Өмнө Говийн сүнс сүүдэрүүд одоог хүртэл байсаар л
2015/09/25
1970-аад оны дундуур Өмнөговь аймгийн Манлай суманд "сайрхуу” Балдан гэгч шавилхан эр амьдарч байжээ. Тэр эртний дарьганга дархчуудын урласан их гарын мөнгөн тоногтой эмээл хазаараар гангарч нутаг усныхаа баячуудын нүд хужирлана.
Эцгээс өвлөсөн эд баялгаа нэрмэлд жаахан халамцахаараа чөтгөрийн гүйдэлтэй таарсан буурлын минь буян гэх. Тэгээд эцгийнхээ чөтгөр гэгчтэй хэрхэн тааралдаж байсныг янз бүрийн хувилбараар бурах тул хүмүүс тэр бүр үгэнд нь итгэхгүй. Гэсэн ч учралаар хачирлан ярьсаар явдаг байв. Сүүлдээ тэр архинд хэт донтох болж авааль эхнэртээ бяр заан агсамнах нь хэрээс хэтэрсэн тул эхнэр нь хоёр хүүхдээ дагуулан зэргэлдээх суманд байдаг аав ээж руугаа яваад өгчээ. Ганц бие хоцорсон, дээр нь архины дон шүглэсэн Балдан ч бүр гаарсаар эцгийнхээ үлдээсэн үнэт эдлэлүүдийг архинаас өгөөд дуусчээ. Нэг шөнө хэт их архи ууж шартсандаа ч тэр үү, жигтэй хачин зүүд зүүдлэн цочин сэртэл навтгар бор гэрийнх нь тоонон дээр нэгэн охин алтан ээмгээрээ оролдон сууж байжээ. Балдан хагарах нь холгүй янгинан өвдөх толгойгоо арайхийн өндийлгөөд орныхоо араас үлдсэн ганц өмч болох калибр буугаа авах гэтэл охин "Эрхэм ээ, буугаа тавиарай. Хар буруу санахгүй бол эцгийн чинь буянаас танд жаахныг ч болов өгөхөөр ирлээ” гэв. Өв хөрөнгө, буян хишгийн утгатай үгний сэжүүр сонссон Балдан бүр сэргээд ухасхийн босч дээлээ нөмөрлөө. Охин аанай л ээмгээ имэрсээр, хоёр хөлөө тоононы нүхээр доош унжуулан хартал хоёр хөл нь өвдгөөрөө бүр мухар байв. Мань эрийн толгойд эцгийнх нь амьддаа ярьж өгсөн чөтгөрийн гүйдэл гэнэт орж иржээ. Түүний сонссоноор аав нь чононд элдэв янзын хавх тавьж авладаг байж. Нэг удаа Хясаат өндөрийн араар хавхаа эргэхээр тойртол эмэгтэй хүүхдийн уйлах чимээ сонсогджээ. Тэрбээр хавх тавьсан газраа яаран гүйж иртэл нэг охин хоёр хөлөө хавханд хавчуулчихсан, салгах гэж оролдоод чадаагүй тул шилбэнийхээ мах, ясыг тас хазан орилж суужээ. Дамчаа өвгөн сандарч хавхаа тэнийлгэх гэтэл "Өвөө одоо хэрэггүй болчихлоо ” гээд охин суга үсрэн босч мухар хоёр хөлөөрөө цааш хээв нэг алхсанаа эргэж хараад "Санаа чинь тус, сачий чинь цус юм байна. Ойрын хэдэн жилдээ танайх гайгүй амьдрах байх. Гэхдээ таныг өөд болсны дараа ганц хүү чинь тоононоосоо дүүжилж үхнэ дээ” гэж хэлчихээд хоромхон зуур алга болжээ. Энэ явдлаас хойш Дамчаа өвгөн яг сарын дараа дөрөөндөө чирэгдэн нас барсан байна. "Сайрхуу” Балдангийн хүмүүст ярьдаг чөтгөрийн гүйдлийн олон хувилбараас хамгийн бодитой нь энэ байв. Гэвч Дамчаагийн эцэг тоононы голоос дүүжилж үхэх тухай Дамчаад огт хэлээгүй юмсанж. Хөлгүй охин гэнэт уурганы хуйв өврөөсөө гарган Балдангийн хүзүүгээр гогцоолдон оруулснаа хүчтэй татаж тоононы голоос уяж орхив. Чөтгөрийн гүйдэлтэй энэ нутагт "Сайрхуу” Балдангийн гэр бүл ийнхүү удмаараа сүйрсэн гэдэг
Зочин · 2015/12/17
Fuck