Хүүхдүүд цэцэрлэгтээ ээжтэйгээ байна
2015/09/09
Х.МОНГОЛХАТАН
Мөөмнөөсөө дөнгөж гарсан, хэлд гүйцэд ороогүй, хоолоо халбагадаад идэж чадахгүй хоёр настай жаалууд албанд орж эцэг эхчүүдээ төдийгүй багш нараа сандаргасан, уйлаан майлаантай, дуу өндөртэй өдрүүд үргэлжилж байна. Өглөөд уйлаад үлдэх, оройд уйлсаар угтах хүүхдүүдээ цэцэрлэгт нь хурдан дасгах, дуртай болгох ямар арга зам байгааг эрэлхийлж өнгөрсөн баасан гаригийн /2015.09.04/ дугаартаа “Хүүхдүүдээ уйлуулсаар байх уу” гарчигтай нийтлэл бичсэн билээ.
Гадны улс орнуудад хүүхдийг цэцэрлэгтээ дасан зохицтол эцэг эхчүүд нь хамт байдаг туршлагыг Монголд нэвтрүүлэх талаар, бусад улсад нэг багшид ногдох хүүхэд 3-4 байхад манайд нэг багшид 15-35 хүүхэд байгааг, энэ байдлыг өөрчлөхийн тулд багш нарын тоог нэмэх асуудлуудыг хөндөж гаргасан билээ. Манай нийтлэлийн дараа олон эцэг эх өөрсдийн байр сууриа илэрхийлсэн бөгөөд хүүхдээ дастал ангид нь байж багшид туслах, цэцэрлэгийн өглөө авах цагийг бага зэрэг уртасгах, нэг ангид ажиллах багшийн тоог нэмэх, хүссэн цагтаа авч байх боломжийг олговол хоёр настнуудад арай хялбар байх талаар сэтгэгдлээ ирүүлсээр байна.
Мөн хоёр настнууд маажсан, цохисон, хөхрүүлсэн, хазсан оромтой гэртээ ирж байгаа талаарх олон зураг мэдээлэл цахим ертөнцөөр тарж байна. Бүр хүүхэд зодсон багшийн тухай мэдээлэл ч хэвлэлийн хуудаснаа гараад амжсан. Энэ бүхнээс болж нялх үрээ албанд өгсөн эцэг эхчүүд сэтгэлийн зовлонтой сууна. Ширүүхэн харж, чангахан дуугарч чадахгүй хайрлан энхрийлж өсгөдөг бяцхан үрсээ хахир хатуу багшийн нударган доор дальдчуулж суулгахыг хэн хүсэх билээ. Учраа мэдэхгүй жаахан хүүхдүүд биенээ цохиж, маажиж, хазаж гэмтээхийг ч гүйцэж харж амжихгүй байгаа хоёрхон багшийг буруутгах арга алга. Гэхдээ л яах арга алга гээд нүдэн балай, чихэн дүлий хүүхдүүдээ цэцэрлэгт уйлуулж орхиод оройд хөх эрээн болчихсон ирэхийг хараад сууж болохгүй.
Энэ хичээлийн жилд улсын хэмжээнд 1225 цэцэрлэг үйл ажиллагаагаа явуулж байгаагаас төрийн өмчийн 777, хувийн 448 цэцэрлэг хүүхдүүдээ хүлээн аваад байна. Ихэнх цэцэрлэг хүүхдүүдийн уйлсаар дасан зохицох нэг сарын хугацаанд эцэг эхчүүдийг тэвчээртэй байхыг сануулж байгаа ч зарим нь хамтран ажиллаад эхэлжээ. Өнөөх бидний үлгэрлэх гээд байгаа гадны жишгийг өөрсдийн нөөц боломжид тулгуурлан хэрэгжүүлэн ажиллаж байгаа 143 дугаар цэцэрлэгт очсон юм.
Баянгол зочид буудлын ард байрлах тус цэцэрлэг гаднах хашаа хорооны тохижилт, тоглоомын талбай, байшин барилгаараа ялгарна. Хоёр давхар хуучны байрны гадна шатан дээр хүүхдүүдийн өмднүүдийг угаагаад тавьжээ. Бодвол өнөөх хоёр настнуудын хийсэн хэрэг биз гэж өхөөрдөн бодсоор цэцэрлэгийн үүдээр орлоо. Анги бүрт хүүхдүүдийн дуу хадна. Үдийн хоолны цаг учраас цэцэрлэгийн хүүхдүүд ширээнийхээ ард суучихсан хооллож байв. Бидний зорин очсон хоёр настнуудын бага бүлэг дуу шуу ихтэй угтав. Тэд хэдийнэ өөрсдөдөө таарсан жижигхэн гудсан дээр даавуунд өлгийдүүлэн хэвтжээ. Зарим нь унтаж, зарим нь сэрүүн хэвтэнэ. Ганц нэг хүүхэд үүд рүү заан уйлна. Бодвол хоолоо идсэн маамуунууд гэрээ, ээжийгээ, мөөмөө санан уйлж буй биз. Жаахан юм даа аргагүй. Хоёр багшаас гадна гурван ээж хүүхдүүдийг унтуулах гэж даавуугаар өлгийдөж, бүүвэйлж, аргадаж суув. Энд ээжүүд өдөр өдрөөр, цагаар ээлжлээд багшид туслаж байгаа аж.
143 дугаар цэцэрлэгт хоёр настны хоёр бүлэг байдаг. Нэг бүлэгт 50 хүүхэд бүртгэлтэй гэнэ. Гэхдээ өнөөдөр нэг ангид 30 гаруй хүүхэд л ирсэн байв. Хэдийгээр цэцэрлэг эхлээд хоёр дахь долоо хоногтоо орж байгаа ч хүүхдүүдийн бишүүрхэх, ээж ааваа санан уйлагнах дуусаагүй байна лээ. Тиймээс цаг зав, боломжтой ээжүүд ийн ээлжлэн ангид өнжиж байгаа юм байна.
Энэ талаар тус цэцэрлэгийн эрхлэгч Б.Анхмаа “Эцэг эхчүүд сайн дураараа хүүхдүүдээ харж, цэцэрлэг багшид нь дасгахад тусалж байна. Өдөрт нэг ангид хоёр ээж өнжиж байгаа. Хоёроос илүү хүн байлгах боломжгүй. Ер нь цэцэрлэг хүртээмжгүй, хүүхдийн тоо илүүдэлтэй байгаа энэ үед багш нарын ачаалал ихэссэн. Тиймээс ядаж бага бүлэгт туслах багш нэмэгдвэл сайн л байна. Хоёр багш маань бүх хүүхдийнхээ хоолыг өгч, орыг засч, өлгийдөж, бүүвэйлж унтуулна, бие засуулна гээд завсаргүй ажиллаж байгаа ч амсхийх чөлөөгүй байдаг. Заримдаа үйлчилгээний ажилтнуудаа туслуулдаг юм” гэв.
Бага бүлгийн хүүхдүүдийн чимээ намдаж ихэнх нь унтав. Ганц нэгхэн хүүхдүүд уйлсан хэвээр. Бага А бүлгийн хоёр настай хүүгийн ээж Л.Мягмарсүрэнтэй цөөн хором ярилцав.
-Хүүтэйгээ хамт цэцэрлэгт нь өнжих ямар байна даа?
-Хоёрхон настай хүүхдүүд бол ээжийнхээ өврөөс багшийн гарт очиж байна. Нялхаараа болохоор аав ээжээсээ холдож үзээгүй уйлаад хүндрэлтэй юм. Хоёр багш олон хүүхэдтэй ажиллаж байгааг харахад үнэхээр ядармаар юмаа. Хүүхдүүд маань одоогоор уйлж байгаа ч удахгүй дасах байх. Эцэг эхчүүд боломжоороо өдөрт ээлжлээд 2-3-аараа өнждөг. Энэ нь хүүхэд дасахад ч үр дүнтэй, багшийн ажилд нэмэртэй юм. Мөн бид багш нарыг хүүхдүүдтэй хэрхэн харьцаж, яаж хандаж байгааг харж байна. Залуу ээж болохоор надад энд ирж өөрийн нүдээр харчихаад хүүгээ итгэж үлдээхэд сэтгэл амар байх болно.
-Хүүхдүүд өглөө үлдээд уйлах нь багасч байна уу?
-Олон хүүхэдтэй болохоор дасах хугацаа орох байх. Нэг нэгнийгээ дагаж уйлах, тоглоомоо булаацалдаж уйлах гээд асуудал байна. Энэ цэцэрлэгийн хувьд хүүхэд саатуулах тоглоом багатай юм байна. Энэ маягаараа аав ээжээр туслуулах юм уу, ахиад 1-2 туслах багш ажилтан байвал багшид ч хүүхдүүдэд ч амар болох нь.
-Эцэг эх хамт байхаар хичээлийн жилийн эхний өдрүүдийн багш нарын хүүхэдтэй хандах хандлага арайзөөлрөх байх. Гэхдээ хүүхдүүдийг загнаж зодох байдал ажиглагдав уу?
-Хүүхэд бүрийн ааш зан, хүмүүжил өөр болохоор арга эвийг нь олно гэдэг амаргүй ажил байна. Миний нүдэн дээр лав хүүхэд зодож нүдэж байгаа зүйл алга. Харин ч багш нар их эвээр үздэг юм байна. Хүүхдүүд багш нартаа тэврүүлэх, эрхлэх гээд ирэхээр эвээр яриад, тэврэхгүй гэж ойлгуулаад байдаг юм билээ. Ер нь орчин өөрчлөгдсөн эхний сар хүүхдүүд хүнд тусдаг юм байна. Гэхдээ удалгүй дасах байх гээд хүүгээ багшид нь даатгаад үлдээнэ дээ.
Ийнхүү 143 дугаар цэцэрлэгт хоёр настнууд харьцангуй тайвнаар дасч зохицож байгааг харах сайхан байлаа. Биднийг байхад нэг хүүхдийг ээж нь хөхүүлчихээд авчирч өгч байв. Бас 2-3 ч ээж аав хүүхдүүдээ унтахаас өмнө авчихая гэж ирэв. Эхний өдрүүд учраас бас бага бүлгийн балчруудыг тайвнаар дасгахын тулд цагийн хязгаар тавихгүй байгаа юм билээ. Уйлаад хүн болно, дасна, сурна гэж хатуу гараар үзэлгүй, тайван зөөлнөөр хандаж, эцэг эхчүүдтэй хамтран боломжит бүх аргыг хэрэглэж болох 143 дугаар цэцэрлэгийн сургалтын арга барилыг жишиг болгож бусад цэцэрлэгүүд ажиллаасай гэсэн бодол тээсээр цэцэрлэгээс гарсан юм.
Зочин · 2015/09/10
Яг энэ үед дадлагын багш нарыг л ажиллуулах хэрэгтэй. 1-р ангийнханд гэсэн ганц багш нь хаанаа ч хүрэхгүй хоолой нь сөөгөөд л зогсож байна. 2 дадлагын багш оруулчихвал асуудлыг шийдчихнэ шүү дээ. Боловсролын сайдаа.
зочин · 2015/09/10
Хуучин хүүхдүүдийг цэцэрлэгт 2 нас бүтэн хүрсэн хүүхдүүдийг авдаг байсан. Энэ бол зөв шийдвэр байсан.
Зочин · 2015/09/09
SHD-n 99-r tsetserleg 2.6 sartaigas 3 nas hurtelh huuhdiig ogt burtgej awagui uchir n sar n iluu bn gsn tailbar ugsun iim nyalh huuhduudiig ingej zowooj bhar hooloo uuruu iddeg sheey baay gedgee heldeg yahuuhduudee awch boldogguim bhda yag surah niigemshih nasnii huuhduud gertee l humuujij bn shude