн ч хувиа хичээж болохгүй гэсэн зарчим үйлчилдэг. Яагаад гэвэл нийтээрээ нэгэн жигд амидрах гэдэг төр улсын эцсийн зорилго байх ёстой. Мэдээж олигтой төргүй бол яаж л жигд амидралтай болж чадах вэ дээ. Бодохдоо ч бас хийхдээ ч хувиа хичээхгүй өөртөө ашиггүй ч түүнийг үл анзаарч явах хүмүүс яаж ийм сайхан хүмүүжилтэй өссөн бэ гэж л хүндэлмээр.
Олон ээж аавууд өөрсдөө алдаа хийж буруу шийдэл гаргаж сэтгэлийн хөдөлгөөнийхөө боол болчихоод буруугаа өөрөөсөө холдуулахын тулд лам гэж нэртэй эд хөрөнгөний шуналтай хүмүүсийг царайчилдаг. Юу царайчилдаг вэ гэхээр буруугаас хэлтрүүлээд өгөөч гэж. Буруу л бол буруутай шүү дээ. Лам гэхгүйгээр яагаад өөрөө өөрийгөө шийтгэж өөртөө гэмшиж чадахгүй ном уншуулна гэж гүйцгээж арга барахдаа гэр орондоо хүртэл лам авчирч баян лам нарыг санхүүжүүлнэ вэ?
Өөрийгөө золиослож чадахгүй хүмүүс үр хүүхэдээ ч олигтой хүн болгож чадсангүй. Ямар ч зорилго агуулга байхгүй хүнтэй сууж хуримаа хийж эхнэр нөхөр болцгооно. Удахгүй нэг нэгнээсээ уйдаж хүүхэд гэсэн барицааны хүн дээр л аргагүй тогтоно. Нэг хэсэгтээ шүү дээ. Нөгөө айхтар Монголоороо байх гэдэг энэ үү.
Өөрийгөө золиослох энэ хүндэт хариуцлагатай үйл хэрэг хаа ч харагдана хэнд ч мэдрэгдэнэ. Хэрвээ хүмүүс энэ дэлхий дээр өнөөдөр хүртэл нэг нэгэндээ золиос болоогүй гэвэл ямар их харанхуй уйтгартай бухимдалтай гоо зүй байхгүй цаашлаад ёс зүй байхгүй байх байсан бол гэж асуумаар. Гэтэл энэ бүгдийг хэрэгжүүлж хэрэглэж чадахгүй ард түмэн ямар доод түвшинд орсоны баталгаа биш үү.
“Schmarotzer” \Шмаротцер\ гэж ойлголт бусад хүмүүсийн мөнгө, бусад хүмүүсийн хөдөлмөр, бусад хүмүүсийн бүтээж босгосон дээр бэлэнчилдэг паразит хүмүүсийг нэрлэдэг. Бэлэн юман дээр л найрлаж зунжингаа наадам хийцгээнэ. Хэний мөнгөөр наадам хийнэ вэ? Хэний мөнгөөр даншиг баярхана вэ?
Шмаротцер болчихсон нийгэмд хэн ч хэний ч төлөө өөрийгөө золиослож чадахгүй. Паразит хүмүүстэй газар “надад ямар ашигтай вэ” гэж асууна. Паразит газар бэлэн мөнгө авах гэж хууль дүрэм улам ихэсгэнэ. Паразит газар нэг нэгнийхээ ирээдүй маргаашийн амидралд садаа хийнэ. Хөгшин ч залуу ч нэг нэгэндээ л саад хийнэ.
Татвараас зугатаах компанууд, тендэр булаан авагчид, лицензийн наймаачид бүгд л шмаротцерууд. Паразитууд өршөөлийн хууль нэхнэ. Нэг хүн биш хэсэг бүлэг этгээдүүд нийлэн шмаротцер болж олон нийтийн эд хөрөнгөнөөс паразитлана. Хаа л бол торгоно, түрээс авна, төлбөр төл гэж паразитлана. Шатахууны үнэ эсвэл талхны үнийг дуртай цагтаа нэмж паразитлана. Шмаротцерууд улс орныг эзэлж шмаротцеруудын улс болсон мэт. Бусад хүмүүсийн төлөө хуруугаа ч хөдөлгөхгүй зөвхөн хожоо хийнэ. Би бүгдийг авна гэсэн халдварт өвчин даамжирсаар.
Насанд хүрээгүй үргэлжийн хүүхдээрээ нийгэм үргэлжийн шилжилтийн насандаа ард түмэн дахин дахин алдаа хийж үргэлж шинээр эхэлнэ. Одоо нөгөө л устгаад хаячихсан үйлдвэрүүдээ дахин бүтээж хийж л эдийн засагтай болцгооно. Гэтэл хэн ч хэний ч төлөө юу ч хийхгүй гэвэл яаж хөгжил ирэх вэ дээ. Энд л гол шалтгаан байна даа. Шмаротцер нийгэм.
Бусад хүмүүс гэж хэн бэ? Бусад хүмүүс бол чи, та, найз, дайсан, өрсөлдөгч, эсэргүүцэгч, хамтран зүтгэгч, нэг нэгнээсээ хамааралтай тэр бүхий л хүмүүсийг нэрлэнэ. Хүн өөрөө бас л нэг бусад хүний нэг шүү дээ. За одоо тэгээд энэ хүмүүс нийлцгээн хэрхэн нийгмийг бүтээн босгох вэ?
Креатив хүн гэдэг хийж бүтээдэг идэвхитэй хүмүүсийг нэрлэдэг. Гэтэл нийгмээрээ улсаараа креатив биш. Төрөх ба үхэхийн завсар өдөр өнгөрөөх хүн өөрийгөө зөвхөн бодно гэвэл юуны төлөө яах гэж энэ хорвоо дээр төрсөнөө ч мэдэхгүй үхэхийнхээ өмнө яагаад үхэх болчихвоо гэдгийг ч ухаарахгүй. Зөвхөн л амарч зугаалж юу ч хийхгүй ямар ч хариуцлага хүлээхгүй үргэлж хожиж ялж дийлж байх гэсэн насанд хүрээгүй хүмүүсийн бүхэл бүтэн нийгмийн анги давхрага үүсжээ. Хамгийн баян хамгийн залхуу.
20-р зууны онцлог бол эрх чөлөө байсан. Философичидийн ачаар өнөөдөр эрх чөлөө явсаар олонхийн дунд хэрхэн хувийн эрх чөлөөг аврах тухай олон номууд бичигджээ. 20-р зуунд эхэлсэн “emanzipation” нэртэй хөдөлгөөн өнөөдөр Улаанбаатар хотод ирэх цаг болсон мэт. Зан занишл уламжлалт ёсноос ангижирч эрх чөлөө ярих цаг нэгэнт болсон. Улаанбаатар хот өөрийн өнгө төрхөө олж орчин үеийн соёлт хот болохын тулд наадам болон цагаан сар хоёроос татгалзах хэрэгтэй. Наадам болон цагаан сар хоёрыг хөдөө газар л тэмдэглэвэл яг тохирох мэт.
Ар Монгол асуудалтай байна. Хавар би Шанхай хотод явж байгаад Өвөр Монгол хүмүүстэй ярилцаж байхад хэрхэн Улаанбаатар хотын их сургуулийн ректор профессоруудад тэд тусалсаныхаа дараа ямар ч баярласан талархасан үг сонсохгүй дувт ашиглуулсандаа гайхаж байсан. Танай профессорууд ямар хүмүүжилтэй хүмүүс вэ гэж надаас асуухад би юу гэж хариулсан гэхээр Ар Монгол асуудалтай байгаа л гэж хариулсан.
Саяхан бас Орос орноор судалгааны ажил хийж яваад Буриад Монголчуудтай уулзахад Ар Монголын жуулчид Байгал нуурын эрэг дээр яаж архидан согтуурч хог хаяж сахилгагүйтээд явсан тухай бас их гайхаж байсан. Хаа л явна тэнд Ар Монголд хүний ёс суртахуунгүй, бурханлаг биш, шашинлаг биш тухай гайхан ярицгааж харамсаж байх жишээтэй.
Гадаадынхан гэснээс тэд жуулчны газар голын эрэг дээр хог хаяхгүй хог хаявал түүнийгээ цэвэрлэнэ. Гэтэл зөвхөн Монголчууд л бүх хогоо асгаад явцгаадаг гэнэ. Энэ зан заншил ёс уламжлал бололтой. Зарим газар Монголчуудын өөрийн нутаг усандаа хаясан хогийг гадаадын жуулчид цэвэрлэж байсан дуулдана. Ерөөсөө Монгол хүн байгалд ямар их хэрцгий зэрлэг ханддаг болохыг гадаадынхан хараад гайхдаг. Ямар ард түмэн ийм байгалдаа хайргүй байна вэ?
Эцсийн эцэст уул уурхай эхэлсэнээс л хойш Монгол хүн сав л хийвэл байгал руугаа дайрдаг болцгоосон. Уул хараад л яаж ашиглах вэ гэнэ. Зүгээр ч уул харж чадахгүй. Гол нууртай сайхан нутаг хараад л яаж мөнгө хийх вэ гэнэ. Хаа л бол хувийн байшин бариад хашаа татаад байгалийн өнгө төрөхийг эвдэнэ. Хэдэн зуун жил амидарна гэж байгалийг эвдэж байшин барина вэ?
Нэг нэгнийхээ төлөө гэсэн тэр ёс үйлчлээгүй цагт Монгол өөрсдийгөө л баллана. Хэн ч биднийг баллахгүй. Хийх ажил их байна даа.

Үргэлжлэл бий.
Дараагийн сэдэв: Эдийн засгийн эрх чөлөө.