Монголын шилдэг кикбоксчид Евразийн хэмжээний "Fight night" тулаанд өрсөлдөнө
2015/09/28
Монголын тамирчид “Fight nights” шоуд оролцуулахаар болсон байна. Энэхүү арга хэмжээг Монголын талаас “Тэнгэрийн Модун” ТББ-ын тэргүүн Г.Батхүү санаачлан, зохион байгуулж байгаа юм. Тодруулбал Г.Батхүү ОХУ-д ажиллаж байхдаа “Fight nights” шоуны санаачлагч Мэргэжлийн Кикбоксын дэлхийн аварга Бату Хасиковтой уулзаж, “Fight nights” шоунд хамтран ажиллахаар болжээ. Эхний ээлжинд Монгол улсын нэрийг дэлхийн хэмжээнд гаргаж байгаа М.Нандин-Эрдэнэ, ОУ-ын хэмжээний мастерууд дэлхийн аваргуудын оролцох уг тулаанд хүч үзэхээр гэрээ байгуулсан аж.
“Fight nights” шоу ирэх жилээс хийхээр төлөвлөгдөөд бэлтгэл ажилдаа ороод байгаа аж. Тодруулбал, Евразийн хэмжээнд шилдэг тамирчдын аварга шалгаруулах томоохон тулааныг өдөр өдрөөр улс орнуудад зохион байгуулах бөгөөд энэхүү тэмцээн манай улсад нэг өдөр зохион байгуулагдахаар төлөвлөгдөж байгаа юм. 30 000- 40 000 ам.долларын тасалбар бүхий энэхүү шоуны нэг өдөр нь Монгол улсад зохион байгуулагдвал Монголчууд дэлхийн хэмжээний тэмцээнийг эх орондоо өндөр төвшинд зохион байгуулж чадаж байгааг батлахын зэрэгцээ, олон улсад нэр хүндээ ахиулах боломжтой болно гэдгийг Тэнгэрийн Модун” ТББ-ын тэргүүн Г.Батхүү хэлж байлаа.
Оросын кикбоксер, дэлхийн мэргэжлийн тулааны олон удаагийн аварга, нийгэм улс төрийн зүтгэлтэн Бату Хасиков “Fight nights” шоуны үүсгэн байгуулагч бөгөөд зохион байгуулагчаар ажиллаж байгаа юм. Монгол цустай гэдгээрээ бахархаж, омогшуулж байгаа нэгэн юм.
Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.